Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/02075

 

Т.Бын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Бын хариуцагч ВМПХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, Н.Энх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т.Б 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ВМПХХК-д туршилтын 2 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Туршилтын хугацаанд ажил үүргээ зохих хууль дүрмийн дагуу сайн гүйцэтгэж, туршилтын хугацаа дууссан ч ажил олгогч талаас хөдөлмөрийн харилцааг дуусгах талаар амаар болон бичгээр мэдэгдээгүй учир хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаж, жинхэлсэн гэж ойлгож ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 20/10 ээлжтэйгээр ажиллаж байгаад, 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 14/7 ээлжид шилжин ажиллаж, 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж дуусаад, ээлжээ хүлээлгэж өгчихөөд Улаанбаатар хотод 7 хоног гэртээ амраад 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа явах гэтэл компанийн хүний нөөцийн мэргэжилтэн н.Саруулзаяа таныг дахин ажиллуулахгүй, ажлаас халсан гэж утсаар мэдэгдсэн. Ажлаас халагдах тушаалаа авъя гэхэд 12 дугаар сарын 27-нд ирж аваарай гэсэн. Тухайн өдөр нь очиход тушаал гараагүй, гарахаар нь хэлнэ гэсэн боловч дуудахгүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн дээр дахин очиж тушаалаа авах гэтэл ажлаас халах тушаал гарахгүй, тантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байсныг цуцалсан гэж хэлсэн. Гэрээнийх нь хувийг авмаар байна гэхэд та энэ гэрээнд нөхөж гарын үсэг зур, тэгэхгүй бол танд гэрээний хувь өгөхгүй гэсэн. Гэрээний нэг хувиа авахын тулд хөлсөөр ажиллах гэрээ гэсэн нэртэй гэрээнд нөхөж хэд хэдэн хэсэгт гарын үсэг зураад, нийгмийн даатгалын дэвтрийн хамт авсан. ВМПХХК нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, хөдөлмөрийн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ нэрээр халхавчлан, уг гэрээг цуцалсан хэмээн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Уг ажлын байр нь байнгын, ээлжийн хуваариар ажилладаг, тасралтгүй үргэлжилдэг, одоо ч байгаа бөгөөд ээлжийн ажилтнууд ажиллаж байгаа. ВМПХХК нь хэлбэрийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, түүнийг цуцалсан гэж хэлсэн ч Т.Б дээрх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж, сар бүр цалин хөлсөө авч, ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байсан учир хөдөлмөрийн харилцаа байсан гэж үзэхээр байна. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Т.Быг ажлаас халсан гэх шийдвэрийг амаар мэдэгдсэн, нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцалсан гэсэн бичилт хийсэн. Ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа ойлгоогүй. Сарын ажлын төлөвлөгөөг үнэлэх, дүгнэх талаар анх ажилд ороход танилцуулаагүй, 7 сар ажиллахад энэ талаар хэлж байгаагүй. Хариуцагч байгууллага нь ажилтны сарын ажлын үзүүлэлтийг дүгнэдэггүй. Ээлж буухдаа хэд хоног ажилласныг нь тооцож санхүүд л өгдөг байсан. Ажилтнуудад аюулгүй ажиллагааны заавар өгч, хувцас хэрэглэл өмссөн хүнийг ажилд гаргадаг үүрэгтэй ажиллаж байсан. ВМПХХК нь өөрсдөө ажилчдад нормын хувцас өгдөггүй атлаа нормын хувцасгүй ажилд гаргасан гэж нэхэмжлэгчид арга хэмжээ авсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн бол ажилтан, карьерийн аюулгүй ажиллагаатай холбоотой таних тэмдэг тавих үүрэгтэй ажилладаг. Уулын мастерыг тэмцээнд явуулснаас болж ахлах уулын мастерыг орлож үлдсэн. Т.Б болон дампын инженер нар мэдээгүйгээс болж цахилгааны утас тасалсан асуудал гарсан бөгөөд тухайн үедээ арга хэмжээ авахуулсан. Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.6 дахь хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайдын баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах тушаалд зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажиллуулах нь Монгол улсад нийтээр дагаж мөрдөх байнгын ажлын байр гэж заасан. Байнгын ажлын байран дээр ялгавартайгаар гэрээ байгуулан, 3 ээлжээр очоод 12/12 цагаар тулж ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч удирдлагууддаа тавьснаас болж ажлаас халагдсан гэж үздэг. Ажилгүй байсан хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцоход 2019 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл 193 хоног байгаа. Хууль, журмаараа ч тэр норм тогтоогоод өгсөн эрсдлийн түвшин өндөртэй ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний бүтэцтэй байдаг. Анх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Улмаар 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан гэж үзэж байна. Эрсдэлийн түвшин өндөртэй ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн ажиллана гэж заасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний хуулиар тогтоосон чиг үүргийг биелүүлдэг, нэг зүйлийг бий болгодог ажил биш тасралтгүй хяналт тавьж, ажил хийдэг, төрлийн шинжээр тодорхойлогдохгүй. Ачаалал ихэссэн үед нэмэлт хүч авдаг гэвэл дампын оператар авдаг ч юм уу, тодорхой ажлын бүтээмж гаргаж байгаа хэсэгтээ нэмж хүн авдаг байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагчийн тайлбарт: Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр туршилтын 2 сарын хугацаатай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон гэх нь үндэслэлгүй. Манай компани Т.Бтой анхнаасаа хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, ямар нэг тушаал, шийдвэр гаргаагүй. Харин хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Анх 2 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээг сунгаад ажиллах явцад Т.Бын хариуцсан ээлжинд дараалан 2 удаа хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гарсан ба энэ нь тухайн хүн өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7.2, талуудын байгуулсан 146 тоот хөлсөөр ажиллах гэрээний 5.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээг цуцалсан. Иргэний хуульд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах нөхцлийг хязгаарлаагүй. Мөн Т.Бын ажлын байр байнгын ажлын байр гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, ахлах мэргэжилтэн, инженер гэсэн бүтэц байдаг. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасны дагуу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэртэй танилцаж мэдчихээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн байнгын орон тоо мөн. Энэ чиглэлээр хэлтэс, нэгж ажилладаг. Шаардлагатай тохиолдолд нэмж хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хүн авч болно. 1 сар ажиллах байхад 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь нийцэхгүй. Хуульд энэ нөхцөл байдлыг ялгах үүднээс хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг заасан. Нэхэмжлэгчид анх ажилд ороход нь хөлсөөр ажиллах гэрээ, 2 сар ажиллана гэдгийг тайлбарлаж өгсөн. ВМП ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь гуравдагч этгээдийн уурхай бөгөөд гэрээний дагуу хийж байгаа ажлын объем тодорхой боловч эзэмшдэг компани нь сарынхаа төлөвлөгөө, бүтээгдэхүүн экспортлож байгаа зах зээлийн эрэлтээс шалтгаалж ажлын объемыг нэмж, хасдаг. Урт хугацааны өмнөөс биш тухайн үедээ засаад явдаг. Үүнтэй холбоотой орон тоо нэмдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэнээс гадна операторууд гээд хүмүүс тухайн хугацаандаа ажиллаад ажлын ачаалал буурсан тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаад явдаг. Шаардлагатай тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээгээр хүн авч ажиллуулдаг. Орон тоо нь байнгын болон байнгын бус гэдэг дээр маргаан байхгүй. Хөлсөөр ажиллах гэрээг ажил олгогч цуцлах боломжтой бөгөөд хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцоогүй тул гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний хүрээнд асуудал яригдана. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан, байнгын орон тоон дээр ажилласан гэдэг боловч нотолсон баримт хэрэгт байхгүй. Ажилд орох болон гарахад нь тушаал гараагүй нь хөлсөөр ажилласан гэдгийг тодорхой харуулж байна. Хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй буюу Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь заалтыг үндэслэж гэрээг цуцалсан. Иймд хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Быг ВМПХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 792 439 /арван дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний 21904200314373 нэхэмжлэхийн дагуу төлсөн 99 940 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан Т.Бт олгож, хариуцагч ВМПХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 231 912 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь заалтыг үндэслэн талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн төдийгүй хариуцагч талын тайлбар, нотлох баримтуудад ямар нэг дүгнэлт хийхгүй хөдөлмөрийн харилцаа гэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна. ВМПХХК нь иргэн Т.Бтой Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Т.Бт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Т.Бтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг ажил гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан 2 сар дараалан зөрчил дутагдал гаргасанг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээний 5.3.2 дахь заалт болон Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасны дагуу тус гэрээ цуцлагдсан тухай шүүхэд гаргасан хариу тайлбар нотлох баримтуудаар нотлож, маргаж байсан ч шүүхийн хариуцагчийн үндэслэл болгож буй хуулийн заалтад дүгнэлт хийлгүй, хөлсөөр ажиллах гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийг хангахгүй байна гэж үзсэн нь шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гаргаж ирээгүй үндэслэл, маргаанд огт нийцээгүй хуулийн заалтад дүгнэлт хийсэн тул уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх гэрээний чөлөөт байдлын зарчмыг үл харгалзан манай компанийн үйл ажиллагааны онцлог нөхцлийг үл харгалзан, нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч ВМПХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Б 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хариуцагч ВМПХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад ажил олгогчийн санаачлагаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Зохигчид хөдөлмөрийн харилцаа үүссэн гэрээний төрөл, түүнийг дуусгавар болгосон үндэслэлийн талаар маргадаг бөгөөд шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэрээг тайлбарлах журамтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээний 3.1, 3.2, 3.4, 6.1-д заасан нэхэмжлэгч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтэнээр Өмнөговь аймагт байрлах нүүрсний ордод 20/10 ээлжтэйгээр ажиллах, хариуцагч нэг ээлжийн хөлс 1 600 000 төгрөг, ажлын үр дүн гүйцэтгэлээс хамаарч үндсэн хөлсний 25 хувиас хэтрэхгүй урамшуулал олгох, ажлын цаг сард 240 цагаас багагүй байх, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаарх тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.4, 21.6-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг агуулжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах ажилтны ажлын байр байнгын ажлын байр болох талаар талуудын хэн аль нь маргаагүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан.

 

Иймд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ гэрээний 5.3.2-т заасан ноцтой зөрчил давтан гаргасан гэж тайлбарладаг бөгөөд тухайн зүйл хэсэгт хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй нөхцөлд гэрээг цуцлахаар заасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн сард гүйцэтгэх ажил тодорхойгүй, гэрээний 3.3-т ... ажлын гүйцэтгэлийг тухайн сарын ажлын төлөвлөгөөнд үндэслэн тогтооно гэж заасан боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан эсэх, ажлын гүйцэтгэлийг хэрхэн яаж үнэлсэн талаарх баримтгүй байна. Тэрээр нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20:20 цагт дамп №45 өөрөө буулгагч авто самосвалийн өндөр хүчдэлийн шонг унагасан, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын хувцасгүй ажилласан, нэг мөргөцөгөөс ех714, ех711 экскаватор ачилт хийхэд дампуудын огтлолцолд зохицуулах тэмдэг тэмдэглээгүй зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Ажил олгогч нь ажилтны гаргасан эхний зөрчилд 11 сарын урамшуулалт цалинг нь 100 хувь хасах шийтгэл ногдуулсан байх ба дараагийн зөрчлүүд нь хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 792 439 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд нийцсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн хооронд хөлсөөр ажиллах эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 915 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

 

А.МӨНХЗУЛ