Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 135

 

Э.У, Ч.Г, М.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлалтай Э.У, Ч.Г, М.Э нарт холбогдох 201610010215 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 1201 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Спирт бал бурам трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай байсан, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Эийн У,

2. Монгол Улсын иргэн,1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 8А-94 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Мтын Э,

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 1201 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Чын Г.

 

Э.У нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын орчим “Лексус-470” загварын 22-55 УНӨ дугаартай автомашиныг жолоодож явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 2 дугаар хавсралтын 3.5 дугаар /одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.4, 12.4, 4 дүгээр хавсралтын 3.6/-д заасныг тус тус зөрчсөний улмаас жолооч З.Эийн жолоодож явсан “Тоёота приус” загварын 67-63 УБР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Б, Ц.Г нарын амь нас хохирсон, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө зориуд худал мэдүүлсэн,

мөн Ч.Г, М.Э нар нь 22-55 УНӨ дугаартай “Лексус-470” загварын машиныг Г.Ц барьж явсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Э.Уг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нарыг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Э.Уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Ч.Г, М.Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Угаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгчийн хувьд яллах дүгнэлтэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн мөнгөн хэлбэрээр хохирлын дийлэнх хэсгийг барагдуулсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дурдаж, хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх өөр нөхцөл байдал байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг өөрийн бүх боломжийг ашиглан төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өөрийгөө илчилсэн /5хх 17/ ... “өөрийгөө илчилсэн” гэдгийг хуульчилсан байдлыг үзвэл хэзээ өөрийгөө илчлэхээс үл хамаарах ойлголт байх бөгөөд тухайи гэмт хэрэг үйлдсэн, хүн өөрийн гэм буруугаа нотлох үүрэггүй. Өөрөөр хэлбл хууль тогтоогчоос гэм буруугаа хүлээн зөвшөөрөх талаар цаг хугацаа заагаагүй байна. нөгөө талаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр юм.  

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэм хэргээ илчилсэн зэрэг нөхцөлийг шүүх ял оногдуулахдаа хэрэглээгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан энэ талаарх баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг огт заагаагүй байна. Иймээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан 5 жил хорих ял хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн харгалзалгүй оногдуулсан гэж үзэж байгаа тул дээрх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлүүд болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ялын хугацааг багасган шийдвэрлэж өгнө үү.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс “худал мэдүүлэх “ гэмт хэрэг үйлдсэн буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэж гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулж, хууль буруу хэрэглэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг нотлох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм. Хуулийн энэ агуулгаас үзвэл шүүгдэгч Э.Уг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүй байна гэх үндэслэлээр яллажээ. Мөн түүгээр ч зогсохгүй энэ үйлдэлд нь 2 жил хорих ял оногдуулсан бөгөөд өөрийнхөө үйлдсэн хэргийг үйлдсэн хүлээн мэдүүлээгүйнхээ төлөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, улмаар түүний эрх зүйн байлыг дордуулж байгаа нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна. 

Эрүүгийн хууийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргиин шинжид гэрч, хохирогч, мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэсэн шинжийг хуульчилжээ. Гэвч хавстаст хэрэгт авагдсан баримт, анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэлээс үзэхэд баталгаа гаргасан үйл баримт огт тогтоогдохгүй байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч баталгаа гаргах тухай ойлголт байхгүй. Мөн худал мэдүүлэх гэмт хэргийн субъект нь гагцхүү гэрч, хохирогч байх бөгөөд яллагдагч, шүүгдэгч энэ гэмт хэргийн субъект биш байна.

Гэвч хэргийн байдлыг үзэл миний үйлчлүүлэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэнийг нуух сэдлийг өөрөө бус түүний хадам ээж Г.Ц гаргасан байна. Түүнчлэн өөрийн гэм бурууг ухамсарлан өөрийн үйлдсэн хэрэгтээ зохих хариуцлага хүлээхээр гэмт хэрэг үйлдсэн байдлаа буюу худал мэдүүлэг өгсөн гэх үйлдлээ илчилсэн үйл баримтад шүүх дүгнэлт хийлгүйгээр Э.Уг буруутгасан байна.

Өөрөөр хэлбэл нэг төрлийн гэмт хэргийг ижил санаа, зорилготой үйлдсэн шүүгдэгч Ч.Г, М.Э нарыг ял оногдуулахгүйгээр тэнссэн атлаа миний үйлчлүүлэгчид хамгийн хүнд ялыг хэрэглэжээ. Шүүхийн энэ байдал нь гагцхүү хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснийг илэрхийлж байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг багасгаж, мөн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Тус хэрэг 2016 онд гарсан бөгөөд 6 удаа яллах дүгнэлт үйлдсэн. Г.Ц гэх хүн сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон байсан бөгөөд түүнд холбогдох хэргийг прокуророос 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Э.Угийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний амь хохирч, хоёр хүн хүнд гэмтэл авсан.

Анхан шатны шүүх Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх илүү дэлгэрэнгүй дүгнэлт хийж хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн Э.У, Ч.Г, М.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Э.У нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын орчим тээврийн хэрэгсэл  жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч З.Энэбишийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Б, Ц.Г нарын амь насыг хохироож, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн Ч.Г, М.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Э.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар, Ч.Г, М.Э нарын үйлдлийг мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин прокуророос шүүгдэгч Э.Уг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө “...Тухайн үед машиныг Г.Ц бариад явсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Э.У нь авто тээврийн хэрэгсэл жолоодон яваад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд харин Э.У нь мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийг хадам ээж Г.Ц жолоодож явсан гэж гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж түүнийг “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Тодруулбал, Э.Уг дан ганц өөрийнх нь үйлдсэн хэрэгт гэрчээр байцаасан мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж, үүнд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээс гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн явдал болно.      

Мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” болохыг тусгайлан тайлбарлах учиртай.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Э.Уд холбогдох “худал мэдүүлэх” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд энэ зүйл ангиар оногдуулсан ялыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан “...хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан 5 жил хорих ялыг багасгах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, “...худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлалд “Прокуророос Э.Уд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ зүйлээр гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

Б.БАТЦЭРЭН

 

Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН