Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00353

 

Д.Мэндбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01466 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1770 дугаар магадлалтай,

Д.Мэндбаярын нэхэмжлэлтэй,

Энэрэл Интернэшнл ХХК-д холбогдох,

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Энэрэл Интэрнэшнл ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр \3600 СС хөдөлгүүртэй, саарал өнгийн VIN:WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай Cayenne\ 2008 оны автомашиныг 190.000.000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 30.000.000 төгрөг төлж, түрээсийн хугацаа 8 сарын дотор түрээсийн зүйлийн хэсгийг төлж дуусгах байсан боловч эрхэлж байсан бизнес алдагдал хүлээж түрээс төлөх хугацааг хожимдуулсан. Энэ байдлыг түрээслүүлэгч тал эс зөвшөөрч, нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, автомашиныг буцаан авсан. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д заасны дагуу цөөхөн ашигласан автомашинд элэгдэл тооцогдохгүй, хариуцагч нь надаас буцаан авсан автомашиныг анх үнэлсэн 190,000,000 төгрөгөөс буулгалгүйгээр түрээсэлсэн тухай мэдсэн. Түрээсийн зүйлийн үнийн хэсэгт төлснийг санхүүгийн түрээсэндээ суутгаж, урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцааж авах саналтай байгаа бөгөөд түрээслэгч Д.Мэндбаяр намайг илт хохироосон байх тул урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 Хариуцагч Энэрэл Интернэшнл ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компани нь иргэн Д.Мэндбаяртай Cayenne маркийн WPIZZZ92ZGLA04100 арлын дугаартай автомашиныг 190.000.000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 30.000.000 төгрөг, түрээсийн хугацаа 8 сар байх нөхцөлтэйгээр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Түрээслэгч Д.Мэндбаяр нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийн нөхцөлийг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Энэ талаар бид түрээслэгчид цаг тухайд нь сануулж, мэдэгдэж байсан. Гэтэл түрээслэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээний 12.5. b-д зааснаар ...урьдчилгаа төлбөр, аливаа түрээсийн төлбөр болон гэрээ цуцлагдахаас өмнө түрээслэгч, түрээслүүлэгчид төлсөн аливаа бусад үнийн дүнг түрээслэгчид буцаан олгохгүй талаар мэдэгдэж автомашиныг бүр мөсөн буцаан авсан. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч буюу Энэрэл интернэшнл ХХК нь түрээслэгч талаас шаардаж болох хэмжээг зохицуулсан хуулийн зохицуулалт байхад үүгээр урьдчилгаа төлбөрийг шаардах нь үндэслэлгүй. Талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний 12.5.(b)-д зааснаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч буцаан авсан автомашиныг 190,000,000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн тухай мэдсэн гэх тайлбараа нотлох үүрэгтэй. Түрээсийн зүйл болох автомашиныг бид цааш нь 140,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01466 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар  зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Энэрэл Интернэшнл ХХК-аас 29,152,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мэндбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 847,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303,712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1770 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,712 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж зөвтгөж дүгнэсэн атлаа, тухайн гэрээний харилцааг өөрчилсөнтэй холбоотойгоор үүсэх үр дагаварт нь ямар нэг дүгнэлт өгөлгүйгээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 буюу гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварын хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Энэрэл Интернэшл ХХК нь Д.Мэндбаяртай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан байдаг бөгөөд ийнхүү цуцлах болсон шалтгаан нь түүний гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс үүдэлтэй юм. Иргэний хуулийн 312.1-т заасан санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн үүрэг нь түрээслүүлэгч болох Энэрэл Интернэшнл ХХК нь түрээслэгч болох Д.Мэндбаярт тухайн гэрээний зүйл болох автомашиныг ямар нэг доголдолгүйгээр эзэмшил, ашиглалтад нь бүрэн шилжүүлж, харин түрээслэгч болох Д.Мэндбаяр нь тухайн шилжүүлсэн автомашиныг өөрийн эзэмшилдээ авч түүнийг эзэмшиж, ашигласныхаа төлөө Энэрэл Интернэшл ХХК-д түрээсийн төлбөр төлж буй харилцаа юм. Энэ нь автомашиныг эзэмшил ашиглалтад шилжүүлж Д.Мэндбаяр нь 8 сарын хугацаанд тухайн автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгаж ашигласан байх бөгөөд тухайн хугацаанд тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийн хуваарийн (нийт 8 удаагийн төлбөр) дагуу хийх үүргийг удаа дараа (2015 оны 11 сарын 25-аас автомашиныг мэдэгдлийн дагуу хураах өдөр хүртэл 6 удаагийн төлбөрийн 2 нь дутуу, хугацаа хожимдуулан хийсэн) зөрчиж байсан бөгөөд манай байгууллага бизнесийн эрсдлээ тооцоод гэрээнд зааснаар автомашиныг буцаан авч түүнийг автомашиныг үргэлжлүүлэн түрээсийн төлбөрийг төлж ашиглана гэсэн хүлээлттэйгээр 5 сарын хугацаанд хадгалж байсан. Улмаар 2019 оны 10 сарын 14-ний өдөр дахин мэдэгдэл хүргүүлж, 10 сарын 25-ны өдрийг хүртэл боломж олгож байгааг хэрэв уг хугацаанд төлбөр хийхгүй бол гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн бөгөөд эдгээр мэдэгдлүүдийг хэрэгт нотлох баримтаар авагдаж мөн судлуулсан. Дээрх харилцааг авч үзвэл түрээслэгч Д.Мэндбаярт автомашиныг эзэмшилд нь шилжүүлснээс буцаан авах хүртэл ашигласан, мөн гэрээг цуцлах хүртэлх хугацаанд түүний автомашин ашигласан үйлдэлдээ төлсөн түрээсийн төлбөр байтал анхан болон давж заалдах шатны шүүх үүргийн зөрчлийн үүдэлтэйгээр гэрээг цуцалсан байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-р зүйлийг буюу үүргийн зөрчилтэй хамааралгүй заалтыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Д.Мэндбаярын үүргийн зөрчилтэй хамааралтайгаар гэрээ цуцлагдсан байхад түүний төлсөн түрээсийн төлбөрийг буцааж төлөх нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар шүүх гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзахын үр дагаварыг ойлголгүй хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нь хууль хэрэглээний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байсантай холбоотойгоор 2016 оны 09 сарын 05-ны өдөр УДШ 2016 оны дугаар 3 зөвлөмж1 гарсан байдаг. Тухайлбал Иргэний хууль дахь зарим зохицуулалтын хувьд тухайн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журмыг шууд зохицуулсан бол зарим тохиолдолд үүргийн нийтлэг үндэслэлийг хэрэглэх нөхцөлөөр зохицуулсан гэх, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг зохицуулсан тул гэрээг цуцлахад хэрэглэгдсэн зохицуулалт биш байна гэж. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-ийг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан шийдвэрээ үндэслэл болгохдоо анхан шатны шүүхийн адил гэрээний 12.7 заалтын хэсгийг дурьдаж нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг тогтоосон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-ийг буруу хэрэглэсний үр дагавар бөгөөд анхан шатны шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнээгүй учраас давж заалдах шүүхэд гаргасан гомдолд ямар нэг дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг нь давтсан. Тухайлбал, гэрээний 12.7 ...эд хөрөнгийг борлуулсан орлогоос түрээслүүлэгч гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнг бүрэн олж авсан илүү гарсан үнийн дүнг түрээслэгчид буцаан олгоно гэж гэсэн уг гэрээний 12.7 заалт нь бүтнээрээ өөр үр дагавар бий болгох агуулгатайгаас гадна урьдчилсан нөхцөлтэй болох нь уг заалтыг бүтнээр авч үзэхэд харагдана Энэхүү гэрээний 12.6 дахь хэсгийн дагуу эд хөрөнгийг борлуулсан орлогоос. Гэтэл гэрээний 12.6 дахь эд хөрөнгийг худалдан борлуулсан орлого гэдэгт Түрээслэгчийн бусад хөрөнгийг худалдан түүнээс олсон орлого-т хамааруулж авч үзэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч тал түрээслэгч талаас түрээсийн зүйлийг буцаан авах үед гэрээний дагуу түрээслэгч тал төлбөрөө төлөөгүй хугацаа хожимдуулсан зэрэг гэрээгээ зөрчсөн үйлдэл нь аливаа түрээсийн зүйлтэй холбогдох (элэгдэл хорогдол, засвар, үйлчилгээ, холбоотой гарсан өөр бусад зардал гэх мэт) төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байгаа бол түрээслэгчийн бусад хөрөнгийг худалдан барагдуулахаар заасан байна. Энэ нь тухайн түрээслэгчийн хувийн эд хөрөнгийг худалдан борлуулж бид автомашинтай холбогдох зардал төлбөрийг тухайн орлогоос суутгаж аваад илүү гарсан бол түрээслэгчид буцаан олгохоор гэрээний 12.7-д заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээ, уг гэрээг түрээслэгч буюу нэхэмжлэгчийн үүргийн зөрчлийн үүдэлтэйгээр цуцалсан. Харин шүүхээс гэрээний харилцааг буруу тайлбарласнаар шүүх гэрээтэй холбоотой талуудын гаргах шаардлага, хэм хэмжээг сольж хэрэглэснийг өмнө тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө хөлсөх гэрээний нэг төрөл болох санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч болон түрээслүүлэгч нарын хуулинд тусгасан шаардлагын хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж байна. Үүнээс үзвэл гэрээний онцлог нь эд хөрөнгийг эзэмшил ашиглалтад шилжүүлдэг бөгөөд гэрээний субъект бүрээр гаргах шаардлага нь харилцан адилгүй. Иймд түрээслэгч талаас түрээслүүлэгчид гаргах шаардлагын эрх хэмжээ нь гэрээний зүйлтэй холбоотойгоор доголдолгүй эд хөрөнгийг эзэмшил ашиглалтанд шилжүүлэхийг шаардах эрхийг хуулинд зохицуулсан. Харин түрээслүүлэгч талаас түрээслэгч талаас тухайн түрээсийн төлбөрийг төлөх, мөн түрээслэгчийн буруугаас (төлбөрөө төлөхгүй байх гэх мэт) гэрээ цуцлагдсан бол учирсан хохирлоо шаардах боломжтой. Энэхүү учирсан хохирлын хэмжээгээ тогтоохдоо хэрвээ цаашид тухайн автомашинаар ямар нэг байдлаар мөнгө олсон бол тухайн мөнгөн дүнг хохирлоосоо хасч үлдсэнг нь түрээслэгчээс шаардах зохицуулалт байгаа юм. Энэхүү гэрээний заалтад Иргэний хуулийн 315.1-г тусгагдсан түрээслүүлэгчийн тавих шаардлагын хэмжээг тодорхойлсон заалт байхад тухайн гэрээний заалтын тодорхой хэсэгт дүгнэлт өгөн түрээслэгчид олгогдсон шаардах эрх байна гэж үзсэн нь хэдийгээр хуулийн заалтыг дурьдаагүй ч хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Мөн шүүхийн ойлгож байгаагаар гэрээг авч үзвэл тухайн автомашиныг цаашид олон удаа, олон хүнд дамжуулан түрээслэж олсон нийт мөнгөний зөрүүг өмнө нь түрээслэж байсан түрээслэгчид олгоно гэдэг нь логикийн хувьд боломжгүй юм. Иймд дээр дурьдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Мэндбаяр, Энэрэл Интернэшнл ХХК-д холбогдуулан 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...2008 оны Cayenne маркийн автомашиныг 190,000,000 төгрөгөөр авахаар болж, урьдчилгаанд 30,000,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг 8 сарын хугацаанд төлөхөөр тохирсон... нэмж 49,152,500 төгрөг төлсөн...ч үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсноос хариуцагч гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан, урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгөө гаргуулна... гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчснөөс гэрээг цуцалж... машинаа буцааж авсан... төлсөн 79,152,500 төгрөгийг нь түрээсийн төлбөрт суутгаж авсан... автомашиныг бусдад 140,000,000 төгрөгөөр үнэ бууруулж худалдсан,... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ бус санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Түрээслэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй бөгөөд түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь санхүүгийн түрээсийн гэж нэрлэгдсэн, хэдий ч уг гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээний шинж, тухайлбал, автомашиныг түрээслэх, түрээсийн төлбөр төлөх, улмаар гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авах эсэхээ шийдвэрлэх хүсэл зориг агуулагдаагүй, хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу өөрөө үйлдвэрлэсэн эсхүл бусдаар үйлдвэрлүүлсэн, эсхүл бусдаас худалдан авсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.

2. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Д.Мэндбаяр нь Порще автомашины албан ёсны дистрибютер Энэрэл Интернэшнл ХХК-с 2008 оны Cayenne маркийн автомашиныг 190,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг 8 сарын туршид хэсэгчлэн төлөхөөр тохиролцон гэрээг бичгээр байгуулсан байна.

Энэхүү гэрээгээр Энэрэл Интернэшнл ХХК нь автомашиныг Д.Мэндбаярын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч эд хөрөнгийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ.

Гэрээний үнийг хэсэгчлэн төлөх нь худалдах-худалдан авах гэрээний агуулгыг үгүйсгэхгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй учир хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй байна.

Энэрэл Интернэшнл ХХК нь Д.Мэндбаярт автомашиныг шилжүүлсэн, Д.Мэндбаяр нь үнэд нийт 79,152,500 төгрөг төлснийг зохигч маргаагүй юм.

Харин Д.Мэндбаяр нь үнийг хуваарийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Энэрэл Интернэшнл ХХК нь автомашиныг буцаан авч, гэрээнээс татгалзах мэдэгдэл өгсөн нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байдаг.

Хариуцагч автомашиныг нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буцаан авснаас хойш 10 дугаар сар хүртэл гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсаныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хариуцагчид автомашиныг, хариуцагч нэхэмжлэгчид төлсөн мөнгийг харилцан буцаан өгөх үүргийг хүлээнэ.

Энэрэл Интернэшнл ХХК нь автомашиныг буцаан авсан, Д.Мэндбаяр төлсөн 79,152,500 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг шаардсан тул нэхэмжлэлийн хэмжээнд уг мөнгийг гаргуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэх байжээ.

Анхан шатны шүүх ...гэрээний 12.7 нь хохирол тооцон авах агуулгатай байна... нэхэмжлэгчийн төлсөн 79,152,500 төгрөг, автомашиныг бусдад худалдсан гэх 140,000,000 төгрөг, нийт 219,152,500 төгрөгөөс гэрээний үнэ 190,000,000 төгрөгийг хасч үлдэх мөнгийг гаргуулна... гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас 29,152,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч уг шийдэлд гомдол гаргаагүй байна. Иймд уг шийдлийг хэвээр үлдээх нь диспозитив зарчимд нийцнэ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаварыг шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол шаарддаг эрх зүйн зохицуулалтыг давхар баримталсан нь оновчтой бус байгааг залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1770 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Энэрэл Интернэшнл ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 303,712 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                            Х.СОНИНБАЯР

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД