Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/01558

 

2019 оны 07 сарын 03 өдөр                          Дугаар 183/ШШ2019/01558                       Улаанбаатар хот 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ч-д холбогдох,

 

Хариуцагч: Ц.Д-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.656.610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ............нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ч, түүний эхнэр Ц.Д нар “барьж байгаа барилгад маань барилгын материал шаардлагатай болоод ажил зогсох гээд байна, барилгын материал зээлээр өгөөч, удаахгүй мөнгийг нь өгнө” гэж гуйгаад 2014 оны 01-3 дугаар сард 5 удаагийн падаанаар 129.707.470 төгрөгийн барилгын материал зээлээр худалдаж аваад, 50.000.000 төгрөгийг төлж, 63.050.860 төгрөгийн бараа материалыг буцааж өгөөд, үлдэгдэл 16.656.610 төгрөгийг буцаан төлөөгүй байна. Үүний 4.118.000 төгрөгийн үнэ бүхий паркет нь миний дүү н.Т-ийнх юм. Өнгөрсөн хугацаанд үлдэгдэл төлбөрөө удаа шаардсан боловч төлөөгүй. Иймд Н.Ч, Ц.Д нараас зээлээр худалдаж авсан барилгын материал, барааны үнийн үлдэгдэл төлбөр 16.656.610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Ч бид хоёр С.Б-ээс 129.707.470 төгрөгийн барилгын материал авсан нь үнэн. Уг төлбөрөөс 50.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 67.168.860 төгрөгийн барааг буцаан өгсөн. Үлдэгдэл тооцоонд гарын үсгээ зурахгүй байх шалтгаан нь бидний хооронд амаар тохирсон нэгжийн үнээр тооцоо бичигдээгүй учраас тохирсон үнээрээ тооцоо нийлнэ гээд гарын үсгээ зураагүй. Манайд нийт 1756 хайрцаг паркетан шал буулгасан нь 5-р падаанаар нотлогдоно. Үүнээс 100 хайрцагийг С.Б өөрөө дүүдээ өгөхөөр авсан нь нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдсон. Нийт тооцоо 129.707.470 төгрөгт "дүүдээ өгнө" гэсэн 4.118.800 төгрөг буюу 100 хайрцаг паркетын тооцоо орчихсон тул 12.538.610 төгрөгийн үлдэгдлээс 4.118.000 төгрөг хасагдаж үлдэгдэл нь 8.420.610 төгрөг болж байна. Үүнээс 5.479.200 төгрөгийг данснаар болон бэлнээр авсан нь баримтаар нотлогдоно. Үлдэгдэл 2.941.410 төгрөгөөс С.Б-ийн төлбөртөө манайхаас авч явсан 201 хайрцаг паркетан шалны үнийн зөрүү 1.849.200 төгрөгийг хасагдаж тооцох ёстой. Учир нь шалыг шалаар нөхөж буцааж өгсөн. Тухайн шал нь С.Б-ийн авчирсан шалтай адилхан үнэтэй байсан. Гэтэл С.Б дураараа 12.000 төгрөгөөр бодож тооцож байгаа нь буруу юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй, Н.Ч, Ц.Д нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.656.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талууд харилцан тохиролцож, амаар хэлцэл байгуулан Н.Ч, Ц.Д нар 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11.010.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 21.457.200 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14.040.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 79.942.670 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2.457.600 төгрөг, нийт 129.707.470 төгрөгийн бараа материалыг С.Б-ээс худалдан авсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч Н.Ч-, Ц.Д нар барилгын материалын үнэд 129.707.470 төгрөг төлөхөөс 50.000.000 төгрөгийг бэлнээр төлж, 67.168.860 төгрөгийн бараа материалыг худалдагч С.Б-д буцаан шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч тал “...өөрийн дүү н.Т-ийн 4.118.000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг паркетыг Н.Ч, Ц.Д нарт өгч явуулсан тул 4.118.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй /хавтаст хэргийн 12 дугаар тал/ байх бөгөөд нэхэмжлэгч С.Б нь дүү н.Т-ийн төлөөлөн түүний 100 хайрцаг паркетны үнэ 4.118.000 төгрөгийг Н.Ч, Ц.Д нараас шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Ч, Ц.Д нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл барилгын материалын үнэ болох /шилжүүлсэн бараа материалын үнэ 129.707.470 төгрөгөөс бэлнээр төлсөн 50.000.000 төгрөг, буцаан шилжүүлсэн бараа материалын үнэ 67.168.860 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 12.538.610 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлдээ “...12.538.610 төгрөгөөс С.Б-ийн дүүгийн паркет гэх 4.118.000 төгрөг хасагдах ёстой, мөн 50.000.000 төгрөгөөс гадна 5.479.200 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. С.Б-ийн төлбөртөө манайхаас авч явсан 201 хайрцаг паркетан шалны үнийн зөрүү 1.849.200 төгрөг хасагдана” гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.Ч, Ц.Д нар 50.000.000 төгрөгийг бэлнээр, 67.168.860 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгч С.Б-д шилжүүлснээс гадна 5.479.200 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн болох нь нотлогдоогүй бөгөөд паркетан шалны үнийн хувьд нэхэмжлэгч тал “...паркетан шалны үнийг 14.000 төгрөг, 12.000 төгрөгөөр тооцон авсан” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шинжээчээр томилогдсон “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ........... дугаар дүгнэлтээр “...паркет 2014 оны 3-4 дүгээр сард 14.000 төгрөгөөр худалдагдаж байсан” гэсэн байх тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна гэж үзэв.

 

Мөн хариуцагчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2018/03267 дугаар захирамжаар томилогдсон шинжээч нь “талуудаас шинжилгээний обьект болох плитаг шинжээчид гаргаж өгөөгүйгээс пилтаны зах зээлийн үнэлгээг тогтоохоос татгалзсан” байх бөгөөд энэ талаар талууд хүсэлт, санал гаргаагүй болохыг дурдав.

 

Түүнчлэн хариуцагч Н.Ч-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ба тэрээр хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлээгүй болохыг болно.

 

“В” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд шүүхээс төлсөн 80.000 төгрөгийг хариуцагч Н.Ч, Ц.Д нараас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ........... тоот дансанд оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Ч, Ц.Д нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.538.610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.118.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 241.238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч, Ц.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 215.567 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-долгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан “В” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд шүүхээс төлсөн 80.000 төгрөгийг хариуцагч Н.Ч, Ц.Д нараас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын /төрийн сангийн/ ........... тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД