Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00840

 

П.Мядагбадамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00998 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1241 дүгээр магадлалтай,

П.Мядагбадамын нэхэмжлэлтэй,П.Борхүүд холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би П.Борхүүтэй 2005 онд танилцаад, 2007 онд хайр сэтгэлтэйн улмаас гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2007.12.30-нд охин Б.Ундрам, 2011.07.30-нд хүү Б.Учрахбаяр нар төрсөн. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөж өсгөж хүмүүжүүлсэн. Би хэсэг хугацаанд Төв аймгийн Эрдэнэсант суманд 2016 оноос зочид буудал, зоогийн газар ажиллуулсан. Энэ хугацаанд нөхөр хотод ажиллаж тусдаа байсан учраас хөндийрч, таарч тохирхоо больж тусдаа байх болсон. Хүүхдүүдийг Архангайд байхад П.Борхүү уулзана гэж очоод охиныг аваад зугтаасан, би цагаан сар өнгөрөөгөөд охинтойгоо уулзахаар хотод ирсэн. Тэгэхэд өвлийн хүйтэнд малгайгүй, хиртэй хувцастай, сэтгэл шимширмээр байсан учраас П.Борхүүд мессеж бичээд хүүхдээ аваад явсан. Одоо Улаанбаатар хотод Шавь цогцолбор сургуульд сурч байна. П.Борхүү охинд ээж нь хүнтэй суувал тэр хүн хойд эцэг болно, миний охиныг сайн харж чадахгүй, аавтайгаа явъя гэж хэлсэн байсан. Охин надад хэлэхдээ ...аавтай байхад гадуур их хонодог, айлд үлдээгээд явдаг, шинэ дүүгээ хараад ханьтай бай... гэж хэлсэн байсан. Хүүхдээ харуулах гэж охиныг авна гэж байгаа. Найз нөхдөөс нь сонсоход шинэ суусан эхнэртэйгээ муудалцаад, гадуур найзындаа хонодог гэж байсан. Иймд П.Борхүүд охиноо өгөхгүй. Одоо бид хоёр хоёулаа хүнтэй сууж хүүхэдтэй болцгоосон тул П.Борхүүтэй гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Дундын өмч болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 25-р байрны 23 тоот байрны ногдох хэсэг 35,250,000 төгрөг, Ниссан Тиана маркийн 32-62 дугаартай машин, Приус 20 маркийн 13-53 дугаартай автомашинаас ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид хоёр 2004 онд танилцаад 2007 онд гэр бүл болсон. Охин Б.Ундрам 2007.12.30-нд, хүү Б.Учрахбаяр 2011.07.30-нд төрсөн. Тухайн үед би цагдаагийн академид сурдаг байсан. 2012 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Баянгол дүүргийн 9-р хороо, 25-р байрны 23 тоот байрыг урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр, 25,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр авсан. Би сард 340,000 төгрөгийг төлдөг байсан. Бид хоёрын салах болсон шалтгаан нь би 2 жил гаруй ажилгүй байсан бөгөөд тэр үед зээл төлөх болон бусад байдлаар дарамт их байсан. Ингээд Төв аймгийн Эрдэнэсант суманд байрлах аавын нэр дээрх үйлчилгээний төвийг П.Мядагбадамтай хамтарч ажиллуулсан. Би 2017 онд ажилдаа буцаж орсон, харин П.Мядагбадам тэндээ үлдэж үйлчилгээний төвийг ажиллуулж байхдаа өөр хүнтэй танилцаж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. 2017 оны 03-р сард П.Мядагбадам нөгөө хүн рүүгээ яваад хоёр хүүхэд надтай үлдсэн. Тухайн үед би ээлжийн ажилтай байсан. П.Мядагбадам 6 сард ирээд 2 хүүхдээ аваад явсан. Үүнээс хойш хоёр тийшээ болсон. Охин Б.Ундрам надтай 6, 7 сар хамт байхад хүнд захиж үлдээгээд ажилдаа явдаг байсан. Гэтэл нэг өдөр сургууль дээр нь ирээд аваад явсан. 2018 оноос хойш хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй байсан. Бид хоёр одоо тус тусдаа гэр бүлтэй болоод амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Б.Ундрамыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Байрны хувьд би 30,000,000 төгрөгөөр зараад 11 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныгаа төлсөн. Ниссан тиана маркийн машиныг П.Мядагбадам нь хувийн бизнес эрхэлж байгаад банкны төлбөртөө хураалгасан. Приус 20 маркийн машин манай аавын компанийн нэр дээр байсан, буцааж өгсөн гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00998 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Пүрэвдоржийн Борхүү, Пунцагбалжирын Мядагбадам нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 12-р сарын 30-нд төрсөн охин Б.Ундрам, 2011 оны 07-р сарын 30-нд төрсөн хүү Б.Учрахбаяр нарыг эх П.Мядагбадамын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Учрахбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Б.Ундрам, Б.Учрахбаяр нарыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг П.Борхүүгээр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан П.Борхүүгээс 22,500,000 төгрөг гаргуулж П.Мядагбадамд олгож, машины үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Борхүүгээс 410,850 төгрөг гаргуулж П.Мядагбадамд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1241 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч П.Мядагбадам нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь П.Борхүү нь охин Б.Ундрамыг өөрийн асрамжид тогтоолгох, дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 9-р хороо, Хасбаатарын гудамж, 25-р байрны 23 тоот байрны үнийн дүнгээс ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн үнийн дүнг хасаж тооцуулах шаардлага гаргаж уг иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.04.03-ны өдөр хянан хэлэлцэж 102/ШШ2020/00998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.06.10-ны өдөр хянаж 1241 дүгээр магадлал гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч П.Борхүү нь охин Б.Ундрамыг өөрийн асрамжид авах шаардлагын хүрээнд шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд шинжээчээр ажиллаж, охин Б.Ундрам, хүү Б.Учрахбаяр нарын асран хамгаалагчаар эх П.Мядагбадамыг тогтоох санал бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлт гэдэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолгооны нэг хэрэгсэл мөн учраас дүгнэлтэд заасан асран хамгаалагчийг тогтоох санал-ыг ганцхан харгалзаж үзэх бус уг шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь авч үзэж дүгнэлт хийх хэрэгтэй байдаг. Гэвч шүүх шинжээчийн дүгнэлтээс зөвхөн асран хамгаалагчийг тогтоох санал-ыг харгалзаж үзэж, зохигчдын эерэг болон сөрөг талыг харгалзан үзээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч нь тодорхой ажил эрхэлдэггүй бөгөөд одоогийн байдлаар өөрийн 3 хүүхэд болон хамтран амьдрагч н.Энхбаяр нарын хамт н.Энхбаярын хашаа байшинд амьдардаг. Хамтран амьдрагч н.Энхбаяр нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, хэд хэдэн удаа танхайрах зөрчил үйлдэж байсан тухай үндэслэл бүхий мэдээлэл байгаа талаар шүүх хуралдаан дээр хэлж, н.Энхбаярын хувийн байдлыг тодруулах лавлагаа мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтоодог, мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй орчинд хүүхдийг үлдээж болдоггүй. Энэ ч агуулгаар нэхэмжлэгчийн хамтран амьдрагч н.Энхбаярын хувийн байдлын талаарх нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байсан боловч шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцлүүдэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Мядагбадам нь хариуцагч П.Борхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх П.Борхүү, П.Мядагбадам нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Ундрам, хүү Б.Учрахбаяр нарыг эх П.Мядагбадамын асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг П.Борхүүгээр тэжээн тэтгүүлж, П.Борхүүгээс 22,500,000 төгрөг гаргуулж П.Мядагбадамд олгож, машины үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

П.Борхүү, П.Мядагбадам нар 2007.02.16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2011.07.27-ны өдөр хүү Б.Учрахбаяр, 2007.12.30-ны өдөр охин Б.Ундрам нар төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.

Гэрлэгчид 2016 оноос Төв аймгийн Эрдэнэсант суманд хувийн аж ахуй эрхэлж тусдаа амьдарсан хугацаанд бие биедээ анхаарал халамж тавьдаггүй, үл ойлголцож, таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2017 оноос тусдаа амьдарсан, хэн аль нь өөр өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ба талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2019.09.09-ний өдөр дуусгавар болжээ.

Талууд охин Б.Ундрамын асрамжийн талаар маргасан байх бөгөөд Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Шинжээч нь Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэргийн оролцогч, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах, ажиглах, нөхцөл байдалтай танилцах, хүүхдийн орчин нөхцөл, хүсэл зориг, сэтгэл зүйн сорилт хийх, тэдэнд дүгнэлт хийх замаар бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу охин Б.Ундрам нь одоо амьдарч байгаа гэр бүлтэйгээ амьдрахыг хүссэн, ээждээ илүү ээнэгшсэн, эцэг эхийн салалт нь түүнд сэтгэл зүйн хувьд хүндээр туссан, аавдаа гомдсон, аавтайгаа уулзахдаа таагүй харьцаа үүсгэсэн, эх Д.Мядагбадам нь хүүхдүүдээ зөв боловсон, эрүүл өсгөх, сурч боловсрох орчин нөхцөлөөр хангах боломжгүй гэж үзэхээр нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрлэгчдийн хамтран амьдарч байх хугацаандаа бий болгосон 2 өрөө орон сууцыг П.Борхүү нь 2018.12 21-ний өдөр иргэн О.Мөнхтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж 30,000,000 төгрөгөөр худалдсан байх тул үүнээс 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч болон Б.Ундрам, Б.Учрахбаяр нарт олгож, автомашины үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүх хариуцагч П.Борхүүгээс сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, Б.Ундрам, хүү Б.Учрахбаяр нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга, үндэслэл нь хяналтын журмаар гаргасан гомдолтой адил байх тул магадлалаар гомдлыг хангахгүй орхисныг зөв гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1241 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД