Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 01273

 

        

 

 

 

2019 оны 07 сарын 17 өдөр

 Дугаар 182/ШШ2019/01273

       Улаанбаатар хот

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: үхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ойн 3-233 тоотод оршин суух, 42 настай, эрэгтэй, Элжигэн овгийн Түмэнжаргалын Энхбаяр /РД:ОК77090139/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Рома таунд байрлах, “Рома Инвестмэнт” ХХК /РД:5597781/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 5Б байрны 57 тоотод оршин суух, 40 настай, эрэгтэй, Онгод овгийн Цэнд-Аюушийн Ганзориг /РД:РЮ79060218/ нарт холбогдох,

 

Орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, алданги 32 610 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагч Ц.Ганзориг, “Рома Инвестмэнт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн Ц.Ганзориг нь анх Т.Энхбаяраас 2013 онд Баянзүрх дүүрэгт байрлах нийт 4 ширхэг газар, өмчлөх эрхийн хамт болон “Ноголис” ХХК-ийн хувьцаа, түүний нэр дээр байгаа орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох эрхийн хамт худалдан авахаар тохиролцсон юм. 2013 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдөр Ц.Ганзориг, Т.Энхбаяр нар нь “Худалдах, худалдан авах гэрээ”, энэ гэрээний үндсэн дээр Т.Энхбаяр нь энэхүү гэрээний үүргээ биелүүлж “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-үүдийг байгуулж эрхийн зөрчилгүй, орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох зөвшөөрлүүдийг шилжүүлсэн байдаг. Худалдан авагч тал болох Ц.Ганзориг нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлд заасан төлбөрийн дарааллын дагуу 6.1-ийн а-д заасны дагуу 350 000 000 төгрөг төлөх ёстойгоос 330 000 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байдаг бөгөөд гэрээний 6.1-ийн b, c, d-д заасан үүргүүдээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна.

            2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2013 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1-ийн d-ийн үүргийг хэрэгжүүлэхээр “Рома Инвестмент” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганзориг, иргэн Т.Энхбаяр нар “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхарт, 602 тоот, 106.92 м2,       326 106 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувь бартераар буюу захиалагч талыг 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр хийгдэж төлбөр төлөх үүргээ 100 хувь төлөгдсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Дээрх байр нь нилээн цаг хугацаа алдсаны эцэст 2018 оны зун ашиглалтад орсон. “Рома инвестмент” ХХК-д удаа дараа хандсан боловч байрыг хүлээлгэн өгөхгүй байна. Гэрээний 3.2-д байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.05 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан. Үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцоход 32 610 600 төгрөг болж байна. Иймд “Рома Инвестмент” ХХК, хамтран хариуцагч  Ц.Ганзориг нарыг гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд дурдсан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, алдангид 32 610 600 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч “Рома Инвестмент” ХХК болон Ц.Ганзориг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас олгосон итгэмжлэлийн дагуу тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул  хамтран хариу тайлбар гаргаж байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл” гэх тайлбарыг гаргаж байна.

           ...  Учир нь иргэн Т.Энхбаяр нэхэмжлэлийнхээ нотлох баримт болгож буй Орон сууц захиалгаар барих гэрээний 2.1 дэх хэсэгт “Төлбөрийг дараах графикийн дагуу төлнө”, “төлбөр хийх өдөр 100 хувь бартер” гэсэн байдаг. Эндээс үзэхэд уг нэхэмжилж буй орон сууц нь хариу төлбөртэй гэрээний үндсэн дээр шилжихээр харагдаж байгаа ба захиалагч Т.Энхбаяр нь ямар нэг эд зүйлс өгөхөөр үүрэг хүлээсэн нь харагдаж байна. Орон сууц захиалгаар барих гэрээний суурь гэрээ гэж хэлж болох Т.Энхбаяр, Ц.Ганзориг нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ юм. Энд бид хоорондоо салшгүй холбоотой 2 тусдаа гэрээний талаар ярьж байна.

Тухайн анхдагч гэрээгээр талууд харилцан төлбөртэй байх гэрээ хийгдсэн бөгөөд энэхүү гэрээнд нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа орон сууц захиалгаар барих гэрээг хэрхэн байгуулах тухай тодорхой заасан. Харин худалдах, худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжээгүй гэрээ бөгөөд худалдагч тал болох иргэн Т.Энхбаяр гэрээний зүйл болох газар өмчлөх эрхийг гэрээний 6.1.е-д заасны дагуу бүрэн шилжүүлээгүй, гэрээний 1.2, 1.3 дахь хэсэгт тусгагдсан Орон сууцны барилга барих төсөл нь эрхийн зөрчилтэй буюу хөршийн эрхэд халдсан, оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр ойр хавийн оршин суугчид эсэргүүцсэн учир төсөл бүрэн зогссон, зөрчилтэй гэрээний зүйлийг худалдан авагч талд шилжүүлсэн байдаг. Оршин суугчдын зүгээс эсэргүүцэлтэй байгааг худалдагч тал мэдэж байсан бөгөөд, худалдан авагч тал тэр дор нь худалдагч талд мэдэгдсэн бөгөөд, аль болох гэрээнээс татгалзалгүй асуудлыг шийдвэрлэх бүх талын арга хэмжээг авч, эцэст нь төсөл бүрэн зогссон. Иймд худалдан авагч гэрээнээс татгалзах саналаа албан ёсоор тавиад байгаа болно.

         Худалдах, худалдан авах гэрээний 1.1-д заасан худалдагч талаас худалдан авагч талд гэрээний 6.1.е-д заасны дагуу бүрэн шилжүүлэхээр заасан үл хөдлөх хөрөнгүүдийн түүхчилсэн лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас шүүгчийн захирамжаар гаргуулсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү нотлох баримтаас харахад худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд энэ утгаараа худалдагч бас үүргээ биелүүлэх бололцоогүй болж байгаа юм. Газрыг шилжүүлж байж л орон сууцнууд шилжих гэрээ хийгдэхээр гэрээгээр талууд тохиролцсон.

            Иргэн Т.Энхбаяр нь зөвхөн орон сууц захиалгаар барих гэрээг цорын ганц нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нь хэт нэг талыг барьсан асуудал бөгөөд гэрээний эрх зүйн харилцааг буруу томьёолж байна. Учир нь орон сууц захиалгаар бариулах гэрээ яагаад байгуулагдсан болох, хамгийн гол нь хариу төлбөртэй энэхүү гэрээний төлбөрийг хэрхэн яаж барагдуулсан зэргээ шүүхэд нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг билээ.

            Өнөөдрийн байдлаар иргэн Ц.Ганзориг нь худалдах, худалдан авах гэрээнд заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзах саналаа албан ёсоор худалдагч талд мэдэгдээд байгаа бөгөөд иргэн Т.Энхбаяр татгалзлыг хүлээн авах эсэхээ огт мэдэгдээгүй байгаа болно. Бид амаар хэлсэн боловч хариу өгөөгүй тул албан ёсны шуудангаар хүргүүлснээ шүүхэд нотлох баримтаар мөн гаргаж өгсөн болно.

Т.Энхбаяр нь орон сууц захиалгаар барих гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч, өмнөх гэрээ болох худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, худалдагч тал болох Т.Энхбаяр гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэхүү худалдах, худалдан авах гэрээнээс  худалдагч тал  хуульд заасан эрхийнхээ дагуу татгалзаж байгаа тухайгаа мэдэгдээд байгаа тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Энхбаяр нь хариуцагч “Рома Инвестмент” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 8003 дугаар байрны 602 тоотын 106.92 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, алданги 32 610 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 1-2, 153-154 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Ц.Ганзоригийг оролцуулах хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/02236 дугаар захирамжаар хэрэгт хамтран хариуцагчаар Ц.Ганзоригийг татан оролцуулсан байна. /х.х-ийн 67 тал/

            Нэхэмжлэгч Т.Энхбаяр нь хариуцагч “Рома Инвестмэнт” ХХК, Ц.Ганзориг нарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн биелэлт болох 326 106 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гаргуулах, алданги 32 610 600 төгрөг   гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байгаа болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ болон 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “орон сууц захиалгаар барих гэрээ” бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэжээ. /х.х-ийн 5-6, 26-31 тал/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй “... өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл” гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Энхбаяр, хариуцагч Ц.Ганзориг нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу Т.Энхбаяр нь “Ноголис” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, тус компанийн нэрээр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих төсөл, холбогдох бусад эрх болон 4 газрын өмчлөх эрхийг Ц.Ганзоригт худалдахаар харилцан тохиролцжээ. /х.х-ийн 26-31, 53-62 тал/

Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр болон Ц.Ганзориг нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Т.Энхбаяр нь “Ноголис” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх, тус компанийн нэрээр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих төсөл, тухайн газрын өмчлөх эрх зэрэг бусад холбогдох эрхийг шилжүүлэхээр, Ц.Ганзориг нь компанийн хувьцаа, төсөл эзэмших эрх болон холбогдох бусад эрх болон газар өмчлөх эрхийн хамт шилжүүлэн авсны төлбөрт 1 350 000 000 төгрөгийг тодорхой үе шаттайгаар төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 53-62 тал/

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, тухайн гэрээ бодит байдлаар хэрэгжиж байгаа, гэрээний зүйлийн дийлэнх хэсгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал худалдагч тал болох Т.Энхбаяр нь гэрээгээр тохиролцсон зүйл болох “Ноголис” ХХК-ийн хувьцаа, компанийн эрх, төсөл эзэмших эрх, барилга барихад шаардлагатай бичиг баримтууд болон техникийн нөхцөлүүд, Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Ойн гудамж 44 тоот хаягт байршилтай 408 м.кв газар өмчлөх эрх зэргийг шилжүүлэн авсан тухайд талууд маргахгүй байна.

Иймд хариуцагч Ц.Ганзориг нь гэрээгээр тохиролцсон гэрээний зүйлийг   Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар хүлээн авч байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Талууд дээрх гэрээгээр дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.3, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх заалттай нийцсэн.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1-1.1.4, 1.2, 1.3 дахь заалтаар “гэрээний зүйл”, гэрээний 2 дахь заалтаар “талуудын үндсэн үүрэг”, “3 дугаар зүйл заалтаар  урьдчилсан нөхцөл” 5 дахь заалтаар “гэрээний хүчин төгөлдөр байдал” 6 дахь заалтаар” гэрээний үнийн дүн төлбөрийн нөхцөл” зэргийг тус тус тохиролцжээ.

Түүнчлэн зохигчдын төлөөлөгч нар шүүх хуралдаанд “гэрээний үйлчлэх хугацааг тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаагаар үргэлжилнэ” гэх тайлбарыг гаргаж байх тул шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.6-д зааснаар гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулахад гэрээний үргэлжлэх хугацаа нь орон сууцны барилга барих төсөл хэрэгжиж дуусах хугацаанд хүчин төгөлдөр байхаар талууд тохиролцсон гэж үзэв.

Гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөлийг талууд гэрээний 6 дугаар зүйл заалтаар “Рома Инвестмент” ХХК нь 400 000 000 төгрөг төлж, төлбөрийн зарим хэсгийг бараа солилцоогоор төлөхөөр тохиролцсон буюу “Рома Инвесмент “ХХК нь үлдэх төлбөр 648 125 000 төгрөгт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома Таун хотхоны 105 дугаар байрны 7 давхрын 106.25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 10 дугаар давхрын 106.25 м,кв талбай бүхий 3 өрөө нийт 212.5 м.кв талбай бүхий 2 орон сууцыг 1 м.кв-ыг 3 050 000 төгрөгөөр үнэлж, худалдагчийн болон түүний нэр дээр заасан иргэний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Дээрх тохиролцооны дагуу “Рома Инвестмент” ХХК, иргэн Ц.Ганзориг нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “Рома Инвестмент” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Рома Хотхоны 8003 дугаар байрны 6 давхрын 602 тоотын 106.92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, 326 106 000 төгрөгт тооцон Ц.Ганзоригт өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “орон сууц захиалгаар барих гэрээ” зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-6 тал/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”,

199 дүгээр зүйлийн 199.1-д “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж тус тус заасан байх бөгөөд зохигчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байхад хариуцагч төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүрэгт шилжүүлэхээр тохиролцсон орон сууцыг өгөхөөс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх заалттай нийцээгүй байна.

Тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий субъект нь “Рома Инвесмент” ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал болох Ц.Ганзориг нар байх тул гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, мөн хуулийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заажээ.

Талуудын хооронд үүссэн маргаан нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй, уг гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх нөхцөлийн дагуу “Рома Инвестмент” ХХК, Т.Энхбаяр нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан байх тул тэднийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Иймд хариуцагч “Рома Инвестмент” ХХК, Ц.Ганзориг нараас 326 106 000 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Рома Инвестмент” ХХК-ийн  орон сууцнаас 101.65 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж, Т.Энхбаярт олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, алданги 32 610 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Рома Инвестмент” ХХК, Ц.Ганзориг нараас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома хотхоны 8003 дугаар байрны 6 давхрын 602 тоот 106.92 м.кв талбайтай 3 /гурван/ өрөө орон сууцыг гаргуулж, Т.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 32 610 600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 951 533 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Рома Инвестмент” ХХК, Ц.Ганзориг нараас 1 951 533 төгрөгийг /хувь тэнцүүлэн/ гаргуулж, нэхэмжлэгч Т.Энхбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14133 дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ