Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01200

 

С.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00241 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 804 дүгээр магадлалтай

С.Огийн  нэхэмжлэлтэй

Нд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.О нь Нын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын газартай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1603/Ц20 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилд орсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Гэтэл Нын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дугаартай захирамжаар Монос фарм трейд ХХК-д 232 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 316 000 төгрөг тус бүр илүү шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус зөрчсөн гэж тухайн үед жирэмсний амралттай байсан цэцэрлэгийн эрхлэгч С.Од 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажиллаж байх хугацаанд 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдсэн. Тус шалгалтанд ямар нэгэн зөрчил байгаагүй. Үүнийг Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын 3 дугаар албаны аудитор н.Бадамхатаны гаргасан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл гэсэн баримт нотлоно.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжид заасан үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэл хөтлөөгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халахаар заасан заалт нь хүчин төгөлдөр бус юм. Дотоод аудитаар зөрчил илрээгүй гэдэг нь тогтоогдсон. 2016 онд хийсэн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил байхгүй. Тухайн захирамжид дурдсан мөнгө нь, Төсвийн тухай хууль болон иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлийг хүлээн авч бүртгэл хөтлөөгүй гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Захирамжид заасан зөрчлийг шалгасан талаар материал, хэлэлцэгдсэн хурлын тэмдэглэл, гол нь зөрчилд гаргасан тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тул захирамжийн үндэслэлийг тайлбараар бүрэн нотлохгүй. Хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2-т заасан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа нь хууль бус бөгөөд ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн тохиолдолд ажлаас халах талаар нэг бүрчлэн гэрээнд дурдаж заагаагүй учир уг заалтыг хэрэглэн ажилтныг халах боломжгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч нь 06 дугаар сарын 19-ний өдөр жирэмсний амралттай байсныг нотолж холбогдох баримтыг гаргаж өгсөн байгаа. Иймд Нын уг захирамж нь хууль зөрчсөн захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг байгуулагдан шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Тус шалгалтыг удирдамжид заагдсан асуудлын хүрээнд явуулсан. Шалгалтаар нэхэмжлэгч Монос фарм ХХК, Би Си Ти ХХК-д илүү мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасныг зөрчсөн. Мөн бүлгийн багш н.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан талаарх маргаан нь Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 40.1-д заасныг зөрчсөн, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг тэмдэглэдэггүй, бүртгэдэггүй байсан нь мөн холбогдох хуулийг зөрчсөн. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчид тус дэвтэр байхгүй байгаа талаар танилцуулж байсан бөгөөд өргөдөл гомдлын дэвтрийг нөхөж гаргасан гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Багахангай дүүргийн аудитын шалгалтын улсын байцаагчийн дүгнэлтээр шилэн дансны тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ зөрчил дээр зөрчил гаргагч буюу нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт дээр цэцэрлэгийн эрхлэгч нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй буюу төрийн байгууллагын эрх мэдэлтний гаргасан тушаал, журам, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Цэцэрлэгийн эрхлэгч бол Төрийн албаны тухай хуулийн 9.1-д заасны дагуу төрийн үйлчилгээний ажилтан бөгөөд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч албан тушаалтан. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоноор энэ хүнд дээрх эрх, үүрэг буюу төсвийг хэмнэлттэй, үр ашигтай төлөвлөн зохион байгуулах эрх, үүрэг үүссэн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбогдуулж Нийслэлийн Боловсролын газрын дарга тухайн шалгалтын дүнг танилцуулж Нд албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүнд хөдөлмөрийн гэрээний 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах санамжийг хүргүүлсэн байдаг. Нөгөөтээгүүр шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар 2014 оноос хойш эдийн засгийн хямралтай холбогдуулан Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Засгийн газраас төсвийн хэмнэлтийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосон байдаг. Үүнд Сангийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалын 2-т заасны дагуу болон тус тушаалын хавсралтын 55-д заасны дагуу, Н нь төсвийн шууд захирагч нарт үүрэг чиглэл хүргүүлсэн байдаг. 2016 оны 12 сарын 08-ны өдрийн албан бичигт төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай, хэмнэлттэйгээр зарцуулан, өр авлага үүсгэхгүй байх үүргийг биелүүлэхгүй бол Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хариуцлага тооцохыг мэдэгдэж байна гэсэн байдаг. Эдгээр үүргүүдийг нэхэмжлэгч биелүүлээгүй. БСШУЯ-ны сайдын албан бичигт төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, тус үүргийг биелүүлээгүй бол хариуцлага тооцохыг мэдэгдэж байна гэж тусгасан байдаг. Энэ мэт ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлүүдээр Нын тус захирамж нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00241 дугаар шийдвэрээр:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ог Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 438 579 төгрөгийг хариуцагч Нас гаргуулж С.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, С.Огийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Нас улсын тэмдэгтийн хураамжид 69 967 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 922 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Сангийн сайдын 2014 оны 122 дугаартай Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 1а/4098 тоот, 1 а/4101 тоот албан бичгүүд, Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 тоот албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-09-236/385 тоот албан шаардлага зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг нотлохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-д “Сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.” гэж тохирч гэрээг байгуулсан бөгөөд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар хэсгийн 1-д “Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх” үндсэн үүрэгтэй болохыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл сургуулийн захиралд хууль, тогтоомжоор олгосон эрх үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хөдөлмөрийн гэрээгээр тохирч байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 тоот албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-09-236/385 тоот албан шаардлага зэргээр хууль тогтоомж зөрчсөн зөрчлөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч гарын үсэг зурсан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй”, 15.4.1-д “Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.” гэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх дээрх давтан зөрчил болон ноцтой зөрчилд хамаарахгүй гэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 118 хоногийн цалинтай тэнцэх олговорт 3 438 579 төгрөг гэж тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан 120 хоногийн амаржсаны амралт авсныг тооцоогүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00241 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 804 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

С.О нь Нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Ог Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “Монос фарм трейд ХХК-д 232 000 төгрөг, Би Си Ти ХХК-д 316 000 төгрөгийг тус бүр илүү шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1., 16.5.2., 16.5.5.-д заасныг, Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэл хөтөлдөггүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн үндэслэлээр түүнд Нын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь хэсэгт зааснаар ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагчаас нотлох баримтаар гаргасан Сангийн сайдын тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албан бичгүүд, Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага зэрэг нь хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлоогүй тул эдгээр нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцсэн байх  тул “...дээрх баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5. дахь заалтыг зөрчсөн” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх хуульд заасан хугацаа өнгөрсний дараа  хариуцлага тооцсон байна.

Энэ талаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Ог урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь нотлох баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1. дэх заалтуудыг зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

  Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00241 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 804 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Нын тамгын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД