Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00567

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00567

 

 

А.Энхнарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 181/ШШ2017/03266 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Энхнарангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын Их Сургуульд холбогдох

 

Монгол Улсын Их Сургуулийн харьяа Байгал-Эх лицей ахлах сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэцэг, Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Энхнарангийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А.Энхнаран нь 2010 оноос эдүгээ хүртэл МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй багш юм. Гэтэл МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/472 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4/61 дүгээр тушаал, Байгал-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/19 дүгээр мэдэгдлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Экологийн боловсролын төвийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд уламжилсан. Энэхүү хуралд намайг оролцуулалгүй шийдээд зогсохгүй, тус сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн 3 орон тооноос миний ажлын байрыг сонгон цөөлөх болсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.011.682 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч МУИС-ийн гаргасан тайлбарт: МУИС-ийн харъяа Байгаль-Эх лицей ахлах сургууль нь монгол хэл, уран зохиолын 3 багштай бөгөөд өмнөх жилүүдэд БСШУС-ын сайдын 2016 оны А/275 тушаал, А/103 дугаар тушаалуудаар батлагдсан ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн монгол хэл, уран зохиолын 3 багшийн цаг хүрэлцээтэй байсан. БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын нормыг тогтоох.. журмын 2.11-д "Багш 7 хоногт 19 цаг хичээл заахад зориулагдана" БЭЛАС, ЭБТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д "Багшийн 7 хоногийн хичээл заах цаг 19 байна" гэж заасан. Гэтэл БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан.

Сургалтын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн сургалтын менежерийн хийсэн үндсэн багшийн цагийн ноогдол, хуваарилалтаас харахад монгол хэл, бичгийн хичээл 7 хоногт 32 цаг, уран зохиолын хичээл 7 хоногт 12 цаг, нийтдээ 44 цаг байгаа нь тус сургуулийн 3 багшийн 7 хоногт заах сургалтын цаг зохих нормд хүрэлцэхгүй болсон. Тус сургуулийн удирдлага дээрхи мэргэжлийн багшийн тоог цөөрүүлэх нөхцөл үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоотыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 146 тоот албан бичгээр Удирдах зөвлөлийн даргад хандан явуулсан. Удирдах зөвлөлийн дарга Ч.Ундрам 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/2513 тоот албан бичгээр БСШУС-ын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалыг мөрдөн ажиллахыг БЭЛАС-ийн удирдлагад даалгасан. Энэ асуудлыг тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр монгол хэл, уран зохиолын багш Н.Саранчимэг, А.Энхнаран, Э.Одончимэг тус бүрийн мэргэжлийн ур чадвар, суралцагчдын сурлагын чанар, харилцаа зэргийг хэлэлцэн, А.Энхнаран багшийг ажилтны тоог цөөрүүлэхэд хамруулах шийдвэр гаргасан хурлын тэмдэглэл, багш А.Энхнаран, Н.Саранчимэг, Э.Одончимэг нарын мэргэжпийн ур чадвар. ажлын амжилт, хариуцлагыг илтгэсэн баримтууд, МУИС-ийн захиргаа. хүний нөөцийн албанд хандсан 152 дугаар албан бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Багш А.Энхнаран МУИС-ийн захиргаанд гаргасан хүсэлтийн хариуг албан бичгээр өгсөн.

БЭЛАС-ийн монгол хэл уран зохиолын 3 багш бүгд стандарт агуулга ордог, БЭЛАС-ийн нийт багш нарын сурагчдын амжилт нь Улс, нийслэлийн дунджаас илүү гардаг, ажлаас чөлөөлөх үндэслэл нь БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тушаалаар сургалтын төлөвлөгөөг шинэчилснээр тус сургуулийн монгол хэл, уран зохиолын 3 багшийн цагийн норм хүрэлцэхгүй болсон. ЕБС-ийн багшийн ажлын амжилт, ур чадварын гол үзүүлэлт нь ЭЕШ-ын оноо байдаг тул энэ нь БЭЛАС-ийн нэг мэргэжлийн 3 багшийн ур чадварыг харьцуулах нэг үзүүлэлт юм. Багш А.Энхнаран заадаг хичээлээрээ төгсөгчдийн ЭЕШ-ын оноог 2013, 2016 онуудад 23-26,9 оноогоор бууруулсан. Багш Э.Одончимэг 2014, 2017 онуудад 21.6-39.9 оноогоор өсгөсөн. Энэ үзүүлэлтийг сургалтын менежер Т.Буяндэлгэрийн судалгаа, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харж болно.

Хичээл заадаг 2 ангийн /11в, 11 г/ суралцагчид багш А.Энхнарангаар хичээл заалгамааргүй байна гэсэн хүсэлтийг БЭЛАС-ийн удирдлагад бичгээр өгсөн. Сургуулийн удирдлагаас БСШУЯам болон бусад газраас зохион байгуулдаг арга хэмжээнд оролцох бололцоог А.Энхнаран багшид олгодог. Харин сургуулийн удирдлагаас зохиосон ажлууд, заах аргын нэгдлийн ажилд оролцдоггүйг захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл, бусад баримтуудаас харж болно.

Харилцааны доголдолтой багш болохыг суралцагчдын өргөдөл, эцэг эхийн тэмдэглэл, захирлын дэргэдэх хурлын тэмдэглэлд тодорхой дурдсан байна. Харин багш Э.Одончимэг, Н.Саранчимэг нар багшийн ёс зүйг сахидаг багш нар болохыг хавсралт баримтанд тодорхой тусгасан. Ийнхүү МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын 3 багшаас багш А.Энхнарантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. БСШУС-ын тушаал, ЕБС-ийн багшийн цагийн ноогдлыг заасан эрх зүйн баримт бичгүүд, БЭЛАС-ийн хөдөлмөрийн дотоод журам болон бусад хавсаргасан баримт зэргийг нягтлан үзсэний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Мөн хуулийн 40.5-д заасны дагуу БЭЛАС-ийн монгол хэл, уран зохиолын багш Алгаагийн Энхнаранд 1 сарын өмнө мэдэгдэж, хуульд заасан цалин, тэтгэмжийг өгсөн. Харин багш А.Энхнаран одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй /сургуулиас өгсөн зөөврийн компьютер бусад зүйлсийг хүлээлгэж өгөөгүй/ байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Энхнарангийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Энхнаран давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг бүхэлд нь үндэслэсэн, орон тоо цөөрүүлсэн, мэргэжлийн хувьд тэнцэхгүй, ноцтой зөрчил гаргасан мэтээр тайлбарладаг. БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаал нь сургалтын төлөвлөгөө баталсан болохоос бүтэц, орон тоо цөөрүүлсэн тушаал биш. Хариуцагч сургуулийн бүтэц орон тоог МУИС-ийн Удирдах зөвлөл баталдаг бөгөөд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн ажлын байрны орон тоо 2 болсон талаарх баримтыг гаргаагүй.

ЭЕШ-ын амжилт, оноог тухайн хичээлийн багшид урамшуулал олгох, эс олгох үндэслэл болдог. Харин багшийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдийг өмнөх жилүүдийн туршлагаас харж болно. Надаар хичээл заалгахгүй гэсэн санал ирсэн талаар захиргааны зөвлөл болон захирал, сургалтын менежер, заах аргын нэгдлийн дарга зэрэг удирдах албан тушаалтнаас нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Миний бие тус сургуулийн удирдлагаас өгсөн аливаа ажил үүргийг цаг тухайд нь биелүүлж ирсэн ба захирлын зөвлөлөөс ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах хэмжээнд хүртэл ажил үүргийг биелүүлээгүй тохиолдол байхгүй. Түүнчлэн би хамт олон болон суралцагчидтай харилцахдаа цаг ямагт багшийн болон хувь хүний ёс зүйг баримталдаг. Хариуцагч тал хэт субъектив шинжтэй зүйлүүдийг үндэслэл болгож, ажлаас чөлөөлөх нь шат дараалсан арга хэмжээ авах Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн, мөн уг үндэслэлүүд нь эрх зүйн ямар нэгэн баримт бичгээр баталгаажаагүй, эдийн засгийн хямралын үед аливаа нэг хүний ажлын байрыг хадгалахыг уриалсан Засгийн газрын бодлоготой нийцээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч А.Энхнаран нь хариуцагч Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, монгол хэл, уран зохиолын багшаар ажиллуулж байгаад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/472 тоот тушаалаар Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ноогдол хүрэлцэхгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/61 дугаар тушаалыг үндэслэсэн гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/61 дугаар тушаал болон бусад нотлох баримтуудад үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/61 дугаар тушаалд хариуцагч байгууллагад монгол хэл, уран зохиолын багшийн ажлын байрны тоо хэд байх талаар заагаагүй, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг тушаал нь ажил олгогчийн орон тооны бүтцийг өөрчлөх үндэслэл болсон гэж үзэхгүй.

 

Харин дээрх тушаалд үндэслэн ажил олгогч нь өөрийн ажлын байрны орон тооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай шийдвэр гаргах боломжтой хэдий ч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд тухайн байгууллагын бүтцээс уг ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр тодорхой тоогоор цөөрсөн байх ёстой бөгөөд хэрэгт хариуцагч байгууллагад монгол хэл, уран зохиолын багшийн 1 орон тоог цөөрүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжтой баримт авагдаагүй байна.

 

Хариуцагч нь монгол хэл, уран зохиолын хичээл заах багшийн орон тоо цөөрсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, А.Энхнаранг хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн нэг сард авах цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 3, 4, 5 дугаар сард авч байсан тогтмол цалин хөлсний дунджаар тооцож, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 758 947 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 181/ШШ2017/03266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Энхнаранг хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 758 947 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас гаргуулж нэхэмжлэгч А.Энхнаранд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж,

2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 91 093 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ