Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00270

 

*******ын нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1728 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

******* болон ******* нарт холбогдох,

 Орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, алданги 32,610,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Н.Түмэнбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рома Инвестмент ХХК-ийн ерөнхий захирал ******* 2013 онд Баянзүрх дүүрэгт байрлах нийт 4 ширхэг газрын өмчлөх эрх, Ноголис ХХК-ийн хувьцаа, түүний нэр дээр байгаа орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох эрхийн хамт худалдан авахаар тохиролцсон. 2013 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр Хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж эрхийн зөрчилгүй, орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Худалдан авагч тал болох ******* худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлд заасан төлбөрийн дараалал 6.1-ийн а-д заасны дагуу 350,000,000 төгрөг төлөх ёстойгоос 330,000 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн. Гэрээний 6.1-ийн b, c, d-д заасан үүргүүдээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний 6.1-ийн d-д заасан үүргийг хэрэгжүүлэхээр Рома Инвестмент ХХК-ийн ерөнхий захирал *******, иргэн ******* нар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхарт, 602 тоот, 106.92 м2, 326 106 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувь бартераар буюу захиалагч талыг 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр хийгдэж төлбөр төлөх үүргээ 100 хувь төлөгдсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Дээрх байр нилээн цаг хугацаа алдсаны эцэст 2018 оны зун ашиглалтад орсон. Рома инвестмент ХХК-д удаа дараа хандсан боловч байрыг хүлээлгэн өгөхгүй байна. Гэрээний 3.2-д байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.05 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан. Үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцоход 32,610,600 төгрөг болж байна. Иймд Рома Инвестмент ХХК, хамтран хариуцагч ******* нарыг гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд дурдсан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, алдангид 32,610,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нэхэмжлэлийнхээ нотлох баримт болгож буй Орон сууц захиалгаар барих гэрээний 2.1 дэх хэсэгт Төлбөрийг дараах графикийн дагуу төлнө, төлбөр хийх өдөр 100 хувь бартер гэсэн байдаг. Эндээс үзэхэд уг нэхэмжилж буй орон сууц нь хариу төлбөртэй гэрээний үндсэн дээр шилжихээр харагдаж байгаа. Захиалагч ******* ямар нэг эд зүйлс өгөхөөр үүрэг хүлээсэн нь харагдаж байна. Орон сууц захиалгаар барих гэрээний суурь гэрээ гэж хэлж болох *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ юм. Энд хоорондоо салшгүй холбоотой 2 тусдаа гэрээний талаар ярьж байна. Тухайн анхдагч гэрээгээр талууд харилцан төлбөртэй байх гэрээ хийгдсэн бөгөөд энэхүү гэрээнд нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа орон сууц захиалгаар барих гэрээг хэрхэн байгуулах тухай тодорхой заасан. Харин худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй бөгөөд худалдагч тал болох иргэн ******* гэрээний зүйл болох газар өмчлөх эрхийг гэрээний 6.1.е-д заасны дагуу бүрэн шилжүүлээгүй, гэрээний 1.2, 1.3 дахь хэсэгт тусгагдсан Орон сууцны барилга барих төсөл нь эрхийн зөрчилтэй буюу хөршийн эрхэд халдсан, оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр ойр хавийн оршин суугчид эсэргүүцсэн учир төсөл бүрэн зогссон, зөрчилтэй гэрээний зүйлийг худалдан авагч талд шилжүүлсэн байдаг. Иймд худалдан авагч гэрээнээс татгалзах саналаа албан ёсоор тавиад байгаа болно. ******* орон сууц захиалгаар барих гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч, өмнөх гэрээ болох худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, худалдагч тал болох ******* гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэхүү худалдах, худалдан авах гэрээнээс худалдагч тал хуульд заасан эрхийнхээ дагуу татгалзаж байгаа тухайгаа мэдэгдээд байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Рома Инвестмент ХХК, ******* нараас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхрын 602 тоот 106.92 м.кв талбайтай 3 /гурван/ өрөө орон сууцыг гаргуулж, *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 32,610,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,951,533 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Рома Инвестмент ХХК, ******* нараас 1,951,533 төгрөгийг /хувь тэнцүүлэн/ гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1728 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,788,480 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Н.Түмэнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7-р сарын 17 өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1728 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргав. ******* ******* нарын 2013 онд байгуулсан гэрээнд татгалзах талаар тусгайлан заасан заалтаа хэрэгжүүлсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс дурдсаар байхад шүүхээс огт авч үзээгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр даргалагч шүүгчээс магадлалыг танилцуулахдаа гэрээнээс татгалзах талаар талууд худалдах худалдан авах гэрээнд огт тусгаагүй гэж нотлох баримтыг үндэслэлгүй үгүйсгэсэн байдаг. Худалдагч тал эрхийн зөрчилгүй зүйлийг худалдан авагч талд шилжүүлээгүй бөгөөд тухайн газар дээр барилга барих ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг талууд анхнаасаа шийдвэрлэхээр оролдож байсан. Гэтэл энэхүү эрхийн зөрчилтэй барилга барих төсөл цаашид явагдах боломжгүй болохыг худалдагч тал буюу иргэн иргэн ******* мэдмэгцээ шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон "Орон сууц захиалгаар барих гэрээ" нь нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан "Худалдах, худалдан авах гэрээ" /х.х- ийн 26-31, 53-62 тал/-ний салшгүй хэсэг болох нь тогтоогдсон байдаг. "Худалдах, худалдан авах гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт талууд орон сууцыг хадгалах үүрэг хүлээх бөгөөд гэрээний зүйл болох газар өмчлөх эрхийг бүгдийг шилжүүлсний дараа л Орон сууц захиалгын гэрээг байгуулахаар, өөрөөр хэлбэл гэрээний 1.1.2-1.1.4 дэх хэсэгт заасан газруудыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсний дараа орон сууц захиалгын гэрээг байгуулахаар тодорхой тохиролцсон. Гэтэл шүүгч "... гэрээний зүйлийн дийлэнх хэсгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн..." гэх үндэслэлээр иргэний эрх зүйн чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний нөхцлийг огт хайхралгүй, төлбөр болон солилцоог хэрхэн явуулахаар нарийвчлан тогтоож, тохиролцсон гэрээний журам байхгүй байсан мэтээр үгүйсгэн дүгнэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан "гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх" зарчмыг зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 189.1-д заасан "гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй." гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Орон сууц захиалгаар барих гэрээ бол "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" буюу 100 хувь бартераар төлбөрөө худалдан авагч /нэхэмжлэгч/ төлсөн гэрээ бус харин дээрх "Худалдах, худалдан авах гэрээ"-ний төлбөр төлөх нөхцлийн баталгааг хангах зорилгоор хийсэн гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан юм. Мөн "Худалдах, худалдан авах гэрээ"-ний Гуравдугаар зүйлийн 3.4. заасан эрхийнхээ хүрээнд худалдан авагч тал гэрээнээс татгалзах саналаа нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримтыг шүүгч үнэлээгүй нь хэргийг бүх талаас нь, бодитой хянан шийдвэрлээгүйг харуулж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 243.1 дэх зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үндсэн гэрээ болох "Худалдах, худалдан авах гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байж, үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар нарийвчлан зохицуулсан гэрээний заалтыг зөрчиж шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль болон гэрээнд нийцэхгүй гэж үзэж байна.

Эцэст нь худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн гэж анхан шатны шүүхээс үзсэн байна. Энэхүү худалдан авах гэрээгээр худалдан авагч тал орон сууц барих газар болон төслийн баримт бичиг худалдан авсан юм. Өөрөөр хэлбэл орон сууц барих эрхийг авсан байтал тухайн газар дээр орон сууц барих боломжгүй байгаа нь гэрээний гол нөхцөл биелэгдээгүй байгааг харуулж байна. Энэхүү гэрээнд талууд /гэрээний 3.4- дэх хэсэг/ "... Хэрэв /орон сууцны орчны иргэдээс/ ноцтой эсэргүүцэл гарахаар байна гэж үзвэл Худалдан авагч нь гэрээнээс татгалзах эрхтэй." гэж маш тодорхой тохиролцсон байдаг. Харин энэхүү гэрээний заалтыг давж заалдах шатны шүүгчээс магадлалыг танилцуулахдаа худалдах худалдан авах гэрээнд гэрээнээс татгалзах талаар заалт байхгүй гэж дүгнэсэн байдаг нь шүүхээс гэрээг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг харуулж байна. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7-р сарын 17 өдрийн 182/ШШ2019/01273 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1728 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

******* нь ******* болон ******* нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 8003 дугаар байрны 6 давхрын 602 тоотын 106.92 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах, алданги 32.610.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

1.*******, ******* нарын хооронд 2013.6.13-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдах авах гэрээгээр нэхэмжлэгч нь Ноголис ХХК-ийн 100 хувийн хувьцаа, тус компанийн нэрээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих төсөл, холбогдох бусад эрх болон 4 газрын өмчлөх эрхийг худалдах, ******* нь эдгээрийн төлбөрт 1,350,000,000 төгрөгийг тодорхой үе шаттай төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 26-31 дүгээр тал/.  

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан.

Гэрээний 6.1-т зааснаар ******* нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, Ойн гудамж, 44 тоотын 408 м.кв газрын өмчлөх эрх, Ноголис ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлсний дараа 350,000,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 9 сарын 13-ны өдөр 150,000,000 төгрөгийг төлөх, гуравдах шатны төлбөр 200,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6-р хороо, Ойн гудамж, 10 тоотын 461 м.кв, 11 тоотын 685 м.кв, 13 тоотын 449 м.кв газрыг өмчлөлд шилжүүлсний дараа төлөх, үлдэгдэл 648,125,000 төгрөгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Рома таун хотхоны 105 байрны 7 давхрын 106.25 м.кв талбай бүхий 3 өрөө, 10 давхрын 106.25 м.кв талбай бүхий 3 өрөө нийт 212.5 м.кв талбай бүхий бүхий 2 орон сууцыг 1 м.кв-ыг 3,050,000 төгрөгөөр үнэлж, худалдагчийн болон түүний нэр заасан иргэний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.  

******* нь гэрээний зүйл болох Ноголис ХХК-ийн хувьцаа, компанийн эрх, төсөл эзэмших эрх, мөн барилга барихад шаардлагатай бичиг баримт, техникийн зөвшөөрлүүд болон Баянзүрх дүүргийн 6-р хороо, Ойн гудамж, 44 тоотын 408 м.кв, 10 тоотын 461 м.кв газрын өмчлөх эрхийг тус тус шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* худалдах-худалдан авах гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.  

2. Талууд 2015.6.23-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Рома таун хотхоны 8003 дугаар байрны 6 давхрын 602 тоотын 106.25 м.кв талбай бүхий 326,106,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг ******* нь *******т шилжүүлэхээр тохирсон ба гэрээнд орон сууцны үнийг бартераар 100 хувь төлсөн талаар дурдсан байна /хэргийн 5-6 дугаар тал/. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дээрх гэрээг дурдаж шаардлагаа тодорхойлжээ.  

Хариуцагч нар гэрээ байгуулснаа үгүйсгээгүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж маргасан боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй байна.  

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199.1.-д заасныг зөрчөөгүй байв.  

Худалдах-худалдан авах гэрээ, орон сууц захиалгаар барих гэрээнүүд тус тусдаа байгуулагдсан хэдий ч гэрээний зорилго адил тул нэг гэрээний харилцааг зохицуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талууд худалдах-худалдан авах гэрээний үүрэгт орон сууцыг шилжүүлэхээр тохиролцжээ.  

Гэрээнд заасан орон сууц 2018 онд ашиглалтад орсон талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Хариуцагч нар худалдах-худалдан авах гэрээний үүрэгт орон сууц шилжүүлэхээр тохирсон тул нэхэмжлэгчийг худалдан авагч гэж үзэх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, нэхэмжлэгч орон сууцны үнийг бартераар 100 хувь төлсөн талаар гэрээнд заасан тул хариуцагч орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй.  

3.Гэрээний агуулга, зохигчийн тайлбараар худалдах-худалдан авах гэрээний хугацааг орон сууцны барилга барих төсөл хэрэгжиж дуусах хүртэл гэж тодорхойлсон, энэ тохиолдолд хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлээс ...орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагыг хангаж, алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Хариуцагч нар орон сууц захиалгаар барих гэрээний үүргийг шүүхийн энэ шийдвэрээр биелүүлэх болсон хэдий ч нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үлдэх үүргийг тодруулбал Баянзүрх дүүргийн 6-р хороо, Ойн гудамж, 11 тоотын 685 м.кв, 13 тоотын 449 м.кв газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1728 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1.788.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН