Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01730

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01730

 

 

 

                                          С.Бийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01558 дугаар шийдвэртэй, С.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ч, Ц.Днарт холбогдох, гэрээний үүрэгт 16 656 610 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч Ц.Д-ындавж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ц.Доржбадам, хариуцагч Н.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Чинбат, түүний эхнэр Ц.Днар “барьж байгаа барилгад маань барилгын материал шаардлагатай болоод ажил зогсох гээд байна, барилгын материал зээлээр өгөөч, удаахгүй мөнгийг нь өгнө” гэж гуйгаад 2014 оны 01-03 дугаар сард 5 удаагийн падаанаар 129 707 470 төгрөгийн барилгын материал зээлээр худалдаж аваад 50 000 000 төгрөгийг төлж, 63 050 860 төгрөгийн бараа материалыг буцааж өгч, үлдэгдэл 16 656 610 төгрөгийг буцаан төлөөгүй. Үүний 4 118 000 төгрөгийн үнэ бүхий паркет нь миний дүү н.Төмөрийнх юм. Өнгөрсөн хугацаанд үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд Н.Ч, Ц.Днараас зээлээр худалдаж авсан барилгын материал, барааны үнийн үлдэгдэл төлбөр 16 656 610 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нарын тайлбарт: Н.Чинбат бид хоёр С.Бээс 129 707 470 төгрөгийн барилгын материал авсан нь үнэн. Уг төлбөрөөс 50 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 67 168 860 төгрөгийн барааг буцаан өгсөн. Үлдэгдэл тооцоонд гарын үсгээ зурахгүй байх шалтгаан нь бидний хооронд амаар тохирсон нэгжийн үнээр тооцоо бичигдээгүй учраас тохирсон үнээрээ тооцоо нийлнэ гээд гарын үсгээ зураагүй. Манайд нийт 1 756 хайрцаг паркетан шал буулгасан нь 5 дугаар падаанаар нотлогдоно. Үүнээс 100 хайрцагийг С.Б өөрөө дүүдээ өгөхөөр авсан нь нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдсон. Нийт тооцоо 129 707 470 төгрөгт "дүүдээ өгнө" гэсэн 4 118 800 төгрөг буюу 100 хайрцаг паркетын тооцоо орчихсон тул 12 538 610 төгрөгийн үлдэгдлээс 4 118 000 төгрөг хасагдаж үлдэгдэл нь 8 420 610 төгрөг болж байна. Үүнээс 5 479 200 төгрөгийг данснаар болон бэлнээр авсан нь баримтаар нотлогдоно. Үлдэгдэл 2 941 410 төгрөгөөс С.Бийн төлбөртөө манайхаас авч явсан 201 хайрцаг паркетан шалны үнийн зөрүү 1 849 200 төгрөг хасагдаж тооцох ёстой. Учир нь шалыг шалаар нөхөж буцааж өгсөн. Тухайн шал нь С.Бийн авчирсан шалтай адилхан үнэтэй байсан. Гэтэл С.Б дураараа 12 000 төгрөгөөр бодож тооцож байгаа нь буруу. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч, Ц.Днараас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 538 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 118 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 241 238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч, Ц.Днараас улсын тэмдэгтийн хураамжид 215 567 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан “Вендо” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд шүүхээс төлсөн 80 000 төгрөгийг хариуцагч Н.Ч, Ц.Днараас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын /төрийн сангийн/ 100900005405 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Д-ындавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэргийн үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулаагүй, бодит байдлаас гуйвуулан үндэслэлгүйгээр үнэлсэн. Нотлох баримтаар үнэлээгүй баримтуудыг няцаасан үндэслэлээ шүүх шийдвэртээ тусгаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. 2014 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд 6 удаагийн нийлүүлэлтээр нийт 129 707 740 төгрөгийн бараа материалыг хүлээн авч урьдчилгаанд бэлнээр 50.0 сая төгрөг өгсөн, 67 168 860 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар талууд маргадаггүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 16 656 610 төгрөгийн 12 568 610 төгрөгийг хүлээн зөвшөөрч барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс төлбөр төлөгдсөн баримтуудыг огт үнэлэлгүй, төлбөрийн баримтууд хэрэгт авагдаагүй мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Б нь миний дансаар эдгээр төлбөрүүд хийгдсэн болохыг мэдүүлсэн байдаг. Иймд хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримт болон талуудын тайлбарт бодитой үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.Ч, Ц.Днарт холбогдуулан гэрээний үүрэгт 16 656 610 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 129 707 470 төгрөгийн барилгын бараа материал худалдан авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 9-11 дүгээр талд авагдсан зарлагын падаанаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч барааны үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал гэрээний зүйлийн үнээс 50 000 000 төгрөг төлж, 67 168 860 төгрөгийн барааг буцааж өгсөн нь буцаалтын баримтуудаар тогтоогдож байх ба шүүх 12 538 610 төгрөг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна. /1хх12-14/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан, талуудын гаргасан хийгээд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг журамтай. Хариуцагч барааны үнийг төлсөн гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хэргийн 2 дугаар хавтасны 62-65 дугаар тал дах баримтуудад гүйлгээний утгыг тээврийн хөлс, торгууль, байрны үлдэгдэл гэж бичсэн байна. Тухайлбал 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ц.Доржбадамаас тээврийн хөлс 150 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч С.Бээс торгуульд 5 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр н.Мөнх-Эрдэнээс С.Бд байрны үлдэгдэл 1 000 000 төгрөг төлсөн баримтууд байна. Түүнчлэн хариуцагч Н.Чнэхэмжлэгч С.Бд 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 500 000 төгрөг шилжүүлсэн байх боловч гүйлгээний утга бичигдээгүй, ямар зориулалтаар уг дүнг шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1, 212.3 дахь хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн хариуцагч 67 дугаар тал дахь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “зөрүү 739,68 м.кв*2 500=1 849 200 төгрөг хассан” гэж гараараа нэмж бичсэн бичиглэлтэй   зарлагын падааныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 849 200 төгрөг хасч тооцуулна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уг баримт 67 168 860 төгрөгийн бараа буцаалтанд орж тооцогдсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Д-ынгаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-ынгаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 567 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ