Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/01698

 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/01698

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 дүгээр шийдвэртэй, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТНХ” ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 2 510 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амарбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадамгарав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Р” ХХК Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспогийн баруун талд байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Манай үйлдвэрийн хашааны залгаа хашаанд “ТНХ” ХХК-ийн хариуцан ажиллуулдаг бохирын хоолойн насосны хэсгээс 2019 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр бохирын ус манай компанийн хашаа руу урсан орж ирсэний улмаас компанийн 2 300 000 төгрөгийн бараа материал гэмтэж, дахин ашиглах боломжгүй болсон. Ингээд үнэлгээний хөлсөнд 50 000 төгрөг, талбайг ариутгахад талбай чөлөөлж бараа материалыг ачиж тээвэрлэхэд 40 000 төгрөг, ажлын хөлсөнд 120 000 төгрөг төлсөн. Иймд “ТНХ” ХХК-аас гэм хорын хохиролд нийт 2 510 000 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа бохирын өргөх насос нь тухайн үед хэвийн ажиллаж байсан бөгөөд мөн лаг цэвэрлэх ажил хийгдэж байсан. Тус байгууллагаас манайд хандсан даруйд ямар бохир ус асгарсныг тодруулах үүргийг ажилчиддаа өгсөн. Гэтэл тодруулах явцад цэвэр ус, бохир ус холилдсон шингэн, өөрийн хашаанд байгаа бохирын худгууд нь халиад удсан байна гэсэн. Манай компанийн зүгээс Ус сувгийн газраас энэ хашаанд байгаа цэвэр усны худаг, бохирын худгийг хэний мэдлийн худаг болох, хэн ашиглаж байгаа эсэхийг тодруулахад 4 ширхэг худаг нь ажилладаггүй гэж хариу өгсөн. Манай компанийн зүгээс бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

            Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “ТНХ” ХХК-аас гэм хорын хохиролд 2 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 55 110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ТНХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 52 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны гол үйл баримт болсон “Р” ХХК-ийн барилгын бараа бүтээгдэхүүн усанд норж, хагарч бутарсан байдалтай болсон байна, нийт хохирлын үнэлгээ 2 300 000 төгрөг гэсэн баримт, кассын орлогын ордерт “Хос стандарт” ХХК-ийн хохирлын үнэлгээний хөлс 50 000 төгрөг болох нь баримтаар, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагч 2 350 000 төгрөгийн гэм хор учруулсан болох нь тогтоогдож байна гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0014321 дүгээр албан шаардлагад “Р” ХХК-ийн байр руу бохир хальсан талаар нэг ч өгүүлбэр алга байна. Хөлдсөн бохирын ус нь аль талбай болох нь тодорхойгүй. Тухайн үед камерийн бохирын худаг хөлдсөн, 86 камерийн хоорондох зам руу бохир хальсан асуудал хөндөгдөж байсан. Ус сувгийн удирдах газар болон “ТНХ” ХХК адилхан тусгай зөвшөөрөл эзэмшигч болохоос хэн нэгнээ хянадаг байгууллага биш. Аж ахуйн гэрээний үндсэн дээр хамтран ажиллах үүрэгтэй байгууллагууд юм. Тус албан шаардлагын хуудас нь хуулийн шаардлагыг хангаагүй, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ийм албан шаардлага тавих газар биш. Энэ бол мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарна. Насос станцын хэвийн ажиллагааг анхаарч ажиллах гэдэг нь ажлаа сайжруул гэсэн утгатай болохоос насос зогсоод засвар хийж, ус, бохир ус алдсан гэсэн утга биш юм. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэхэд дээрх дутагдлыг арилгаж ажлын гүйцэтгэлийг шалгуулсан байхыг мэдэгдэж байна гэжээ. Гэтэл ийм үйл ажиллагаагаа огт хийгдээгүй, хариуцлага тооцогдоогүй. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/816 тоот албан бичгийг “Р”ХХК-ийн захирал Д.Амарбуянд ирүүлжээ. Төрийн байгууллага иргэн, албан байгууллагын гомдлыг сарын дотор шийдвэрлэж хүргүүлдэг. Гэтэл энэ нь сүүлд албан бичгээр хандаж, цаг хугацааны хувьд нөхөж бүрдүүлсэн байна. Тус албан бичигт дурдагдсан Нийслэлийн байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн тайлбар авч, ямар нэгэн шаардлага тавьж, акт тогтоогоогүй. Иргэний гомдлын дагуу л тайлбар авсан. Мөн тухайн ахлах ажилтан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирж танилцсан. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр өвлийн хүйтэнд -30 градусд бохир хальсаныг тодорхойлсон гэдэг нь үнэмшилгүй байна. Өвлийн хүйтэнд хөлдсөн ус хашаа руу урсаад, бетон нь хашааг нэвтлээд хайрга чулуутай газраар 7,8 м газар руу замын өөд тал руу урссан. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/1442 дугаар албан бичигт Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, “Мишээл экспо” ХХК-ийн баруун талд байрлах бохир усны насос станцад 7 хэрэглэгч бохир усаа нийлүүлдэг бөгөөд өдөр тутмын ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг “ТНХ” ХХК хариуцдаг болно гэсэн. “ТНХ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан ажил үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан. Тиймээс энэ бохирын станцын өдөр тутмын ашиглалт үйлчилгээг хариуцахгүй. Бохирын станц техникийн нөхцөл, газрын эзэмшил тодорхойгүй. Нийтийн эрх ашгийн үүднээс хариуцаж ажиллаж байсан. Мөн тус байгууллагаас нэхэмжлэгчийн хашаанд 4 бохирын худаг байдаг, техникийн нөхцөл авч холбогдсон гэсэн манай албан бичгийг харгалзан үзээгүй. “Цасны хачир” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05-16 тоот албан бичигт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Р” ХХК-ийн чулууны үйлдвэрийн эзэмшил газарт “ТНХ” ХХК-ийн бохир алдсан 1 000 м.кв талбайд гипохлорид кальцийн уусмалыг гадаа талбайд цацагч мотороор цацан, хуурайгаар гипохлорид кальц дэвсэж өгсөн гэжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоогоогүй байхад шүүх ямар ч хамааралгүй байгууллагын албан бичгийг үндэслэсэн. Тус байгууллагууд шаардлага тавих эрх бүхий этгээд биш, уг албан бичгүүд нь энэ хэрэгт ямар хамааралтай талаар шүүх шийдвэртээ огт тусгаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад “ТНХ” ХХК-ийн бохирын насосноос болсон гэж тодорхойлох ямар нэгэн баримт байхгүй. Бохирын насос нь 15-20 метрийн газрын гүнд байдаг бөгөөд бохирын худаг хальсан нь тогтоогдоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “ТНХ” ХХК-д холбогдуулан бараа материалын үнэ 2 300 000 төгрөг, үнэлгээний хөлс 50 000 төгрөг, ачилтын хөлс 40 000 төгрөг, ажлын хөлс 120 000 төгрөг, нийт 2 510 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “.., “ТНХ” ХХК-ийн хариуцан ажиллуулдаг бохирын хоолойн насосны хэсгээс бохирын ус хальж орсноос компанийн бараа материалд хохирол учруулсан” гэжээ.

Нэхэмжлэгч “Р”ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо төвийн баруун талд байрлах хашаанд 2019 оны 02 дугаар сарын 15-16-ны өдөр бохирын ус гаднаас орж ирсэний улмаас хөлдөлт үүсч, хашаанд байсан барилгын материал гэмтсэн үйл баримт тогтоогдсон байх ба хариуцагч нь Иргэний хуулийн 497 дүгаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй, шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг журамтай.

Хэргийн 9-10, 30-36, 45-63 дугаар талд дахь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн албан шаардлага, Нийслэлийн Байгаль орчны газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, “Хос стандарт” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хохирол үнэлгээний тайлан, “Цасны хачир” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг, гэрч С.Батхүү,  Ч.Баттөмөр нарын мэдүүлэг зэргийг шүүх харьцуулан дүгнэж гэм хорын хохиролд 2 350 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.  

Хариуцагчийн бохирын станцын техникийн нөхцөл, газрын эзэмшил тодорхойгүй, нийтийн эрх ашгийн үүднээс хариуцаж ажиллаж байсан гэх гомдол үндэслэлгүй. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Мишээл экспо” ХХК-ийн баруун талд байрлах бохир усны насос станцад 7 хэрэглэгч бохир усаа нийлүүлдэг бөгөөд өдөр тутмын ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг “ТНХ” ХХК хариуцдаг .., гэх албан бичгийг хариуцагч нь нотлох баримтаар үгүйсгээгүй тул түүний ажил үүргээс үүссэн аливаа гэм хорыг хариуцна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

­

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

 

        ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

                                                       А.МӨНХЗУЛ