Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 01559

 

2019 оны 07 сарын 03 өдөр

             Дугаар 183/ШШ2019/01559

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2.510.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: ............ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р” ХХК-ийн ажлын байр ..............-гийн баруун талд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Манай үйлдвэрийн хашааны залгаа хашааны “Т” ХХК-ийн хариуцан ажиллуулдаг бохирын хоолойн насосны хэсгээс 2019 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр бохирын ус манай компанийн хашаа руу урсан орж ирсэний улмаас манай компанийн 2.300.000 төгрөгийн бараа материал гэмтэж, дахин ашиглах боломжгүй болсон. Мөн дээрх үнэлгээний хөлс 50.000 төгрөг, талбайг ариутгахад талбай чөлөөлж бараа материалыг ачиж тээвэрлэхэд 40.000 төгрөг, хоёр хүн хоёр өдөр ажиллуулсны хөлс 120.000 төгрөг болсон. Иймд “Т” ХХК-иас гэм хорын хохиролд нийт 2.510.000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа бохирын өргөх насос нь тухайн үед хэвийн ажиллаж байсан бөгөөд мөн лаг цэвэрлэх ажил хийгдэж байсан. Тус байгууллагын манайд хандсан даруйд ямар бохир ус асгарсныг тодруулах үүргийг ажилчиддаа өгсөн. Гэтэл тодруулах явцад цэвэр ус, бохир ус холилдсон шингэн байна. Өөрийн хашаанд байгаа бохирын худгууд нь халиад удсан байна гэсэн. Манай компанийн зүгээс ус сувгийн газраас энэ хашаанд байгаа цэвэр усны худаг, бохирын худгийг хэний мэдлийн худаг болохыг тодруулж, ашиглаж байгаа эсэхийг шалгуулахад 4 ширхэг худаг нь ажилладаггүй гэж хариу өгсөн. Манай компанийн зүгээс бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

           

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 2.510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Т” ХХК-ийн хариуцдаг, тэдний эзэмшлийн .............. ХХК-ийн баруун талд байрлах бохир усны худаг, насос станцаас 2018 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр  бохир ус гадагш урсаж, зэргэлдээх хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт нь Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ........... дүгээр албан шаардлагад “...Т ХХК нь насос станцын хэвийн ажиллагаанд анхаарч ажиллах, хөлдсөн бохир усыг цэвэрлэж, ариутгах шаардлагатай” гэсэн, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/1442 дугаар албан бичигт “................. дугаар хороо, М ХХК-ийн баруун талд байрлах бохир усны насос станцад 7 хэрэглэгч бохир усаа нийлүүлдэг бөгөөд өдөр тутмын ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг Т ХХК хариуцдаг болно” гэсэн, Нийслэлийн Байгаль орчны газрын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/816 дугаар албан бичигт “...Т ХХК-ийн ажилчид өөрийн хариуцсан худгийн бохирын насосыг солихдоо бохир усыг гадагш нь урсгаж хаяснаас Р ХХК-ийн эзэмшил газарлуу бохир урсан орж хөлдсөн...” гэсэн, “Ц” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05/16 дугаар албан бичигт “................. дугаар хороонд байрлах Р ХХК-ийн чулууны үйлдвэрийн эзэмшил газарт Т ХХК-ийн бохир алдсан 1000 м.кв талбайд гипохлорид кальцийн уусмалыг гадаа талбайд цацагч мотороор цацан, хуурайгаар гипохлорид кальц дэвсэж өгсөн...” гэсэн баримт болон фото зургаар нотлогдож байна.

 

Дээр дурдсан баримт болон “Х” ХХК-ийн хохирол үнэлгээний 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1859 дүгээр тайлангаар “...Р ХХК-ийн барилгын бараа бүтээгдэхүүн усанд норж, хагарч бутарсан байдалтай болсон байна, нийт хохирлын үнэлгээ 2.300.000 төгрөг” гэсэн баримт, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001859 дүгээр Кассын орлогын ордерт “...Х ХХК-ийн хохирлын үнэлгээний хөлс 50.000 төгрөг” гэсэн баримтаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн эд хөрөнгөд “Т” ХХК нь 2.350.000 төгрөгийн гэм хор учруулсан болох нь тогтоогджээ.

 

Харин нэхэмжлэгчийн “...бараа материалыг ачиж тээвэрлэхэд 160.000 төгрөгийн зардал гаргасан” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлогдоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас гэм хорын хохиролд 2.350.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч тал болон иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас гэм хорын хохиролд 2.350.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 55.110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 52.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД

 

                      ШҮҮГЧИД                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                         Д.ЯНЖИНДУЛАМ