Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/00998

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00-р хороо, 0 тоотод оршин суух, М ХХК-д о ажилтай,, М овогтой П.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, 0-р байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй  оршин суух,  Б овогт П.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц /үнэмлэх 2825/, хариуцагч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б /үнэмлэх 3070/, У.Хүрэлсүх /үнэмлэх 3063/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Б-тэй 2005 онд танилцаад, 2007 онд хайр сэтгэлтэйн улмаас гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2007 оны 12-р сарын 30-нд охин Б.У, 2011 оны 07-р сарын 30-нд хүү Б.У нар төрсөн. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөж өсгөж хүмүүжүүлсэн. Би хэсэг хугацаанд Төв аймгийн Эрдэнэсант суманд 2016 оноос зочид буудал, зоогийн газар ажиллуулсан. Энэ хугацаанд нөхөр хотод ажиллаж тусдаа байсан учраас хөндийрч, таарч тохирхоо больж тусдаа байх болсон. Хүүхдүүдийг Архангайд байхад П.Б уулзана гэж очоод охиныг аваад зугтаасан, би цагаан сар өнгөрөөгөөд охинтойгоо уулзахаар хотод ирсэн. Тэгэхэд өвлийн хүйтэнд малгайгүй, хиртэй хувцастай, сэтгэл шимширмээр байсан учраас П.Б-д мессеж бичээд хүүхдээ аваад явсан. Одоо Улаанбаатар хотод Ш сургуульд сурч байна. П.Б охинд ээж нь хүнтэй суувал тэр хүн хойд эцэг болно, миний охиныг сайн харж чадахгүй, аавтайгаа явъя гэж хэлсэн байсан. Охин надад хэлэхдээ ...аавтай байхад гадуур их хонодог, айлд үлдээгээд явдаг, шинэ дүүгээ хараад ханьтай бай...гэж хэлсэн байсан. Хүүхдээ харуулах гэж охиныг авна гэж байгаа. Найз нөхдөөс нь сонсоход шинэ суусан эхнэртэйгээ муудалцаад, гадуур найзындаа хонодог гэж байсан. Иймд П.Б-д охиноо өгөхгүй. Одоо бид хоёр хоёулаа хүнтэй сууж хүүхэдтэй болцгоосон тул П.Б-тэй гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Дундын өмч болох Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00-р байрны 00 тоот байрны ногдох хэсэг 35 250 000 төгрөг, Н маркийн  машин, П автомашинаас оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 00 онд танилцаад 00 онд гэр бүл болсон. Охин У 00 оны Е-р сарын 30-нд, хүү У 0 оны 0-р сарын 0-нд төрсөн. Тухайн үед би цагдаагийн академид сурдаг байсан. 2012 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Баянгол дүүргийн 0-р хороо, 00-р байрны 00 тоот байрыг урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр, 25 000 000 төгрөгийг ипотекийн зээлээр авсан. Би сард 340 000 төгрөгийг төлдөг байсан. Бид хоёрын салах болсон шалтгаан нь би 2 жил гаруй ажилгүй байсан бөгөөд тэр үед зээл төлөх болон бусад байдлаар дарамт их байсан. Ингээд Төв аймгийн Эрдэнэсант суманд байрлах аавын нэр дээрхи үйлчилгээний төвийг П.М-тай хамтарч ажиллуулсан. Би 2017 онд ажилдаа буцаж орсон, харин П.М тэндээ үлдэж үйлчилгээний төвийг ажиллуулж байхдаа өөр хүнтэй танилцаж, гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэсэн. 2017 оны 03-р сард П.М нөгөө хүн рүүгээ яваад хоёр хүүхэд надтай үлдсэн. Тухайн үед би ээлжийн ажилтай байсан. П.М 6 сард ирээд 2 хүүхдээ аваад явсан. Үүнээс хойш хоёр тийшээ болсон. Охин У надтай 6, 7 сар хамт байхад хүнд захиж үлдээгээд ажилдаа явдаг байсан. Гэтэл нэг өдөр сургууль дээр нь ирээд аваад явсан. 2018 оноос хойш хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй байсан. Бид хоёр одоо тус тусдаа гэр бүлтэй болоод амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин У-ыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Байрны хувьд би 30 000 000 төгрөгөөр зараад 11 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныгаа төлсөн. Н машиныг П.М нь хувийн бизнес эрхэлж байгаад банкны төлбөртөө хураалгасан. П маркийн манай аавын компанийн нэр дээр байсан, буцааж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.М нь П.Б холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

П.М, П.Б нар нь 00 оны 0-р сарын 0-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, амьдрах хугацаандаа 0 оны Е-р сарын 0-нд охин Б.У, 0 оны 0-р сарын 0-нд хүү Б.У нарыг төрүүлж /хх 5-11/ өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид 2016 оноос Т аймгийн Э суманд хувийн аж ахуй эрхэлж тусдаа амьдарсан хугацаанд бие биедээ анхаарал халамж тавьдаггүй, үл ойлголцож, таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2017 оноос тусдаа амьдарсан, хэн аль нь өөр өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай хамт амьдарч, хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Талууд охин Б.У-ын асрамжийн талаар маргаж, тэдний хүсэлтээр шинжээч томилж Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэргийн оролцогч, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах, ажиглах, нөхцөл байдалтай танилцах, хүүхдийн орчин нөхцөл, хүсэл зориг, сэтгэл зүйн сорилт хийх, эцэг, эхийн хайр халамж, тэдэнд дүгнэлт хийх замаар бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан /хх 147-173/, үндэслэл бүхий байна.

 

Шинжилгээний явцад охин Б.У нь одоо амьдарч байгаа гэр бүлтэйгээ амьдрахыг хүссэн, ээждээ илүү ээнэгшсэн, эцэг эхийн салалт нь түүнд сэтгэл зүйн хувьд хүндээр туссан, аав П.Б-д гомдсон, аавтайгаа уулзахдаа таагүй харьцсан нөхцөл байдал тогтоогдсон, хүүхдүүдийн асран хамгаалагчаар эх Д.М-ыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэжээ.

 

Түүнчлэн охин Б.У-ын ээжтэйгээ амьдарна гэсэн санал, нас биеийн онцлог зэргийг харгалзан түүнийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Нөгөө талаас, эх Д.М нь хүүхдүүдээ зөв боловсон, эрүүл өсгөх, сурч боловсрох орчин нөхцөлөөр хангах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг П.Б-ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахдаа гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р байрны 23 тоот байрны ногдох хэсэг 35 250 000 төгрөг, Н  дугаартай машин, П автомашинаас оногдох хэсгийг гаргуулахыг хүсчээ.

 

П.Б нь улсын бүртгэлийн Ү-ЕЕЕЕЕЕЕЕ дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р байрны 0 тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр 2011 оны 3- р сарын 02-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.

 

П.М, П.Б нар нь 2007 онд гэр бүл болсон, орон сууц хэдийгээр П.Б-ийн өмчлөлд бүртгэгдсэн боловч гэрлэгчийн гэрлэснээс хойш амьдрах зорилгоор бий болгосон дундаа хамтран өмчлөх хөрөнгө байна.

 

Харин П.Б тухайн сууцыг 2018 оны 12-р сарын 21-ний өдөр иргэн О.М худалдах, худалдан авах гэрээ байгуулж 30 000 000 төгрөгөөр худалдаж өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх 128-146/ байна.

 

Иймд 30 000 000 төгрөгөөс нэг хүнд ногдох 7 500 000 төгрөг буюу П.М, охин Б.У, хүү Б.У нарт нийт 22 500 000 төгрөгийг П.Б-ээс гаргуулах үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгчийн маргаж буй   Н маркийн машин нь П.Б-ийн өмчлөлд 2015 оны 3-р сарын 4-ний өдөр бүртгэгдэж, 2016 оны 3-р сарын 6-ны өдөр Ж ХХК-ний өмчлөлд /барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй/ шилжсэн байх ба хариуцагчийн ...М оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаад зээлээ төлж чадаагүй тул ломбардад шилжүүлсэн ...гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч няцаагаагүй байна. Энэ машины ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж /хх 103-127/ дүгнэлээ.

 

Нөгөө талаас, П маркийн  дугаартай автомашин хариуцагч П.Б-ийн өмчлөлд бүртгэгдээгүй байх ба дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэх баримт авагдаагүй байна.

 

Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 9-р сарын 9-нд дуусгавар болгосон, урьдчилан шийдвэрүүлэх нөхцөл журмыг хангасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан П.Б, П.М нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 12-р сарын 30-нд төрсөн охин Б.У, 0000 оны 0-р сарын 0-нд төрсөн хүү Б.У нарыг эх П.М-ын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Б.У, Б.У нарыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг П.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан П.Б-ээс 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж П.Мядагбадамд олгож, машины үнээс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-ээс 410 850 төгрөг гаргуулж П.М-д олгосугай.

 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА