Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00271

 

*******-ийн нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1698 дугаар магадлалтай,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 2.510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Амарбуян, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай үйлдвэрийн хашааны залгаа хашааны *******-ийн хариуцан ажиллуулдаг бохирын хоолойн насосны хэсгээс 2019 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр бохирын ус манай компанийн хашаа руу урсан орж ирсний улмаас манай компанийн 2,300,000 төгрөгийн бараа материал гэмтэж, дахин ашиглах боломжгүй болсон. Мөн дээрх үнэлгээний хөлс 50,000 төгрөг, талбайг ариутгахад талбай чөлөөлж бараа материалыг ачиж тээвэрлэхэд 40,000 төгрөг, хоёр хүн хоёр өдөр ажиллуулсны хөлс 120,000 төгрөг болсон. Иймд *******-иас гэм хорын хохиролд нийт 2,510,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа бохирын өргөх насос нь тухайн үед хэвийн ажиллаж байсан бөгөөд мөн лаг цэвэрлэх ажил хийгдэж байсан. Тус байгууллагын манайд хандсан даруйд ямар бохир ус асгарсныг тодруулах үүргийг ажилчиддаа өгсөн. Гэтэл тодруулах явцад цэвэр ус, бохир ус холилдсон шингэн байна. Өөрийн хашаанд байгаа бохирын худгууд нь халиад удсан байна гэсэн. Манай компанийн зүгээс ус сувгийн газраас энэ хашаанд байгаа цэвэр усны худаг, бохирын худгийг хэний мэдлийн худаг болохыг тодруулж, ашиглаж байгаа эсэхийг шалгуулахад 4 ширхэг худаг нь ажилладаггүй гэж хариу өгсөн. Манай компанийн зүгээс бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас гэм хорын хохиролд 2,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 55,110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 52,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1698 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Төгсбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 183/ШШ2019/01559 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1698 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргах тухай.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2019 оны 02-р сарын 18-ны өдрийн 0014321 дүгээр албан шаардлагад *******-ны байр луу бохир хальсан талаар нэг ч өгүүлбэр алга байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд Ус сувгийн удирдах газар болон Түмэн наяд хайрхан 2 адилхан Тусгай зөвшөөрөл эзэмшигч болохоос хэн нэгнээ хянадаг байгууллага биш. Аж ахуйн гэрээний үндсэн дээр хамтран ажиллах үүрэгтэй байгууллагууд. Тус шаардлагын хуудас нь хуулийн болон нотлох баримтын шаардлагыг хангаагүй байдаг. Мөн нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны 19/012 тоот албан бичиг болон уг албан бичгийн хариу болох 2019 оны 06-р сарын 20-ны өдрийн 03/816 тоот албан бичиг нь цаг хугацааны хувьд нөхөж бүрдүүлсэн байна. Тус албан бичигт дурдагдсан Нийспэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн нь тайлбар авсан болохоор ямар нэгэн шаардлага, акт тогтоогдоогүй бөгөөд иргэний гомдлын дагуу тайлбар авсан. Мөн тухайн ахлах ажилтан 2019 оны 02-р сарын 21-ны өдөр ирж танилцсан байна. Гэтэл бохир хальсан нь 2019 оны 2-р сарын 15, 16-ны өдөр өвлийн хүйтэнд -30 грудаст бохир хальсныг тодорхойлсон гэдэг нь хир үнэмшилтэй байна. Бохир хөлдсөн байна гэсэн байна. Өвлийн хүйтэнд хөлдсөн ус хашаа руу урсаад, бетон
нь хашааг нэвтлээд, хайрга чулуутай газраар, 7, 8 м газар луу замын өөд тал руу
урссан. Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар, ОНӨААТҮГ-ын 2019 оны 6 дугаар
сарын 17-ны өдрийн 3/1442 дугаар албан бичигт Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Мишээл эскпо ХХК-ны баруун талд байрлах бохир усны насос станцад 7 хэрэглэгч бохир усаа нийлүүлдэг бөгөөд өдөр тутмын ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг ******* хариуцдаг болно гэсэн. ******* нь ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 6-р сарын 30-ны өдөр авсан. Тиймээс энэ бохирын станцын өдөр тутмын ашиглалт үйлчилгээг хариуцах хууль зүйн талаас бол байхгүй. Бохирын станц техникийн нөхцөл, газрын эзэмшил, эзэмшил тодорхойгүй. Нийтийн эрх ашгийн үүднээс хариуцаж ажиллаж байсан. Мөн энэ тус байгууллагаас манай албан бичгийн хариуд нэхэмжлэгчийн хашаанд 4 бохирын худаг байдаг техникийн нөхцөл авч холбогдсон гэсэн албан бичгийг нь харгалзан үзээгүй байна. Энэ бүхнээс харахад албан ёсны мэргэжлийн байгууллагууд ямар нэгэн акт тогтоогоогүй, зөвхөн хэдэн албан бичгийг үндэслэн тогтоосон байна. Түүнээс тус байгууллагууд ямар шаардлага тавих байгууллага, албан бичгүүд энэ хэрэгт ямар холбоотойг огт тусгаагүй байна. Дээрх хэргийн баримтууд *******-ний бохирын насосноос болсон талаар тодорхойлох ямар нэгэн баримт алга. Бохирын носас нь газрын гүнд 15-20 метрийн гүнд байдаг, бохирын худаг нь хальсан тогтоогүй.

Иймд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 тоот шүүхийн шийдвэр болон хүчингүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1698 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

******* нь *******-с 2.510.000 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ ...бохирын ус хальж, бараа материал дахин ашиглах боломжгүй болж хохирол учирсан гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2.350.000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн... гэсэн үндэслэл дурджээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, *******-ийн хариуцдаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо ХХК-ийн баруун талд байрлах бохир усны худаг, насос станцаас 2018 оны 2 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд бохир ус хальснаас *******-ийн хашаанд байсан барилгын бараа материал норж, ашиглах боломжгүй болсон нь тогтоогджээ /хэргийн 9-10, 30-36 45-55 дугаар тал/.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...нэхэмжлэлд дурдсан бохирын өргөх насос тухайн үед хэвийн ажиллаж байсан, ...өөрийнх хашаанд байгаа бохирын худгууд халиад удсан гэж тайлбарласан нь баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 492.2.-т заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр шатны шүүх гэм хор арилгах үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01559 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1698 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Төгсбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 55.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН