Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01141

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01141

 

 

 

 

Ш.Батнасан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00815 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 464 дугаартай шийдвэрээр 39 423 150 төгрөг гаргуулж Т.Бямбасүрэнд олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 64 166 690 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Уг барилга нь зах зээлийн дундаж үнэ 84 000 000 төгрөгийн үнэтэй байх тул шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.5 болон 37.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 464 дугаар шийдвэрээр Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нараас 39 423 150 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 148/01, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 148/02, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 148/03, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148/04, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148/5 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нар нь Ирэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Талуудад харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/25007 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Төлбөр төлөгч нарын зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар бие даан худалдан борлуулах боломжтой тул 1 сарын хугацаа олгоно уу гэх хүсэлтийг нь хүлээн авч боломжит хугацааг олгосон. Гэтэл дээрх хугацаа дуусахад төлбөр төлөгч нараас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг мэдэхгүй тул шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Мөн төлбөр авагч Т.Бямбасүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус тус харгалзан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор шинжээч томилоход 91 666 700 төгрөгөөр үнэлсэн. Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зйүлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 70 хувь буюу 64 166 690 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байршилтай, 30 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 64 166 690 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Зах зээлийн ханш нь 150 000 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлж биднийг хохироож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 464 дугаартай шийдвэрээр Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нараас 39 423 150 төгрөг гаргуулж, Т.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул төлбөр төлөгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7854 дугаар захирамжийг үндэслэн Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоот, 2 өрөө орон сууцыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 148/1 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148/2 дугаар тогтоолоор хураасан, талуудын төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуудлага худалдаагаар худалдах орон сууцны санал болгох доод үнийг 150 000 000 төгрөгөөр тогтоосон үнийн саналыг төлбөр авагч Т.Бямбасүрэн хүлээн зөвшөөрсөн үйл баримт хэргийн 36- 39 дүгээр талд авагдсан байх боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар уг үнийн саналаасаа татгалзсан байна.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсноор шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 91 666 700 төгрөгөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 64 166 690 төгрөгөөр тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Итгэлт эстимэйт ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ