Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00403

 

 

Алианс капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01050 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1240 дүгээр магадлалтай,

 

Алианс капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Пүрэвдаш, Б.Батмөнх нарт холбогдох

 

2018.05.29-ний өдрийн №16329 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 30,156,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Пүрэвдашийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Алианс капитал ББСБ ХХК Д.Пүрэвдаш, Б.Батмөнх нарт холбогдуулан 2018.05.29-ний өдрийн №16329 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 30,156,002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ...Зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг Т.Нансалмаад өгч, Т.Нансалмаа зээлийн төлөлтийг хийж байсан, улмаар фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгч талын өмчлөлд шилжүүлсэн автомашиныг Т.Нансалмаа өөр ББСБ-д барьцаалан зээл авч залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч байгууллагын захирал хохирогчоор тогтоогдон оролцож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01050 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №16329 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Батмөнх, Д.Пүрэвдаш нараас 30,156,002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Аллианс капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1240 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 102/ШШ2020/01050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Пүрэвдаш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Төмөр-Очирын Нансалмаа гэх эмэгтэй хариуцагч нарт өртэй байсан бөгөөд Тоёота харьер маркийн автомашиныг унаж явах эрхтэйгээр Аллианс капитал ББСБ-д барьцаанд тавьж зээл гаргуулж авахын тулд хариуцагч нарын бичиг баримтыг удаа дараа гуйж ашиглаж зээл гаргуулсан. 2018.05.29-ний өдөр Б.Батмөнх, Д.Пүрэвдаш нар Аллианс капитал ББСБ ХХК-тай фидуцийн гэрээ байгуулж 1861 УНӨ дугаартай Тоёота харьер машиныг Аллианс капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжигдсэн. Гэтэл Т.Нансалмаа нь Аллианс капитал ББСБ ХХК-ийн нэр дээр байсан автомашиныг Цэц капитал ББСБ ХХК-д барьцаалж, 6,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан байсан. Үүний дагуу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Нансалмад холбогдуулан 201726020260 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, тус хэрэгт Аллианс капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжолоог хохирогчоор тогтоон мэдүүлэг авч, уг хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан баримт хэрэгт авагдсан. Т.Нансалмаад холбогдох яллах дүгнэлтэд Т.Нансалмаагаас 26,000,000 төгрөг гаргуулан Аллианс капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захиралд олгохоор заасан байна. Гэтэл Иргэний хэргийн шүүхээр хариуцагчаас 30,156,002 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хоёр талд хохирол давхцуулан авахаар шийдвэр гаргаж байгаа нь илтэд хууль зөрчсөн шийдвэр юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ. Гэтэл дээрх хуулийн зохицуулалт байхад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

4.2. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагч нарт болон өмгөөлөгч нарт хурлын товыг мэдэгдэхгүй шүүх хурлыг хийсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Пүрэвдашийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Алианс капитал ББСБ ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 2018.05.29-ний өдрийн №16329 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 30,156,002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, тус зээлийг гаргуулж авсан Т.Нансалмаа нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу захирал эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нь 2018.05.29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч нарыг автомашин худалдан авахад нь зориулж, урьдчилгаа 30 хувийг төлсөн үндэслэлээр үлдэх төлбөр болох 23,100,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авч буй автомашин болох 1861 УНӨ улсын дугаартай Toyota Harrier суудлын автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж, Фидуцийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа ...Т.Нансалмаагийн хүсэлтээр Тоёота харриер автомашиныг унаж явах эрхтэйгээр зээл авахаар бичиг баримт бүрдүүлж Алианс капитал ББСБ-аас зээл авсан, Нансалмаа зээлийг төлж байснаа больсон тул ББСБ-д төлбөр төлөгдөхгүй болсон, гэрч Т.Нансалмаа нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ба тус хэрэгт энэ нэхэмжлэлд хамаарах хэрэг хамт шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар иргэн Т.Нансалмаа зээлийн гэрээгээр халхавчилж, бусдыг хууран мэхлэх замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний буюу 565,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байх бөгөөд тус эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Алианс капитал ББСБ ХХК-ийн захирал О.Мөнхжолоо хохирогчоор тогтоогдож, өөрийн банк бус санхүүгийн байгууллага нь Т.Нансалмаад мэхлэгдэж 23,100,000 төгрөгийн зээл өгснөөс 26,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019.12.11-ний өдрийн 252/А яллах дүгнэлтэд бичигдснээр Алианс капитал ББСБ ХХК-иас 1861 УНӨ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашиныг урьдчилгаа 30 хувийг төлж, итгэл төрүүлэн залилан 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан... талаар тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн ...65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж, 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол... гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018.05.29-ний өдрийн Зээлийн гэрээтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь дээрх баримтаар тогтоогдсон байх тул хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг хэрэглэх эсэхийг тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Алианс капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Пүрэвдаш, Б.Батмөнх нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1240 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Алианс капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Пүрэвдаш, Б.Батмөнх нарт холбогдох 2018.05.29-ний өдрийн №16329 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 30,156,002 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Пүрэвдашаас 2022.07.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,931 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД