Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00794

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02486 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00394 дугаар магадлалтай,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

Т.Б-д холбогдох,

Гэм хор 19.679.354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Нарантуул худалдааны төвд гутлын лангуутай ба гутлаа Хятад болон Солонгос улсаас татдаг. Б.Оргилсүрэн нь 2013 оны хавар  манай ээж Солонгост байгаа тэндээс цэргийн комиссын гутлыг хямдаар авах боломжтой гэсний дагуу түүний ээж Т.Б-тай харилцаж түүнд 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10.598 ам.доллар, 6.000.000 вон шилжүүлсэн. Гэтэл Т.Б- нь мөнгийг хүлээж авсан ч гутал ачуулалгүй намайг залилан мэхэлсэн ба Т.Б-гийн дээрх үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүнийг 24.204.700 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болохыг тогтоосон. Харин Т.Б- нь 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан 24.205.700 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 20.205.700 төгрөгийг төлөхөө илэрхийлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 876 дугаар тогтоол 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан ч Т.Б- нь одоог болтол төлөлт хийхгүй байна. Иймд Т.Б-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 20.205.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зохигчдын хооронд гутал авч, өгөлцөх хэлцэл хийгдсэн гэдгийг хариуцагч Т.Б- хүлээн зөвшөөрдөг. Гэвч Т.Б- Б.Э-өөс 30 орчим сая төгрөг аваагүй. Үндэслэл нь нэхэмжлэгч 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус тус ам.доллараар шилжүүлсэн гэж буй 3 удаагийн шилжүүлгийг Скай шуудан ХХК-д хүлээлгэж өгсөн. Тухайн газар яаж, ямар баримтаар Т.Б-д хүлээлгэж өгсөн гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэрэгт 6.000.000 вонны гэрээ авагдсан боловч уг 6.000.000 вонныг Б.Э- Т.Б-д хүлээлгэж өгсөн гэх баримт авагдаагүй. Харин Т.Б- Б.Э-д 4.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр н.Хандаагаар дамжуулж 3.000.000 вон хүлээлгэж өгсөн. Энэ нь буцаан өгч буй гуталны мөнгө юм. Т.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэний үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн байдал нь хохирлын хэмжээнд маргах эрхийг хязгаарлахгүй гэсэн. Иймд Т.Б- гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоос хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02486 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-гаас 19.679.354 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-гаас 256.346 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00394 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэх үед нэхэмжлэгч Б.Э- нь Нийслэлийн БГД-ийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 6 сарын 23-ны өдрийн №876 тоот тогтоолд гомдол гаргасан учир энэ талаар анхан шатны шүүхэд 2017 оны 8 сарын 07-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Энэ нь 2017 оны 8 сарын 14-ний өдрийн прокурорын газрын хариу №781 дугаартай мэдэгдэх хуудснаас тодорхой харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-р Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байхад иргэний нэхэмжлэлийг хүлээн авахыг хориглосон заалтыг зөрчсөн тул иргэний хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж байгааг шүүх хуралдаанд удаа дараа мэдэгдсээр байхад хэрэглэх ёстой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх худалдаанд мэдүүлэхдээ би 6 сая воныг БНСУ-д Т.Б-гийн хамт явж байхдаа урьдчилгаа гэж БНСУ-ын иргэнд өгсөн гэсэн байхад уг мөнгийг Т.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Эрүүгийн 2014260001097 тоот хэрэгт өгсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өршөөлийн хуульд хамрагдах гэж сэжигтэн, яллагдагч мэдүүлэг өгдөггүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа этгээд тогтоох үүрэгтэй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00394 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Т.Б-д холбогдуулан гэм хорд 19.679.354 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э- 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 10.598 ам.доллар, 6.000.000 воныг БНСУ-д амьдарч байсан хариуцагч Т.Б- руу цэргийн комиссын гутал авах зорилгоор шилжүүлсэн боловч хариуцагч түүний итгэлийг эвдэх аргаар гутал ачуулалгүй, 24.205.700 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэргийн журмаар шалгасан, хариуцагч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос 4.000.000 төгрөг төлсөн гэж 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай пардламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үнэлж, хариуцагч Т.Б-гийн гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Э-ийн эд хөрөнгөд гэм хор учирсан нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа, хэргийг хэрэгсэхгүй болгосон  прокурорын тогтоолд нэхэмжлэгч Б.Э- гомдол гаргасан тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч прокурорт гаргасан гомдлоосоо татгалзсан тухай Баянгол дүүргийн прокурорын газрын 207 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 781 тоот албан бичиг хэрэгт авагдсан нь дээрх хүсэлтийн үндэслэл арилсан гэж үзэв. Хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй хэдий ч энэхүү зөрчил нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02486 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00394 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257.000 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ