Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/01056

 

 

 

 

 

 

 

  2020         03            30                                             101/ШШ2020/01056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г З ХХК

 

Хариуцагч: Гу З ХХК

 

91,441.15 ам. доллар буюу 251,571,977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь “Гу З” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 009/19 тоот битум зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 69,981.15 ам. доллар буюу 192,531,440 төгрөг/2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханш 2751.19 төгрөг/-ийг төлж барагдуулаагүй байна.

Бид хариуцагчаас шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т  зааснаар 0,2 хувиар алданги тооцож 21,460 ам. доллар буюу /2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханш 2751.19 төгрөг/ 59,040,537 төгрөгийг нэмж, нийт 91,441.15 ам. доллар буюу 251,571,977 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 69.981 доллар буюу 192.531.440 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Бид 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцсон. Мөн хариуцагч талаас энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч гэрээтэй холбоотойгоор гэрээг хүчингүй болгох эсхүл гэрээний энэ заалт хууль зөрчсөн байна гэж өнөөдрийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Тэгэхээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой. Иймээс гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийн болох 191,531,440 төгрөг, алданги 59,040,537 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч “Гу З” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2019 онд тодорхой замын ажил хийж гүйцэтгээгүй байсан бөгөөд адил чиглэлээр улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг зарим нэгэн авлагатай компаниудаас өр авлагаа авахаар хөөцөлдөж байгаа боловч улсын төсвийн санхүүжилт хойшлогдсон, зарим нэг санхүүгийн бэрхшээлийн улмаас төлбөр мөнгө саатаж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  гэрээний үүргээсээ хэсэгчлэн биелүүлсэн бөгөөд 18,274.85 ам. долларыг “Г З“ ХХК-д төлсөн.

Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн бараа бүтээгдэхүүний төлбөр алдангийг төлөхөд ам. долларын ханшийн зөрүү болон алданги тооцсон хугацаа тодорхой бус байгаа зэргээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тус компани нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Г З” ХХК-тай Бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан нийт 128 тонн битумыг 1 тонн нь 700 доллараар худалдаж авсан. “Гу З” ХХК-ийн захиралтай н.Эрдэнэбаатар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкны өөрийн данс болох 195024750 гэсэн төгрөгийн данснаас 50,000,000 төгрөгийг “Г З” ХХК-ийн долларын данс болох 2105120270 гэсэн данс руу 18.274,85 долларыг шилжүүлсэн байдаг. Одоо үлдэгдэл 69.981,15 доллар, алданги 21.460 долларыг нэхэмжилж байна. Уг гэрээний 4.2 дээр гэрээний хавсралт 1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам өдрийн 0.2 хувийн алданги тооцож болно гэдэг. 

Уг гэрээг бид Зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэж үзэж байгаа.  Иргэний хуулийн 263 дугаар зүйлд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрт бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.зэргийг заавал тусгасан байна гэж заасан. Энэхүү гэрээний 4.1 дээр гэрээний хавсралт 1-д заасны дагуу ам доллараар төлөх ба тухайн өдрийн арилжааны банкны ханшаар тооцож төлнө гэж заасан. Гэрээний хавсралт 1,2 дээр 1 тонн бүрийг 700 доллар гэж заасан байдаг. Иргэний хуулийн 217 дугаар зүйлд мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ мөн хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан. Энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” заасан заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Мөн энэ хуулийн 4.4-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж заасан. Мөн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 263.2.1-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн долларын ханш 2670,65 төгрөг байсан. Үүнийг үржүүлэхээр нэг тоннын үнэ 1.869.455 төгрөг болж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн долларын ханш  2750,19 төгрөг байсан. Үүнийг 700 доллараар үржүүлбэл 1.925.833 төгрөг болдог. Тэгэхээр энэхүү үнийг тодорхойлох боломжгүй, хэлбэлзэлтэй байна гэж үзэж байна. Мөн алданги болох 21.460 долларыг нэхэмжилж байна. Энэ нь өдрийн 0.2 хувиар бодохоор өдрийн 149,9 доллар бөгөөд үүнийг өдөртөө хуваагаад үзэхээр 153,3 өдөр болдог. Алданги болох 21.460 долларыг эд нар хэдэн өдрөөр, яаж тооцсон талаархи тооцоолол байдаггүй. Иймээс бид алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас уг гэрээг Иргэний хуулийн 263.2.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гагцхүү энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заасны дагуу энэ алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

128 хоногийн алданги буюу 69.981,15 долларын 0.2 хувь нь өдрийн 139,9 доллар болж байгаа. 128 хоногоор бодвол 17.907 доллар болно. Тэгэхээр алданги дээр ийм зөрүүтэй байна. Хоёрт, гэрээний 4.2-т төгрөгөөр төлөх боломжтой гэж заасан. Гэвч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захирал н.Эрдэнэбаатарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар 50.000.000 төгрөгийг данснаас гаргаад шилжүүлэх гэсэн боловч “Гу З” ХХК өөрөө долларын данс руу шилжүүл гэсэн байдаг. Энэ нь гэрээний үнийн дүнг төгрөгөөр биш доллараар төлж байгаа гэдгийг баримтжуулж байгаа. Тэгэхээр энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод, авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Төлбөрийн үлдэгдэл 692019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр буюу гэрээ хийсэн өдрийн ханшаар тооцох ёстой. Тиймээс үнийн дүн дээр хууль зөрчиж хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г З” ХХК нь хариуцагч “Гу З” ХХК-д холбогдуулан, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт, үлдэгдэл төлбөр 69,981.15 ам. доллар буюу 192,531,440 төгрөг, алданги 21,460 ам. доллар буюу 59,040,537 төгрөг,  нийт 91,441.15 ам. доллар буюу 251,571,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 00/19-дч дугаартай “Битум зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулж, худалдан авагч “Гу З” ХХК нь гэрээний хавсралт № 1, 2-т заасан битум БНД90/130 1000 кг/1поддон нэртэй, нийт 128  тонн бүтээгдэхүүнийг 1 тонныг 700 ам.доллараар худалдан авч, төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр худалдагч тал “Г З” ХХК-д төлөх, худалдан авагч нь барааны үнийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0,2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан хүүг тохиролцоогүй байх тул уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Худалдан авагч нь ОХУ-д үйлдвэрлэсэн нэг тонн битумын үнэ болон гэрээний нийт төлбөрийг ... ам. доллараар төлөх ба тухайн өдрийн арилжааны банкны зарах ханшаар тооцож төлнө.” гэж зааснаас үзэхэд энэхүү гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.” гэж заасныг зөрчжээ.

Энэхүү зөрчил нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр байна” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг илэрхийлж байх тул гэрээнд заасан ёсоор алданги тооцох боломжгүй байна.

Хариуцагч “Гу З” ХХК нь гэрээний дагуу худалдан авахаар тохиролцсон бүтээгдэхүүнээс 126.08 тонныг хүлээн авч, төлбөрийг төлсөөр 69,9891.15 ам. долларын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 43,34 тонноор 2 удаа, 39,4 тонныг нэг удаа хүлээн авсан зарлагын баримт болон “Гу З” ХХК-ийн худалдан авалт, төлбөр төлөлтийн тооцооны хуудас зэргээр тогтоогдож байна.

Талууд харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа бүтээгдэхүүний тонн тутмын үнийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн бөгөөд гэрээнд гадаад валютаар заасан үнийг тухайн үеийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх буюу талуудын тохиролцсон үнийг өөрчлөх боломжгүй юм.

Гэрээ байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ам. долларын ханшаар төлбөр төлөх хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй, төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш өөрчлөгдсөн буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал огт үүсээгүй, ам. доллар гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухайн үеийн ханш нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрчлөхгүй.

Иймд хариуцагч “Гу З” ХХК-иас 69,981.15 ам. долларыг гаргуулж нэхэмжлэгч “Г З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 21,460 ам. долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Гу З” ХХК-иас 69,981.15 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч “Г З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,460 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,415,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гу З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,129,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г З” ХХК-д олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА