Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00196

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр          Дугаар 182/ШШ2018/00196          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух, “Бизнес фокус” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2798573/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хангарьд ордон, 12 дугаар давхарт оршин байрлах, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жанжин Д.Сүхбаатарын талбай 7, оршин байрлах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, 

 

“2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээ-ний бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05 хувь) байна гэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27,853,241 төгрөг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, Ё.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бизнес фокуc” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №НХААГ-14/0159 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ” байгуулан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн протокол”-оор манай байгууллагыг 54 хоногоор хугацаа хэтрүүлэн ажил гүйцэтгэсэн тул гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүн буюу 1.031.601.532 төгрөгөөс тооцон 27.853.241 төгрөгийн алданги суутгасан байдаг.

Иргэний хуулийн дагуу гэрээ дуусгавар болох өдөр ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан гэдгийг тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох ёстой байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.

Иймд Гэрээний ерөнхий нөхцөлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн Алданги ногдуулах хэмжээ: Гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05%) байна гэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл юм.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.” гэж заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд зөвхөн алдангийн талаар зохицуулсан дээрх заалт нь хууль зөрчсөн шалтгаанаар хүчин төгөлдөр бус болохоор байна.

Нэгэнт алдангийн талаар зохицуулсан гэрээний зүйл заалт хүчин төгөлдөр бус болж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу “...уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэх заалт нь хэрэгжих юм.

Иймд хууль зөрчсөн гэрээний зүйл заалтаар алданги хэмээн суутган авсан 27,853,241 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж байна.

Мөн хугацаа хэтэрсэн шалтгааныг тодруулбал захиалагчаас шалтгаалсан хугацаа хэтрэлт дийлэнх хоногийг эзэлдэг. Захиалагч өөрийн буруутай үйлдлийг харгалзан үзэлгүй алданги тооцсон байдаг. Гэрээт ажлыг гүйцэтгэж дуусах хугацаа буюу 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Гэрээний дагуу барилга угсралтын ажил бүрэн дууссан. Гадна шугам сүлжээний ажлын зураг төсвийг магадлал хийлгэхээр хүлээгдэж байсан байдаг. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчаас шалтгаалсан олон зүйлийг харгалзалгүй ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллаж, банкнаас хүртэл зээл авч ажлыг цааш үргэлжлүүлэн цэцэрлэгийг ашиглалтад оруулсан байдаг.

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Тендерийн сонгон шалгаруулалтын дагуу үүссэн. Дээрх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасны дагуу захиалагч этгээд нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар юм. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 тоот Захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь гэрээ байгуулах, захиалагчийн хяналт тавих эрх, үүргийг хүлээн авсан байдаг бөгөөд улмаар гэрээний бүхийл харилцаанд захиалагчийн эрх, үүргийг эдэлж ирсэн. Гэвч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Засаг даргын А/77 тоот захирамж болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дүрмийн дагуу бид захиалагчийн хяналт хийдэг бие даасан байгууллага хяналтыг хэрэгжүүлэн барилгыг ашиглалтад оруулснаар бидний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий харилцаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хоорондох эрх зүйн байдал нь тодорхойгүй, хэдийгээр захиалагчийн хяналт тавих эрхийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар эдэлж байх хэдий ч гэрээнээс үүдэн гарах хохирол төлбөрийн асуудлыг хэн нь хариуцах нь тодорхойгүй мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь бие даасан байгууллага зэрэг шалтгаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээдүүд гэж үзэж байна.

Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот гэрээний Гэрээний ерөнхий нөхцөлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн алданги ногдуулах хэмжээ: гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05%) байна гэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улмаар дээрх заалтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27.853.241 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан НХААГ-14/0159 дугаартай хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг 1.154.540.350  төгрөгийн үнийн дүнтэйгээр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК-тай гэрээ байгуулсан.

Гэвч гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.

Гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг дахин сунгуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 315 тоот албан бичиг болон шинэчилсэн график ирүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай гэрээг сунгах үндэслэл байхгүй тул гэрээнд зааснаар алданги тооцохоор шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 43.2-т “бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”-д заасны дагуу НХААГ-14/0159 дугаартай цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.

Мөн Сангийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 362 дугаар тушаалаар батлагдсан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг батлах тухай журмыг үндэслэн гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь Улс, Нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгөөр барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэн засварлах үйл ажиллагаанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэлийн хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, “НХОГ” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн Тав-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй.

 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 дугаар захирамжид төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгасан.

НХААГ-аас 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар бүхий “Бизнес фокус” ХХК-тай гэрээ байгуулан хяналт тавих зөвлөмжийг ирүүлсэн.

НХОГ нь “Бизнес фокус” ХХК-тай гэрээг байгуулсан. Гэрээний нийт дүн 1,154,540,350 төгрөг, үүнээс хуучин барилга буулгалтын ажил нь 103,048,465 төгрөг нийслэлийн төсвөөс, 1,051,491,885 төгрөг нь улсын төсвөөс санхүүжнэ.

НХОГ болон “Бизнес фокус” ХХК нарын хооронд НХААГ-14/0159-01 дугаартай сунгалтын гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулна гэж заасан. Гэрээний бусад нөхцөл хэвээр хадгалагдсан. Гэвч гүйцэтгэгч компани нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй. НХОГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15/09-02/11 техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159-01 гэрээний хугацааг сунгахгүйгээр хугацаа хэтэрсэн алдангийг тооцохоор шийдвэрлэсэн. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээний 2 тал гэрээ дүгнэсэн протокол үйлдэн гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй хугацаа хэтэрсний алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-наас 2015 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэл нийт 54 хоногт гэрээний дүнгээс буулгалтын ажлын зардал болон техник хяналтын зардлыг хассан 1,031,601,532 төгрөгийн дүнгээс 0,05 хувиар тооцож 1,031,601,532*0,05%*54 хоног=27,853,241 төгрөгийг суутган үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 13.1 ж-д Тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон Тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрсөн байх ба ГЕН-ийн 26.2, ГТН алданги ногдуулах хэмжээ хоногт хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0,05 хувь байна. Нийт алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 364 албан тоотоор Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууссан. Барилгын байнгын ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулж өгнө үү гэж мэдэгдсэн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 15/253 баталгаажсан.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баясгалан, Хулан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх НХААГ-14/0159 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар тодорхой заасан байна.

Гүйцэтгэгч компани болох “Бизнес фокус” ХХК нь гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн.

Тэрхүү хүсэлтийн дагуу гэрээний хугацааг сунгах НХААГ-14/0159-01 дугаартай гэрээг байгуулж, гэрээний 4-р зүйлд гэрээгээр гүйцэтгэх ажлыг 2015 оны 08 дугаар сарын 15-нд гүйцэтгэж дуусгахаар тогтсон.

Түүнчлэн гэрээний 6 дугаар зүйлд “Гэрээ нь энд дурдсан ажлыг гүйцэтгэх талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлэлцээрийг орлоно” гэж, мөн гэрээний тусгай нөхцөлийн 26.2-т “Алданги ноогдуулах дээд хэмжээ: гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05%) байна. Нийт ажилд ноогдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна." гэж тус тус заасан.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн баримт бичигт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг гүйцэтгэгч компани зөвшөөрч гэрээ байгуулсан болно.

Гэвч гүйцэтгэгч компани гэрээнд заасны дагуу тодотгосон графикаар ажлаа гүйцэтгээгүйгээс дахин гэрээний хугацааг сунгуулахаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр төлөвлөгөөний дагуу ажлаа явуулаагүй нь гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй ажиллагаатай холбоотой гэж үзсэн, мөн шалтгаангүйгээр 21 хоногоос дээш хугацаагаар ажлаа зогсоосон бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлага өгсөн ч гэрээг цуцлахгүйгээр зөвхөн хугацаа хэтэрсэн хоногийн алдангийг тооцохоор шийдвэрлэсэн.

Гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж дууссан тул барилгын байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулж өгөхийг хүссэн 364 дугаартай албан бичиг ирүүлснээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15/253 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан.

Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд гэрээ дүгнэсэн протокол үйлдэгдэж хугацаа хэтэрсэн алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоногийн хугацаанд тооцож, 27 853 241 төгрөгийг суутган үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Гүйцэтгэгч компанийн захирал М.Оюун-Эрдэнэ гэрээ дүгнэсэн протоколыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болно.       

Иймд “Бизнес фокус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээ”-ний бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05 хувь) байна гэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27,853,241 төгрөг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг 1,154,540,350 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хуучин барилгыг буулгах ажлыг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгах, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон ба 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хугацааг сунгаж 2015 оны 08 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар талууд тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НХААГ-14/0159 дугаартай гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн НХААГ-14/0159-01 дугаартай гэрээ, Гэрээ дүгнэсэн протоколууд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15/253 дугаартай акт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 12-17,19-20, 21, 22-52, 53-54 дүгээр тал/

 

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 15/253 дугаар актаар тухайн барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж үзэж хүлээн авсан байх бөгөөд 1,031,601,532 төгрөгийг нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол болон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 15/253 тоот акт, зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Гэрээний ерөнхий нөхцөлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн алданги ногдуулах хэмжээ: Гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05%) байна гэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл юм.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд зөвхөн алдангийн талаар зохицуулсан дээрх заалт нь хууль зөрчсөн шалтгаанаар хүчин төгөлдөр бус болохоор байна.

Иймд хууль зөрчсөн гэрээний зүйл заалтаар алданги хэмээн суутган авсан 27,853,241 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий харилцаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хоорондох эрх зүйн байдал нь тодорхойгүй, хэдийгээр захиалагчийн хяналт тавих эрхийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар эдэлж байх хэдий ч гэрээнээс үүдэн гарах хохирол төлбөрийн асуудлыг хэн нь хариуцах нь тодорхойгүй мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь бие даасан байгууллага зэрэг шалтгаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээдүүд гэж үзэж байна...” гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь Улс, Нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгөөр барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэн засварлах үйл ажиллагаанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэлийн хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага.

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай гэрээг сунгах үндэслэл байхгүй тул гэрээнд зааснаар алданги тооцохоор шийдвэрлэсэн.

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээний 2 тал гэрээ дүгнэсэн протокол үйлдэн гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй хугацаа хэтэрсний алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-наас 2015 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэл нийт 54 хоногт гэрээний дүнгээс буулгалтын ажлын зардал болон техник хяналтын зардлыг хассан 1,031,601,532 төгрөгийн дүнгээс 0,05 хувиар тооцож 1,031,601,532 х 0,05% х 54 хоног = 27,853,241 төгрөгийг суутган үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 13.1 ж-д Тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон Тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрсөн байх ба ГЕН-ийн 26.2, ГТН алданги ногдуулах хэмжээ хоногт хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0,05 хувь байна. Нийт алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Иргэний хуулийн 43.2-т “бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”-д заасны дагуу НХААГ-14/0159 дугаартай цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.

Мөн Сангийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 362 дугаар тушаалаар батлагдсан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг батлах тухай журмыг үндэслэн гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн баримт бичигт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг гүйцэтгэгч компани зөвшөөрч гэрээ байгуулсан болно.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр төлөвлөгөөний дагуу ажлаа явуулаагүй нь гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй ажиллагаатай холбоотой гэж үзсэн, мөн шалтгаангүйгээр 21 хоногоос дээш хугацаагаар ажлаа зогсоосон бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлага өгсөн ч гэрээг цуцлахгүйгээр зөвхөн хугацаа хэтэрсэн хоногийн алдангийг тооцохоор шийдвэрлэсэн.

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд гэрээ дүгнэсэн протокол үйлдэгдэж хугацаа хэтэрсэн алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоногийн хугацаанд тооцож, 27,853,241 төгрөгийг суутган үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Гүйцэтгэгч компанийн захирал М.Оюун-Эрдэнэ гэрээ дүгнэсэн протоколыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болно.       

Иймд “Бизнес фокус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон”, 348 дугаар зүйлийн 348.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол завсрын буюу тусгай хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцон тодорхойлж болох боловч тэр нь үндсэн хугацаа зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас илүү байж болохгүй”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байна.

 

Хэрэгт авагдсан баримт болох 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколоор хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 1,031,601,532 төгрөгийн үнийн дүнгээс буюу нийт үнийн дүнгээс 0,05 хувиар тооцож 54 хоног хугацаа хэтрүүлсний алданги 27,853,241 төгрөгийг суутгасан болох нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн 26.2-т “Хэрэв Гүйцэтгэгч Байгууламжийг эсвэл түүний бүрэлдэхүүний аль нэг хэсгийг Дуусгавар болгох хугацаанд, эсвэл ГЕН-ийн 40 дүгээр зүйлийн дагуу сунгасан хугацаанд багтаан дуусгаагүй бол Гүйцэтгэгч гэрээний үнээс, эсвэл тоног төхөөрөмжийн тухайн хэсгийн үнээс ГТН-д тодорхойлсон хувь хэмжээгээр алданги төлнө...” гэж, Гэрээний тусгай нөхцлийн “Алданги ногдуулах хэмжээ: Алданги ногдуулах дээд хэмжээ: Гэрээний нийт үнийн дүнгээс хоногт тэг зууны таван хувь (0,05%) байна. ...” гэсэн тохиролцоо нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөрчжээ.

 

Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь түүний гүйцэтгэсэн ажлаас буюу нийт гүйцэтгэх үүргээс хариуцагч алданги тооцож байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдүүд нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ёстой бөгөөд хуулийн хэм хэмжээг гэрээгээр зөрчих эрхгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэмжээ хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дээрх заалт нь уг зохицуулалтад нийцэхгүй буюу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь хэлцийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан НХААГ-14/0159 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заасан гэрээний нийт үнийн дүнгээс гэх хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна.

 

Гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын дагуу хугацаандаа ашиглалтад оруулаагүй хугацаа хэтэрсний алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-наас 2015 оны 10 дугаар сарын 08-ныг хүртэл нийт 54 хоногт гэрээний дүнгээс буулгалтын ажлын зардал болон техник хяналтын зардал болон хяналтын зардлыг хассан 1,031,601,532 төгрөгийн дүнгээс 0.05 хувиар тооцож, 1,031,601,532 х 0.05 % 54= 27,853,241 төгрөг суутгасан нь үндэслэлгүй байх бөгөөд харин нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу ажлыг 54 хоногоор хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй, мөн тохирсон алдангийн төлөхийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хэрэгт авагдсан баримтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 54 хоногийн хугацааны алдангийг тухайн хугацаанд гүйцэтгээгүй байсан үеийн үлдэгдэл 119,449,018 төгрөгөөс нэг өдрийн алдангийн 0.05 хувиар тооцож, нэг өдрийн алданги 59,724 төгрөг, нийт 54 хоногийн алданги 3,225,123 төгрөгийг алдангид тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр захиалагчийг төлөөлж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, гүйцэтгэгч “Бизнес фокус” ХХК-ийн захирал М.Оюун-Эрдэнэ, гэрээг зөвшөөрсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар гарын үсэг зурсан байх бөгөөд ажлыг хүлээж авсан буюу хариуцагч нар техникийн хяналт тавьсан болон гэрээний санхүүжилтийг олгож байсан хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтаар хариуцагч нар үгүйсгээгүй, эдгээр баримтад захиалагч нь  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн  Хөрөнгө Оруулалтын газар гэж бичигджээ.

 

            Иймд  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн НХААГ-14/0159 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээ”-ний бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс гэх хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх заалтын дагуу алдангид суутгасан 27,853,241 төгрөгөөс 24,628,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,225,123 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Бизнес фокус” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НХААГ/0159 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээ”-ний бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь хэсэгт бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс гэх хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх заалтын дагуу алдангид суутгасан 27,853,241 төгрөгөөс 24,628,118 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,225,123 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,000 /хоёр зуун ерэн найман мянган/ төгрөг болон 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 351,290 /гурван зуун тавин нэгэн мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулаж, нэхэмжлэгч “Бизнес фокус” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС