Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01508

 

Ш.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00815 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1141 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ш.Б, Б.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГА-нд холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамцын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 464 дугаартай шийдвэрээр 39 423 150 төгрөг гаргуулж Т.Бямбасүрэнд олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 64 166 690 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. 

Уг барилга нь зах зээлийн дундаж үнэ 84 000 000 төгрөгийн үнэтэй байх тул шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.5, 37.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 464 дугаар шийдвэрээр Ш.Б, Б.Д, Д.Б нараас 39 423 150 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 148/01, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 148/02, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 148/03, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148/04, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148/5 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Ш.Б, Б.Д, Д.Б нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан.Талуудад харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/25007 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Төлбөр төлөгч нарын зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар бие даан худалдан борлуулах боломжтой тул 1 сарын хугацаа олгоно уу гэх хүсэлтийг нь хүлээн авч боломжит хугацааг олгосон. Гэтэл дээрх хугацаа дуусахад төлбөр төлөгч нараас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг мэдэхгүй тул шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Мөн төлбөр авагч Т.Бямбасүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус тус харгалзан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор шинжээч томилоход 91 666 700 төгрөгөөр үнэлсэн. Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 70 хувь буюу 64 166 690 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн. 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00815 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байршилтай, 30 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 64 166 690 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Б, Д.Б, Б.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1141 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

ШШГАБаянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00464 дугаартай шийдвэрийн дагуу төлөх 39 423 150 төгрөгийг биднээс гаргуулж Т.Бямбасүрэнд олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 мкв үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 150 000 000 төгрөг байхад хэт доогуур буюу 91 666 700 төгрөгөөр үнэлсэн уг үнэлгээг Иргэний хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оруулахдаа 70% буюу 64 166 690 төгрөгөөр худалдах гэж байгаа нь бидэнд хохиролтой байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн ШШГА нь тус үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг томилсон байдаг ба “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй байх тул дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байх тул хэргийг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүй нь алдаатай болсон учир шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Б, Б.Д, Д.Б нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч НШШГгазар шаардлагыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр Ш.Б, Б.Д, Д.Б нараас 39 423 150 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгохоор  шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 148/01, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 148/02, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 148/03, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148/04, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148/5 дугаар мэдэгдэл тус тус хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байна.

Төлбөр төлөгч Ш.Б, Б.Д, Д.Б нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан байх ба уг саналыг төлбөр авагч тал зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргажээ.

Хариуцагчийн зүгээс төлбөр авагч, төлөгч талуудын харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/25007 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч хугацаа өгсөн боловч төлбөр төлөгч нар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг мэдэхгүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Төлбөр авагч Т.Бямбасүрэн ч  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна.

Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээч дүгнэлтээрээ орон сууцны үнийг 91 666 700 төгрөг гэж тогтоосон байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 64 166 690 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаар талуудад мэдэгджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзжээ.  

Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хоорондох маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлд хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг шийдвэртээ баримталсан нь учир дутагдалтай болсон байна.

Энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1141 дүгээр магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00815 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4.-т” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН