Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 290

 

Г.Н, У.Ж, Д.С,

Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Д.С гийн өмгөөлөгч А.Содхүү, шүүгдэгч Г.Н гийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны    09 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  84 дүгээр магадлалтай, Г.Н, У.Ж, Д.С, Б.Бнарт холбогдох 1811030040294 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.С гийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Н,

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт У-н Ж нар нь

бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган ** тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Б-г “Дүү Д.Б-г уруу татлаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Д-н С,

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б Бат-Эрдэнэ, Ж.З нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25- ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган ** тоотод байрлах нийтийн байранд хохирогч У.Ж, Г.Н нарыг “Б.-Б г зодсон” гэх шалтгаанаар зодож, тус бүрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г.Н нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган *** хашааны гадна хохирогч Д.С г зэвсэг хэрэглэж буюу хутгаар цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Г.Н г “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” мөн “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч У.Ж, Д.С, Б.Б нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Н д 5 /тав/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Ж, Д.С нарт 240 /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д нийт 400 /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Г.Н д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялд шилжүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ялд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 30 /гуч/ хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Д.С гийн урьд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 34 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 /зургаа/ сар, 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н, Д.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Н гээс нийт 1.541.000 /нэг сая таван зуун дөчин нэг мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С д, шүүгдэгч Г.Н, У.Ж нараас тус бүр 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д тус тус олгохоор” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б овгийн Г-н Н, Ж овгийн У-ийн Ж, Б овгийн Д-ийн С, Б овгийн Б-н Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтыг бүхэлд нь, 2 дахь заалтаас Г.Н, У.Ж, Д.С, Б.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсгүүдийг, 4 дэх заалтаас Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Н-д 5 /тав/ жил хорих ял ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Н-д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял ...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.С гаргасан гомдолдоо “Би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 84 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь тус хэрэгт би яллагдагч, шүүгдэгч биш бөгөөд биедээ хүнд гэмтэл авч хохирсон хүн юм. Намайг зөвхөн яллагдагч нар болон Г.Н, У.Ж ын гүтгэсэн мэдүүлгээр ялласан. Би тэдний хоорондын зодооныг салгах гэж очсоны төлөө намайг Г.Н гадаа зүгээр зогсож байхад цээж рүү хутгалж цус алдан уушиг цоорч хүнд хагалгаанд орж биедээ хүнд гэмтэл авсан. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй намайг зодоон өдүүлсэн, бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэж хохирогч намайг яллаж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн надад ял оногдуулахдаа миний 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхээс 2 жилийн тэнсэн оногдуулсныг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээр шийдэгдэх үед надад 4 сарын тэнсэн оногдуулсан хугацаа үлдсэн байхад нэмж 6 сар 30 хоногийн хорих ял оногдуулсныг  хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд надад оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С гийн өмгөөлөгч хэлсэн саналдаа “... Д.С нь шүүхээс оногдуулсан ялыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр биеэр эдэлж дууссан. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн энэ хэргийн улмаас цээжин тус газраа хутгалуулж уушгины хагалгаанд орсон. Хяналтын шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримталж шийдвэрлэх боломжтой. Хэдийгээр шүүхээс оногдуулсан ялыг биеэр эдэлж дууссан ч цаашид гарах үр дагаврыг харгалзан гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Н гийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Г.Н, У.Ж, Д.С, Б.Бнарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримттай нийцсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.С гийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Н, У.Ж, Д.С, Б.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган *** тоотод байрлах нийтийн байранд У.Ж нь “Дүү Д.Б-г уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар Б.Б-тэй маргалдаж, Г.Н тэй бүлэглэн түүнийг ээлж дараалан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд үүнд уурссан Б.Б хэсэг хугацааны дараа Д.С, Ж.З нарыг дагуулан ирж Г.Н, У.Ж нарыг бүлэглэн зодож тус бүрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар зодоон дуусч уг байрнаас Д.С г гарч явах үед Г.Н араас нь очин түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Н, У.Ж, Д.С, Б.Бнарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид тэд нарын үйлдэл хамаарч буйг тодорхойлж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.С, Б., Ж.З нар бүлэглэн хохирогч Г.Н, У.Ж нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Г.Н гийн “... бид хоёрыг унтаж байхад Б.Б, Д.С, Ж.З нар гаднаас орж ирээд учир зүггүй зодоод эхэлсэн, би доошоо хараад хэвтэж байсан болохоор хэн нь яг аль гэмтлийг учруулсныг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан гурвуулаа нийлээд өшиглөж зодсон”, У.Ж ын “... гэнэт гаднаас гурвуулаа орж ирээд Норовоо бид хоёрыг зодчихоод гараад явсан”, гэрч О.Д-ийн “... нөгөө хутгалуулдаг ах дээрэлхээд байсан нь аль нь вэ гэж хэлээд У.Ж ахыг орондоо хэвтэж байхад нь нүүр рүү нь гараараа цохисон, Г.Н ахыг унтаж байхад нь дээрээс дэвсээд бос гээд байсан”, гэрч Д.Б-гийн “... Б.Б-ийн дагуулж ирсэн хоёр ахын нэг нь Г.Н ахыг дээрээс нь дэвсээд, У.Жа ахын нүүр рүү нь цохиж эхэлсэн, нөгөө хамт явсан хүмүүс нь тал талаас нь нүүр рүү нь цохиод хамраас нь цус гаргасан” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12958, 12959 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна. 

Түүнчлэн шүүгдэгч Д.С нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 34 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгон түүнд 6 сарын хорих ял буюу хамгийн доод хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-д 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлаагүй /баримтлаагүй/ орхигдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.С гийн “... надад оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй бичиж байхыг анхааруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2-т “... 4 дэх заалтаас Д.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж заасан ч шүүгдэгч Д.С нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... 6 сар 30 хоногийн хорих ял оногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Иймд шүүхээс шийдвэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцүүлэн гаргаж байх нь зохистой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 84 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН