Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00999

 

А.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03266 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар магадлалтай,

А.Эгийн нэхэмжлэлтэй

МУИСд холбогдох

МУИСийн харьяа Б-Э Лахлах сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь 2010 оноос эдүгээ хүртэл МУИС-ийн харьяа Б-Э Лахлах сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй багш юм. Гэтэл МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/472 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4/61 дүгээр тушаал, Б-Э Лахлах сургууль, Экологийн боловсролын төвийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/19 дүгээр мэдэгдлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Экологийн боловсролын төвийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд уламжилсан. Энэхүү хуралд намайг оролцуулалгүй шийдээд зогсохгүй, тус сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн 3 орон тооноос миний ажлын байрыг сонгон цөөлөх болсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд МУИС-ийн харьяа Б-Э Лахлах сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.011.682 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч МУИС-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: МУИС-ийн харъяа Б-Э Лахлах сургууль нь монгол хэл, уран зохиолын 3 багштай бөгөөд өмнөх жилүүдэд БСШУС-ын сайдын 2016 оны А/275 тушаал, А/103 дугаар тушаалуудаар батлагдсан ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн монгол хэл, уран зохиолын 3 багшийн цаг хүрэлцээтэй байсан. БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын нормыг тогтоох.. журмын 2.11-д "Багш 7 хоногт 19 цаг хичээл заахад зориулагдана" БЭЛАС, ЭБТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д "Багшийн 7 хоногийн хичээл заах цаг 19 байна" гэж заасан. Гэтэл БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Сургалтын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн сургалтын менежерийн хийсэн үндсэн багшийн цагийн ноогдол, хуваарилалтаас харахад монгол хэл, бичгийн хичээл 7 хоногт 32 цаг, уран зохиолын хичээл 7 хоногт 12 цаг, нийтдээ 44 цаг байгаа нь тус сургуулийн 3 багшийн 7 хоногт заах сургалтын цаг зохих нормд хүрэлцэхгүй болсон. Тус сургуулийн удирдлага дээрхи мэргэжлийн багшийн тоог цөөрүүлэх нөхцөл үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоотыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 146 тоот албан бичгээр Удирдах зөвлөлийн даргад хандан явуулсан. Удирдах зөвлөлийн дарга Ч.Ундрам 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/2513 тоот албан бичгээр БСШУС-ын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалыг мөрдөн ажиллахыг БЭЛАС-ийн удирдлагад даалгасан. Энэ асуудлыг тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр монгол хэл, уран зохиолын багш Н.Саранчимэг, А.Э, Э.Одончимэг тус бүрийн мэргэжлийн ур чадвар, суралцагчдын сурлагын чанар, харилцаа зэргийг хэлэлцэн, А.Э багшийг ажилтны тоог цөөрүүлэхэд хамруулах шийдвэр гаргасан хурлын тэмдэглэл, багш А.Э, Н.Саранчимэг, Э.Одончимэг нарын мэргэжлийн ур чадвар. ажлын амжилт, хариуцлагыг илтгэсэн баримтууд, МУИС-ийн захиргаа. хүний нөөцийн албанд хандсан 152 дугаар албан бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Багш А.Э МУИС-ийн захиргаанд гаргасан хүсэлтийн хариуг албан бичгээр өгсөн. БЭЛАС-ийн монгол хэл уран зохиолын 3 багш бүгд стандарт агуулга ордог, БЭЛАС-ийн нийт багш нарын сурагчдын амжилт нь Улс, нийслэлийн дунджаас илүү гардаг, ажлаас чөлөөлөх үндэслэл нь БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тушаалаар сургалтын төлөвлөгөөг шинэчилснээр тус сургуулийн монгол хэл, уран зохиолын 3 багшийн цагийн норм хүрэлцэхгүй болсон. ЕБС-ийн багшийн ажлын амжилт, ур чадварын гол үзүүлэлт нь ЭЕШ-ын оноо байдаг тул энэ нь БЭЛАС-ийн нэг мэргэжлийн 3 багшийн ур чадварыг харьцуулах нэг үзүүлэлт юм. Багш А.Э заадаг хичээлээрээ төгсөгчдийн ЭЕШ-ын оноог 2013, 2016 онуудад 23-26,9 оноогоор бууруулсан. Багш Э.Одончимэг 2014, 2017 онуудад 21.6-39.9 оноогоор өсгөсөн. Энэ үзүүлэлтийг сургалтын менежер Т.Буяндэлгэрийн судалгаа, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харж болно. Хичээл заадаг 2 ангийн /11в, 11 г/ суралцагчид багш А.Эгаар хичээл заалгамааргүй байна гэсэн хүсэлтийг БЭЛАС-ийн удирдлагад бичгээр өгсөн. Сургуулийн удирдлагаас БСШУЯам болон бусад газраас зохион байгуулдаг арга хэмжээнд оролцох бололцоог А.Э багшид олгодог. Харин сургуулийн удирдлагаас зохиосон ажлууд, заах аргын нэгдлийн ажилд оролцдоггүйг захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл, бусад баримтуудаас харж болно. Харилцааны доголдолтой багш болохыг суралцагчдын өргөдөл, эцэг эхийн тэмдэглэл, захирлын дэргэдэх хурлын тэмдэглэлд тодорхой дурдсан байна. Харин багш Э.Одончимэг, Н.Саранчимэг нар багшийн ёс зүйг сахидаг багш нар болохыг хавсралт баримтанд тодорхой тусгасан. Ийнхүү МУИС-ын харьяа Б-Э Лахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын 3 багшаас багш А.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. БСШУС-ын тушаал, ЕБС-ийн багшийн цагийн ноогдлыг заасан эрх зүйн баримт бичгүүд, БЭЛАС-ийн хөдөлмөрийн дотоод журам болон бусад хавсаргасан баримт зэргийг нягтлан үзсэний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Мөн хуулийн 40.5-д заасны дагуу БЭЛАС-ийн монгол хэл, уран зохиолын багш Алгаагийн Энхнаранд 1 сарын өмнө мэдэгдэж, хуульд заасан цалин, тэтгэмжийг өгсөн. Харин багш А.Э одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй /сургуулиас өгсөн зөөврийн компьютер бусад зүйлсийг хүлээлгэж өгөөгүй/ байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03266 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Эгийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Эг хариуцагч МУИСийн, Б-Э Лахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 758 947 төгрөгийг хариуцагч МУИСиас гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МУИСиас улсын тэмдэгтийн хураамжид 91 093 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд: 1. хяналтын шатны шүүх хариуцагчийг ИХШХШТХ-ийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 38.6-д зааснаар баримтаар нотолж чадаагүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд тухайн байгууллагын бүтцээс уг ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр тодорхой тоогоор цөөрсөн байх ёстой бөгөөд хэрэгт хариуцагч байгууллагад монгол хэл, уран зохиолын багшийн 1 орон тоог цөөрүүлсэн гэх баримт авагдаагүй гэжээ. /магадлалын 5 дугаар тал/ гэтэл хэрэгт үнэлүүлэхээр өгсөн баримтад БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын нормыг тогтоох...” журмын 2.11 дүгээр зүйлд “Багш 7 хоногт 19 цаг хичээл заахад зориулагдана”, - БЭЛАС, ЭБТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1 дүгээр заалтад “Багшийн 7 хоногийн хичээл заах цаг 19 байна” гэж заасан, - Сургалтын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн сургалтын менежерийн хийсэн үндсэн багшийн цагийн ноогдол, хуваарилалтаас харахад монгол хэл, бичгийн хичээл 7 хоногт 32 цаг, уран зохиолын хичээл 7 хоногт 12 цаг, нийтдээ 44 цаг байгаа нь тус сургуулийн 3 багшийн 7 хоногт заах сургалтын цаг зохих нормд хүрэлцэхгүй болсон, - Тус сургуулийн удирдлага дээрхи мэргэжлийн багшийн тоог цөөрүүлэх нөхцөл үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоотыг 2017 оны 08 сарын 22-нд 146 тоот албан бичгээр Удирдах зөвлөлийн даргад хандан явуулсан. Удирдах зөвлөлийн дарга Ч.Ундрам 2017 оны 08 сарын 28-нд 5/2513 тоот албан бичгээр БСШУС-ын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалыг мөрдөн ажиллахыг БЭЛАС-ийн удирдлагад даалгасан, Энэ асуудлыг тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017 оны 08 сарын 31-ний өдөр монгол хэл, уран зохиолын багш Н.Саранчимэг, А.Э, Э.Одончимэг тус бүрийн мэргэжлийн ур чадвар, суралцагчдын сурлагын чанар, харилцаа зэргийг хэлэлцэн, А.Э багшийг ажилтны тоог цөөрүүлэхэд хамруулах шийдвэр гаргасан хурлын тэмдэглэлийг захиргаанд хүргүүлж МУИС-ийн захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулж А.Эг ажлаас чөлөөлсөн болно. Төрийн өмчийн боловсролын байгууллага төрөөс баримталж буй боловсролын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх спортын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаал гарснаар Б-Э Лахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн орон тоонд шууд нөлөөлсөн болно. 2. Магадлалд /5 дугаар нүүр/ Харин дээрхи тушаалд үндэслэн ажил олгогч нь өөрийн ажлын байрны орон тооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай шийдвэр гаргах боломжтой хэдий ч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэсэн тухайд: - БЭЛАС, ЭБТ-ийн удирдах зөвлөлийн даргын албан тоот Удирдах зөвлөлийн дарга Ч.Ундрам 2017 оны 08 сарын 28-нд 5/2513 тоот албан бичиг, - БЭЛАС, ЭБТ-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн хуралдааны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр зэрэг нь тухай тушаалыг үндэслэсэн байгууллагын шийдвэр юм. Давж заалдах шатны шүүх харин эсрэгээрээ ИХШХШТХ-ийн 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлгээ өгч чадаагүй байна. 1 орон тоо хасагдаж буй тохиолдолд хуучин ажилтнуудаас хэнийг сонгож үлдээх шалгуур журамлагдаагүй, энэ талаар байгууллагад дагаж мөрдөх тусгайлсан дотоод журам үйлчилдэг гэх байдал тогтоогдоогүй нөхцөлд өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах, хуульд тусгайлан заагаагүй шийдвэр авагдаагүй байна гэж үзэх нь үндэслэлгүй юм. Хариуцагч МУИС ХтХ-ийн дагуу тус хуулийн ерөнхий зохицуулалтад нийцүүлэн, ажилтны тоог цөөрүүлсэн шийдвэр, тухайн ажилтанд өгсөн мэдэгдэл, ажилтныг чөлөөлсөн тушаал зэргийг гаргасан болно. Аливаа шүүх, шүүгч, зөвхөн хууль дээдлэх, хуульд захирагдах зарчмаар ажиллах ёстой. Энэхүү үндэслэлүүдээр А.Эгийн нэхэмжпэлтэй хэргийг хяналтын шатны шүүх хянан хууль зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч МУИСд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Э.Энхнаран нь МУИСийн харьяа Б-Э Лахлах сургууль, Экологийн боловсролын төвд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан ба МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/472 тоот тушаалаар Б-Э Лахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ноогдол хүрэлцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. Ажил олгогчийн тушаалын үндэслэл нь “орон тоог цөөрүүлсэн” агуулгатай болохыг давж заалдах шатны шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зохицуулалтын дагуу дүгнэсэн байна.

Хариуцагч нь тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг баталж, монгол хэл бичгийн хичээл 7 хоногт 32 цаг, уран зохиолын хичээл 7 хоногт 12 цаг, нийтдээ 44 цаг байгаа нь тус сургуулийн 3 багшийн 7 хоногт заах сургалтын цаг, нормод хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх талаар Удирдах зөвлөлд хандсан, манай сургуулийн дотоод журмын 9.1.1-д зааснаар “багшийн 7 хоногийн хичээл заах цаг нь 19” байдаг, Удирдах зөвлөлийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/2513 тоот албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалыг мөрдөн ажиллахыг манай сургуулийн удирдлагад даалгасан тул сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар монгол хэл, уран зохиолын 3 багшийн мэргэжлийн ур чадвар, суралцагсдын сурлагын чанар, ёс зүй, зан харилцаа зэргийг харгалзан А.Э багшийг орон тоо цөөрүүлэхэд хамруулахаар шийдвэрлэж, МУИС-ын захиргаа, хүний нөөцөд хандсан, МУИС-ийн захирал тушаалаа гаргасан гэжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/61 дугаар тушаалаар баталсан 2017-2018 оны хичээлийн хөтөлбөрт монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг багассан, үүний улмаас багшийн орон тоог цөөрүүлэх үндэслэл үүссэн байдал тогтоогдож байгаа хэдий ч орон тоог цөөрүүлэх талаар эрх бүхий этгээд шийдвэр гаргаагүй тул ажил олгогчийн тушаалыг хуульд нийцээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр батлан мөрдөж байгаа Б-Э Лахлах сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.5, 1.6-д хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд болох ажил олгогч ба багш, ажилтнуудын хооронд үүссэн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна гэж заасан, багшийг ажилд авах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд МУИС-ийн захирал тушаал гаргах эрх бүхий этгээд болох талаар дотоод журмын 8-д тус тус заасан байх боловч орон тоо цөөрсөн тохиолдолд ямар албан тушаалтан, ямар журмаар шийдвэр гаргах талаар болон сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөл орон тоог цөөрүүлэх талаар шийдвэр гаргах эрхтэй эсэхийг тогтоосон зохицуулалт байхгүй байна. /хх-97-103/

Байгууллагын бүтэц дэх адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасах тохиолдолд ийнхүү орон тоог цөөрүүлэх болсон шалтгаан үндэслэлээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан шаардлагад нийцнэ.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал үндэслэлгүй тул  нэхэмжлэгч А.Эг Б-Э Лахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА