Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00394

 

 

2018 02 05

210/МА2018/00394

 

 

Б.Энхтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 183/ШШ2017/02486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхтөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Баярмаад холбогдох

 

Гэм хорын хохиролд 20 205 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Нарантуул худалдааны төвд гутлын лангуутай ба гутлаа Хятад болон Солонгос улсаас татдаг. Ингээд 2013 оны хавар Б.Оргилсүрэн нь манай ээж Солонгост байгаа тэндээс цэргийн комиссын гутлыг хямдаар авах боломжтой гэсний дагуу түүний ээж Т.Баярмаа эгчтэй харилцаж түүнд 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10 598 000 ам.доллар, 6 000 000 вон шилжүүлсэн. Гэтэл Баярмаа эгч мөнгийг хүлээж авсан ч гутал ачуулалгүй намайг залилан мэхэлсэн ба Т.Баярмаагийн дээрх үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүнийг 24 204 700 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болохыг тогтоосон. Харин Т.Баярмаа нь 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан 24 205 700 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 20 205 700 төгрөгийг төлөхөө илэрхийлж, эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 876 дугаар тогтоол 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан ч Т.Баярмаа нь одоог болтол төлөлт хийхгүй байна. Иймд Т.Баярмаагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 20 205 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зохигчдын хооронд гутал авч, өгөлцөх хэлцэл хийгдсэн гэдгийг хариуцагч Т.Баярмаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч хариуцагч Т.Баярмаа Б.Энхтөрөөс 30 орчим сая төгрөг аваагүй. Үндэслэл нь нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус тус ам.доллараар шилжүүлсэн гэж буй 3 удаагийн шилжүүлгийг Скай шуудан ХХК-д хүлээлгэж өгсөн. Тухайн газар яаж, ямар баримтаар Т.Баярмаад хүлээлгэж өгсөн гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэрэгт 6 000 000 вонны гэрээ авагдсан боловч уг 6 000 000 вонныг Б.Энхтөр Т.Баярмаад хүлээлгэж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Харин Т.Баярмаа Б.Энхтөрд 4 000 000 төгрөг хүлээлгэж өгсөн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хандаагаар дамжуулж 3 000 000 вон хүлээлгэж өгсөн. Энэ нь буцаан өгч буй гуталны мөнгө юм. Т.Баярмаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэний үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн байдал нь хохирлын хэмжээнд маргах эрхийг хязгаарлахгүй гэсэн. Иймд Т.Баярмаа гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоос хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 19 679 350 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Баярмаагаас 19 679 354 /арван есөн сая зургаан зуун далан есөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтөрд олгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баярмаагаас 256 346 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 08039 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Тухайн үед нэхэмжлэгч Б.Энхтөр нь Нийслэлийн БГД-ийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн №876 тоот тогтоолд гомдол гаргасан байсан учир өмгөөлөгч Б.Ганбаатар миний бие энэ тухай 2017 оны 08 сарын 07-ны өдөр бичгээр мэдэгдсэн болох нь 2017 оны 08 сарын 14-ний өдрийн БГД-ийн прокурорын газрын хариу №781 дугаартай мэдэгдэх хуудсаас тодорхой харагдана. Энэ нь ИХШХШТХ-ийн 65 дугаар 65.1.8-д заасныг зөрчсөн тул иргэний хэргийг хянан шийдвэрлэх үйл явц бүхэлдээ хууль зөрчиж байна.

Иргэний хэргийн материалд нотлох баримтаар авагдсан долларын ханшийг Монгол банкны ханшаар тооцсон. Гэтэл БНСУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа Т.Баярмаад "Скай шуудан"-гаар мөнгө шилжүүлсэн гэдэг тул БНСУ-д хүлээн авсан вонын зөрүүг тооцоогүй.

Нэхмэжлэгч Б.Энхтөр нь шүүх худалдааны явцад мэдүүлэхдээ "би 6 сая воныг БНСУ-д Т.Баярмаагийн хамт явж байхдаа урьдчилгаа гэж БНСУ-ын иргэнд өгсөн" гэсээр байхад уг мөнгийг Т.Баярмаагаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Зайлшгүй шаардлагатай учир Т.Баярмаа хэдэн төгрөгийг /вонныг/ Б.Энхтөрөөс хүлээн авсан талаар шүүхээс хилийн чанадад тодорхой ажиллагаа хийлгэх тухай өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй.

Т.Баярмаад холбогдох иргэний хэргийг Эрүүгийн 2014 2600 1097 тоот хэргийн явцад хэрэгт өөрийнх нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өршөөлийн хуульд хамрагдах гэж сэжигтэн, яллагдагч мэдүүлэг өгдөггүй бөгөөд Эрүүгийн байцаан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа этгээд тогтоох үүрэгтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Энхтөр нь хариуцагч Т.Баярмаад холбогдуулан гэм хорын хохиролд 20 205 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Энхтөр нь БНСУ-аас цэргийн комиссын гутал ачуулахаар хариуцагч Т.Баярмаатай тохиролцож, 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд 10 598 ам.доллар, 6 000 000 вон шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, прокурорын тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Т.Баярмаад Баянгол дүүргийн прокурорын газраас бусдыг залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Т.Баярмаа нь 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд 10 598 ам.доллар, 6 000 000 вон буюу 24 205 700 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон боловч тэрээр мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Энхтөрд 4 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулж, үлдэгдэл мөнгийг графикийн дагуу нөхөн төлөхөөр тохиролцсон тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 876 тоот прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 6 000 000 вон, 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1364 ам.доллар, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 4 158 ам.доллар, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5 076 ам.доллар шилжүүлсэн болох нь Скай шуудан ХХК-ийн мөнгөн гуйвуулгын баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу 10 598 ам.долларын болон 6 000 000 воны төлбөрийн үүргийг Монгол банкны албан ёсны ханшаар тооцож, 23 679 354 төгрөгт шилжүүлсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баярмаагаас гэм хорын хохиролд 23 697 354 төгрөг гаргуулахаас түүний нэхэмжлэгчид төлсөн 4 000 000 төгрөгийг хасч нийт 19 679 354 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхтөрд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, өөрийн гэм буруугүй гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Т.Баярмаад холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, хохирлын зөрүүг нэхэмжлэгч шаардсан байх ба шүүх нэхэмжлэгчийн шилжүүлсэн 6 000 000 воныг тухайн өдрийн төгрөгт тэнцэх ханшаар тооцоолсон байх тул энэ талаар гаргасан гомдол хангагдах үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч хилийн чанадад тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн буруутгах боломжгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн шилжүүлсэн 6 000 000 воныг 6 000 вон гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 183/ШШ2017/02486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ