Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2019/01466

 

2019 оны 06 сарын 24 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01466

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, .. тоот хаягт оршин суух, Д.М -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ... хаягт байрлах “Э” ХХК -д холбогдох,

 

30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөв.                                                        

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Д.М би “Э” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр \3600 СС хөдөлгүүртэй,саарал өнгийн VIN:WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай Cayenne\  2008 оны автомашиныг 190 000 000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 30 000 000 төгрөг төлж, түрээсийн хугацаа 8 сарын дотор түрээсийн зүйлийн хэсгийг төлж дуусгах байсан ба эрхэлж байсан бизнес алдагдал хүлээж, түрээс төлөх хугацааг хожимдуулсан. Энэ байдлыг түрээслүүлэгч тал эс зөвшөөрч, нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, автомашиныг буцаан авсан юм. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “... санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ...” гэсний дагуу цөөхөн ашигласан автомашинд элэгдэл тооцогдохгүй, надаас буцаан авсан автомашиныг анх үнэлсэн 190 000 000 төгрөгөөс буулгалгүйгээр түрээсэлсэн тухай мэдсэн. Түрээсийн зүйлийн үнийн хэсэгт төлснийг Санхүүгийн түрээсэндээ суутгаж, урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцааж авах саналтай байгаа бөгөөд түрээслэгч Д.М намайг илт хохироосон байх тул урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

          

 

            Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

            2015 оны 11 сарын 03-ны өдөр Э ХХК нь иргэн Д.Мтай Cayenne маркийн WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай автомашиныг 190 000 000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 30 000 000 төгрөг, түрээсийн хугацаа 8 сар байх төлбөрийн нөхцөлтэйгээр Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж уг машиныг Д.М нь авсан. Түрээслэгч Д.М нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийн нөхцөлийг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн байдаг. Энэ талаар бид турээслэгчид цаг тухайд нь удаа дараа сануулж, мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч түрээслэгч нь гэрээнд зааснаар төлбөр төлөөгүй тул гэрээний 12 дугаар зүйлийн 5-ийн b-д зааснаар “...Урьдчилгаа төлбөр, аливаа түрээсийн төлбөр /аливаа зохицуулалтын хөлсийг оруулан/ болон гэрээ цуцлагдахаас өмнө түрээслэгч, түрээслүүлэгчид төлсөн аливаа бусад үнийн дүнг түрээслэгчид буцаан олгохгүй” талаар мэдэгдэж автомашиныг бүр мөсөн буцаан авсан байдаг.

 

            Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 315.1-т зааснаар түрээслүүлэгч буюу Энэрэл интернэшнл ХХК нь түрээслэгч талаас шаардаж болох хэмжээг зохицуулсан хуулийн зохицуулалт байхад үүгээр урьдчилгаа төлбөрийг шаардах нь үндэслэлгүй байна.Гэрээний эрх зүйн “Гэрээний чөлөөт байдал” зарчмын хүрээнд талуудын тохиролцоонд гэрээний 12-р зүйлийн 5-ийн (b)-т зааснаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн дурьдаж буйгаар буцаан авсан автомашиныг 190 000 000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн тухай мэдснээ нэхэмжлэгч тал нотлох үүргийн хүрээнд хүлээнэ гэж үзэж байна. Түрээсийн зүйл болох автомашиныг бид цааш нь 140 000 000 төгрөгөөр худалдсан. Манай өмч тул хариуцагч өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

                      

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Д.М нь гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 30 000 000 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

 

 

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

           Нэхэмжлэгч  Д.М “... эрхэлж байсан бизнес алдагдал хүлээж, түрээс төлөх хугацааг хожимдуулсан. Энэ байдлыг түрээслүүлэгч тал эс зөвшөөрч, нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, автомашиныг буцаан авсан, гэрээний дагуу 30 000 000 төгрөгт тооцон авто машин, бэлнээр 49 152 500 төгрөг нийт 79 152 500 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн, гэрээг цуцалсан тул гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэж тайлбарладаг.

 

 

 

            Хариуцагч “Э” ХХК нь “... нэхэмжлэгч Д.М санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, төлбөр төлөх хуваарь зөрчсөн тул гэрээг цуцалж, гэрээний зүйлийг буцаан авсан ба гэрээний 12 дугаар зүйлийн 5-ийн (b)-т зааснаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс хурааж авсан тээврийн хэрэгслийг 140 000 000 төгрөгөөр худалдсан, гэрээний зүйл манай өмч тул бид захиран зарцуулах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

 

 

         “Э” ХХК болон Д.М нарын хооронд  2015 оны 11 дүгээр сарын 03-ны FLA№.001 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ” /хх-6-16/ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, “Э” ХХК нь Д.Мт  3600 СС хөдөлгүүртэй, саарал өнгийн VIN:WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай Cayenne маркийн тээврийн хэрэгслийг 8 сарын хугацаатай, 190 000 000 төгрөгөөр, түрээсийн зүйлийн өртөг болон түрээсийн төлбөрийг хэсэгчлэн буюу бүрэн төлөөгүй үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн түрээсийн төлбөрийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор, түрээсийн зүйлийн өртөг болон гэрээний дагуу төлөх ёстой бусад төлбөрийг бүрэн барагдуулж төлснөөр өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.

 

 

 

        Санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэртэй байгуулсан  талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь заалтад заасан  худалдах-худалдан авах гэрээний харилцаа байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний  хэлбэр, нөхцөлд тавигдах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ  байна.

 

 

 

         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь заалтад “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”  гэж заажээ.

 

 

 

          Санхүүгийн түрээсийн гэрээ нь талууд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авах  биш, харин эд хөрөнгийг бусдын санхүүжилтийн тусламжтайгаар эзэмшиж, ашиглах буюу хөлслөх, түрээслэх боломжийг бий болгож байгаа нь уг гэрээний үндсэн шинж, зорилго нь юм. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний зорилго нь түрээслэгч буюу хариуцагч Д.М 3600 СС хөдөлгүүртэй, саарал өнгийн VIN:WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай Cayenne маркийн тээврийн хэрэгслийн үнийг гэрээнд заасан тодорхой цаг хугацааны туршид хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлснөөр өөрийн өмчлөлдөө шилжүүлж байгаа нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй байх ба зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээгээр  төлбөрийг төлснөөр түрээслэгчийн өмчлөлд нь шилжүүлэхийг гол хүсэл зорилгоо болгосон байх тул  худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

           Нөгөөтэйгүүр санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр нь эд зүйлийг бусдын эзэмшил, ашиглалтанд шилжүүлсний хөлс байдаг. Харин худалдах-худалдан авах гэрээний төлбөр нь тухайн хөрөнгийн үнэ байдаг. Иргэний хуулийн санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалт нь эд хөрөнгө хөлслөх гэрээний бүлэгт багтаж зохицуулагддаг бөгөөд гэрээний дагуу түрээсэлж буй эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг авдаг билээ. Тэгвэл талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр гэрээний зүйлийн үнийг авч байна.

 

 

 

        Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т  гэрээний хугацаа 8 сар байх ба  гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  дууссан учраас нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байх тул хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.2-ын (d) хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний зүйлийг буцаан авах эрхтэй байна.

 

 

 

         Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.7-д “ ... эд хөрөнгийг борлуулсан орлогоос Түрээслүүлэгч энэхүү Гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнг бүрэн олж авсан бол Түрээслүүлэгч илүү гарсан Түрээслэгчид буцаан олгоно” гэж заасан байна.

 

 

 

        Иймд хариуцагч 3600 СС хөдөлгүүртэй, саарал өнгийн VIN:WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай Cayenne маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.Маас хураан авч бусдад 140 000 000 төгрөгөөр худалдсан гэх хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх ба анх нэхэмжлэгчид гэрээний зүйлийг 190 000 000 төгрөгөөр худалдахаар  харилцан тохиролцсон тул борлуулсан орлогоос илүү гарсан төлбөр 29 152 500 /  219 152 500 (140 000 000 + 79 152 500) – 190 000 000 = 29 152 500/  төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

 

 

          Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч үүрэг зөрчснөөс үүссэн хохирлыг нэхэмжлэгчээс суутган авах үндэслэлтэй байна.

 

 

 

            Иймд хариуцагч  “Э” ХХК-иас 29 152 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 847 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

 

 

                                                                                                        ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар  зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 29 152 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 847 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303 712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ