Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00248

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            23                                          001/ХТ2021/00248

 

 

 

...........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01558 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1730 дугаар магадлалтай,

 

...........ийн нэхэмжлэлтэй

..........., ...........нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 16 656 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ц.Доржбадамын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ..........., түүний эхнэр ...........нар барьж байгаа барилгад маань барилгын материал шаардлагатай болоод ажил зогсох гээд байна, барилгын материал зээлээр өгөөч, удаахгүй мөнгийг нь өгнө гэж гуйгаад 2014 оны 01-03 дугаар сард 5 удаагийн падаанаар 129 707 470 төгрөгийн барилгын материал зээлээр худалдаж аваад 50 000 000 төгрөгийг төлж, 63 050 860 төгрөгийн бараа материалыг буцааж өгч, үлдэгдэл 16 656 610 төгрөгийг буцаан төлөөгүй. Үүний 4 118 000 төгрөгийн үнэ бүхий паркет нь миний дүү н.Төмөрийнх юм. Өнгөрсөн хугацаанд үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд ..........., ...........нараас зээлээр худалдаж авсан барилгын материал, барааны үнийн үлдэгдэл төлбөр 16 656 610 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбартаа: ........... бид хоёр ...........ээс 129 707 470 төгрөгийн барилгын материал авсан нь үнэн. Уг төлбөрөөс 50 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 67 168 860 төгрөгийн барааг буцаан өгсөн. Үлдэгдэл тооцоонд гарын үсгээ зурахгүй байх шалтгаан нь бидний хооронд амаар тохирсон нэгжийн үнээр тооцоо бичигдээгүй учраас тохирсон үнээрээ тооцоо нийлнэ гээд гарын үсгээ зураагүй. Манайд нийт 1 756 хайрцаг паркетан шал буулгасан нь 5 дугаар падаанаар нотлогдоно. Үүнээс 100 хайрцагийг ........... өөрөө дүүдээ өгөхөөр авсан нь нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдсон. Нийт тооцоо 129 707 470 төгрөгт "дүүдээ өгнө" гэсэн 4 118 800 төгрөг буюу 100 хайрцаг паркетын тооцоо орчихсон тул 12 538 610 төгрөгийн үлдэгдлээс 4 118 000 төгрөг хасагдаж үлдэгдэл нь 8 420 610 төгрөг болж байна. Үүнээс 5 479 200 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан нь баримтаар нотлогдоно. Үлдэгдэл 2 941 410 төгрөгөөс ...........ийн төлбөртөө манайхаас авч явсан 201 хайрцаг паркетан шалны үнийн зөрүү 1 849 200 төгрөг хасагдаж тооцох ёстой. Учир нь шалыг шалаар нөхөж буцааж өгсөн. Тухайн шал нь ...........ийн авчирсан шалтай адилхан үнэтэй байсан. Гэтэл ........... дураараа 12 000 төгрөгөөр бодож тооцож байгаа нь буруу. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........., ...........нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 538 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 118 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ...........ийн улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 241 238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........., ...........нараас улсын тэмдэгтийн хураамжид 215 567 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Вендо ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд шүүхээс төлсөн 80 000 төгрөгийг хариуцагч ..........., ...........нараас гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын /төрийн сангийн/ 100900005405 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1730 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Доржбадамын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 567 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ...........хяналтын гомдолдоо: Дараах гомдлыг гаргаж байна. 1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудыг гүйлгээний утга тодорхой бичигдээгүй, ямар зориулалтаар уг дүнг шилжүүлсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн дансанд шилжигдсэн төлбөрийн утга “өр”-өө л төлж хийсэн мөнгө, өөрөөр дүгнэх ямарч боломжгүй байхад анхан болон давахын шүүгч нар тооны машин хэрэглэхээс залхуурч, хариуцагчийн төлсөн мөнгийг нэхэмжлэгчийн дансанд орсон баримтыг бодит байдлаас гуйвуулж, хохироосон шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй гэж гомдож байна. Учир нь: Нэхэмжлэгч миний дансаар мөнгө орсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагчаас мөнгө шилжиж орсон гээд мэдүүлээд байхад, төлбөр төлөгдөөгүй байна гэж шийдвэрлэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй /хх2-66, хх2-67, хх1-36/ эдгээр төлбөрийн баримтуудыг дахин нягталж, шалгахыг хүсье. 2. Байр зарсан мөнгөнөөсөө нэхэмжлэгчид шилжүүлж өрөө төлсөн байхад мушгин гуйвуулж байгаад гомдолтой байна. Учир нь ...........ээс байр аваагүй нь хэнд ч ойлгомжтой. Харин байр зарсан мөнгөнөөсөө барааны төлбөрт хүү Мөнх-Эрдэнээс шилжүүлсэн 1 000 000 төгрөг, хариуцагч ...........аас 1 500 000 төгрөг, тээврийн хөлс 1 800 000 төгрөг болон шийдвэр гүйцэтгэх газраас Хаан банкны данснаас авсан 400 000 төгрөг, 729 200 төгрөгний баримтыг огт үнэлсэнгүй. Төлбөр төлөөгүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх аман хэлцэл, итгэлцэлд үндэслэсэн харилцааг “гэрээтэй” байна гэж дүгнэсэн бол нөгөө талаас гэрээний хариуцлагыг талуудаас шаардахаа умартсан. Учир нь нэхэмжлэгч амаар тохирсон нэгжийн үнэнээсээ 500-650 төгрөгөөр нэмснээс барааг буцааж өгсөн болох нь мэдүүлгээр нотлогддог. Харамсалтай нь шүүх маргааны үйл баримтыг огт нягталсангүй. Хариуцагчийг хохирсон дээр нь хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх “та” нэхэмжлэгчид өгсөн мөнгөө шүүхээр нэхэмжлээд гаргуулчих, нэгэнт шийдвэр гаргасан болохоор яах ч арга алга гэж тайлбарласанд маш их гомдолтой байна.

 

Шударга бус, эс үйлдэхүйгээс болж хохиролтой байна. Иймд тооны машинаар хасах үйлдлийг хийж, төлбөр төлөгдсөн болохоо тогтоолгохыг хүсч байна. Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ..........., ...........нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 656 610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зөвшөөрөөгүй, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 12 538 610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан хяналтын журмаар хянах  үндэслэлд хамаараагүй байх тул гомдлыг хангахгүй орхино.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2014 оны 01 сарын 05-ны өдрөөс 05 сарын 07-ны өдрийн хооронд нийт 129 707 470 төгрөгийн барилгын бараа материалыг хариуцагч нар хүлээн авсан, 50 000 000 төгрөг төлж, 67 168 860 төгрөгийн барааг буцааж өгсөн үйл баримтыг маргаагүй, үлдэх 12 538 610 төгрөгийг төлөх эсэх талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагчаас 12 538 610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй гэж үзэж 4 118 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нар материалын үнийг бүрэн төлсөн, паркетан шалны үнийг нэхэмжлэгч тохирсноос илүү өндөр үнээр тооцсон гэж татгалзаж байгаа боловч баримтаар нотлоогүйгээс гадна шинжээч Вендо ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгэж чадаагүй байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Энэ талаар буюу маргааны үйл баримтыг нягтлаагүй, баримтыг бүрэн дүгнээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч Ц.Доржбадамын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1730 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Доржбадамын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115 264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Д.ЦОЛМОН