Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 84

 

Г.Н-, У.Ж-, Д.С-,

Б.Б- нарт холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн  даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

хохирогч, шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

хохирогч, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч А.Содхүү,

хохирогч, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хохирогч, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Н-, У.Ж-, Д.С-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1811030040294 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн Г.Н-, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Жадан овгийн У.Ж-, 1994 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            3. Боржигон овгийн Д.С-, 1985 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

            4. Боржигон овгийн Б.Б-, 1992 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.Н-, У.Ж- нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган 7-56 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Бат-Эрдэнийг “Дүү Д.Бямбацэрэнг уруу татлаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Б.Б-, Д.С-, Ж.З- нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган 7-56 тоотод байрлах нийтийн байранд хохирогч У.Ж-, Г.Н- нарыг “Б.Бат-Эрдэнийг зодсон” гэх шалтгаанаар зодож,    тус бүрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            мөн Г.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган 7-56 тоот хашааны гадна хохирогч Д.С-г зэвсэг хэрэглэж буюу хутгаар цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, У.Ж-, Д.С-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Н-г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Ж-, Д.С-, Б.Б- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Н-г 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Ж-, Д.С- нарыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.Бат-Эрдэнийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Г.Н-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 30 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Д.С-гийн урьд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 34 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгон түүнд 6 сарын хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Н-, Д.С- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Н-гээс нийт 1.541.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С-д, шүүгдэгч Г.Н-, У.Ж- нараас тус бүр 60.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д тус тус олгож, хохирогч Д.С- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.Н-, Д.С- нарт урьд авсан цагдан хорих, У.Ж-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Г.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлыг бүрэн барагдуулсан. Би хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан эцгийнхээ хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч, шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрч О.Даваадоржийн мэдүүлснээр Г.Н- хутга, заазуур барин гарч ирэхэд нийтийн байрны эгч буюу “Зугтаарай, зугтаарай” гэж орилсон хүнийг гэрчээр асуугаагүй. Энэ хүн бол тухайн үед миний толгой хагархай, цус гарч байсныг харсан хүн юм. Мөн өөр нэг гэрч болох З- нь тухайн үед хүнд гар хүрэх боломжгүй байсан бөгөөд эрүүл мэндийн байдал нь дордож 10 сард нас барсан. Түүний анхны мэдүүлгийг шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй. Миний уушгинд 2 см өргөн, 3 см урт хутга орсон. Хагалгаа хийлгэж 28 см оёдол тавиулсан. Цаашид эмнэлгийн хяналтад дор эмчилгээ хийлгэх шаардлагатай байхад одоо цагдан хоригдож байна. Тухайн үед Б.Б-, У.Ж- хоёрын зодооныг салгах гэж явсандаа харамсаж байгаа тул хэргийг дахин хянаж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Г.Н-гийн зүгээс хохиролд 1.700.000 төгрөгийг төлсөн. Мөн 1.000.000 төгрөгийг манай ар гэрийнхэнд өгсөн гэж байна. Цаашид шүүгдэгч Г.Н-д гомдол саналгүй.” гэв.

Хохирогч, шүүгдэгч Г.Н-гийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөөр хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцсон байгаа. Мөн тэрээр бие муутай эцгийгээ ганцаараа асран халамжилдаг тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч, шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч А.Содхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан. Үүнд 1. Д.С-гийн гэмт хэрэгт оролцсон гэх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй. Зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлгээр түүнийг гэм буруутайд тооцсон. 2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох ач холбогдол бүхий гэрчүүдийг асуугаагүй. Харилцан зөрүүтэй нотлох баримтыг үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн талаар үндэслэлийг заагаагүй. 3. Д.С-д ял оногдуулахдаа түүний биед учирсан гэмтэл, бусдад төлөх төлбөргүй байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, зөвхөн яллагдагчийн байр суурьнаас хандсан байдаг. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.С-гийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна.” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

            Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Н-гийн зүгээс хохирол төлсөн гэх баримт нотолгоо алга. Шүүгдэгч Д.С-гийн хувьд тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй. Иймд давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

             2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган 7-56 тоотод байрлах нийтийн байранд У.Ж- нь “Дүү Д.Бямбацэрэнг уруу татаж, архи уулаа” гэх шалтгаанаар Б.Б-тэй маргалдаж, Г.Н-тэй бүлэглэн түүнийг ээлж дараалан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд үүнд уурссан Б.Б- хэсэг хугацааны дараа Д.С-, Ж.З- нарыг дагуулж ирэн Г.Н-, У.Ж- нарыг бүлэглэн зодож тус бүрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар зодоон дуусч уг байрнаас Д.С-г гарч явах үед Г.Н- араас нь очин түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

            Хохирогч, шүүгдэгч Г.Н- нь “...манай найз Ж- Б-д “Дүү уруу татаж архи уулаа” гэхэд “Би уруу татаагүй” гээд өөдөөс нь томроод байсан. Тэгээд хоорондоо барилцаад авахаар нь би салгаад Б-н цээж рүү хоёр удаа цохиж суулгаад, толгой руу нь нэг удаа өвдөглөсөн... бид хоёрыг унтаж байхад Б-, С-, З- нар гаднаас орж ирээд учир зүггүй зодоод эхэлсэн. Би доошоо хараад хэвтэж байсан болохоор хэн нь яг аль гэмтлийг учруулсныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гурвуулаа нийлээд толгой тархигүй, энд тэнд өшиглөж зодсон. Тэгээд би араас нь гүйж гараад хаалганы хажуу талын шүүгээнээс хутга авсан. Би уул нь айлгах гэж л гарсан. Тэгээд сандарсандаа тийм юм болсон. ...” /1хх 25-27, 2хх 126/ гэж,

            Хохирогч, шүүгдэгч У.Ж- нь “...дүү маань нэлээн согтуу Б-тэй хамт орж ирсэн. Би Б-д “Насанд хүрээгүй хүүхэд уруу татаж архи уулаа” гэж хэлэхэд “Би уруу татаагүй, юу яриад байгаа юм” гээд өөдөөс томроод байхаар нь цээж рүү нь гараараа хоёр удаа цохиход Норовоо босч ирээд салгасан. Норовоо Б-н нүүрэн тус газарт нэг удаа цохиж суулгасан. Тэгээд хоорондоо ярилцаад эвлэрсэн. Тэгсэн чинь Б- “Ганц юм аваад ирье” гээд Даваадоржтой хамт гараад явсан. Түүнийг явсны дараа Норовоо бид хоёр унтаад өгсөн. Гэнэт гаднаас гурвуулаа орж ирээд Норовоо бид хоёрыг зодчихоод гараад явсан. Би ганцаараа гэрт үлдсэн. Гэтэл дүү Бямбацэрэн “Агаа баларсаан, Норовоо нэгийг нь хутгалчихлаа” гээд орж ирсэн. Норовоо араас нь сонин царайлчихсан “Ёстой муухай юм хийчихлээ” гэсээр улаан иштэй хутга барьчихсан орж ирээд хутгаа орны хажууд тавьсан. ...” /1хх 29-31/ гэж,

            Хохирогч, шүүгдэгч Д.С- нь “...Б-н гэрт ирчихсэн байхад тэр гаднаас орж ирээд “Сая нийтийн байранд хүнд зодуулсан, архи авч ирэхгүй бол ална гээд байна” гэхээр нь нөгөө хүмүүсийн байгаа газарт хамт очихоор автомашинд нь суухад Б-н найз З-, бас өөр нэг залуу сууж байсан. Тэгээд дэлгүүрээс архи авчихаад нийтийн байранд очиход Б- орон дээр сууж байсан Ж- гэх залуутай муудалцаад барьцалдаад эхлэхээр нь З- бид хоёр салгахаар хоёр талаас нь татаж байхад газар унтаж байсан Н- босч ирээд толгой руу нэг юмаар цохисон. Тэгээд Бат-Эрдэнийг аваад байрнаас гарсан. Хашааны гадна зогсож байтал Н- араас нэг гартаа хутга, нөгөө гартаа заазуур барьчихсан гарч ирээд шууд миний цээжин тус газарт нэг удаа хутгалчихаад буцаад орчихсон. Миний биед учирсан гэмтлийг Н- гэх залуу учруулсан. ...” /1хх 33-36, 2хх 126/ гэж,

            Хохирогч, шүүгдэгч Б.Б- нь “...Бямбаа гэр лүүгээ орох гээд би хаалганы хажуугаар өнгөрсөн чинь Ж- намайг дуудсан. Яваад ортол “Чи хэн юм бэ, ийшээ зогс п**** минь” гээд томроод элэг рүү гараараа хоёроос гурван удаа цохингуутаа “Доошоо суу” гэхээр нь өвдөглөөд суусан чинь шилэн хүзүү рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл цаанаас Н- босч ирээд “Чи хэн юм, яагаад орж ирээд томроод байгаа юм” гээд зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Босох гээд өндийтөл цээж рүү нэг удаа өвдөглөсөн. Бөхийсөн байхад “Босооч” гээд хажуунаас өвдөг рүү өшиглөсөн. Намайг дарамтлаад цохиод байхаар нь “Би та хоёрт ганц юм авч өгье” гэж хэлээд дүүг нь дагуулаад явсан. Гэртээ очтол С- ах хөдөөнөөс ирсэн байхаар нь түүнд учраа хэлээд дэлгүүрээс авсан архиа Ж-т аваачиж өгөхөд “Хүн дагуулж ирээд намайг зодно гэж бодоо юу” гэж хэлээд надтай ноцолдож байтал Н- босч ирэнгүүтээ С- ахын толгой руу цохисон. Эргэж харахын завдалгүй хутгалсан. ...” /1хх 38-42, 2хх 126-127/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрсдийн биед халдсан этгээд, учирсан гэмтлийнхээ талаар тус бүр тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

            - гэрч О.Даваадоржийн “...Б- тухайн үед согтуу байсан ба Ж-, Н- ах нартай маргаад байсан. Тэгээд Ж- ах Б-н хамар луу нэг удаа мөргөхөд хамраас нь цус гарсан. Цусаа угаачихаад нэг нэгнээсээ уучлалт гуйгаад танилцаад байсан. Ж- ах Бат-Эрдэнийг “Дүү нэг юм авах байх” гэж хэлсэн чинь “За тэгье” гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Б- ах гэрлүүгээ ороод ах болон найзыгаа дагуулаад гараад ирсэн. Тэгээд автомашиндаа суугаад эргээд Бямбацэрэнгийн гэр лүү явах замдаа Б- “Цусыг цусаар” гээд яриад байсан. Бямбацэрэнгийнд ирэхэд Б-н ах гээд байгаа нөгөө хутгалуулдаг ах “Дээрэлхээд байсан нь аль нь вэ” гэж хэлээд Ж- ахыг орондоо хэвтэж байхад нь нүүр лүү нь гараараа цохисон. Н- ахыг унтаж байхад нь дээрээс нь дэвсээд бос гээд байсан. Тэгээд зодоон болсон. Энэ үед Бямбацэрэн бид хоёрыг гарцгаа гээд гаргасан. Хашааны хаалгаар гараад байж байтал Н- ах гартаа улбар шар өнгийн иштэй хутга бариад гараад ирсэн. Нийтийн байрны эгч “Зугтаарай” гэж хэлэхэд Б- найзын хамт зугтаасан. Харин нөгөө ах зогсоод үлдэхэд Н- ах явж очсон. Удалгүй нөгөө ах “Яая хутгалчихлаа, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. ...” /1хх 43-46/,

            - гэрч Б.Бямбацэрэнгийн “...удалгүй гаднаас Б- ах хоёр залуу дагуулаад, Даваадоржийн хамт ороод ирсэн. Тухайн үед Н- ах унтаж байсан ба Б-н дагуулж ирсэн хоёр ахын нэг нь “Пээдэлзээд байсан хоёр п**** юм уу” гэж хэлээд Н- ахыг дээрээс нь дэвсээд, Ж- ахын нүүр лүү нь цохиж эхэлсэн. Нөгөө хамт явсан хүмүүс тал талаас нь нүүр лүү нь цохиод хамраас нь цус гаргасан. Тэгээд тэд нар гараад явцгаасан ба гэрт Н-, Ж- нар үлдсэн. Даваадорж бид хоёр нөгөө гурван залууг хашаанаас гаргаж өгчихөөд эргээд орох гэтэл Н- ах хажуугаар зөрсөн. Араас нь гүйгээд гартал нөгөө ах “Намайг Н- лүү заагаад энэ намайг хутгалчихлаа, хурдан цагдаа дуудаарай” гэж хэлсэн. ...” /1хх 47-48, 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн үр дүнд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн улбар шар өнгийн иштэй, 11,5 см урт ажлын хэсэгтэй хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 14-23/, хохирогч Г.Н-, У.Ж-, Б.Б-, Д.С- нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12959, 12958, 12960, 12963 дугаартай дүгнэлтүүд /1хх 71, 78, 84, 89/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н-, У.Ж-, Д.С-, Б.Б-, Ж.З- нарт холбогдох эрүүгийн 1811030040294 дугаартай хэргээс Ж.З-т холбогдох хэргийг хуульд заасан “...шүүгдэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон...” гэсэн үндэслэлээр тусгаарлаж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч нар дээрх гэмт хэрэгт оролцохдоо тус бүрдээ санаа, зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруутай үйлдэл, оролцооны талаарх мэдүүлгүүдээр тогтоогдсон тул эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н-г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Ж-, Д.С-, Б.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тус бүрийн үйлдэл, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад  заасан төрөл, хэмжээний дотор тус тус ял оногдуулжээ.

Ингэхдээ шүүгдэгч Г.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосны зэрэгцээ, шүүгдэгч Д.С-гийн тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний урьд Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь хорих ял оногдуулж, уг ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзэв.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Д.С-, Б.Б- нарын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Г.Н-, У.Ж- нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн зохицуулалттай, мөн  хохирогч Д.С-гийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хор учруулсны төлбөр зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Н-, У.Ж-, Д.С-, Б.Б- нарт холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Г.Н-, У.Ж-, Д.С-, Б.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтыг хэрэглэхдээ, хохирогчийн гомдол саналыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Шүүгдэгч Г.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрийн хариуцан арилгавал зохих хэсгийг нөхөн төлсөн, хохирогч Д.С-гаас түүнд гомдол саналгүй болсон тухайгаа илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан хохирогч, шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

            Харин шүүгдэгч Д.С- нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх түүний урьд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 34 дугаартай шийтгэх тогтоолоос холбогдох заалтыг хүчингүй болгон, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг буюу 6 сарын хорих ялыг оногдуулсан байх тул уг ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хохирогч, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Боржигон овгийн Гантулгын Н-, Жадан овгийн Уранцэнгэлийн Ж-, Боржигон овгийн Дуламсүрэнгийн С-, Боржигон овгийн Батсүрэнгийн Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтыг бүхэлд нь, 2 дахь заалтаас Г.Н-, У.Ж-, Д.С-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсгүүдийг, 4 дэх заалтаас Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Н-д 5 /тав/ жил хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Н-д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял...” гэж өөрчилсүгэй.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН