Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2486

 

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/02486

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Энхцэцэг, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: оршин суух Б.Э /РД: ............................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Т.Б /РД: ................................./-д холбогдох,

            гэм хорын хохирол 20.205.700 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /ШТЭҮД: 0096/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар /ШТЭҮД: 1170/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Нарантуул худалдааны төвд гутлын лангуутай ба гутлаа Хятад болон Солонгос улсаас татдаг. Ингээд 2013 оны хавар манай найз Б.Оргилсүрэн нь манай ээж Солонгост байгаа тэнд цэргийн комиссын гутлыг хямдаар бөөнөөр авах боломжтой гэсний дагуу түүний ээж болох Т.Б эгчтэй харилцаж түүнд 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10.598.000 ам.доллар, 6000 вонныг шилжүүлсэн. Гэтэл Баярмаа эгч мөнгийг хүлээж авсан ч гутал ачуулалгүй намайг залилан мэхэлсэн ба миний бие арга буюу Т.Бгийн дээрх үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсэн шалгаж түүнийг нийт 24.204.700 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болохыг тогтоосон. Харин Т.Б нь 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгуульж болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч надаас залилан авсан буюу гэмт хэргийн улмаас учруулсан нийт 24.205.700 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 20.205.700 төгрөгийг төлөхөө илэрхийлэн өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгуулан шийдвэрлүүлсэн. Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 876 дугаар тогтоол 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан ч одоог болтол огт төлөлт хийхгүй байна. Иймд Т.Бгаас түүнд залилуулсан мөнгө буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 20.205.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд гутал авч өгөлцөх хэлцэл хийгдэг гэдгийг хариуцагч Т.Б хүлээн зөвшөөрдөг. Гэвч хариуцагч Т.Б Б.Эөөс 30 орчим сая төгрөг аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 19.679.350 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үндэслэл нь нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус тус ам.доллараар шилжүүлсэн гэж буй 3 удаагийн шилжүүлгийг Скай шууданХХК-нд хүлээлгэж өгсөн. Тухайн газар яаж, ямар баримтаар Т.Бд хүлээлгэж өгсөн гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэрэгт 6.000.000 вонны гэрээ авагдсан боловч уг 6.000.000 вонныг Б.Э Т.Бд хүлээлгэж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Харин Т.Б Б.Эд 4.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хандаагаар дамжуулж 3.000.000 вонн хүлээлгэж өгсөн. Энэ нь буцаан өгч буй гуталны мөнгө юм. Т.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэний үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн байдал нь хохирлын хэмжээнд маргах эрхийг хязгаарлахгүй гэсэн. Иймд Т.Б гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоос хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 19.679.350 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Т.Б болон түүний өмгөөлөгч Р.Түвшинбат нарт мэдэгдсэн боловч хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч Р.Түвшинбат нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т.Бгаас гэм хорын хохирол 20.205.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 19.679.354 төгрөг шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

        Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Б.Эөөс 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10.598 ам.доллар, 6000 вонныг БНСУ-аас цэргийн комиссын гутал авч өгөхөөр шилжүүлэн авсан ч гутлыг ачуулалгүй, 24.205.700 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоос 4.000.000 төгрөгийг төлж, үлдсэн мөнгийг графикийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 876 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Уг тогтоолоор хариуцагч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хариуцагч Т.Бг Б.Эийн 10.598 ам.доллар, 6000 вонныг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

        Иймд хариуцагч Т.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Эд гэм хорын хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, хариуцагч Т.Б нь хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

        Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Бд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 6000 вонн, 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1364 ам.доллар, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 4158 ам.доллар, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5076 ам.доллар, нийт 6000 вонн, 10.598 ам.долларыг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Скай шууданХХК-ийн мөнгөн гуйвуулгын баримт зэргээр нотлогдож байна.

        Нэхэмжлэгчээс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 6000 вонныг тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханш болох 1.3 төгрөгөөр тооцож 7.800.000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 1364 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханш болох 1440.04 төгрөгөөр тооцож 1.964.214 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 4158 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханш болох 1433.17 ам.доллараар тооцож 5.959.120 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 5076 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханш болох 1567.38 төгрөгөөр тооцож 7.959.020 төгрөг, нийт 23.679.354 төгрөг шаардсанаас хариуцагч Т.Б 4.000.000 төгрөгийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж явцад төлсөнийг хасч үлдсэн 19.679.354 төгрөг шаардсаныг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатараас Т.Б нь мөнгийг хүлээн аваагүй, мөнгө хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдохгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч Т.Б нь эрүүгийн хэргийг шалгах явцад Б.Эөөс 24.205.700 төгрөг авсан болохыг хүлээн зөвшөөрч 2019 оны 1 дүгээр улиралд багтаан хуваан төлж барагдуулахаар хүсэлт гаргасан зэргээс үзэхэд хариуцагч нь тухайн хохирлын хэмжээгээр маргаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хандаа гэгчээр дамжуулж 3.000.000 вонныг хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч хүлээн авсан талаар маргахгүй байгаа боловч уг 3.000.000 вонн нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, тусдаа шилжүүлсэн мөнгө гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хариуцагчаас няцааж буй үндэслэлээ нотлоогүй болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 256.346 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Бгаас 19.679.354 /арван есөн сая зургаан зуун далан есөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Бгаас 256.346 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ

 

Ж.СЭМЖИД