Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02055

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02055

 

 

 

Б.А - ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.А - , Б.Ө - нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С. Б т холбогдох

 

Мөнгө хүлээлцсэн хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболор

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранзаяа

Хариуцагч С. Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А - , Б.Ө - бид харилцан тохиролцсоны үндсэн дээр Төлбөр барагдуулах хэлцэл үйлдэн Б.Өнөрбаярын барилга угсралтын ажлын хөлсөнд авсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хороолол, В8 блокийн 83 тоотод байрлах 42.2 м.кв талбай бүхий байрыг /ашиглалтад ороогүй байх үед/ Б.А - ад 97 000 000 төгрөгөөр худалдаж, оронд нь Б.А - аас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт байрлалтай 64.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг /ашиглалтад орсон/ 85 500 000 төгрөгөөр тооцож авахаар тохирч дээрх 64.41 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.А - аас Б.Өнөрбаярт шилжүүлэхээр хэлцэл хийсэн юм. 2018 оны 3 дугаар сард миний эгч Б.Мөнхцацрал надтай уулзаж, ...эгч нь С. Б гэдэг хүнээс 86 000 000 төгрөг зээлж авсан, зээлийг хаах хэрэгтэй байна. Эгчдээ түр мөнгө зээлээч гэхэд нь би надад мөнгө байхгүй ээ, та удаахгүй буцаагаад мөнгийг нь гаргаад өгнө гэвэл би Б.А - аас 85 000 000 төгрөгөөр 3 өрөө орон сууц авсан, тэрийг зээлэнд чинь өгч болох юм гэж бид тохиролцоод уг орон сууцыг эхний ээлжинд Б.Мөнхцацралын нэр дээр шилжүүлж байгаад дараа нь С. Б т өгөх зээлэндээ тооцуулахаар тохирч Б.А - , Б.Мөнхцацрал нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. С. Б уг орон сууцыг шилжүүлэн авахдаа бидэнд Б.Мөнхцацралын нэр дээр шилжүүлбэл явдал чирэгдэл ихтэй, ингээд шилжүүлэхэд Б.Мөнхцацралын зээлнээс хасагдчихна гэж биднийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн Б.Мөнхцацралын өрнөөс хаслаа гэсэн үг өгүүлбэр оруулаагүй цаад санаа нь уг орон сууцыг өөр хүний /Б.Мөнх-Оргилын/ зээлийн төлбөрт суутган авах далд санаа агуулан шилжүүлсэн юм байна гэдгийг С. Б ийн нэхэмжлэлтэй Б.Мөнхцацралд холбогдох иргэний хэрэгт Б.Ө - би гэрчээр оролцсоны дараа С. Б орон сууцыг хуурч мэхлэн биднээс авсан юм байна гэдгийг ойлгосон. Учир нь иргэн С. Б нь Б.Мөнхцацралд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг орон сууцны үнэ болох 79 000 000 төгрөгийг Б.Мөнхцацралын зээлээс нь хасаагүйгээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.Ө - миний бие иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Мөнхцацралын зээлийн төлбөрийг төлөх зорилготой шилжүүлж баримт үйлдсэн гэдгийг мэдүүлсэн боловч Улсын дээд шүүхээс иргэдийн хооронд байгуулсан хэлцэл болох Мөнгө хүлээлцсэн баримт дээр Б.Мөнхцацралын нэр байхгүй тул уг орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, Б.Мөнхцацралын зээлэнд дээрх орон сууцны үнийг тооцолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм. С. Б нь анхнаасаа Мөнгө хүлээлцсэн баримт дээр Б.Мөнхцацралын зээлийн төлбөрт тооцов гэж оруулалгүй, энэ мөнгө хүлээлцсэн баримтын дагуу Б.Мөнхцацралын зээлийн төлбөрөөс хасагдчихна гэж нотариатчтай нийлж, биднийг хууран мэхлэн уг хэлцлийг баталгаажуулсан мөртлөө бодит байдал дээр Б.Мөнхцацралын зээлээс нэг ч төгрөг хасалгүй, Б.Мөнх-Оргилын Стар кридит ББСБ ХХК-аас авсан зээлнээс хассан гэх тайлбарыг иргэний хэрэгт хэлж, иргэн С. Б ээс биш Старкредит ББСБ ХХК-аас зээл авсан Б.Мөнх-Оргилын зээлэнд тооцож, 85 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг дундаас нь өөртөө шилжүүлэх хэлцэл хийж, хууль бусаар захиран зарцуулах эрх олж авч, нэхэмжлэгч биднийг хохироосон үйлдэл гаргасан.

Иймд Б.Өнөрбаяр, Б.А - , С. Б нарын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн баримт нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, С. Б ээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт байрлалтай 64.41 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 79 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож авсан. Нэхэмжлэгч Б.Өнөрбаярын төрсөн эгч Б.Мөнх-Оргил, түүний нөхөр Х.Баттулга нар нь Старкредит ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас зээлийн маргааныг шийдвэрлэж, шүүхийн шүүгчийн захирамж гаргасан болно. Нэхэмжлэгч Б.Ө - нь Б.Мөнх-Оргил, Б.Мөнхцацрал 2 хоёулаа л миний эгч, энэ хоёр хоёулаа хоорондоо муудалцаад байна, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд би тусална гэж байсан. Б.Өнөрбаяраас орон сууцыг 79 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож төлбөрийг Старкредит ББСБ ХХК дахь Б.Мөнх-Оргилын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан болно.

Нэхэмжлэгч Б.Өнөрбаярын төрсөн эгч Б.Мөнхцацрал нь С. Б тэй зээлийн гэрээ байгуулж, Б.Мөнхцацрал нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас зээлийн маргаанаа шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн болно. Нэхэмжлэгч Б.Ө - 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, С. Б т шилжүүлэн өгсөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, 65/4 дүгээр байрны 41 тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож авсныг Б.Мөнхцацралын зээлийн дүнгээс хасах байсан тухай мэдүүлсэн боловч энэ нь үндэслэлгүй байсныг шүүх нэгэнт тогтоосон.

Миний бие Б.А - ын өмчийг хууль бусаар олж аваагүй. Б.А - нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Батцэнгэлд өгсөн итгэмжлэлээ сайн дурын үндсэн дээр хийсэн байна. Б.Өнөрбаярын нэр дээрх өмч хөрөнгийг би аваагүй. Харин өмчлөгч Б.А - ын байрыг 79 000 000 төгрөгөөр тооцож авч Б.Мөнх-Оргилын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С. Б т холбогдох Мөнгө хүлээлцсэн хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А - , Б.Ө - нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Бидний хооронд хийсэн хэлцэл нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй, цаашид гарах үр дагаварт бодитой хандаагүй, уг хэлцлийн улмаас С. Б үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, Б.Өнөрбаяр, Б.А - бидний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших," эрхийг маань ноцтойгоор зөрчин, хохироож 79 000 000 төгрөгийн байрыг завшчихаад байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэдийн өмчлөх эрх зөрчигдсөн байгаа асуудалд анхаарал хандуулалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар С. Б ийн нэхэмжлэлтэй, Б Мөнхцацралд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 344 600 239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаар шийдвэрийг баримтлан уг шүүхийн шийдвэрт "..маргаан бүхий орон сууцыг Старкредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б Мөнх-Оргилд холбогдох зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон гэж дүгнэжээ" хэмээн Б.Мөнхцацралын зээлийн төлбөрийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэсэн байна хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл С. Б ийн нэхэмжлэлтэй Б Мөнхцацралд холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт уг маргаан бүхий байрны асуудлаар анхан шатны шүүх шийдвэрлээгүй, уг асуудлыг давж заалдах болон хяналтын шатны шүүх авч хэлэлцээгүй юм.

Маргаан бүхий байрыг Б.Мөнх-Оргилд хууль ёсны дагуу захиран зарцуулах, өөрийн зээлийн төлбөрт шилжүүлэх эрх хэмжээ байхгүй. Зээлдэгч Х.Баттулга гарын үсэг зураагүй баримтыг хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж үзэн анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй асуудлыг мушгин гуйвуулж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Монгол банкны мэдээллийн санд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Б.Мөнх-Оргил, Х.Баттулга нарын зээл хасагдаагүй, анх зээлсэн үнийн дүн хэвээр байгаа талаар, мөн нэхэмжлэгч нар нь Старкредит ББСБ ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй талаар нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад ..нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад өөр хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэг шийдвэрлэлтийн үндэслэл болгосон.

Зохигчдын хооронд байгуулсан мөнгө хүлээлцсэн баримт нь Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь уг байрны шударга эзэмшигч нарыг төөрөгдүүлэн эгчийнх нь зээлээс хасна гэж хэлж дүр үзүүлэн, хууран мэхэлж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.А - , Б.Ө - нар хариуцагч С. Б т холбогдуулан мөнгө хүлээлцсэн хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийн үнэд 79 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг дүү Б.Мөнх-Оргилын зээлд суутгасан гэх үндэслэл заан маргажээ.

Талууд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Мөнгө хүлээлцсэн баримт нэртэй бичгийн хэлцэл хийсэн байх ба хэлцлийн 2 дахь заалтаар Б.Ө - нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон 65/4 байрны 41 тоотод байрлах 64.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 79 000 000 төгрөгт тооцон С. Б т шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Хэлцлийн дагуу С. Б дээрх орон сууцыг авсан, одоо орон сууц бусдын өмчлөлд шилжсэн үйл баримтад талууд маргаангүй, харин орон сууцыг Б.Мөнхцацралын зээлийн үүрэгт суутган тооцно гэж хууран мэхэлж хэлцэл хийгээд Б.Мөнх-Оргилын зээлийн үүрэгт суутган тооцсон гэж маргажээ. Энэ тохиолдолд хэлцлийн зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж буй үндэслэлээ нотлох үүрэг нэхэмжлэгч нарт хуваарилагдана.

Шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3405 дугаартай шийдвэрээр тогтоогдсон гэж үзэн үнэлснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь шүүхийн 3405 дугаар шийдвэрт зохигчдын 79 000 000 төгрөгт тооцон хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Б.Мөнх-Оргилд холбогдох Старкредит ББСБ-ын зээлийн төлбөрт тооцсон болох нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нар уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар маргаж байгаа ч хариуцагч С. Б ийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл хийхдээ 79 000 000 төгрөгт тооцон шилжүүлж буй орон сууцыг нэхэмжлэгч нарын дүү Б.Мөнхцацралын зээлийн үүрэгт тооцохоор тохиролцох тухай 2 дахь заалтыг хууран мэхэлж хийсэн гэх үйлдлийг эргэлзээгүй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 552 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ч.ЦЭНД