Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01770

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01770

 

 

 

 

 

                                           Д.Мын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01466 дугаар шийдвэртэй, Д.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч “Э И” ХХК-д холбогдох 30 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.М би “Э И”ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээгээр \3600 СС хөдөлгүүртэй, саарал өнгийн VIN:WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай Cayenne\  2008 оны автомашиныг 190 000 000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 30 000 000 төгрөг төлж, түрээсийн хугацаа 8 сарын дотор түрээсийн зүйлийн хэсгийг төлж дуусгах байсан боловч эрхэлж байсан бизнес алдагдал хүлээж, түрээс төлөх хугацааг хожимдуулсан. Энэ байдлыг түрээслүүлэгч тал эс зөвшөөрч, нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, автомашиныг буцаан авсан. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д заасны дагуу цөөхөн ашигласан автомашинд элэгдэл тооцогдохгүй, хариуцагч нь надаас буцаан авсан автомашиныг анх үнэлсэн 190 000 000 төгрөгөөс буулгалгүйгээр түрээсэлсэн тухай мэдсэн. Түрээсийн зүйлийн үнийн хэсэгт төлснийг санхүүгийн түрээсэндээ суутгаж, урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцааж авах саналтай байгаа бөгөөд түрээслэгч Д.М намайг илт хохироосон байх тул урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

           

            Хариуцагчийн тайлбарт:  2015 оны 11 сарын 03-ны өдөр “Энэрэл Интернэшл" ХХК нь иргэн Д.Мтай Cayenne маркийн WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай автомашиныг 190 000 000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 30 000 000 төгрөг, түрээсийн хугацаа 8 сар байх нөхцөлтэйгээр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Түрээслэгч Д.М нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийн нөхцөлийг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Энэ талаар бид түрээслэгчид цаг тухайд нь сануулж, мэдэгдэж байсан. Гэтэл түрээслэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээний 12.5. b-д зааснаар “... урьдчилгаа төлбөр, аливаа түрээсийн төлбөр /аливаа зохицуулалтын хөлсийг оруулан/ болон гэрээ цуцлагдахаас өмнө түрээслэгч, түрээслүүлэгчид төлсөн аливаа бусад үнийн дүнг түрээслэгчид буцаан олгохгүй” талаар мэдэгдэж автомашиныг бүр мөсөн буцаан авсан. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч буюу “Э И” ХХК нь түрээслэгч талаас шаардаж болох хэмжээг зохицуулсан хуулийн зохицуулалт байхад үүгээр урьдчилгаа төлбөрийг шаардах нь үндэслэлгүй. Талууд “гэрээний чөлөөт байдал”-ын зарчмын хүрээнд гэрээний 12.5.(b)-д зааснаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч буцаан авсан автомашиныг 190 000 000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн тухай мэдсэн гэх тайлбараа нотлох үүрэгтэй. Түрээсийн зүйл болох автомашиныг бид цааш нь 140 000 000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

                       

                Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар  зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Э И” ХХК-аас 29 152 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 847 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303 712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь гэрээтэй холбоотой эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гадаад, дотоод хүсэл зоригийн илэрхийллийн хүрээнд талууд бүх нөхцлийг зөвшөөрч Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээг байгуулсан. Мөн санхүүгийн түрээсийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээний гол мөн чанарыг ялгалгүйгээр дүгнэлт хийсэн. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь худалдах худалдан авах гэрээнээс үүсэж буй үүргийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал үнийн зүйлийн төлбөр төлөх зохицуулалтаараа ялгардаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний зүйлийг авсан даруйдаа үнийг бүтнээр нь төлдөг бол санхүүгийн түрээсийн гэрээ нь авсан даруйдаа бус харин хожим хэсэгчлэн тухайн гэрээний зүйл болох түрээсийн зүйлийг ашигласан төлбөрийг төлдөг. Гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх байдлаараа ялгардаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ нь тухайн гэрээний зүйлийг худалдан авагчид өмчлөх эрхийг шууд шилжүүлдэг бол санхүүгийн түрээсийн гэрээ нь зөвхөн түрээслэгчийн эзэмшил ашиглатанд тухайн хөрөнгийг шилжүүлж талууд тохиролцож хожим өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байж болдог. Гэрээг байгуулахдаа талууд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх” шаардлагыг хангаж байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусах үед түрээслэгчид шилжүүлэх нөхцөл гэрээнд тусгагдсаныг худалдах худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй. Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасан бусад бүх нөхцөл хэлбэрийг хангаж, төлбөрийг тогтоосон хугацаанд хэсэгчлэн тогтмол төлж байгаа нь санхүүгийн түрээсийн гэрээний шинж болно. Түрээслэгч Б.Мэндбаярын зүгээс төлсөн мөнгө нь тухайн автомашиныг тухайн хугацаанд ашигласны төлөө төлсөн мөнгөн дүн бөгөөд энэ нь талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсаныг нотолж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудьг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнэх, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлэх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч буцаан авсан тээврийн хэрэгслийг цаашид худалдан борлуулахдаа 140 000 000 төгрөгөөр борлуулсан эсэхийг хэрэгт авсан нотлох баримтгүйгээр дүгнэснээр мөн дээрх шаардлагуудыг хангаагүй.

Шүүхийн тухайн түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслийг худалдахаар харилцан тохиролцсон гэж үзэн орлогоос илүү гарсан төлбөрийг түрээслэгчид гарган өгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн үндэслэл болгож буй санхүүгийн түрээсийн гэрээний 12.7 дахь заалтын урьдчилсан нөхцөл нь гэрээний 12.6-д заасан эд хөрөнгийг борлуулсан орлого юм. Гэрээний 12.6 дахь эд хөрөнгийг худалдан борлуулсан орлого гэдэгт “түрээслэгчийн бусад хөрөнгийг худалдан түүнээс олсон орлого”-г хамааруулж авч үзэхээр заасан. Түрээслүүлэгч түрээсийн зүйлийг түрээслэгчээс буцаан авах үед гэрээний дагуу түрээслэгч төлбөрөө төлөөгүй хугацаа хожимдуулсан зэрэг гэрээгээ зөрчсөн үйлдэл нь түрээсийн зүйлтэй холбогдох аливаа (засвар, үйлчилгээ гэх мэт) төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байгаа бол түрээслэгчийн бусад хөрөнгийг худалдан барагдуулахаар заасан байна. Тухайн автомашин нь түрээслэгчийн хөрөнгө бус манай байгууллагын хөрөнгө бөгөөд харин түрээслэгчийн хувийн эд хөрөнгийг худалдан борлуулсанаар түрээслүүлэгч автомашинтай холбогдох зардал төлбөрийг тухайн орлогоос суутгаж аваад илүү гарсан бол түрээслэгчид буцаан олгохоор гэрээний 12.7-д заасан байдаг. Гэтэл манай байгууллагын зүгээс автомашин буцаан авсан, түрээсийн төлбөр төлөх хугацааг удаа дараа хожимдуулсанаас үүдэх алданги зэргийг түрээслэгчээс шаардаагүй, түүний ямар ч эд хөрөнгийг борлуулаагүй. Иймд манай байгууллага өөрийн эзэмшлийн автомашиныг худалдан борлуулсан орлогын зөрүү мөнгийг буцаан түрээслэгчид олгох нь үндэслэлгүй бөгөөд бидний эрх ашгийг хөндөж байна үзэж байна. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 12.5 (b)-д зааснаар “энэ гэрээг цуцлах тохиолдолд урьдчилгаа төлбөр, аливаа түрээсийн төлбөр .... болон гэрээ цуцлагдахаас өмнө түрээслэгч түрээслүүлэгчид төлсөн аливаа бусад үнийн дүнг түрээслэгчид буцаан олгохгүй” гэж, мөн гэрээний 12.4-т “түрээслүүлэгч нь түрээслэгчид учирсан аливаа хохирлыг хариуцахгүй ” гэж тус тус заасан. Энэ нь талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр тохиролцож, хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг харуулж байна. Учир нь гэрээ цуцлахаас өмнө төлж буй мөнгөн дүн нь санхүүгийн түрээсийн гэрээ цуцлах хүртэлх хугацаанд автомашиныг түрээслэгч тал ашиглаж байсан түрээсийн төлбөр юм.

Түүнчлэн талууд шүүхийн шатанд гэрээг худалдах худалдан авах эсхүл санхүүгийн түрээсийн гэрээ гэдэг дээр маргаан үүсгээгүй бөгөөд хүчин төгөлдөр санхүүгийн түрээсийн гэрээг талууд байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх санаачилгаараа гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэж шийдвэр гаргаж, талуудын зөрчмыг зөрчиж байна. Иймд шийдвэрийн хариуцагч “Э И” ХХК-аас 29 152 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “Э И” ХХК-д холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “Э И” ХХК нь 3600 СС хөдөлгүүртэй, 2008 оны саарал өнгийн Cayenne маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.Мын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээгээр тогтоосон төлбөр 190 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд түрээсийн зүйлийн өртөг болон гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс төлж барагдуулснаар автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохирч гэрээ байгуулсан, хариуцагч “Э И” ХХК нь автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт  30 000 000 төгрөг, гэрээний хугацаанд 49 152 500 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс хариуцагч  автомашиныг хураан авсан нь нотлогдсон байх ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Шүүх хариуцагч талаас 29 152 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчид санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан талаар маргаагүй байхад талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь буруу. Лизинг авагч нь түрээсийн төлбөр төлснөөр гэрээний зүйлийг худалдан авахаар тохирсон тул гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

           

Гэрээний дээрх тохиролцоо болон зохигчдын давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн “190 000 000 төгрөгт автомашины үнээс гадна хүү, бусад зардал орсон” гэх тайлбараас үзэхэд түрээсийн төлбөрийн хэмжээг гэрээний зүйлийн өртөг болон түрээслүүлэгчийн ашгийг хамтад нь тооцох замаар тогтоосон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-7.1.2 дах хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр, түрээсийн хүүгээс бүрдэнэ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зохигчид гэрээний үнийг 190 000 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийн 30 000 000 төгрөгөөс гадна 49 152 500 төгрөг төлсөн боловч гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээний 12.2.d-д зааснаар түрээслүүлэгч гэрээг цуцлан автомашиныг буцаан авснаар гэрээ дуусгавар болж, тэрээр  автомашиныг бусдад 140 000 000 төгрөгөөр худалдсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, гэрээний 12.7 дахь хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрийн 30 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний 12.7 дахь хэсгээр .., эд хөрөнгийг борлуулсан орлогоос түрээслүүлэгч гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнг бүрэн олж авсан бол илүү гарсан үнийн дүнг  түрээслэгчид буцаан олгоно гэж тохиролцсон байна.

 

            Шүүх автомашин худалдсан үнэ, түрээсийн төлбөрт төлөгдсөн дүн болоод урьдчилгаа төлбөрийн нийт дүнгээс гэрээний нийт үнийг хасч зөрүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 712 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                    

            

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                   А.МӨНХЗУЛ