Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01728

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01728

 

 

 

                                              Т.Эын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэртэй, Т.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч “Р И” ХХК, Ц.Гнарт холбогдох, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, алданги 32 610 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Ц.Гнь 2013 онд Т.Эаас Баянзүрх дүүрэгт байрлах нийт 4 ширхэг газрыг өмчлөх эрхийн хамт, “Ноголис” ХХК-ийн хувьцаа, түүний нэр дээр байгаа орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох эрхийн хамт худалдан авахаар тохиролцсон. 2013 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдөр Ц.Ганзориг, Т.Э нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр Т.Э нь гэрээний үүргээ биелүүлж хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж эрхийн зөрчилгүй, орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Худалдан авагч тал болох Ц.Гнь 2013 оны 08 дугаар сарын 13-ны худалдах, худалдан авах гэрээний 6.1.а-д зааснаар 350 000 000 төгрөг төлөх ёстойгоос 330 000 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байдаг бөгөөд гэрээний 6.1.b, c, d-д заасан үүргүүдээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1.d-д заасан үүргийг хэрэгжүүлэхээр Р ИХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганзориг, иргэн Т.Э нар орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхарт, 602 тоот, 106.92 м.кв, 326 106 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувь бартераар буюу захиалагч талыг 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр хийгдэж төлбөр төлөх үүргээ 100 хувь төлөгдсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Дээрх байр нь нэлээд цаг хугацаа алдсаны эцэст 2018 оны зун ашиглалтад орсон. ”Р И”  ХХК-д удаа дараа хандсан боловч байрыг хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 3.2-д байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.05 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан. Үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцоход 32 610 600 төгрөг болно. Иймд Р ИХХК, хамтран хариуцагч Ц.Гнарыг гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд дурдсан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, алдангид 32 610 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт:  Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Орон сууц захиалгаар барих гэрээний 2.1 дэх хэсэгт төлбөрийг графикийн дагуу төлнө, төлбөр хийх өдөр 100 хувь бартер хийнэ гэсэн байдаг. Эндээс үзэхэд уг нэхэмжилж буй орон сууц нь хариу төлбөртэй гэрээний үндсэн дээр шилжихээр харагдаж байгаа бөгөөд захиалагч Т.Э ямар нэг эд зүйлс өгөхөөр үүрэг хүлээсэн байна. Орон сууц захиалгаар барих гэрээний суурь гэрээ нь Т.Э, Ц.Гнарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ юм. Тухайн анхдагч гэрээгээр талууд харилцан төлбөртэй байх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа орон сууц захиалгаар барих гэрээг хэрхэн байгуулах тухай тодорхой заасан. Харин худалдах, худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжээгүй бөгөөд худалдагч тал болох иргэн Т.Э гэрээний зүйл болох газар өмчлөх эрхийг гэрээний 6.1.е-д заасны дагуу бүрэн шилжүүлээгүй, гэрээний 1.2, 1.3 дахь хэсэгт тусгагдсан орон сууцны барилга барих төсөл нь эрхийн зөрчилтэй буюу хөршийн эрхэд халдсан, оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр ойр хавийн оршин суугчид эсэргүүцсэн учир төсөл бүрэн зогссон, зөрчилтэй гэрээний зүйлийг худалдан авагч талд шилжүүлсэн байдаг. Оршин суугчдын зүгээс эсэргүүцэлтэй байгааг худалдагч тал мэдэж байсан. Худалдан авагч тал тэр даруй худалдагч талд мэдэгдэж аль болох гэрээнээс татгалзалгүй асуудлыг шийдвэрлэх бүх талын арга хэмжээг авч, эцэст нь төсөл бүрэн зогссон. Иймд худалдан авагч гэрээнээс татгалзах саналаа албан ёсоор тавьсан. Худалдах, худалдан авах гэрээний 1.1-д заасан худалдагч талаас худалдан авагч талд гэрээний 6.1.е-д заасны дагуу бүрэн шилжүүлэхээр заасан үл хөдлөх хөрөнгүүдийн түүхчилсэн лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас шүүгчийн захирамжаар гаргуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү нотлох баримтаас харахад худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, худалдагч үүргээ биелүүлэх бололцоогүй болж байгаа юм. Газрыг шилжүүлж байж л орон сууцнууд шилжих гэрээ хийгдэхээр талууд тохиролцсон. Иргэн Т.Э нь зөвхөн орон сууц захиалгаар барих гэрээг цорын ганц нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нь хэт нэг талыг барьсан асуудал бөгөөд гэрээний эрх зүйн харилцааг буруу томьёолж байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээ яагаад байгуулагдсан, хариу төлбөртэй энэхүү гэрээний төлбөрийг хэрхэн яаж барагдуулсан зэргээ нэхэмжлэгч шүүхэд нотлох үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар иргэн Ц.Гнь худалдах, худалдан авах гэрээнд заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзах саналаа албан ёсоор худалдагч талд мэдэгдээд байгаа бөгөөд иргэн Т.Э татгалзлыг хүлээн авах эсэхээ огт мэдэгдээгүй. Бид амаар хэлсэн боловч хариу өгөөгүй тул албан ёсны шуудангаар хүргүүлснээ шүүхэд нотлох баримтаар мөн гаргаж өгсөн. Т.Э нь орон сууц захиалгаар барих гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч, өмнөх гэрээ болох худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, худалдагч тал болох Т.Э гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Р ИХХК, Ц.Гнараас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхрын 602 тоот 106.92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гаргуулж, Т.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 32 610 600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 951 533 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р ИХХК, Ц.Гнараас 1 951 533 төгрөгийг /хувь тэнцүүлэн/ гаргуулж, нэхэмжлэгч Т.Эт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14133 дугаар захирамж хэвээр болохыг дурджээ.

Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон "Орон сууц захиалгаар барих гэрээ" нь нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ц.Гнарын хооронд байгуулагдсан "Худалдах, худалдан авах гэрээ"-ний салшгүй хэсэг болох нь тогтоогдсон байдаг. Харин шүүгч үндэслэх хэсэгтээ"... Талууд дээрх гэрээний /Худалдах, худалдан авах гэрээ/ хүчин төгөлдөр байдлын тухай маргаагүй, тухайн гэрээ бодит байдлаар хэрэгжиж байгаа, гэрээний зүйлийн дийлэнх хэсгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна" гээд "Гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцлийн талаар талууд б дугаар зүйл заалтаар ... тохиролцжээ" гэж дүгнэсэн боловч талууд гэрээний төлбөр төлөх нөхцлийг хэрхэн нарийвчлан тусгасан байдлыг дүгнээгүй. Дээрх "Худалдах, худалдан авах гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.1.d-д талууд орон сууцыг хадгалах үүрэг хүлээх бөгөөд гэрээний зүйл болох газар өмчлөх эрхийг бүгдийг шилжүүлсний дараа орон сууц захиалгын гэрээг байгуулахаар, өөрөөр хэлбэл гэрээний 1.1.2-1.1.4 дэх хэсэгт заасан газруудыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсний дараа орон сууц захиалгын гэрээг байгуулахаар тодорхой тохиролцсон. Гэтэл шүүгч "... гэрээний зүйлийн дийлэнх хэсгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн ..." гэх үндэслэлээр иргэний эрх зүйн чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний нөхцлийг огт хайхралгүй, төлбөр болон солилцоог хэрхэн явуулахаар нарийвчлан тогтоож, тохиролцсон гэрээний журам байхгүй байсан мэтээр үгүйсгэн дүгнэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан "гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх" зарчмыг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр 189.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглсэн гэж үзэж байна. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.d-д үлдэгдэл төлбөр 648 125 000 төгрөгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хаягт баригдаж буй "РОМА ТАУН" хотхоны 105 байрны 7 давхрын 106,25 м.кв талбай бүхий 3 өрөө, 10 дугаар давхрын 106,25 м.кв талбай бүхий 3 өрөө, нийт 212,5 м.кв талбай бүхий 2 орон сууцыг 1м.кв нь 3 050 000 төгрөгөөр үнэлж, худалдагчийн болон түүний нэр заасан иргэний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлнэ. Орон сууц захиалгын гэрээг гэрээний 1.1.2-1.1.4 дэх хэсэгт заасан газар өмчлөх эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсний дараа байгуулах ба гэрээ байгуулах хүртэл хугацаанд орон сууцыг хадгалах үүрэг хүлээнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс орон сууц захиалгаар барих гэрээ бол "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" буюу 100 хувь бартераар төлбөрөө худалдан авагч /нэхэмжлэгч/ төлсөн гэрээ бус харин дээрх худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх нөхцлийн баталгааг хангах зорилгоор хийсэн гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан. Гэтэл энэхүү тайлбартай холбоотойгоор шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нотлох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй гэж үзнэ" гэсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан "Худалдах, худалдан авах гэрээ", "Орон сууц захиалгаар барих гэрээ", Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүгч огт үнэлээгүй гэж үзэж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний 3.4-т заасан эрхийнхээ хүрээнд худалдан авагч тал гэрээнээс татгалзах саналаа нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримтыг шүүгч үнэлээгүй нь хэргийг бүх талаас нь, бодитой хянан шийдвэрлээгүйг харуулж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үндсэн гэрээ болох худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байж, үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар нарийвчлан зохицуулсан гэрээний заалтыг зөрчин шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль болон гэрээнд нийцэхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ нь бүрэн хэрэгжиж дуусаагүй, гэрээний нэг тал нь албан ёсоор гэрээнээс татгалзах саналаа гэрээнд заасан аргаар нөгөө талдаа хүргүүлсэн нөхцөл байдал болон үйл баримтыг шүүгч харгалзан үзээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “Р И” ХХК, Ц.Гнарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхарт, 602 тоот, 106.92 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, алдангид 32 610 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлон, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Э хариуцагч Ц.Гнарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Т.Э, хариуцагч “Рома-Инвестмент” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байх ба эдгээр гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн “Ноголис” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, компанийн эрх, төсөл эзэмших болон бусад холбогдох эрх, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 газрын өмчлөх эрхийг 1 350 000 000 төгрөгөөр худалдан авахаар, гэрээний төлбөрийн урьдчилгаа 350 000 000 төгрөгийг урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа болон газар өмчлөх эрх, “Ноголис” ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсний дараа бэлнээр төлөх, 150 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 200 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд заасан газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсний дараа бэлнээр төлөх, 648 125 000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хаягт баригдаж буй Рома таун хотхоны 105 дугаар байрны 7 давхарын 106.25 м.кв талбай бүхий 3 өрөө, 10 дугаар давхарын 106.25 м.кв талбай бүхий 3 өрөө, нийт 212.5 м.кв талбай бүхий 2 орон сууцыг 1 м.кв-ыг 3 050 000 төгрөгөөр тооцож худалдагчийн болон түүний нэр заасан иргэний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, орон сууц захиалгын гэрээг гэрээний 1.1.2-1.1.4 дэх хэсэгт заасан газар өмчлөх эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсний дараа байгуулах ба гэрээ байгуулах хүртэл хугацаанд орон сууцыг хадгалах үүрэг хүлээх, үлдэгдэл 1 875 000 төгрөгийг Рома таун хотхоноос худалдан авагчийн захиалах гаражийн үнийн дүнгээс хасч тооцох, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу компанийн 100 хувийн хувьцааг төсөл эзэмших эрх болон энэхүү гэрээний 1.1.1-1.1.4 дэх хэсэгт заасан газар өмчлөх эрхийн хамт шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх53-62/

Хавтаст хэргийн 64 дүгээр тал дахь Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр худалдах, худалдан авах гэрээний 1.1.1-1.1.4-т заасан 4 газрын 2 нь буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамж 44 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 408 м.кв газар, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамж 10 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 461 м.кв газрын эзэмшил хариуцагч Ц.Ганзоригт шилжсэн болох нь тогтоогдсон, мөн “Ноголис” ХХК-ийн эрх, хувьцаа, төсөл эзэмших эрх, барилга барихад шаардлагатай бичиг баримт, техникийн нөхцөл шилжүүлэх үүрэг биелэгдсэн байна.

Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээний 6.1.d-д үлдэгдэл 648 125 000 төгрөгт тооцон өгөх 2 орон сууцны захиалгын гэрээг газар өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсний дараа байгуулна .., гэж заасан боловч талууд өөрсдөө харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ  байгуулсан. Шүүхээс уг гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Орон сууц захиалгаар барих 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 2.1 дэх  заалтаас харахад зохигчид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Рома хотхоны 602 тоотын 106.92 м.кв 3 өрөө орон сууцыг 326 106 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч үнийг нь бартериар 100 хувь төлөх үүргээ биелүүлсэн тул нөгөө талаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. /хх5-6/

Талуудын дээрх тохиролцоо нь гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тухай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч “Р И” ХХК, Ц.Гнарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн, мөн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 788 480 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ