Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00885

 

 Гийх зам ХХК-ийн нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01056 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1205 дугаар магадлалтай,

 Гийх зам ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гуулин зам ХХК-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91,441 ам.доллар буюу 251,571,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. 

Нэхэмжлэгч Гийх зам ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Гуулин зам ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 009/19 тоот битум зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 69,981.15 ам. доллар буюу 192,531,440 төгрөг/2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханш 2751.19 төгрөг/-ийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагчаас шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар 0,2 хувиар алданги тооцож 21,460 ам. доллар буюу /2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монголбанкны ханш 2751.19 төгрөг/ 59,040,537 төгрөгийг нэмж, нийт 91,441.15 ам. доллар буюу 251,571,977 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Гуулин зам ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 онд тодорхой замын ажил хийж гүйцэтгээгүй байсан бөгөөд адил чиглэлээр улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг зарим нэгэн авлагатай компаниудаас өр авлагаа авахаар хөөцөлдөж байгаа боловч улсын төсвийн санхүүжилт хойшлогдсон, зарим нэг санхүүгийн бэрхшээлийн улмаас төлбөр мөнгө саатаж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний үүргээсээ хэсэгчлэн биелүүлсэн бөгөөд 18,274.85 ам. долларыг Гийх зам ХХК-д төлсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн бараа бүтээгдэхүүний төлбөр алдангийг төлөхөд ам. долларын ханшийн зөрүү болон алданги тооцсон хугацаа тодорхой бус байгаа зэргээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01056 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Гуулин зам ХХК-иас 69,981.15 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Гийх зам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,460 ам.долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,415,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гуулин зам ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,129,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гийх зам ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1205 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Гуулин зам ХХК-аас 241,806,019 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гийх зам ХХК-нд олгосугай гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Гуулин зам ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,129,087 төгрөг гаргуулж гэж заасныг Гуулин зам ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,415,810 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 1205 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн. Энэхүү зөрчил нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг илэрхийлж байх тул гэрээнд заасан ёсоор алданги тооцох боломжгүй буюу 2020.09.12-нд байгуулсан 009/19-дч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнийг ам доллараар тооцож авч байсан нь хэргийн материалд баримтаар байгаа, алданги тооцоогүй байсан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 1205 дугаар магадлалд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг зохицуулахад оршдог гэсэн хэдий ч нэхэмжлэгч буюу худалдагч ОХУ-аас оруулж ирсэн битумын үнийг ам доллараар тогтоосон гэж шууд дүгнэх боломжгүй гэсэн байгаа боловч 2019.09.12-ны өдрийн №009/19дч тоот битум зээлээр нийлүүлэх гэрээний хавсралт №2 т 1 тн битум 700 ам доллар, 40 тн нь 28,000 ам доллар I. Хавсралт №1-т 1 тн битум 700 ам доллар, 88 тн нь 61,600 ам доллар гэсэн байгаа нь мөн /нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнэ 18,274.85 ам доллараар тооцож авч байсан нъ хэргийн материалд баримтаар байгаа боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3 дахь заалтыг 2019.09.12-ны өдрийн №009/19дч тоот битум зээлээр нийлүүлэх гэрээ нь зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 д зааснаар магадлалд нэмэлт өөрчлөлт оруулан 176.2.3-д зааснаар магадлалын зарим хэсгийн буюу алданги 49 284 608 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Нэхэмжлэгч Гийх зам ХХК нь хариуцагч Гуулин зам ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91,441 ам.доллар буюу 251,571,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Гуулин зам  ХХК-иас 69,981.15 ам доллар гаргуулж Гийх зам ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,460 ам долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Гуулин зам  ХХК-иас 241,806,019 төгрөгийг гаргуулж Гийх зам ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч эвлэрсэн байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй. 

Зохигчийн хооронд 2021.06.07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь 2021.07.10, 2021.09.01-нд тус бүр 64,172,714 төгрөг, 2021.10.01-нд 64,172,715 төгрөг, 2021.11.01-нд 14,785,383 төгрөг тус тус төлөх, нэхэмжлэгч алданги 34,502,553 төгрөгөөс татгалзах, хариуцагч нь төлбөрийг 2021.11.01-ний дотор төлж барагдуулаагүй дээрх графикийг зөрчсөн тохиолдолд алданги 34,502,553 төгрөг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон байна.  

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж Г.Энхжавхлан, Б.Баярсайхан, хариуцагч Гуулин зам ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулжээ.  

Нэхэмжлэгч Гийх зам ХХК нь Г.Энхжавхлан, Б.Баярсайхан нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэх итгэмжлэлийг 2020.01.30-ны өдрийн итгэмжлэлээр 2 жилийн хугацаагаар олгосон байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01056 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1205 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчийн хооронд 2021.06.07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь 2021.07.10, 2021.09.01-нд тус бүр 64,172,714 төгрөг, 2021.10.01-нд 64,172,715 төгрөг, 2021.11.01-нд 14,785,383 төгрөг тус тус төлөх, нэхэмжлэгч алданги 34,502,553 төгрөгөөс татгалзах, хариуцагч нь төлбөрийг 2021.11.01-ний дотор төлж барагдуулаагүй дээрх графикийг зөрчсөн тохиолдолд алданги 34,502,553 төгрөг нэмж төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, Гуулин зам ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91,441 ам.доллар буюу 251,571,977 төгрөг гаргуулах тухай Гийх зам ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Гуулин зам ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төлсөн 404,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД Г.АЛТАНЧИМЭГ

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ