Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01683

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01683

 

 

 

 

 

 

                                      Ц.Дийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01893 дугаар шийдвэртэй, Ц.Дийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ад холбогдох, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.А 2008 онд миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 6-207 тоот хашаа байшинг худалдаж авна гэж байснаа 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ болгоё гэхээр нь хашаа байшингаа өгсөн. Миний бие нөхрийнхээ хамт түүний ажилладаг Найрамдал зуслангийн ажилчдын байранд амьдарч байсан. Гэтэл нөхөр ажлаасаа гарснаар 2016 оноос хойш байр түрээслэн амьдарч, одоо 8-25 насны 4 хүүхэд болон 85 настай ээжийгээ асран, нийт 7 ам бүл болон амьдарч байна. Гэтэл С.А нь миний  бэлэглэсэн гэх байшинд амьдралгүй 5 жил эзэнгүй орхиж, өөрсдөө бие даан тусдаа амьдарч байна. Үүнийг хорооны дарга П.Тунгалаг нотолж байгаа. Бидэнд мэдэгдэлгүйгээр яагаад эзэнгүй орхиод явсан гэхэд бид зарна, та эсвэл хүн суулгах уу гэдэг. Анх хашаа байшингаа өгөхдөө засвар хийж өгсөн боловч одоо байшингийн 3 цонхны нэг нь төмрөөр хадагдсан, дээврийн бүрээс хуулагдсан, дусаал гоождог болж, өнгөө алдсан байдалтай болсон. Мөн сүүлийн хэдэн жил хаана амьдарч байгааг сураглан, манай хашаа байшинд амьдрах уу гэж асууж лавлахаар эсрэгээр ойлгож, өгсөн хашаа, газраа авах гээд байгаа юм уу, би ханшаар нь худалдаж авсан гэж дарамтлан, доромжилж хөөж гаргасан. Үүнээс болж нөхөр Баяр сэтгэл санаагаар унаж даралт нь ихсэж эмнэлэгт хэвтсэнээр даралтын өвчтэй болсон. Ээжийг нь нас барснаас хойш анхаарал тавьсаар өдийг хүрсэн байтал сүүлийн 2 жилээс манайд ирж очихоо больсон. Сайхан сэтгэлээр туслах зорилготой бэлэглэсэн хашаа байшинг эзэнгүй хаясан. Одоо уг хашаа байшин эзэнгүй байгаа учир бид өөрсдөө өөд нь татаж, 7 ам бүлээрээ амьдрах шаардлага гараад байна. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж ярьж байгаа ч хэдэн төгрөгийг хэзээ, яаж, хэрхэн төлсөн нь мэдэгдэхгүй байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2004 оны хавар Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороонд 600 000 төгрөгөөр хашаа авч 3 сар амьдарсан. Ээж минь Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэхэд манай гэр эмнэлгээс хол байсан учраас Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, зурагтын шинэ эцэст худаг, автобусны буудалтайгаа ойрхон сарын 20 000 төгрөгийн төлбөртэй хашаа түрээсэлж амьдарч байсан. Тэр үед Ц.Д эгч, нагац н.Баяраа нар эмээг эргэх зорилгоор манайд ирж байсан. Хэсэг хугацааны дараа Ц.Д эгч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 207 тоотод миний нэг хашаа байгаа та нар тэр хашааг харангаа амьдарч бай гэж хэлэхээр нь очиж үзтэл буудалтайгаа ойрхон байсан учраас очиж амьдарсан. Тэр үед н.Баяраа ах та нар энд амьдарч байх хугацаандаа цаашдаа амьдрах газраа судална биз гэж хэлсэн. Бид тэнд хэсэг амьдарч байсан. 2005 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ээж минь нас барсан. 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ц.Д эгчийн охин нь төрсөн. Охиныг нь эргэхээр эгч С.Анхбаяр бид очсон. Тэр үед Ц.Д эгч та нарын амьдарч байгаа хашаа байшинг бид 2 000 000 төгрөгөөр зарах гэж байгаа, амьдрах газраа олоорой гэж хэлэхэд нь бид хашаа байшин худалдаж авахаар төлөвлөж байсан учраас тэр хашаа байшинг 3 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Бидэнд 3 000 000 төгрөг бэлэн байгаагүй учраас хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний ээлжинд 1 500 000 төгрөг өгөөд, 2007 оны 12 дугаар сард үлдэгдэл 1 500 000 төгрөг өгч дуусгасан. Бид хамаатны хүмүүс учраас өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх гэж яараагүй. 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2008 онд Олимп болж байх үеэр Ц.Д эгч манайд ирээд татвар төлөх тул бэлэглэлийн гэрээ хийе гэдэг саналыг надад тавьсан. Ц.Д нь манай нагац ахын эхнэр тул бэлэглэлийн гэрээ хийхийг нь хүлээн зөвшөөрч хийсэн. Бидний дунд муу харилцаа байгаагүй, 2017-2019 оны цагаан сараар очиж золгосон. Мөн 2018 оны 12 дугаар сар хүртэл хашаа байшинд хүн амьдарч байсан, эзэнгүй орхиогүй. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийт 3 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хоёр хувааж бэлнээр өгсөн. Эхний 1 500 000 төгрөгийг өгөхөд эгч С.Анхбаяр, дараагийн 1 500 000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сард өгөхдөө дүү С.Баяраа харсан. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас уг гэрээний дагуу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дөөс хариуцагч С.Ад холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт өмчлөх эрхийг шилжүүлэхдээ буюу улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хувийн сууц бэлэглэлийн гэрээ, газар бэлэглэлийн гэрээг үндэслэсэн гэж тайлбарлах ба уг үйл баримтын талаар маргаагүй гэжээ. Маргаагүй болохоор бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьт сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлын ойлголт тул ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Ийм тайлбар Иргэний хууль болон бусад хамааралтай хуулинд байдаггүй. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр С.Агийн нөхөр Сүхээгийн Баттогтох нь олон нийтийн хэрэгсэл фэйсбүкээр шунахай дээрэлхүү хүн мэтээр сурталчлан доромжлон бичсэн асуудлыг ярьж хэлсээр байтал шүүх үүнийг нотлох баримтаар аваагүй, согтуугаар гэрэсээ хөөсөн гэдгээ нөхөр нь хүлээн зөвшөөрсөн. Мөн С.Агийн шүүх хурал дээр ярьсаныг тэмдэглэлийн 9 дүгээр хуудсанд  бүдгэрүүлэн бичсэн. 2019 оны 04 дүгээр сарын 20-нд нагац ахтай хамт ирээд 20 минут болоогүй байхад нь заамдаж нүдээд ширээ шаагаад чирээд гаргасныг тодруулсан байхад хурлын тэмдэглэлд бичээгүйд гомдолтой байна. Иргэний хуульд худалдах авах гэрээ, бэлэглэлийн гэрээг 2 өөр харилцаа гэж хуульчилсан байдаг. Гэтэл бэлэглэлийн гэрээ байгуулснаар худалдан авах гэрээ нь хүчингүй болно.

Сөрөг нэхэмжлэл гарган улсын тэмдэгтийн хураамж төлдөг журмыг санаатай орхигдуулан тэмдэглэл мэтэд бичээгүй. Гэрч нар нь 2006 он хүртэлх харилцааг нотлох бөгөөд 3.0 сая төгрөг өгсөн авсныг цаг хугацаагаар нотлохгүй байхад шилжүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлгүй гэж үзсэн нь хууль ноцтой зөрчсөн. Шүүх бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн шүүгчийн хувийн сэдэл гаргаж байна. Шүүх хурал дээр шүүгч ... улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж ярьсанаа бичлэг болон тэмдэглэлд бичээгүй нь хууль бусыг нотлоод байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч С.Ад холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардлагын үндэслэлээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ биш бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж тайлбарладаг бол хариуцагч хашаа байшинг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан, татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээг хийсэн гэж маргажээ.

Талуудын хооронд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 6-207 тоот хаягт байрлах 35 м.кв 1 өрөө сууц, 440 м.кв газрыг 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр газар болон орон сууц худалдах, худалдах авах гэрээ, 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн сууц болон газар бэлэглэлийн гэрээ тус тус байгуулагдсан нь хэргийн 6-7, 21-22 дугаар талд авагдсан байна. Хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгджээ. 

Худалдах, худалдан авах гэрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар тодорхой тусгагдсан байх ба энэ талаар гэрч С.Анхбаяр “ .., 2005 оны 04 дүгээр сарын сүүлээр Ц.Д эгчийн гэрт нь С.Агийн хамт очиж 1 500 000 төгрөг өгсөн. Бид 3.0 сая төгрөгөөр худалдан аваад хоёр хувааж төлөхөөр тохиролцсон” гэж, гэрч С.Баяраа “.., хашаа байшинг бэлэн мөнгөөр худалдаж авсан. 2005 онд 1 500 000 төгрөг, 2007 онд 1 500 000 төгрөг өгсөн, тэр  үед би хамт байсан” гэж мэдүүлсэн байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзал түүний үндэслэл болсон дээрх баримтуудыг нотлох баримтаар үгүйсгээгүй байх тул 440 м.кв газар бүхий сууц 3 000 000 төгрөгөөр худалдагдсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн бэлэглэлийн гэрээг татвар төлөхгүйн тулд байгуулсан гэх тайлбар илүү үндэслэлтэй. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд талуудын хоорондын  бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг буюу худалдах, худалдан авах гэрээг халхавчилах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж дүгнэхээр байна. Тодруулбал талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд бэлэглэлийн гэрээ байгуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн шаардсан үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний зүйлийг татвар төлөлгүйгээр шилжүүлэх зорилгоор байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм.

Шүүхээс нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагын үндэслэлд дүгнэлт хийсэн нь буруу биш. Уг дүгнэлт нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасантай нийцсэн, хариуцагч гэрээсээ нэхэмжлэгчийн нөхрийг загнаж, хөөж явуулснаас болж даралт ихсэх өвчтэй болсон гэх үндэслэл бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэлд хамаарахгүй. Мөн хашаа байшинг 12 жил эзэнгүй орхисон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-т зааснаар нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзах эрхгүй, талууд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй болно.      

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгчийг шунахай, дээрэлхүү хүн мэтээр доромжлон бичсэнийг тайлбарласаар байхад шүүх нотлох баримтаар аваагүй” гэх гомдол үндэслэлгүй, хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох, нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгдөг журамтай.

Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийн талаарх гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлдэг журамтай тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

    ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                  А.МӨНХЗУЛ