Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01487

 

“Б” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00196 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаар магадлалтай

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н ОНӨААТҮГ, Ни-т тус тус холбогдох

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот "Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ"-ний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27 853 241 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Нирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.                

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагч Нирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баясгалан, Н.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бизнес фокуc” ХХК нь Нтай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №НХААГ-14/0159 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор манай байгууллагыг 54 хоногоор хугацаа хэтрүүлэн ажил гүйцэтгэсэн тул гэрээний тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүн буюу 1 031 601 532 төгрөгөөс алдангид 27 853 241 төгрөг суутгасан. Иргэний хуулийн дагуу гэрээ дуусгавар болох өдөр ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан гэдгийг тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох ёстой байдаг. Иймд гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний алдангийн талаар зохицуулсан заалт хүчин төгөлдөр бус болохоор байна. Иймд хууль зөрчсөн гэрээний зүйл заалтаар алдангид авсан 27 853 241 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасны дагуу захиалагч этгээд нь Ни юм. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 тоот захирамжаар Н нь гэрээ байгуулах, захиалагчийн хяналт тавих эрх, үүргийг хүлээн авсан бөгөөд улмаар гэрээний бүхий л харилцаанд захиалагчийн эрх, үүргийг эдэлж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий харилцаанд Ни болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хоорондох эрх зүйн байдал нь тодорхойгүй, хэдийгээр захиалагчийн хяналт тавих эрхийг Н эдэлж байх хэдий ч гэрээнээс үүдэн гарах хохирол төлбөрийн асуудлыг хэн нь хариуцах нь тодорхойгүй мөн Н нь бие даасан байгууллага зэрэг шалтгаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээдүүд гэж үзэж байна. Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот гэрээний гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар дээрх заалтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27 853 241 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан НХААГ-14/0159 дугаартай хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг 1 154 540 350 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч “Б” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэвч гүйцэтгэгч “Б” ХХК дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Гүйцэтгэгч “Б” ХХК хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг дахин сунгуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 315 тоот албан бичиг болон шинэчилсэн график ирүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай гэрээг сунгах үндэслэл байхгүй тул гэрээнд зааснаар алданги тооцохоор шийдвэрлэсэн. Мөн Сангийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 362 дугаар тушаалаар батлагдсан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг батлах тухай журмыг үндэслэн гэрээг байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, НХОГ Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 дугаар захирамжид төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нт тус тус даалгасан. Гүйцэтгэгч “Б” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 364 албан тоотоор Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууссан. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 15/253 баталгаажсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нирын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх НХААГ-14/0159 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Нтай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгахаар тодорхой заасан байна. Гүйцэтгэгч компани болох “Б” ХХК нь гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн. Тэрхүү хүсэлтийн дагуу гэрээний хугацааг сунгах НХААГ-14/0159-01 дугаартай гэрээг байгуулж, ажлыг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэж дуусгахаар тогтсон. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерийн баримт бичигт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг гүйцэтгэгч компани зөвшөөрч гэрээ байгуулсан болно. Гэвч гүйцэтгэгч компани гэрээнд заасны дагуу тодотгосон графикаар ажлаа гүйцэтгээгүйгээс дахин гэрээний хугацааг сунгуулахаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр төлөвлөгөөний дагуу ажлаа явуулаагүй нь гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй ажиллагаатай холбоотой гэж үзсэн, мөн шалтгаангүйгээр 21 хоногоос дээш хугацаагаар ажлаа зогсоосон бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлага өгсөн ч гэрээг цуцлахгүйгээр зөвхөн хугацаа хэтэрсэн хоногийн алдангийг тооцохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч “Б” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж дууссан, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15/253 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгч “Б” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд гэрээ дүгнэсэн протокол үйлдэгдэж хугацаа хэтэрсэн алдангийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 54 хоногийн хугацаанд тооцож, 27 853 241 төгрөгийг суутган үлдэгдэл санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч компанийн захирал М.Оюун-Эрдэнэ гэрээ дүгнэсэн протоколыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00196 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н болон Нит холбогдох Н, Ни болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн НХААГ/0159 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ гэрээний бичигдсэн алданги ногдуулах хэмжээ, Гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, гэрээний тусгай нөхцөлийн 22 дахь заалтын дагуу алдангид суутгасан 27,853,241 төгрөгөөс 24,628,118 төгрөгийг Н болон Нираас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,225,123 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  298,000 төгрөг болон 70,200 төгрөгийг  тус тус  улсын орлогод  хэвээр  үлдээж, хариуцагч Н болон Нираас 351,290 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулаж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаар магадлалаар:  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Б ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний ерөнхий нөхцлийн 26.2, тусгай нөхцлийн 22 дахь хэсэгт заасан алданги ногдуулах хэмжээ, гэрээний нийт үнийн дүнгээс гэх хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх заалтын дагуу алдангид суутгасан 27 853 241 төгрөгөөс 24 628 118 төгрөгийг хариуцагч Нираас гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 225 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 688 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1- д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

НХААГ-14/0159 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлыг 1 154 540 350 /нэг тэрбум нэг зуун тавин дөрвөн сая таван зуун дөчин мянга гурван зуун тавь/ төгрөгийн үнийн дүнтэйгээр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч “Б” ХХК-тай Хөрөнгө оруулалтыг ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Н нь гэрээ байгуулсан. Гэвч гүйцэтгэгч “Б” ХХК дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйгээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн НХОГ-ын Техникийн зөвлөлийн хурлаар НХААГ-14/0159 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 15-ний өдөр хүртэл сунгасан байдаг. Гүйцэтгэгч компанийн захирал М.Оюун-Эрдэнэ гэрээ дүгнэсэн протоколыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруугаас алдангийг тооцох үндэслэл болсон.

Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг ноцтой зөрчиж хэргийг тал бүрээс нь нягтлан судлаагүй байж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү .

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Н ОНӨААТҮГ, Нит холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №НХААГ-14/0159 тоот "Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 12 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ"-ний ерөнхий нөхцлийн 26.2., гэрээний тусгай нөхцлийн 22 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор хууль бусаар алдангид суутгасан 27 853 241 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний нэхэмжлэлд дурдсан холбогдох заалтууд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч нараас 24 628 118 төгрөгийг хувь тэнцүү гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, хариуцагч Нираас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг Ни гэж тодорхойлсон нь зөв байх боловч Н ОНӨААТҮГ-т холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, талуудын хооронд байгуулсан гэрээний алданги тооцсон заалтыг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний зүйл болон гэрээ байгуулсан талуудын чөлөөт байдал, гэрээний агуулгыг үндэслэл бүхий тодорхойлоогүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргажээ.

Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримтын талаар маргаагүй, харин алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр бус гэрээний нийт үнийн дүнгээр тооцож авахаар гэрээнд тусгасан, гэрээг үндэслэж алдангийг тооцсон нь хууль зөрчсөн гэж маргасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.5.-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлсон.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцлийн 26.2.-т “гүйцэтгэгч байгууламжийг, эсвэл түүний бүрэлдэхүүн хэсгийг дуусгавар болгох хугацаанд, эсвэл ...сунгасан хугацаанд багтаан дуусгаагүй бол ...гэрээний үнээс, ...гэрээний тусгай нөхцөлд тодорхойлсон хувь хэмжээгээр алданги төлнө...” гэж, гэрээний тусгай нөхцлийн 22-т “... алданги ногдуулах хэмжээ гэрээний нийт үнийн дүнгээс хоногт 0.05 хувь байна, нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна. Дээр дурдсан төлбөрийн хувь хэмжээг...дуусгавар болгох хугацааг тусад нь заасан байгууламжийн бүрэлдэхүүн хэсгийг тухайн хугацаанд нь дуусгаж чадаагүй үед хэрэглэхдээ үнийн хуваарьт дурдсан байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох -ажлын зураг төсөв хийж бүрэн баталгаажуулж дуусгах, -барилга байгууламжийн ...ажил гүйцэтгэх хугацаанд заасан үнээс тусад нь тооцно” гэж тус тус зохицуулжээ.

Зохигчидын хооронд байгуулсан гэрээний зүйл нь хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажил байна. Барилга буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн тул энэ ажил дуусгавар болсон харин барилга угсралтын ажлыг хугацаанд нь дуусгавар болгоогүйгээс маргаан үүсч, захиалагчийн гэрээгээр тохирсон үндэслэлээр тооцож авсан алдангийг гүйцэтгэгч эс зөвшөөрч маргасан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2.-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус зохицуулсан.

Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаж, түлхүүр гардуулж өгснөөр сая гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх бөгөөд аль нэг ажил дутуу хийгдсэн тохиолдолд барилгын ажил дуусгавар болохгүй, энэ тохиолдолд гүйцэтгээгүй үүрэг нь барилгын ажил бүхэлдээ байх тул гэрээнд гэрээний нийт үнийн дүнгээс буюу барилга угсралтын ажлын үнийн дүнгээс алданги тооцохоор зохигчид гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан талуудын зарчим, алдангийг зохицуулсан 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн зохигчид алданги тооцох гүйцэтгээгүй үүргийн ажлын хэмжээг гэрээгээр тухайлан зохицуулсан байх тул захиалагч алдангийг тооцож, суутгаж авахдаа гэрээний нийт үнийн дүнд хамаарах хуучин барилгыг буулгах ажлын дүнг оролцуулалгүй, тухайн барилга угсралтын ажлын дүнгээс алдангийг тооцсон байна. Шүүх алданги тооцохоор зохицуулсан “гэрээний нийт үнийн дүн” гэдэг үгийг агуулгаар нь тайлбарлалгүй шууд утгаар нь тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2. дахь заалтыг хэрэглээгүй гэж үзнэ. 

Иймд гэрээний алдангитай холбогдох заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн хэрэглэвэл зохих заалтыг оновчтой, зөв сонгож хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Харин хариуцагч Н ОНӨААТҮГ нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчийн хугацаандаа гүйцэтгээгүй үүргийг 119 449 018 төгрөгийн ажил гэж тодорхойлсон, энэ үнийн дүнг нэхэмжлэгч маргаагүй тул анхан шатны шүүх хугацаандаа гүйцэтгээгүй үүргийг талуудын тодорхойлсон 119 449 018 төгрөгөөр тогтоож, гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги тооцож /119 449 018 х 0,05% x 54 хоног/ 3 225 123 төгрөгийг захиалагчийн суутгасан алдангиас хасч //27 853 241 - 3 225 123/ 24 628 118 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариуцагч Нирын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00196 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 61 дүгээр зүйлийн 61.1., 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Нираас 24 628 118 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 225 123 төгрөг, “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 120 ортой 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах болон барилга угсралтын ажлын гэрээ”-ний ерөнхий нөхцлийн 26.2., гэрээний тусгай нөхцлийн 22 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлага, хариуцагч Н ОНӨААТҮГ-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

шийдвэрийн 2 дахь заалтын “... Н болон...”, “...хувь тэнцүүлэн...” гэснийг хасч шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Ни улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД