Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2020/01240

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01240

 

А- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01050 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.б, Д.П- нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 30 156 002 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Д.П-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Мөнхжолоо, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2018 оны 5 сарын 29-ний өдөр автомашин худалдаж авахад мөнгө дутагдалтай байгаа тул 23 100 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн тул мөн өдрөөс 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 23 100 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн графикт хугацаандаа төлөхийг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч, тодорхой хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл хүү, зээлийг бүрэн барагдуулаагүй.

Үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд биелэгдээгүй үүүргийг хангуулах зорилгоор Фидуцийн гэрээг байгуулсан. Тээврийн хэрэгслийг биет байдлаар гаргуулах боломжгүй учир зээлийн гэрээний дагуу мөнгөө шаардана. Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн Харриер маркийн автомашин биет байдлаар хаана байгаа нь мэдэхгүй. Хэрэв мэдсэн бол бид биет байдлаар шууд хурааж авснаар энэ гэрээ дуусгавар болох байсан. Гэвч уг машин олдохгүй байгаа учраас гэрээ цуцлая гэдэг асуудал ярьсан. Гэрээг цуцлах санал өгснөөс шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл үндсэн зээл, хүүг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд гэрээг цуцалж, зээл 21 828 449 төгрөг, хүү 8 327 553 төгрөг, нийт 30 156 002 төгрөгийг Б.б, Д.П- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нансалмаа гэх эмэгтэй Тоёота Харриер маркийн автомашиныг унаж явах эрхтэйгээр тус А- ББСБ ХХК-иас зээл гаргуулж авахын тулд нөхөр Б.б бид хоёрыг удаа дараа гуйж, бид хоёрын бичиг баримтыг ашиглаж зээл гаргуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж, Баянгол дүүргийн шүүхэд шилжээд байна. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь тогтоогдвол эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа иргэний хэргээр шийдвэрлэх заалттай тул уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн өмчлөлийн асуудал дээр өөрсдөө цагдаад өргөдөл гаргаад шүүхэд ирсэн баримтад Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол, яллах дүгнэлтийг хавсаргасан байгаа. Мөнхжолоог хохирогчоор тогтоосон. Энэ эрүүгийн хэрэгт яг л энэ Фидуцийн гэрээний асуудлыг ярьж байгаа. Мөнхжолоо эрүүгийн журмаар 26 000 000 төгрөг нэхэмжилж байна. Яллах дүгнэлт дээр А- ББСБ ХХК 26 000 000 төгрөгөөр залилуулсан гэж дурдсан байна. Гэтэл өнөөдөр Иргэний журмаар 30 156 002 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. А- ББСБ ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг Цэц капитал ББСБ ХХК-д барьцаалсан. Тэгэхээр энэ байгууллагын эд хөрөнгийг бусдад тавиад зээл авч, эднийхээс зөвшөөрөл аваагүй байж уг газраас зээл авсан нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №16329 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.б, Д.П- нараас 30 156 002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 378 931 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378 931 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Нансалмаад холбогдох эрүүгийн хурал болж хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан. Г.Нансалмаагийн яллах дүгнэлтэд А- ХХК буюу хохирогчоор О.Мөнхжолоог тогтоож, Г.Нансалмаа нь А- ББСБ ХХК-ийн 18-61 УБН улсын дугаартай Харриер маркийн автомашиныг Цэц капитал ББСБ ХХК д барьцаалж 26 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байна гэснийг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт 26 000 000 төгрөгөөр, иргэний хэрэгт 30 156 002 төгрөгөөр хохиросон гэж 2 талд хохирол авахаар шийдвэр гаргаж байгаа нь илтэд хууль зөрчсөн шийдвэр юм. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь хариуцагч Б.б, Д.П- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, хүү 30 156 002 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар хэрэг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргажээ. /хх 1, 27, 57/

Талууд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр №16329 тоот зээлийн гэрээ байгуулж 23 100 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр Б.б, Д.П- нарын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /хх-7, 8/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор талууд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №16329 тоот фидуцийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй, зээл 21 828 449 төгрөг, хүү 8 327 553 төгрөг, нийт 30 156 002 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. /хх 9-11, 17/

Хариуцагч тал гэрээний графикт хугацааг зөрчиж байсан, удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч, үүргээ биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж чадаагүй. Зээлдэгч нар гэрээ байгуулснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаагийн төлөлтөөр зээлд 1 271 551 төгрөг, хүүд 1 623 527 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15 527 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-12/

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, цуцлах хүртэл хугацааны үүргийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар 452.1 дэх хэсэгт дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Хариуцагч нар авсан зээл 23 100 000 төгрөгийг Т.Нансалмаад шилжүүлсэн, зээлийн төлөлтийг Т.Нансалмаа хийж байсан, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хийгдсэн фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Харриер маркийн автомашиныг Т.Нансалмаа бусад банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч залилан мэхэлсэн гэх асуудал нь энэ маргаантай хамааралгүй юм. /хх /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.

Дээрх эрүүгийн хэрэгт А- ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжолоо хохирогчоор мэдүүлэхдээ ...Одоо манай банк бус санхүүгийн байгууллага нь холбогдох хүмүүсээс зээл, хүүгийн хамт нийт 26 966 356 төгрөгийг нэхэмжилж байгаа. 18-61 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай А- ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа боловч хаана байгааг мэдэхгүй байна гэж тайлбарлажээ. /хх-84/ Т.Нансалмаад холбогдох эрүүгийн хэрэгт А- ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжолоог хохирогчоор тогтоохдоо Цэц капитал ХХК нь бусдад залилуулсан гэх хэрэгт 18-61 УНӨ дугаарын автомашины өмчлөгчийн хувиар хохирогчоор тогтоосон байгаа нь Б.б, Д.П- нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй шууд холбоотойгоор эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй.

А- ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.б, Д.П- нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 102/ШШ2020/01050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 931 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД