Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02068

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02068

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, ... тоотод оршин суух, Түмэд овогт Бийн А,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух, Бодунахурц овогт Бы Ө нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, ... тоотод оршин суух, Цэнд овогт Сийн Б -т холбогдох

 

Мөнгө хүлээлцсэн /үл хөдлөх хөрөнгө/ хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.У, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.      

                                                                                           

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А, Б.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.А, Б.Ө бид нар тохиролцсоны үндсэн дээр “Төлбөр барагдуулах хэлцэл” үйлдэн Б.Өын барилга угсралтын ажлын хөлсөнд авсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод байрлах 42,2 м.кв талбай бүхий байрыг /ашиглалтад ороогүй байх үед/ Б.Аад 97 000 000 төгрөгөөр худалдаж, оронд нь Б.Ааас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт байрлалтай 64,41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг /ашиглалтад орсон/ 85 500 000 төгрөгөөр тооцож авахаар тохирч дээрх 64,41 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Ааас Б.Өт шилжүүлэхээр хэлцэл хийсэн юм. 2018 оны 3 дугаар сард миний эгч Б.М надтай уулзаж, “...эгч нь С.Б гэдэг хүнээс 86 000 000 төгрөг зээлж авсан, зээлийг хаах хэрэгтэй байна. Эгчдээ түр мөнгө зээлээч” гэхэд нь би “надад мөнгө байхгүй ээ, та удаахгүй буцаагаад мөнгийг нь гаргаад өгнө гэвэл би Б.Ааас 85 000 000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт байрлалтай, 64,41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц авсан, тэрийг зээлэнд чинь өгч болох юм” гэж бид тохиролцоод уг орон сууцыг эхний ээлжинд Б.Мын нэр дээр шилжүүлж байгаад дараа нь С.Бт өгөх зээлэндээ тооцуулахаар тохирч Б.А, Б.М нарын хооронд “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан юм. Ингээд манай эгч Б.М бид нар иргэн С.Бтэй уулзахад С.Б нь “Б.Мын зээлийн төлбөрт Б.Өын 3 өрөө орон сууцыг 79 000 000 төгрөгөөр тооцож авъя, Б.Мын нэр дээр байрны гэрчилгээ гарахад удахаар байна, сар гаран болдог. Тиймээс шууд Б.А, Б.Ө нараас над руу шилжүүлсэн гэрээ байгуулчихвал амар, иймд Б.Ааас Б.Өт, Б.Өаас С.Бт гэх байдлаар шилжүүлчихье” гэхэд бид тухайн үед “Гол нь уг байрыг Б.Мын зээлээс хасуулахаар шилжүүлж байгаа тул Б.Мын зээлнээс хасуулан тооцлоо гэсэн үг өгүүлбэр оруулъя” гэсэн боловч С.Б “Миний таньдаг нотариатч байгаа, тэнд очиж гэрээ байгуулъя” гээд Б.А бид хоёрыг нотариатч дээр аваачиж, гэрээ байгуулаагүй “Мөнгө хүлээлцсэн баримт /үл хөдлөх хөрөнгө/ үйлдэн гарын үсэг зуруулсан. Анх уг орон сууцыг Б.Мын өрөнд шилжүүлэх үед нэхэмжлэгч Б.А надаас Б.Мын нэр дээрээ шилжүүлэн авахаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан боловч С.Б уг орон сууцыг шилжүүлэн авахдаа бидэнд “Б.Мын нэр дээр шилжүүлбэл явдал чирэгдэл ихтэй, ингээд шилжүүлэхэд Б.Мын зээлнээс хасагдчихна” гэж биднийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн Б.Мын өрнөөс хаслаа гэсэн үг өгүүлбэр оруулаагүй цаад санаа нь уг орон сууцыг өөр хүний /Б.Мын/ зээлийн төлбөрт суутган авах далд санаа агуулан шилжүүлсэн юм байна гэдгийг С.Бийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох иргэний хэрэгт Б.Ө би гэрчээр оролцсоны дараа /Б.А бид хоёрын хэн хэнийх нь өмчлөх эрх зөрчигдөж/ С.Б орон сууцыг хуурч мэхлэн биднээс авсан юм байна гэдгийг ойлгосон. Учир нь иргэн С.Б нь Б.Мд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг орон сууцны үнэ болох 79 000 000 төгрөгийг Б.Мын зээлээс нь хасаагүйгээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.Ө миний бие иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Мын зээлийн төлбөрийг төлөх зорилготой шилжүүлж баримт үйлдсэн” гэдгийг мэдүүлсэн боловч Улсын дээд шүүхээс иргэдийн хооронд байгуулсан хэлцэл болох “Мөнгө хүлээлцсэн баримт” дээр Б.Мын нэр байхгүй тул уг орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, Б.Мын зээлэнд дээрх орон сууцны үнийг тооцолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм. С.Б нь анхнаасаа “Мөнгө хүлээлцсэн баримт” дээр “Б.Мын зээлийн төлбөрт тооцов” гэж оруулалгүй, энэ мөнгө хүлээлцсэн баримтын дагуу Б.Мын зээлийн төлбөрөөс хасагдчихна гэж нотариатчтай нийлж, биднийг хууран мэхлэн уг хэлцлийг баталгаажуулсан мөртлөө бодит байдал дээр Б.Мын зээлээс нэг ч төгрөг хасалгүй, Б.Мын С-аас авсан зээлнээс хассан гэх тайлбарыг иргэний хэрэгт хэлж, иргэн С.Бээс биш С-аас зээл авсан Б.Мын зээлэнд тооцож, 85 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг дундаас нь өөртөө шилжүүлэх хэлцэл хийж, хууль бусаар захиран зарцуулах эрх олж авч, нэхэмжлэгч биднийг хохироосон үйлдэл гаргасан.

Б.Ө миний бие Б.Ааас шилжүүлэн авсан уг байрыг С.Бээс мөнгө зээлсэн Б.Мын өрийг төлөх зорилгоор С.Бт шилжүүлэхээр баримтад гарын үсэг зурсанаас биш С-аас мөнгө зээлсэн Б.Мын нэр дээрх зээлэнд төлөөгүй бөгөөд үүнийг С.Б мэдсээр байж биднийг хуурч мэхлэн авсаны үр дүнд тэрээр өнөөдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, бидний өмчлөх эрхийг хууль бусаар олж авчихаад байгаа асуудлыг шударгаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний хооронд хийсэн хэлцэл нь талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлээгүй, цаашид гарах үр дагаварт бодитой хандаагүй, уг хэлцлийн улмаас иргэн С.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, иргэн Б.Ө, Б.А бидний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших” эрхийг маань ноцтойгоор зөрчиж, хохироосон тул “Б.Ө, Б.А, С.Б нарын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Мөнгө хүлээлцсэн баримт” нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, С.Бээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт байрлалтай 64.41 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 79 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79 сая төгрөгийн үнийн дүнд тооцож авсан. Нэхэмжлэгч Б.Өын төрсөн эгч Б.М, түүний нөхөр Х.Б нар нь С ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас зээлийн маргааныг шийдэрлэж, шүүхийн шүүгчийн захирамж гаргасан болно. Нэхэмжлэгч Б.Ө : М, М 2 хоёулаа л миний эгч, энэ хоёр хоёулаа хоорондоо муудалцаад байна, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд би туслана гэж байсан. Б.М нь С-тай 2015.3.23-ны өдөр 1084 тоот зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн найз Бямбасүрэнгийн Зын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 17 дугаар байр 25 тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 3 өрөө байрыг барьцаанд тавьсан байна. Зын аав Бямбасүрэн нь миний охины байрыг залилж барьцаанд тавьсан гэх гомдлоо Баянгол дүүргийн цагдаад гаргаж М нь шалгагдаж байсан бөгөөд С-ын захирал цагдаад очиж мэдүүлэг өгч байсан. М нь цагдаад дуудагдаад хэцүү байна. Залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж байна, мөрдөн байцаагч ахмад Сүхбаатар гэдэг хүн дээр байгаа гэсэн. Мын дүү Өаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79 сая төгрөгийн үнийн дүнд тооцож авсан байрны төлбөрийг С дахь Мын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан болно.

Нэхэмжлэгч Б.Өын төрсөн эгч Б.М нь иргэн С.Бтэй зээлийн гэрээ байгуулж, Б.М нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас зээлийн маргаанаа шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн болно. Нэхэмжлэгч Б.Ө 2018.11.14-ний өдрийн Баянгол дүүргийн ИХАШШүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, С.Бт шилжүүлэн өгсөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79 сая төгрөгийн үнийн дүнд тооцож авсныг Мын зээлийн дүнгээс хасах байсан тухай мэдүүлсэн боловч энэ нь үндэслэлгүй байсныг шүүх нэгэнт тогтоосон.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших, 64.41 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч Б.Аын өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж хохироосон гэжээ. С.Б миний бие Б.Аын өмчийг хууль бусаар олж аваагүй. Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Батцэнгэлд өгсөн итгэмжлэлээ сайн дурын үндсэн дээр хийсэн байна. Итгэмжлэл дээр: Б.А миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно гэсэн заалт байгаа болно. Б.А нь эрх зүйн чадамжтай гэж миний бие ойлгож байгаа. Нэхэмжлэгч Б.Ө нь өөрийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж хохироосон гэжээ. Нэхэмжлэгч Б.Өын өмчлөх эрхийг зөрчөөгүй. Б.Өын нэр дээрх өмч хөрөнгийг С.Б миний бие аваагүй. Харин өмчлөгч Б.Аын байрыг 79 000 000 төгрөгөөр тооцож авч Б.Мын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан болно. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа Б.А бид хоёрыг нотариат дээр аваачиж, гарын үсэг зуруулсан. Нотариатчтай нийлж, биднийг хууран мэхэлсэн гэжээ. Б.А, Б.Ө нар нь өөрсдийн сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан, хийж буй үйлдлээ бүрэн мэдэх чадвартай эрх зүйн чадамжтай хүмүүс. С.Б намайг сэтгэл санааны дарамтанд оруулж удаа дараа эгч дүүс нийлж элдвээр гүтгэж байгаад гомдолтой байна. Энэхүү асуудлаар миний бие гомдлоо цагдаад гаргаж өгөх болно. С.Б миний бие нь 40 гаруй жил хөдөлмөрлөсөн, өнөөдрийг хүртэл шударга үнэнээр явж байгаа Монгол Улсын хуулийг зөрчиж хуулиар шийтгэгдэж байсан нэг ч удаа байхгүй. С.Бийг гүтгэхийн зэрэгцээ шүүх болон нотариатчийг гүтгэж байгаагаа зогсоож ёс зүйтэй байх хэрэгтэй гэжээ.

 

  Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.А, Б.Ө нар нь хариуцагч С.Бт  холбогдуулан Мөнгө хүлээлцсэн /үл хөдлөх хөрөнгө/ хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нар нь “ ... Б.Ө миний бие Б.Ааас шилжүүлэн авсан уг орон сууцыг С.Бээс мөнгө зээлсэн төрсөн эгч Б.Мын өрийг төлөх зорилгоор С.Бт шилжүүлэхээр баримтад гарын үсэг зурсанаас биш С-аас мөнгө зээлсэн төрсөн эгч Б.Мын  зээлийг төлөөгүй бөгөөд үүнийг С.Б мэдсээр байж биднийг хуурч мэхлэн авсаны үр дүнд тэрээр өнөөдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, бидний өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан .... “Мөнгө хүлээлцсэн баримт” нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хэлцлийн 2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, С.Бээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт байрлалтай 64.41 м.кв 3 өрөө орон сууцны үнэ 79 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

 

           Хариуцагч нь  “...С.Б миний бие Б.А, Б.Ө нарын эд хөрөнгийг хууль бусаар олж аваагүй, нэхэмжлэгч Б.Ө нь  Б.М, Б.М 2 хоёулаа л миний төрсөн эгч нар, энэ хоёр хоёулаа хоорондоо муудалцаад байна, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд би туслана.Түүний эгч Б.М нь С-тай 2015.03.23-ны өдөр 1084 тоот зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн найз Бямбасүрэнгийн Зын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 17 дугаар байр 25 тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 3 өрөө байрыг барьцаалсан. Зын аав Бямбасүрэн нь миний охины байрыг залилж барьцаанд тавьсан гэх гомдлоо Баянгол дүүргийн цагдаад гаргаж М нь шалгагдан, цагдаад дуудагдаад хэцүү байна. Залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж байна гээд  Мын дүү Өаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших 64.41 м.кв талбайтай орон сууцыг 79 сая төгрөгийн үнийн дүнд тооцож авсан байрны төлбөрийг С дахь Мын зээлийн үүргийн гүйцэтгэлээс хасаж түүний найз Б.Зын орон сууцыг нь ББСБ чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч нар маргаан бүхий хэлцлийн дагуу 79 000 000 төгрөгийг Б.Мын зээлээс хасах байсан болохоос Мын зээлээс хасах ёсгүй гэж маргаж байгаа боловч шүүх Мын зээлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хасах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба С.Б намайг сэтгэл санааны дарамтанд оруулж удаа дараа эгч дүүс нийлж элдвээр гүтгэж байгаад гомдолтой, уг асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

        Нэхэмжлэгч Б.А, Б.Ө нар нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Мөнгө хүлээлцсэн баримт гэх нэртэй хэлцэлийг хариуцагч С.Бтэй байгуулж, уг хэлцлийн 2-д “Батсайханы Ө миний бие 79 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож Баянзүрх дүүрэг, 18 хороо 13 дугаар хороолол Шинэ зуун хотхон 24б байр 15 тоот хаягт оршин суух Сандаг Бт уг орон сууцыг шилжүүлэн өгч байгаа болно” гэж харилцан тохиролцжээ./х.х-ийн 41 тал/

 

        Б.А, Б.Ө нар нь уг хэлцлийн дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших 64,41 м.кв талбайтай орон сууцыг 79 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож өгөхдөө төрсөн эгч Б.Мын зээлийн төлбөрт төлөх үүргийг төлөхөөр шилжүүлсэн байхад төрсөн эгч Б.Мын зээлийн төлбөрт тооцож авсан нь биднийг хууран мэхэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

 

       С.Бийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 344 600 239 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг шүүх хянан хэлцэж, Б.Мөнцацралын зээлийн гэрээний үнийн дүнгээс маргаан бүхий хэлцлээр тохиролцсон 79 000 000 төгрөгийг хасах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 54-62 тал/

 

        Улмаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоот хаягт орших 64,41 м.кв талбайтай орон сууцыг 79 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцон, Б.Мд холбогдох С-ын зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогджээ гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул Б.Мын зээлийн үүргээс 79 000 000 төгрөгийг хасах байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар няцаагдаж байна.

 

          Иймд нэхэмжлэгч нарын мөнгө хүлээлцсэн хэлцлийг дүр үзүүлж, хууран мэхэлж хийсэн гэх тайлбар нотлогдохгүй байх тул Мөнгө хүлээлцсэн хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

       1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлий 1.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бт холбогдох Мөнгө хүлээлцсэн хэлцлийн 2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, 79 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А, Б.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ