Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2020/01205

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01056 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г- ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 91 441 ам.доллар буюу 251 571 977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Г- ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 009/19 тоот битум нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 69 981 ам. доллар буюу 192 531 440 төгрөг /2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханш 2751 төгрөг/-ийг төлөөгүй. Хариуцагчаас шаардсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар 0,2 хувиар алданги тооцож 21 460 ам. доллар буюу /2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханш 2751 төгрөг/ 59 040 537 төгрөгийг нэмж, нийт 91 441 ам. доллар буюу 251 571 977 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 онд санхүүгийн бэрхшээлийн улмаас төлбөр мөнгө саатсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний үүргээсээ хэсэгчлэн биелүүлсэн бөгөөд 18 274 ам. долларыг Г- ХХК-д төлсөн. Нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүний төлбөр алдангийг төлөхөд ам.долларын ханшийн зөрүү болон алданги тооцсон хугацаа тодорхой бус байгаа зэргээс шалтгаалан хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус компани нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Г- ХХК-тай бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан нийт 128 тонн битумыг 1 тонн нь 700 доллараар худалдаж авсан. Голомт банкны өөрийн данс болох 195024750 гэсэн төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөгийг, Г- ХХК-ийн долларын 2105120270 тоот дансанд 18 274 долларыг шилжүүлсэн. Гэрээний 4.1-т гэрээний хавсралт 1-д заасны дагуу ам.доллараар төлөх ба тухайн өдрийн арилжааны банкны ханшаар тооцож төлнө гэж заасан. Гэрээний хавсралт 1, 2 дээр 1 тонн бүрийг 700 ам.доллар гэж заасан. Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр төлбөрийг гүйцэтгэх заалтыг зөрчсөн. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн долларын ханш 2670 төгрөгөөр бодоход 1 869 455 төгрөг болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн долларын ханш 2750 төгрөг бөгөөд 700 доллараар үржүүлбэл 1 925 833 төгрөг болдог. Үнийг тодорхойлох боломжгүй, хэлбэлзэлтэй байна. Алдангийг зөвшөөрөхгүй. Үнийн дүнгийн хувьд хууль зөрчиж хийгдсэн гэрээ гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г- ХХК-аас 69 981 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 460 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 415 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1 129 087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус компани нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан, Битум зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 69 981 ам.доллар буюу 192 531 440 төгрөг (2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны ханш 2751 төгрөг), алданги 21 460 ам.доллар буюу 59 040 537 төгрөг (2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны ханш 2751 төгрөг), нийт 91 441 ам.доллар буюу 251 571 977 (2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны ханш 2751 төгрөг) төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгчээс бүтээгдэхүүн авахад буюу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ам.долларын ханш 2 670 төгрөг, шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ам.долларын ханш 2 775 төгрөг байсан ба ам.долларын ханшийн зөрүү 105 төгрөг болж байна. Нэхэмжилсэн үнэ болох 69 981 ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийнхөөр 186 895 158 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийнхөөр 194 259 974 төгрөг зөрүү 7 364 816 төгрөг болж байна. 69 981 ам.долларыг төгрөгөөр илэрхийлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан 009/19 тоот битум нийлүүлэх гэрээгээр худалдан авсан барааны үнийн үлдэгдэл төлбөр 69 981 ам.доллар, алданги 21 460 ам.доллар нийт 91 441 15 ам. доллар буюу /2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны ханш 2 751.19 төгрөгөөр тооцон/ 251 571 977 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гэрээ байгуулах өдрийн ханшаар бүтээгдхүүний үнийг төлнө, анз төлөхгүй гэж маргажээ. /хх1, 28/

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Г- ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 009/19 тоот битум нийлүүлэх гэрээ байгуулсан, гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл барааны төлөгдөөгүй үнэ 69 981 ам.доллар үлдсэн гэдэгт талууд маргаангүй.

Худалдагч буюу нэхэмжлэгч хариуцагчаас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан, түүнчлэн гэрээний 4.1-д худалдан авагч нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн нэг тонн битумын үнэ болох гэрээний нийт төлбөрийг гэрээний хавсралт №1-д заасны дагуу ам.доллараар төлөх ба төгрөгөөр төлөх бол тухайн өдрийн арилжааны банкны ханшаар тооцож төлнө гэж талууд тохиролцсон үйл баримт тогтоогджээ./ хх1-2,41, 50, 59, 67/

Мөн хариуцагч нь дээрх худалдан авсан битумын үнэд 2019 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр 18 274 ам.долларыг Г- ХХК-д төлж, одоо 69 981 ам.доллар үлдсэн үйл баримтад талууд маргаангүй, 18 274 долларыг төлсөн, хүлээн авсан үйлдэл нь талуудын буюу диспозитив зарчимд нийцжээ./хх 32 /

Зохигч худалдсан барааны үнийг ам.доллараар тодорхойлсон нь хуульд нийцсэн эсэх, түүнчлэн анз төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талууд нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, чанарын талаар маргаагүй ч үнийн асуудлаар маргаантай байна.

 

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно.

Нэхэмжлэгчийн Манайх бараа бүтээгдэхүүнээ ОХУ-аас доллараар тооцож оруулж ирж төлбөр тооцоогоо ОХУ дахь харилцагчтай ам.доллараар хийдэг гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Талууд гэрээнийхээ 4.1-д худалдан авагч нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн нэг тонн битумын үнэ болох гэрээний нийт төлбөрийг гэрээний хавсралт №1-д заасны дагуу ам.доллараар төлөх ба төгрөгөөр төлөх бол тухайн өдрийн арилжааны банкны ханшаар тооцож төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцсон агуулгатай байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан.

Нэхэмжлэгч буюу худалдагч нь ОХУ-аас ам.доллараар оруулж ирсэн битумын үнийг ам.доллараар тогтоосон гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь худалдагч ам.доллараар авсан барааныхаа үнийг монгол төгрөгт хөрвүүлж үнэ тогтоох арга хэрэглэснийг буруутгах боломжгүй, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох заалтад нийцжээ. Талууд гэрээгээ 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж нэхэмжлэгч бараагаа хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн ханшаар монгол төгрөгөөр төлөх тохиролцоог хийсэн. /хх 17/

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс үүрэг үүсэх юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн. Талуудын тохиролцсон хугацаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн хооронд ам.доллар, монгол төгрөгийн ханшийн зөрүү бага байсан бөгөөд тухайн үедээ монгол төгрөгөөр үнийг төлөх боломж хариуцагчид байсан байна. /хх 17/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ний өдрөөс хойш худалдан авсан барааныхаа үнийг төлөхгүй 128 хоног хугацаа хэтрүүлсэн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй.

Талууд гэрээнийхээ 4.2-т гэрээний хавсралт №1-д заасан хугацааг хэтрүүлвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн анз тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх юм. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. Хариуцагчийн төлбөр төлөх үүрэг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тул нэхэмжлэл гаргах үеийн ханшаар барааныхаа үнийг тодорхойлсныг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-аас барааны үнэ, анз нийт 241 806 019 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгох нь зүйтэй. Тодруулвал 69 981 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу үүрэг шаардах үеийн ханш болох 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар /1 ам.доллар 2751 төгрөгийн ханшаар/ тооцоолж үндсэн төлбөр 192 518 143 төгрөг, хууль болон гэрээгээр заасан тохиролцооны дагуу алдангийг тооцоход 49 284 608 төгрөг болсон. Хариуцагчийн нийт гүйцэтгэвэл зохих үүрэг болох 241 806 079 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгэчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г- ХХК-аас 241 806 019 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-нд олгосугай гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Г- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1 129 087 төгрөг гаргуулж гэж заасныг Г- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1 415 810 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД