Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03266

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: МУИС –д  холбогдох

 

Монгол Улсын Их сургуулийн харьяа Байгал-Эх лицей ахлах сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Э  нь 2010 оноос эдүгээ хүртэл МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй багш юм.

Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/472 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, 43 дугаар зүйл, БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4/61 дүгээр тушаал, Байгал-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/19 дүгээр мэдэгдлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаалыг хуулийн үндэслэлгүй, асуудлыг тодруулан, баримтыг үндэслэн гаргаагүй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийн гаргахад хүрч байна.

Экологийн боловсролын төвийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд уламжилсан. Энэхүү хуралд намайг оролцуулалгүй шийдээд зогсохгүй, тус сургуулийн монгол хэл, монгол бичиг, уран Зохиолын багшийн 3 орон тооноос миний ажлын байрыг сонгон цөөлөх болсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.011.682 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг барьсан. Энэ заалтад 8 үндэслэл байгаа. Эдгээрийн алийг барьсан нь тодорхойгүй байгаа учир тушаал хууль зүйн үндэслэлгүй, тавигдах шаардлага хангаагүй байна.

Мэдэгдэл өгснийг харахад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоог цөөрүүлсэн байна гэж харж байгаа юм. Ингээд харахаар тушаалын нэг дэх үндэслэлтэй тохирохгүй. Нэг дэх үндэслэл нь уран зохиолын багшийн ногдол хүрэлцэхгүй байгаа тул гэсэн байгаа. Тэгэхээр монгол хэл, уран зохиолын багшийн ногдол хүрэлцэхгүй байгаа гээд ажлаас чөлөөлдөг ямар ч үндэслэлд Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1-д байхгүй. Ингээд орон тоо цөөрүүлсэн юм байна гээд харахаар Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.2-т орон тоо цөөрүүлэх гэдгийг тайлбарласан байдаг. Тэгэхээр ямар нэгэн орон тоог цөөрүүлье гэсэн бүтэц зохион байгуулалтын бүтэц нь 3 байсныг 2 болгосон талаар гаргасан тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй. Үндэслэл нь БСШУ яамны А/61 гэсэн тушаалыг үндэслэсэн байдаг. Энэ нь тушаал нь сургалтын төлөвлөгөөг баталсан тушаал байгаа. Сургалтын төлөвлөгөөнд норм багассан байж болно. Гэхдээ энэ нь ялимгүй буюу 2 цагийн зөрүү байгаа. Энэ 2 цагийн зөрүү нь Хөдөлмөрийн хуулийн 5.1-д зааснаар ажилтныг ажил үүргээр хангах эрх нь ажил олгогчид байгаа.

Хөдөлмөрийн хуулийн 5.2-т зааснаар ажил олгогч ажлаар хангах үүрэгтэй. Тэгэхээр энэ 2 цагийг илүү цагаар ч юм уу, сонгон, дугуйлан хичээлүүлэх байдлаар нөхөх боломжтой. Эсвэл нөхөхгүйгээр 3 багш ажиллуулах боломжтой байгаа.  Байгаль Эх лицей дунд сургуулийн бүтэц орон тоог МУИС-ийн захирал баталдаг. Тэгэхээр МУИС-ийн захирлаас бүтэц орон тоог цөөрүүлэх талаар асуухад өөрсдөө дотооддоо шийдвэрлэ, бид шийдвэрлэхгүй гэсэн байдлаар хандсан байдаг. Үүнээс харахад бүтэц орон тоог цөөлөх шийдвэр байдаггүй юм гэдэг нь харагддаг.

 Тэгэхээр ногдол цаг хүрэлцэхгүй гэдэг байдлаар бүтэц орон тоог цөөрүүлэх үндэслэл болохгүй, мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1-д зааснаар халах үндэслэл болохгүй гэсэн хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “МУИС-иин харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн багш А.Э  өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан МУИС-ийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

МУИС-ийн харъяа Байгаль-Эх лицей ахлах сургууль нь монгол хэл, уран зохиолын 3 багштай бөгөөд өмнөх жилүүдэд БСШУС-ын сайдын 2016 оны А/275 тушаал, А/103 дугаар тушаалуудаар батлагдсан ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн монгол хэл, уран зохиолын 3 багшийн цаг хүрэлцээтэй байсан.

БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын нормыг тогтоох.. ” журмын 2.11-д “Багш 7 хоногт 19 цаг хичээл заахад зориулагдана” БЭЛАС, ЭБТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д “Багшийн 7 хоногийн хичээл заах цаг 19 байна” гэж заасан байдаг. Гэтэл БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан.

Сургалтын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу БЭЛАС-ийн сургалтын менежерийн хийсэн үндсэн багшийн цагийн ноогдол, хуваарилалтаас харахад монгол хэл, бичгийн хичээл 7 хоногт 32 цаг, уран зохиолын хичээл 7 хоногт 12 цаг, нийтдээ 44 цаг байгаа нь тус сургуулийн 3 багшийн 7 хоногт заах сургалтын цаг зохих нормд хүрэлцэхгүй болсон.

Тус сургуулийн удирдлага дээрхи мэргэжлийн багшийн тоог цөөрүүлэх нөхцөл үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоотыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 146 тоот албан бичгээр Удирдах зөвлөлийн даргад хандан явуулсан. Удирдах зөвлөлийн дарга Ч.Ундрам 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/2513 тоот албан бичгээр БСШУС-ын сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалыг мөрдөн ажиллахыг БЭЛАС-ийн удирдлагад даалгасан.

Энэ асуудлыг тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017 оны 08 дугаар сарын 31- ний өдөр монгол хэл, уран зохиолын багш Н.Саранчимэг, А.Э , Э.Одончимэг тус бүрийн мэргэжлийн ур чадвар, суралцагчдын сурлагын чанар, харилцаа зэргийг хэлэлцэн, А.Э  багшийг ажилтны тоог цөөрүүлэхэд хамруулах шийдвэр гаргасан хурлын тэмдэглэл, багш А.Э , Н.Саранчимэг, Э.Одончимэг нарын мэргэжлийн ур чадвар, ажлын амжилт, хариуцлагыг илтгэсэн баримтууд, МУИС-ийн захиргаа, хүний нөөцийн албанд хандсан 152 дугаар албан бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Багш А.Э  МУИС-ийн захиргаанд гаргасан хүсэлтийн хариуг албан бичгээр өгсөн.

Багш А.Э  4 үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1. ЭЕШ-ын оноог бууруулсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Стандарт агуулга ордог сурагчдын амжилт нь Улс, нийслэлийн дунджаас илүү гардаг ” гэжээ.

Хариу тайлбар: БЭЛАС-ийн монгол хэл уран зохиолын 3 багш бүгд стандарт агуулга ордог, БЭЛАС-ийн нийт багш нарын сурагчдын амжилт нь Улс, нийслэлийн дунджаас илүү гардаг. Ажлаас чөлөөлөх үндэслэл нь БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тушаалаар сургалтын төлөвлөгөөг шинэчилснээр тус сургуулийн монгол хэл уран зохиолын 3 багшийн цагийн норм хүрэлцэхгүй болсон явдал юм. ЕБС-ийн багшийн ажлын амжилт, ур чадварын гол үзүүлэлт нь ЭЕШ-ын оноо байдаг тул энэ нь БЭЛАС-ийн нэг мэргэжлийн 3 багшийн мэргэжлийн ур чадварыг харьцуулах нэг үзүүлэлт юм. Багш А.Э  заадаг хичээлээрээ төгсөгчдийн ЭЕШ-ын оноог 2013, 2016 онуудад 23-26,9 оноогоор бууруулсан. Багш Э.Одончимэг 2014, 2017 онуудад 21,6-39,9 оноогоор өсгөсөн, Багш Н.Саранчимэг төгсөлт хийгээгүй. Энэ хичээлийн жилд анхны төгсөлт хийгдэнэ. Энэ үзүүлэлтийг сургалтын менежер Т.Буяндэлгэрийн судалгаа, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харж болно.

2. Сурагчид өөрөөр нь хичээл заалгахгүй гэж хүсэлт гаргасан талаар хэлээгүй, харин ч сайн багш гэж шагнагдаж байсан гэж байна. 

Хариу тайлбap: Хичээл заадаг 2 ангийн /11в, 11 г/ суралцагчид багш А.Э гаар хичээл заалгамааргүй байна гэсэн хүсэлтийг БЭЛАС-ийн удирдлагад бичгээр өгсөн байдаг. Тус сургуулийн захирал, сургалтын менежер нар сурагчдын эцэг эхийн төлөөлөлтэй уулзах үеэр хүүхдүүдийн бичсэн үнэн болохыг баталсан уулзалтын тэмдэглэл байдаг. Суралцагч, эцэг эхийн шаардлагаар багш А.Э гийн хичээлийг багш М.Саранчимэгт шилжүүлж байсан байна. Сургалтын менежер Т.Буяндэлгэр багш А.Э д энэ талаар мэдэгдэж байсныг хамт нэг өрөөнд суудаг багш Х.Энхбулганы цахим захианаас харж болно Багш Э.Одончимэг, Н.Саранчимэг нарын талаар сурагчид, эцэг эхээс гомдол гаргадаггүй, ажлын хариуцлага, амжилтаар сайн багш нар болохыг захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл, 2 багшийн өөрийн болон сурагчдынх нь амжилтаас харж болно.

3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг. Сургуулийн удирдлага дэмждэггүй гэсэн байна.

Хариу тайлбар: Сургуулийн удирдлагаас БСШУЯам болон бусад газраас зохион байгуулдаг арга хэмжээнд оролцох бололцоог А.Э  багшид /Тухайлбал Хятад улсад туршлага солилцох сургалтад хамрагдах зардлыг сургуулиас гаргасан/ олгодог. Харин сургуулийн удирдлагаас зохиосон ажлууд, заах аргын нэгдлийн ажилд оролцдоггүйг захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл, бусад баримтуудаас харж болно. Тухайлбал: Сургуулийн удирдлагаас зохион байгуулсан “Тайлант өдөрлөг”-т хуваариласан ажил үүргийг биелүүлээгүй, МУИС-тай хамтран багш нарыг хөгжүүлэх чадваржуулах зорилготой “Судалгаат хичээл” үйл ажиллагаанд оролцоогүй, спорт зөвлөлийн гишүүний хувьд нийт багш нарын дунд явагдсан “Спорт өдөрлөг” тэмцээнийг зохион байгуулахад оролцоогүй, заах аргын нэгдлийн 2016 оны 12 дугаар сарын 05; 2017 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 03 дугаар сарын 29; 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлуудыг тасалсан зэрэг баримтууд байна. Харин багш Э.Одончимэг, Н.Саранчимэг нар удирдлага, хамт олноос зохиосон аливаа ажилд оролцдог.

4. Ёс зүйг баримталж ирсэн гэжээ.

Хариу тайлбар: Харилцааны доголдолтой багш болохыг суралцагчдын өргөдөл, эцэг эхийн тэмдэглэл, захирлын дэргэдэх хурлын тэмдэглэлд тодорхой дурдсан байна. Харин багш Э.Одончимэг, Н.Саранчимэг нар багшийн ёс зүйг сахидаг багш нар болохыг хавсралт баримтанд тодорхой дурдсан байна.

Ийнхүү МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын 3 багшаас багш А.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм.

БСШУС-ын тушаал, ЕБС-ийн багшийн цагийн ноогдлыг заасан эрх зүйн баримт бичгүүд, БЭЛАС-ийн хөдөлмөрийн дотоод журам болон бусад хавсаргасан баримт зэргийг нягтлан үзсэний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын “ажилтны тоог цөөрүүлэх” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Мөн хуулийн 40.5 дугаар заалтын дагуу БЭЛАС-ийн монгол хэл, уран зохиолын багш Алгаагийн Энхнаранд 1 сарын өмнө мэдэгдсэн, хуульд заасан цалин, тэтгэмжийг өгсөн. Харин багш А.Э  одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй /сургуулиас өгсөн зөөврийн компьютер бусад зүйлсийг хүлээлгэж өгөөгүй/ байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтын дагуу ажилтны тоог цөөрүүлэх үндэслэлээр ажилтан А.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан МУИС-ын захирлын тушаал нь хөдөлмөрийн хуулийн дагуу зохих ажиллагааг хийсний үндсэн дээр гарсан захиргааны акт болно.

Иймээс А.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.Э  нь хариуцагч МУИС  д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/61 дугаар тушаалаар Байгаль эх лицей ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, уран зохиол, Монгол хэл, бичгийн хичээлийн цагийг багасгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн б/472 тоот тушаалын 1 дэх заалтаар “Байгаль-Эх лицей сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ногдол хүрэлцэхгүй байгаа тул тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш А.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож, багшийн ажлаас чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, БСШУС-ын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаал, Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсрол төвийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.Э г ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 8 дахь тал/

 

Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн б/472 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 гэж бичсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ямар зүйл заалтыг барьсан нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг тодорхой дурдах ёстой бөгөөд Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн б/472 тоот тушаалын үндэслэх хэсэгт баримталсан бусад зүйлтэй харьцуулан үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан тушаал гаргасан, техник шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч А.Э д гардуулсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл”-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт...” гэж дурдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заажээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/103 тоот “Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө” тушаалын хавсралтаар “...Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээл нийт тус бүр 78 цаг”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/275 тоот “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар “Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээл нийт11 дүгээр ангид 140 цаг, 12 дугаар ангид 140 цаг” тус тус заахаар төлөвлөсөн байна. /хх-ийн 87-92 дахь тал/

 

Дээрхи сургалтын төлөвлөгөөг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот Байгаль-Эх лицей ахлах сургуулийн “Сургалтын төлөвлөгөө батлах тухай” тушаалын хавсралтаар “Уран зохиолын хичээлийн цагийг 10 дугаар ангид 35 цаг, 11 дүгээр ангид 35 цаг, 12 дугаар ангид 35 цаг, Монгол хэл, бичгийн хичээлийг 10 дугаар ангид 105 цаг, 11 дүгээр ангид 70 цаг, 12 дугаар ангид 70 цаг” байхаар тогтоож, хичээлийн цагийг багасгасан байна болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 104-105 дахь тал/

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож, олгох” журмын хавсралтын 2.11-д “сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх хэмжээний стандартыг хэрэгжүүлэх ажил 6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана” гэж заасан байна. /хх-ийн 95-96 дахь тал/

 

Эрх бүхий байгууллагаас сургалтын төлөвлөгөөг батлахдаа хичээлийн цагийг багасгаж, нэг багшийн 7 хоногт гүйцэтгэх цагийн ачааллыг гүйцэтгэх боломжгүй болсон нь орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот Байгаль-Эх лицей ахлах сургуулийн “Сургалтын төлөвлөгөө батлах тухай”-тушаалд хичээлийг цагийг багасгаж баталсан тул Монгол Улсын Их сургуулийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах шаардлагагүй, мөн багшлах бүрэлдэхүүний хэнийг ажлаас чөлөөлөх нь захиргааны эрх хэмжээний асуудал юм.

 

Хариуцагч МУИС   нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2017/19 дугаар Мэдэгдлийг нэхэмжлэгч А.Э д гардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцэж байна. /хх-ийн 7 дахь тал/

 

Иймд нэхэмжлэгч А.Э гийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Э гийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР