Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2020/01241

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01308 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б, Т.Б, Ж.О-, Б.М-, Г.Б-нарын нэхэмжлэлтэй хариуцагч Г- ТӨҮГ-т холбогдох

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан Г- ТӨҮГ-ын захирлын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-йн хамт олон Үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулан Монголын эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд элсэн өнөөдрийг хүртэл МҮЭ-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. 2017, 2018 онуудад манай хамт олон нийт ажилчдын хурал хийж, байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороог эмхлэн зохион байгуулсан боловч тухайн үед байгууллагын ҮЭХ-ны даргаар ажиллаж байсан Э.Тэгшжаргал нь хурлыг захиргаа санаачилсан, хурлын ирц хүрээгүй шалтгааны улмаас шүүхэд өгч хурлыг хүчингүй болгосон шалтгаан нь 160 ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын хуримтлалаас 5 721 184 төгрөгийг Монголын Геологи Эрчим хүч, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлэх Төв үйлдвэрчинд татвар нэрийдлээр бэлэн аваад хувьдаа завшсан үйлдэл байсан юм. Байгууллагын нийт ажилчид хамт олны хуримтлалын сангаас мөнгө завшсан этгээд Э.Тэгшжаргалыг эрс эсэргүүцэн Цагдаагийн байгууллагад хандсаны дүнд албан тушаалаа урвуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан байж болзошгүй хэргээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2019 оны 1 дүгээр сараас одоог хүртэл шалгаж, прокурорын даалгавар бичигдэн холбогдох материалыг албадан гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 467 тоот тогтоолоор Г-йн захирлаар ёс зүйгүй, хариуцлагагүй Э.Тэгшжаргал томилогдон ирсэн нь ихээхэн хор уршиг дагуулан өнөөдрийн байдлаар түүний томилгоог эсэргүүцэн тэмцсэн 2 ажилтан ажлаас халагдан, 2 ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд буруу шилжүүлж, ҮЭХ-ны 5 сонгуульт ажилтан, идэвхтэнд сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулаад байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, Үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй хэмээн заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 27-нд Г-йн 80 инженер техникийн ажилчид хуралдан ҮЭХ-гоо байгуулж, ҮЭХ-ны даргаар С.Б томилогдон Ж.О-, Б.М-, Б.Мөнхзаяа, Т.Б, Э.Эрдэнэбаяр, Л.Эрдэнэбаяр нарыг тэргүүлэгчдээр сонгосон. Гэвч Э.Тэгшжаргалын зүгээс надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй ҮЭХ-г байгуулсан тул би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн дарамтыг үзүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн захиргаанаас хийсэн бүх ажилчдын хурлын тэмдэглэлийг үндэслэн, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн ҮЭХ-ны сонгуульт ажилтай С.Б, Ж.О-, Б.М-, Т.Б, Г.Б-нарт сахилгын арга хэмжээ авах 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар бүхий хууль бус тушаал гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй. Э.Тэгшжаргалын энэ үйлдэл нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа, 6.2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Энэхүү тушаалаа 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулж, арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Хөдмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г-йн захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Хүдрийн бус ашигт малтмалын шинжилгээний инженер С.Б, тэргүүлэгч гишүүн Цөмийн физикийн шинжилгээний аргачлал хяналтын инженер Ж.О-, Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженер Б.М-, Т.Б, идэвхтэн Харилцагчийн үйлчилгээний ажилтан Г.Б-нарт ҮЭХ-ны сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан оногдуулсан сахилгын шийтгэл ногдуулсан Г- ТӨҮГ-н захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- ТӨҮГ нь геологийн эрдэс түүхий эд болон төрөл байгаль орчны дээжинд шинжилгээ судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг өөрийгөө санхүүжүүлэгч үйлдвэрийн байгууллага бөгөөд харилцагчаас ирсэн захиалгын дагуу шинжилгээ судалгааг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээдэг байгууллагын хувьд ажлын цагийг чанд мөрдөн ажилладаг. Манай байгууллага ажлын цагийг Хөдөлмөрийн дотоод журмаар хортой нөхцөлд ажилладаг ажилчид 9-16, энгийн нөхцөлд ажилладаг ажилчид 9-17 цагийн хооронд ажиллахаар зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5.1-д ажлын цаг бол ажил олгогчийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй цаг гэж ойлгож болно. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчоос зөвшөөрөл авахгүйгээр ажлын цагаар үйлдвэрлэлийн ажлыг тасалдуулсан, зохион байгуулалттайгаар ажилчдын хурал зохион байгуулсан тул ажил олгогч эрхийнхээ хүрээнд гол зохион байгуулагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г- ТӨҮГ-ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон бүх ажилчдын хурал нь ажпын цагаар болсон бөгөөд ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан нь хууль бус болохыг нотлох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн шүүх хурал дээр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хороодын тайлан сонгуулийн хурал зохион байгуулах журам-ыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй байдлаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгчээс энэхүү нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжпүүлэн явуулж, улмаар хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, түүнийг шинжпэн судалхад тэгш оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйлүүдэд зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд ажил олгогч, ажилтны хооронд үүсэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссод хандан шийдвэрлэх шийдвэрлүүлэх ёстой байтал шүүх хүлээн авч шийдсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Б, Ж.О-, Б.М-, Т.Б, Г.Б-нар нь хариуцагч Г- ТӨҮГ-т холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулж ажлын цаг тасалдуулсан гэж маргажээ. /хх1, 55/

Хариуцагч Г- ТӨҮГ-ын захирал Э.Тэгшжаргалын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 тоот тушаалаар тус байгууллагын ажилтан С.Б, Ж.О-, Б.М-, Т.Б, Г.Б-нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон. Уг сануулах шийтгэлийг ногдуулах болсон шалтгаан нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г-йн 80 инженер техникийн ажилчид хуралдан ҮЭХ-гоо ажлын цагаар байгуулсантай холбоотой гэж талууд тайлбарлаж байна.

Талууд Г- ТӨҮГ-ын дээрх нэр бүхий 5 ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлаар маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул гомдлыг харьяаллын дагуу гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь еөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулж, энэ хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулсан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлд иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийг хуульчилсан.

Мөн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар үндсэн ажлаасаа челөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглосон тул анхан шатны шүүхийн ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан нь буруу гэх, нэр бүхий ажилтнууд нь уг хурлыг зохион байгуулсан гэх байдал тогтоогдоогүй, чухам ямар сахилгын зөрчил гаргасан талаар дурдаагүй мөртлөө сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан гэх асуудлаар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тушаал гарган нэхэмжлэгч нарт сахилгын арга хэмжээ авсан. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх6/

Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглох бөгөөд дээрх 5 ажилтан ажлын цаг таслан хурлыг зохион байгуулсан гэх үндэслэл ч тогтоогдоогүй тул Г- ТӨҮГ-ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/34 тоот Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзэж хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД