Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00804

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00804

 

 

 

 

С.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 182/ШШ2018/00241 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч С.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын газартай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1603/Ц20 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилд орсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дугаартай захирамжаар Монос фарм трейд ХХК-д 232 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 316 000 төгрөг тус бүр илүү шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус зөрчсөн гэж тухайн үед жирэмсний амралттай байсан цэцэрлэгийн эрхлэгч С.Отгонтуяад 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажиллаж байх хугацаанд 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдсэн. Тус шалгалтанд ямар нэгэн зөрчил байгаагүй. Үүнийг Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын 3 дугаар албаны аудитор н.Бадамхатаны гаргасан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл гэсэн баримт нотлоно.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжин заасан үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэл хөтлөөгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халахаар заасан заалт нь хүчин төгөлдөр бус юм. Дотоод аудитаар зөрчил илрээгүй гэдэг нь тогтоогдсон. 2016 онд хийсэн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил байхгүй. Тухайн захирамжид дурдсан мөнгө нь Төсвийн тухай хууль болон иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлийг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Захирамжид заасан зөрчлийг шалгасан талаар материал, хэлэлцэгдсэн хурлын тэмдэглэл, гол нь зөрчилд гаргасан тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тул захирамжийн үндэслэлийг тайлбараар бүрэн нотлохгүй. Хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2-т заасан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа нь хууль бус бөгөөд ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн тохиолдолд ажлаас халах талаар нэг бүрчлэн гэрээнд дурдаж заагаагүй учир уг заалтыг хэрэглэн ажилтныг халах боломжгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч нь 06 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний амралттай байсныг нотолж холбогдох баримтыг гаргаж өгсөн байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын уг захирамж нь хууль зөрчсөн захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тайлбарт: Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг байгуулагдсан. Тус шалгалтыг удирдамжид заагдсан асуудлын хүрээнд явуулсан. Шалгалтаар нэхэмжлэгч Монос фарм ХХК, Би Си Ти ХХК-д илүү мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасныг зөрчсөн. Мөн бүлгийн багш н.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан талаарх маргаан нь Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 40.1-д заасныг зөрчсөн, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг тэмдэглэдэггүй, бүртгэдэггүй байсан нь мөн холбогдох хуулийг зөрчсөн. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчид тус дэвтэр байхгүй байгаа талаар танилцуулж байсан бөгөөд өргөдөл гомдлын дэвтрийг нөхөж гаргасан гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Багахангай дүүргийн аудитын шалгалтын улсын байцаагчийн дүгнэлтээр шилэн дансны тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ зөрчил дээр зөрчил гаргагч буюу нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт дээр цэцэрлэгийн эрхлэгч нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй буюу төрийн байгууллагын эрх мэдэлтний гаргасан тушаал, журам, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Цэцэрлэгийн эрхлэгч бол Төрийн албаны тухай хуулийн 9.1-д заасны дагуу төрийн үйлчилгээний ажилтан бөгөөд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч албан тушаалтан. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоноор энэ хүнд дээрх эрх, үүрэг буюу төсвийг хэмнэлттэй, үр ашигтай төлөвлөн зохион байгуулах эрх, үүрэг үүссэн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбогдуулж Нийслэлийн Боловсролын газрын дарга тухайн шалгалтын дүнг танилцуулж Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүнд хөдөлмөрийн гэрээний 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах санамжийг хүргүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар 2014 оноос хойш эдийн засгийн хямралтай холбогдуулан Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Засгийн газраас төсвийн хэмнэлтийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосон байдаг. Үүнд Сангийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалын 2-т заасны дагуу болон тус тушаалын хавсралтын 55-д заасны дагуу, Нийслэлийн Засаг дарга нь төсвийн шууд захирагч нарт үүрэг чиглэл хүргүүлсэн байдаг. 2016 оны 12 сарын 08-ны өдрийн албан бичигт төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай, хэмнэлттэйгээр зарцуулан, өр авлага үүсгэхгүй байх үүргийг биелүүлэхгүй бол Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хариуцлага тооцохыг мэдэгдэж байна гэсэн байдаг. Эдгээр үүргүүдийг нэхэмжлэгч биелүүлээгүй. БСШУЯ-ны сайдын албан бичигт төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, тус үүргийг биелүүлээгүй бол хариуцлага тооцохыг мэдэгдэж байна гэж тусгасан байдаг. Энэ мэт ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын тус захирамж нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Отгонтуяаг Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 438 579 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж С.Отгонтуяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, С.Отгонтуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 69 967 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-т сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж тохирч гэрээг байгуулсан бөгөөд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 2.1-д Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй болохыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл сургуулийн захиралд хууль тогтоомжоор олгосон эрх үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хөдөлмөрийн гэрээгээр тохирч байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 тоот албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-09-239/385 тоот албан шаардлага зэргээр хууль тогтоомж зөрчсөн зөрчлөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх давтан зөрчил болон ноцтой зөрчилд хамаарахгүй гэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дугаар тушаалаар Монос фарм трейд ХХК-д 232 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 316 000 төгрөг илүү шилжүүлсэн, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн удирдлагын зохион байгуулалт, ёс зүй, санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан байх ба уг шалгалтаар нэхэмжлэгч С.Отгонтуяаг Монос фарм ХХК-д 232 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 316 000 төгрөг тус тус илүү шилжүүлж, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч тэмдэглэж бүртгэдэггүй гэх зөрчил гаргасан гэж үзжээ.

Хэргийн 72-76 дугаар талд авагдсан Монос фарм трейд ХХК-ийн 800 000 төгрөгийн борлуулалтын нэхэмжлэх, Би Си Ти ХХК-ийн 1 163 800 төгрөгийн зарлагын падаан, мөн 207 дугаар цэцэрлэгийн Монос фарм трейд ХХК-д 800 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 1 163 800 төгрөгийн төлбөр шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь бараа худалдан авсан төлбөрийг харилцагч байгууллагад шаардсан дүнгийн хэмжээгээр шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийг Монос фарм ХХК-д 232 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 316 000 төгрөг тус тус илүү шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч С.Отгонтуяа нь өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийг тухай бүр бүртгэж, бичгээр болон амаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байсан болох нь хэргийн 111-151 дүгээр тал дахь Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, иргэд болон ажилчдаас гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд уг дэвтрийг нөхөн бичсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэргийн 107 дугаар тал дахь Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Отгонтуяад өгсөн зөвлөмж гэх баримтыг хэн, хэдэн онд үйлдсэн нь тодорхойгүй байх тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч тэмдэглэж бүртгээгүй зөрчил гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон зөрчил нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан шаардлага, Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан шаардлагад дурдагдаагүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэгч С.Отгонтуяаг хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дугаар тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийг буруу тодорхойлсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан байна. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05ы өдрийн 182/ШШ2018/00241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ