Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЗД-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:                

Нэхэмжлэгч С.-Огаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Итгэлээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч С.О нь НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын газартай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1603/Ц20 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилд орсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн.

Гэтэл НЗД2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дугаартай захирамжаар “Монос фарм трейд” ХХК-д 232 000 төгрөг, “Би Си Ти” ХХК-д 316 000 төгрөг тус бүр илүү шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1., 16 дугаар зүйлийн 16.5.2., 16.5.5., мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т заасныг тус тус зөрчсөн гэж  тухайн үед жирэмсний амралттай байсан цэцэрлэгийн эрхлэгч С.Од 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. С.О нь тухайн ажилд байх үед ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, үүнийг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд С.Ог ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн олговрыг гаргуулах, шимтгэлийг баталгаажуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.

С.О нь анх Нийслэлийн Боловсролын газрын Б/187 тоот тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авсан тул НЗДБ/20 тоот захирамжаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс жинхлэн ажилласан юм. Ажиллаж байх хугацаанд 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдсэн. Тус шалгалтанд ямар нэгэн зөрчил байгаагүй. Үүнийг Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын 3 дугаар албаны аудитор н.Бадамхатаны гаргасан  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл” гэсэн баримт нотлож байгаа. Мөн НЗД2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 тоот С.Огийн ажлаас халах тухай захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргах өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус үндэслэн захирамж гаргасан нь үндэслэлгүй. Дээрх нэр бүхий компаниудад тодорхой мөнгийг илүү шилжүүлсэн гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгасан байх ёстой, гэтэл ингэж тусгаагүй.  Захирамжинд заасан үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн үйлдэл тус бүрийг талууд хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн нэрлэн заасан байна гэж тайлбарласан байдаг. Захирамжид дурдсанаар өргөдөл гомдлыг бүрэн хөтлөөгүй, ажилтан иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолыг бүрэн хөтлөөгүй л бол ажлаас халах үндэслэлийг бий болгож байна гэсэн нь өөрөө хууль зөрчсөн байна.

Энэ нь  Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэл хөтлөөгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халахаар заасан заалт нь  хүчин төгөлдөр бус юм. Дотоод аудитаар зөрчил илрээгүй гэдэг нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д ажил олгогчийн итгэл алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын ерөнхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж тайлбарласан. 2016 онд хийсэн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил байхгүй. Тухайн захирамжид дурдсан мөнгө нь Төсвийн тухай хууль болон иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлийг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гаргасан зөрчлийг гаргасан гэж үзвэл 2016 оны 11 дүгээр сард гаргасан байх тул хугацаа хэтэрсэн, хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн захирамжид заасан зөрчлийг шалгасан  талаар материал, хэлэлцэгдсэн хурлын тэмдэглэл, гол нь зөрчилд гаргасан тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тул захирамжийн үндэслэлийг тайлбараар бүрэн нотлохгүй. Хөдөлмөрийн гэрээний 7.1-д албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна, мөн гэрээний 7.2-т энэ гэрээний 6.2-т заасан ноцтой зөрчил болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг НЗД-д хүргүүлнэ гэж заасан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа нь хууль бус бөгөөд ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн тохиолдолд ажлаас халах талаар нэг бүрчлэн гэрээнд дурдаж заагаагүй учир уг заалтыг хэрэглэн ажилтныг халах боломжгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч нь 06 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний амралттай байсныг нотолж холбогдох баримтыг гаргаж өгсөн байгаа. Иймд НЗДуг захирамж нь хууль зөрчсөн захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ өдөр тухайн цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан өргөдөл, гомдол ирсэн тул дотоод хяналт шалгалтын ажиллагаа явагдсан. Тус шалгалтыг удирдамжид заагдсан асуудлын хүрээд явуулсан. Үр дүнд нь нэхэмжлэгч нь дээрх байгууллагуудад илүү мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан байгууллагын эд хөрөнгө бүрэн ашиглалгүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдсон.

Мөн бүлгийн багш н.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан гэсэн хэрэг Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 40.1.-д заасныг зөрчсөн, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг тэмдэглэдэггүй, бүртгэдэггүй байсан нь мөн холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчид тус дэвтэр байхгүй байгаа талаар танилцуулж байсан бөгөөд өргөдөл гомдлын дэвтрийг нөхөж гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчлийг заасан, хуульд заасан сахилгын арга хэмжээг авсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Багахангай дүүргийн аудитын шалгалтын улсын байцаагчийн дүгнэлтээр шилэн дансны тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон байдаг. Энэ зөрчил дээр зөрчил гаргагч буюу нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт дээр цэцэрлэгийн эрхлэгч нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй буюу төрийн байгууллагын эрх мэдэлтний гаргасан тушаал, журам, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Цэцэрлэгийн эрхлэгч бол Төрийн албаны тухай хуулийн 9.1.-д заасны дагуу төрийн үйлчилгээний ажилтан бөгөөд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч албан тушаалтан. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоноор энэ хүнд дээрх эрх, үүрэг буюу  Төсвийг хэмнэлттэй, үр ашигтай төлөвлөн зохион байгуулах эрх, үүрэг үүссэн байгаа.

Шалгалтаар “Монос фарм” ХХК, “Би Си Ти” ХХК зэрэг компаниудад зах зээлийн үнээс илүү өртөгтэйгээр мөнгө шилжүүлсэн, мөн нягтлан бодогч, бүлгийн багш нарыг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг төсвөөс нөхөж гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдож байх тул НЗДтус захирамж нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тус зөрчилтэй холбогдуулж Нийслэлийн Боловсролын газрын дарга тухайн шалгалтын дүнг танилцуулж НЗДд албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүнд хөдөлмөрийн гэрээний 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах санамжийг хүргүүлсэн байдаг.

Нөгөөтэйгүүр шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Сая нотлох баримтаар 2014 оноос хойш эдийн засгийн хямралтай холбогдуулан Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Засгийн газраас төсвийн хэмнэлтийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосон байдаг. Үүнд Сангийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалын 2-т заасны дагуу болон тус тушаалын хавсралтын 55-д барилга эд хогшлыг сайжруулах, засвар үйлчилгээг хийх замаар эдэлгээний хугацааг уртасгах, ойрын 2 жилд шинээр бараанд хөрөнгө үрэхгүй байх гэж тус тус заасны дагуу, НЗД нь төсвийн шууд захирагч нарт үүрэг чиглэл хүргүүлсэн байдаг. 2016.12.08-ны албан бичигт төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай, хэмнэлттэйгээр зарцуулан, өр авлага үүсгэхгүй байх үүргийг биелүүлэхгүй бол Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар хариуцлага тооцохыг мэдэгдэж байна гэсэн байдаг. Эдгээр үүргүүдийг нэхэмжлэгч биелүүлээгүй. БСШУЯ-ны сайдын албан бичигт төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, тус үүргийг биелүүлээгүй бол хариуцлага тооцохыг мэдэгдэж байна гэж тусгасан байдаг. Энэ мэт ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлүүдээр НЗДтус захирамж нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч НЗД-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч НЗД нь үл зөвшөөрч С.О нь бараа бүтээгдэхүүн авахдаа “Монос фарм” ХХК,  “Би Си Ти” ХХК-д нийт 548 000 төгрөгийг илүү шилжүүлсэн, иргэдээс ирсэн гомдол саналыг бүртгэдэггүй, ажилтнуудыг үндэслэлгүй ажлаас халж байгууллагад хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлийг давтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т заасныг тус тус зөрчсөн, эдгээр нь 207 дугаар цэцэрлэгийн удирдлагын үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлангаар нотлогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан гомдол  гаргах хугацаа хэтэрсэн, НЗД2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч С.О нь 2016 оны 05 дугаар сарын 02-ноос эхлэн Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад НЗД2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  Б/124 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь дээрх ажил олгогчийн шийдвэр, С.О болон Нийслэлийн Боловсролын газрын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1603/ЦЭ020 тоот хөдөлмөрийн гэрээ, 0444351 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2.Ажил олгогч НЗД дээрх тушаалд С.Ог “Монос фарм” ХХК-д 232 000 төгрөг, “Би Си Ти” ХХК-д 316 000 төгрөг тус бүр илүү шилжүүлсэн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1., 16 дугаар зүйлийн 16.5.2., 16.5.5.-д заасныг,  иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.,  хөдөлмөрийн гэрээний 7.1-д заасныг  үндэслэжээ.

3.Нийслэлийн Боловсролын газар болон С.О нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1603/ЦЭ020 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”  гэж заан дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон байна.

4.Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн удирдлагын үйл ажиллагааны талаар багш, ажилчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн удирдамж”-ын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 207 дугаар цэцэрлэгийн удирдлагын зохион байгуулалт, ёс зүй, санхүүгийн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан шалгаж  2017 оны 06 дугаар сарын 05-нд “Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн тайлан”-г гаргажээ.

Уг тайлангаар эрхлэгч С.О-г “Монос фарм” ХХК-д 232 000 төгрөг, “Би Си Ти” ХХК-д 316 000 төгрөгийг илүү шилжүүлсэн нь тогтоогдсон, бүлгийн багш Д.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч тэмдэглэж бүртгэдэггүй зэргээр хөдөлмөрийн гэрээ болон холбогдох хуулийн заалтыг зөрчсөн учир хариуцлага хүлээлгэх, шүүхийн шийдвэрээр нөхөн төлөгдсөн хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн дотоод аудитад санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч С.О-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буруутгасан зөрчлүүдийг авч үзвэл:

а/. Хэрэгт авагдсан 207 дугаар цэцэрлэгийн “Төлбөрийн хүсэлт” гэх баримт, “Монос фарм” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06/12 тоот борлуулалтын нэхэмжлэл, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, “Би Си Ти” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын падаан, 207 дугаар цэцэрлэгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүд зэргээр 2016 оны 12 дугаар сарын 09-нд тус цэцэрлэгийн төрийн санд байрших 200815203 тоот данснаас “Монос фарм” ХХК-д кварц ариутгалын гэрэл, жин өндөр хэмжигч, даралтын аппарат зэргийн үнэд 800 000 төгрөгийг, “Би Си Ти” ХХК-д “Epson L363” маркийн өнгөт принтер, “HP-125a” маркийн принтер зэргийн үнэд 1 163 800 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нотлогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

С.О дээрх худалдаж авсан барааны үнийг шилжүүлэхдээ “Монос фарм” ХХК-д 232 000 төгрөг, “Би Си Ти” ХХК-д 316 000 төгрөгийг тус тус илүү шилжүүлэн байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлж  хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй төдийгүй, нэхэмжлэгч нь дээрх 5 төрлийн эд зүйлсийг 548 000 төгрөгөөр илүү худалдаж авсан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1-д “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба нэхэмжлэгч С.О нь хэрхэн, ямар үйлдлээр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1., 16 дугаар зүйлийн 16.5.2., 16.5.5.-д заасныг төсвийг үр ашигтай хэмнэлттэй төлөвлөж зарцуулаагүй, төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд хяналт тавиагүй, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг баримтаар нотлоогүй, дээрх хуулийн заалт зөрчсөнийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээний 6.2-т тодорхойлоогүй байна.

Нөгөө талаар дээрх 2016 оны 12 дугаар сарын 09-нд гаргасан гэх зөрчилд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  Б/124 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар С.Ог ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор...сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнтэй нийцээгүй байна.

б/. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 534 дүгээр, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар шийдвэрүүд, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тус шүүхийн шүгчийн 1254  дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж зэргээр Д.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэн түүнийг бүлгийн багшийн ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын томилсон ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн тайлан”-д Д.Болормаад шүүхийн шийдвэрээр нөхөн төлөгдсөн хохирлыг С.О-гаар төлүүлэхээр Нийслэлийн дотоод аудитад санал хүргүүлэхээр заасан.

Гэвч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт заасан  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд  дээрх үйлдлийг хамааруулах боломжгүй бөгөөд ажил олгогчийн Б/124 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн үндэслэлд уг үйлдлийг зааж тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчин ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд цалинтай тэнцэх олговрыг олгосон нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох үндэслэлгүй буюу талууд дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээндээ нарийвчлан тохиролцож тодорхойлоогүй гэж үзнэ.

Иймд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн тайлан” нь нэхэмжлэгч С.Ог дээрх 2 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг нотлохгүй болно.

в/. С.О нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч тэмдэглэж бүртгэл хөтлөөгүй гэж буруутган түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгон  хариуцагчаас С.Огийн гарын үсэг бүхий  “Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Од өгсөн зөвлөмж”  гэх баримтыг нотлох баримтаар гарган мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 207 дугаар цэцэрлэгийн 2017 оны “Өргөдөл, гомдлын бүртгэл” гэх дэвтэр, иргэдээс болон тус цэцэрлэгийн ажилчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлүүдээс үзэхэд цэцэрлэгийн эрхлэгч нь дээрх хүсэлт, өргөдөлтэй танилцан шийдвэрлэж, энэ талаараа тухай бүр нь тэмдэглэн бүртгэжээ.

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн тайлан”-д эрхлэгч С.Ог ямар иргэний, хэзээ гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн аваагүй, бүртгээгүй, шийдвэрлээгүйгээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т заасныг зөрчсөн болох талаар тодорхой заагаагүй байна.

Дээрхээс үзэхэд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч тэмдэглэж бүртгэл хөтлөөгүй гэх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, 2017 онд иргэдээс болон тус цэцэрлэгийн ажилчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлүүдийг  “Өргөдөл, гомдлын бүртгэл” гэх дэвтэрт бүртгэсэн үйл баримтыг хуурамч гэж үзэх, нөхөн бичсэн гэх хариуцагч талын тайлбарыг нотлох баримтгүй, “Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Од өгсөн зөвлөмж”  гэх баримт нь энэ үндэслэлийг нотлохгүй болно.

 

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасан ноцтой зөрчилд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч тэмдэглэн бүртгэл хөтлөөгүй гэх зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор зааж тодорхойлоогүй байна.

6.Нэхэмжлэгч С.Отгонуяа нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс жирэмсний чөлөөтэй байсан ба  2017 оны 08 дугаар сарын 16-нд охин Н.Эгшиглэнг төрүүлсэн болох нь 1104510061 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, 0134590 тоот жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас зэргээр нотлогдсон бөгөөд 207 дугаар цэцэрлэгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 129 тоот “Төлбөрийн хүсэлт” гэх баримтаар  жирэмсний амралт болох 39 хоногийн тэтгэмжид 1 497 015 төгрөгийг  байгууллагаас олгосон байна.

Дээрх 0134590 тоот жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний  чөлөөний  эхлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөр, дуусах хугацааг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоож, уг хуудсыг 2017 оны 06 дугаар сарын 21-нд олгожээ.

7. Ажил олгогч буюу хариуцагч НЗД нь С.О-г ажлаас чөлөөлсөн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  Б/124 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг түүнд 2017 оны 07 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгсөн нь мөн өдрөөр огноолсон “Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хүлээлцсэн тэмдэглэл”-ээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11422 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай”, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14848 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжуудаар нотлогдсон.

Нэхэмжлэгч С.О тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус нэхэмжлэлийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд  түүнийг уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагч талын “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

8. Хариуцагч талаас гаргасан, Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргад гаргасан иргэн Б.Оюунчимэгийн өргөдөл түүний хавсралтууд гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй, 207 дугаар цэцэрлэгийн 2016 оны 12 дугаар сарын 21, 2017 оны 05 дугаар сарын 30, 06 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 24-ний  өдрийн төлбөрийн хүсэлтүүд, ХААН банкны мөнгөн шилжүүлгүүд, ажилтан Д.Гантуул, Д.Оюунзул, Д.Болормаа нарыг ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалууд, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжууд, Сангийн сайдын 2014 оны 122 дугаартай “Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” тушаал, хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 1а/4098 тоот, 1а/4101 тоот албан бичгүүд, Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 тот албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-09-236/385 тоот албан шаардлага зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг нотлохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

            9. Иймд нэхэмжлэгч С.О нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/214 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолтыг болон нэхмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 641 091 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэл ажлын 118 хоногийн цалинтай тэнцэх олговорт 3 438 579  төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Уг олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасантай нийцнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч С.Ог урьд эрхэлж байсан 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 69 967 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-г Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 438 579 төгрөгийг хариуцагч НЗД-аас гаргуулж С.О-д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, С.Огийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч НЗДд даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч НЗД-аас улсын тэмдэгтийн хураамжид 69 967 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Ж.БАЙГАЛМАА