Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01653

 

 

 

                                          Э.Бгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01475 дугаар шийдвэртэй, Э.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн хүүний зөрүү баталгааны гэрээний үүрэгт 3 392 055.12 төгрөг гаргуулах үндсэн, гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалан авах гэрээг “А” ХХК-ийн захирал О.Отэй байгуулсан. Гэрээнд О.Охүү О.Мгарын үсэг зурсан. Э.Б нь урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг орон сууц захиалгын гэрээний 2.1.2-т заасны дагуу банкны орон сууцны зээлийн санхүүжилтээр төлж барагдуулахаар тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хариуцагчтай байгуулсан. Уг гэрээний 1.1-д гэрээ нь “А” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17/014 тоот бүхий зээлийн хүүгийн зөрүү, зээл хүсэгч иргэнд гаргах баталгааны тухай албан бичгийг үндэслэн байгуулагдсан. 1.2-т гэрээний нөхцөлүүдэд Төрийн банк болон баталгаа гаргуулагч талын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний зүйл заалтуудыг харгалзан үзнэ. Уг гэрээгээр баталгаа гаргуулагч Э.Б Төрийн банкнаас орон сууцны санхүүжилтийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй зээл авахад баталгаа гаргагч “А” ХХК нь тухайн зээлийн хүүгийн зөрүү болох жилийн 7,6 хувийн хүүг Төрийн банкинд зээл хүсэгчийн өмнөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл төлөх баталгаа гаргах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 1.3-т гэрээний үндсэн зорилго нь баталгаа гаргуулагч Э.Б Төрийн банкнаас орон сууцны санхүүжилтийн зээлийг жилийн 15.6 хувийн, сарын 1.9 хувийн хүүтэй зээл авахад баталгаа гаргагч “А” ХХК тухайн зээлийн хүүгийн зөрүү болох жилийн 7.6 хувийн хүүг Төрийн банканд зээл хүсэгчийн өмнөөс төлөх, уг зээл нь орон сууцны ипотекийн зээлд шилжих хүртэл төлөх баталгаа гаргах, “А” ХХК нь жилийн 15.6 хувийн хүүтэй зээлийг жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж зээлийн хүүг багасган өөрчлөх шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино гэж заасан. Тухайн зээлийн хүүгийн зөрүүг Э.Б биш “А” ХХК Төрийн банканд орон сууцны зээл ипотекийн зээл рүү шилжих хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй байсан. “А” ХХК нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлийн хүүг төлж байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зээлийн төлбөрийг төлөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Э.Б Төрийн банктай барьцааны болон орон сууцны зээлийн гэрээ тус тус байгуулсан. Төрийн банкнаас ирүүлсэн албан бичигт Э.Б нь орон сууц худалдан авах зориулалтаар гүүрэн орон сууц худалдан авах зээлийг 240 сарын хугацаатай байгуулж 54 300 000 төгрөг зээлдэн авсан. Уг гүүрэн орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүн нь барилга барьж, худалдан борлуулах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл аваад зээлээ хуваарийн дагуу хугацаандаа төлдөггүй компаниудын борлуулалтыг дэмжих зорилгоор орон сууц худалдагч, худалдан авагч талууд хооронд харилцан тохиролцсон тохиолдолд олгодог зээл. Хариуцагч болон Төрийн банкнаас ирүүлсэн материалаас харахад хариуцагч 400 000 000 төгрөгийн зээл Төрийн банкнаас авсан байдаг. Төрийн банк нь өөрийн үзэмжээр бүтээгдэхүүн гаргах бүрэн эрхтэй, энэ нь Монгол банкнаас хамааралтай зүйл биш. Зээлийн гэрээний дагуу 54 300 000 төгрөгийн зээлийг Төрийн банкнаас Э.Бд олгосон. Хариуцагчийн ямар нэгэн ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн зүйл байхгүй. Мөн “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О Төрийн банкинд илгээсэн албан бичигт Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвөөс авсан 400 000 000 төгрөгийн зээлийн санхүүжилтээр барилгаа ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэж өгсөн. Уг орон сууцны худалдан авагч нарын 18 нь ипотекийн зээлийн шаардлага хангасан тул эдгээр худалдан авагч нарын зээлийг ипотекийн 5 хувийн зээлд хамруулж өгнө үү гэсэн байна. Гүүрэн орон сууц худалдан авах танилцуулгад орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын компани нь зээл хүсэгчийн өмнөөс зээлийн хүүний зөрүү болох 7,6 хувийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч зээл хүсэгчид баталгаа гаргасан байна. Э.Б Төрийн банкнаас авсан зээл жилийн 15,6 хувийн хүүтэй боловч үүнээс 7,6 хувийн хүүг “А” ХХК Э.Бгийн зээл ипотекийн зээл рүү шилжих хүртэл төлөх үүрэгтэй байсан боловч төлөлгүй гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Мөн энэ асуудалтай холбоотой зөвхөн Э.Б ганцаараа хохироогүй. Дахиад 8-9 оршин суугч гүүрэн орон сууцны гэрээ байгуулж “А” ХХК тэдгээр оршин суугч нарын өмнөөс зээлийн хүүгийн зөрүүг төлөх ёстой байсан. “А” ХХК Төрийн банкнаас авсан 400 000 000 төгрөгийн зээлээ эдгээр оршин суугч нарын байрны төлбөрөөр төлж барагдуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч 400 000 000 төгрөгийн зээлээ төлж барагдуулсны дараа баталгааны гэрээг цуцлах тухай Төрийн банк Бөхийн өргөө тооцооны төвд гаргасан. Үүний дагуу баталгааны гэрээг цуцалсан гэдэг. Хариуцагч өөрийн 400 000 000 төгрөгийн зээлээ оршин суугч нарын байрны төлбөрөөр төлж барагдуулсны дараа Төрийн банктай байгуулсан баталгааны гэрээг цуцалснаар миний бие сэтгэл санаа болон эд хөрөнгөөр маш их хохирсон. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “А” ХХК Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвд гаргасан хүсэлтээр “А” ХХК өөрийн авсан зээлээ оршин суугч нарын мөнгөөр төлсөн гэдэг нь нотлогдож байна. “А” ХХК өөрийн авсан зээлээ байр худалдаж авсан оршин суугч нарын мөнгөөр төлж, харин оршин суугч нарын өмнөөс Төрийн банктай байгуулсан баталгааны гэрээний үүргээ өөрийн зээлээ төлж дууссаны дараа цуцлуулсан нь 8-9 оршин суугч нарыг хохироосон үйлдэл. Э.Б Төрийн банкнаас 54 300 000 төгрөг, жилийн 15.6 хувийн хүүтэй авсан зээлийн 7,6 хувийн хүүг “А” ХХК төлөх ёстой байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Энэ гэрээг Төрийн банкнаас санал болгосон. Гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээ нь нэг талаас Төрийн банк, нөгөө талаас үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар оролцсон 3 талын гэрээ юм. Уг гэрээг байгуулсны дараа Э.Бд зээл олгох тухай шийдвэр гарч зөвхөн Төрийн банк, Э.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Баталгааны гэрээ нь хуульд нийцээгүй, гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд нийцээгүй тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Орон сууц захиалгын болон орон сууцны зээлийн гэрээ хоорондоо уялдахгүй тусдаа гэрээнүүд. Орон сууцны зээлийн гэрээнд хамтран зээлдэгч, батлан даагч нь С.Энхтуяа байгаа. Зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээнд баталгаа гаргуулагч нь Э.Б байх ба хэн баталгаа гаргагч нь тодорхойгүй. Манай зүгээс энэ хэргийн бодит хариуцагч нь гуравдагч этгээд болох Төрийн банк гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 25-06 тоот зээлийн дэд хорооны хурлын шийдвэрийн дагуу Э.Б Төрийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. “А” ХХК Төрийн банкнаас 400 000 000 төгрөгийн зээл авсан асуудал энэ хэрэгт ач холбогдолгүй. О.О өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга бариулсан. Уг барилыг барихад Төрийн банкнаас зээл авч санхүүжилт хийсэн. Манай орон сууцыг худалдан авч, шилжүүлсэн иргэдийн байрны төлбөр нь О.Оданс руу орж уг данснаас Төрийн банк хүчээр мөнгө татаж авдаг байсан. Төрийн банк нь Иргэний хуулийн 458, 459, 460 дугаар зүйлүүдэд заасан батлан даалтын гэрээг “А” ХХК-тай байгуулаагүй. Э.Б нь өөрийн авсан зээлийн хүүг өөрөө хариуцан төлөх үүрэгтэй байхад манай компаниар 7,6 хувийг төлүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн дэд хорооны хурлын шийдвэрийн дагуу Э.Бд 54 300 000 төгрөг, 15.6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгохоор 2 хурлын шийдвэр гарсан. Төрийн банкнаас гаргасан гүүрэн орон сууц худалдан авах зээлийг талуудад холбогдох баримтуудын хамт танилцуулсан. Нийт 9 зээлийн судалгаа хийгдэж дэд хорооны шийдвэр гарсан. Эдгээр 9 шийдвэр тус тусдаа гарсан. Гүүрэн орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүн нь барилга барьж, худалдан борлуулах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл аваад зээлээ хуваарийн дагуу хугацаандаа төлдөггүй компаниудын борлуулалтыг дэмжих зорилгоор орон сууц худалдагч, худалдан авагч талууд харилцан тохиролцсон тохиолдолд олдог зээл юм. “А” ХХК шиг Төрийн банкнаас гаргасан уг бүтээгдэхүүнийг олон барилгын компани авч, хэрэгжүүлж байгаа. “А” ХХК болон Э.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн БГ-03 тоот гүүрэн орон сууц худалдан авах зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг байгуулан ирүүлсэн тул гүүрэн орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн зээлийг олгосон гэжээ.

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: “А” ХХК, Э.Б нар баталгааны гэрээ байгуулж, Э.Бгийн Төрийн банкнаас зээлсэн 54 300 000 төгрөг “А” ХХК-ийн дансанд ороод удалгүй Төрийн банк манай 400 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд татаж авсан. Төрийн банк манай данснаас мөнгө татаж авахдаа ямар ч баримт дээр гарын үсэг зуруулаагүй, зөвшөөрөл аваагүй. Манай дансанд мөнгө орох болгонд Төрийн банк мөнгө татаж авдаг байсан. Бид энэ талаар лавлаж асуухад баталгааны гэрээний дагуу зээлдэгч нарын хүүгийн зөрүүг татаж авдаг байсан. Төрийн банк ямар ч зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй хүчээр манай данснаас мөнгө татаж, хүчээр баталгааны гэрээний биелүүлэлтийг хангуулж байсан. Төрийн банкны энэ үйлдэл нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.5-д заасныг зөрчиж байна. “А” ХХК-аас Э.Б орон сууц худалдаж аваагүй, О.Оээс Э.Б орон сууц худалдаж авсан. “А” ХХК өөрөө барилга бариагүй гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баталгааны гэрээ хууль зөрчөөгүй. “А” ХХК сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Мөн гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээ нь батлан даалтын гэрээ биш. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. Төрийн банк өөрийн гаргасан бүтээгдэхүүнээ өөрөө танилцуулах эрхтэй. Гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээнд Э.Б ямар шалтгааны улмаас оролцох болсон асуудал нь Төрийн банк, “А” ХХК-ийн хоорондын асуудлаас болсон. Э.Б өөрийн үүргийнхээ дагуу орон сууцны зээлийн хүүгийн 15,6 хувиас 8 хувийг нь төлж үлдэгдэл хүүг “А” ХХК Төрийн банкинд гэрээнд заасны дагуу төлөх ёстой. Гэрээний утга агуулгыг үзэхэд хуульд нийцсэн гэрээ юм. “А” ХХК гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг чөлөөт зарчмын дагуу байгуулсан. Мөн Монгол банкнаас ирсэн албан бичгийн дагуу арилжааны банк нь Монгол банк, Банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд өөрийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан холбогдох зээлийн хүү болон бусад нөхцөл шаардлагын хүрээнд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээл олгох эрхтэй. “А” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг дэмжих зорилгоор Э.Бд зээл олгосон асуудал нь банкны зээл олгох нөхцөлд хамаарч байгаа тул Монгол банкны журмаар зохицуулагдахгүй. Хариуцагч гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол үүнийг бодитоор нотлох ёстой. Энэхүү гэрээ нь илт хууль бус гэдгийг нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. “А” ХХК гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хүлээн зөвшөөрч 1,6 жилийн турш Э.Бгийн зээлийн зөрүүг төлж байсан тул сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно. Хүүгийн зөрүүг төлөх баталгааны тухай ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Төрийн банкны зүгээс “А” ХХК-д дарамт үзүүлээгүй. Хэрвээ Төрийн банк, “А” ХХК-д дарамт шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа бол үүнийг нотлох үүрэгтэй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-аас гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээний үүрэгт 3 392 055.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар Э.Бд холбогдох гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоохыг хүссэн “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 69 222 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг хэвээр үлдээж, дутуу төлсөн 294 089 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч Э.Б, “А” ХХК хоёрын хооронд хийгдсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн БГ-03 дугаартай “гүүрэн орон сууц худалдан авах зээл”-ийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах заалтыг үндэслэн нэрлээгүй гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах заалтыг баримталсан боловч нэрлэгдээгүй гэрээний онцлог шинж болох тухайн гэрээтэй шинж тэмдэгийн хувьд хамгийн ойр байгаа хуульд заасан гэрээний төрөлд хамруулж үзэж дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд баталгааны талаар тодорхой хуульчилсан байхад тус хуулиар зохицуулагдаагүй гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Э.Б Төрийн банкнаас орон сууцны зээл авах хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлээр зохицуулагдаж байгаа ба Төрийн банк Э.Бтай 2017 оны 05 сарын 15-ны өдөр 25/06 тоот орон сууцны гэрээ байгуулж олгох зээлийн хэмжээ, хүүг харилцан тохирсон байна. Төрийн банк зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заагаагүй журмыг хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсныг мэдсээр байж шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх заалтад ойрхон гэрээ болохыг анхаараагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэж “А” ХХК-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дах заалтуудыг үндэслэн 3 392 055.12 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нэг талыг баримталсан нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Төрийн банкны “Бөхийн өргөө” салбарын захирал М.Бэлэгтийн гарын үсэг бүхий 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 122 дугаар албан бичиг нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан “орон сууцны ипотекийн санхүүжилтын журам”-ыг зөрчсөн шаардлагыг албан бичгээр ирүүлж, хуульд нийцээгүй бусдын авсан зээлийн хүүгийн 7,6 хувийг тус компаниар төлүүлэх шаардлага тавьсан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.8 дах заалтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “А” ХХК нь Төрийн банкны 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 122 дугаар албан бичигт дурдсаныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкинд 17/014 дугаар албан бичгийг явуулсан. “А” ХХК нь 2017 оны 04 сарын 03-ны өдрийн БГ-03 дугаартай “гүүрэн орон сууц худалдан авах зээл”-ийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээний 1.1-д энэ талаар дурьдаж Э.Бтай гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-д “гэрээний үндсэн зорилго нь баталгаа гаргуулагч Э.Б нь Төрийн банкнаас орон сууцны санхүүжилтын зээлийг жилийн 15,6 хувийн /сарын 1,3 хувийн/ хүүтэй зээл авахад баталгаа гаргагч “А” ХХК нь тухайн зээлийн хүүгийн зөрүү болох жилийн 7,6 хувийн хүүг Төрийн банкинд зээл хүсэгчийн өмнөөс төлөх ...” гэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк ... зээл олгох гэрээгээр банк, ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх. зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. "Аствишн” ХХК нь төрийн банктай Э.Бгийн авсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасны дагуу ямар нэг батлан даалтын гэрээг байгуулаагүй. Төрийн банк иргэн хууль зөрчсөн шаардлагыг албан бичгээр ирүүлж, хуульд нийцээгүй бусдын авсан зээлийн хүүгийн 7.6 хувийг тус компаниар төлүүлэх шаардлага тавьсан нь Иргэний хууль болон түүнтэй нийцүүлэн гарсан дүрэм журмыг зөрчсөн асуудал байсан. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Э.Бд орон сууцны зээл олгохгүй гэсэн нь хууль зөрчсөн ажиллагаанаас үүдэлтэй. Мөн уг баталгааны гэрээг үүрэг гүйцэтгүүлэгч болох Төрийн банктай байгуулаагүй, үүрэг гүйцэтгэгч Э.Бтай байгуулсан нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Төрийн банк нь Иргэний хуулийн 458, 459, 460 дугаар зүйлүүд болон 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан батлан даалтын болон баталгааны гэрээг “А” ХХК-тай байгуулаагүй. Э.Б нь өөрийн авсан зээлийн хүүг өөрөө хариуцан төлөх үүрэгтэй байхад манай компаниар хуулиар зохицуулагдаагүй хүүгийн 7,6 хувийг төлүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 3 дах заалтаар улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 294 089 төгрөгийг “А” ХХК-аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 04 сарын 03-ны өдрийн БГ-03 дугаартай “Гүүрэн орон сууц худалдан авах зээл”-ийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээнд ямар нэг үнийн дүн байхгүй, үнэлэх боломжгүй байхад 294 089 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг“ төлөхөөр заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх Э.Б, “А” ХХК хоёрын хооронд хийгдсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн БГ-03 дугаартай “гүүрэн орон сууц худалдан авах зээл”-ийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах заалтыг үндэслэн нэрлээгүй гэрээ гэж дүгнэсэн нь илт хууль бус. Учир нь Э.Б өөрөө амьдран суух зорилгоор орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгө олж авах явцдаа “А” ХХК-аар өөрийн авсан зээлийн хүүгээ төлүүлэхээр шаардаж байна. Үл хөдлөх эд хөрөнгө олж авах явцад тухайн хөрөнгийн тодорхой хувийг “А” ХХК-аар төлүүлэхээр шаардлага гаргаж байгаа нь “А” ХХК нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс тодорхой хувийг өмчлөх эрх үүснэ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд “А” ХХК-аас тодорхой хэмжээний хөрөнгө нэхэмжилж байгааг шүүх дүгнэсэн боловч тухайн хөрөнгөнд ногдох Э.Бгийн өмчлөлийн орон сууцанд “А” ХХК-д ногдох дундын өмчлөлийн эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах заалтыг үндэслэн шийдвэр гаргах боломжгүйг тодорхой нотолж байна. “А” ХХК-аас нэхэмжилсэн үнийн дүнд ногдох хувийг “А” ХХК нь өмчийг шударгаар олж авах зарчмын дагуу өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн БГ-03 дугаар “Гүүрэн орон сууц худалдан авах зээл”-ийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “А” ХХК-д ногдох өмчлөлийн тодорхой хувийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж байна. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гүүрэн орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн хүүгийн зөрүү баталгааны гэрээний үүрэгт 3 392 055.12 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч “А” ХХК-ийн захирал О.Отэй орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 35 дугаар байрны 5 давхрын 26 тоотод байрлах 48.83 м.кв хэмжээ бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 590 000 төгрөг нийт 77 639 700 төгрөгөөр захиалж, төлбөрийн урьдчилгаа 20 хувь буюу 15 527 940 төгрөгийг дансаар, үлдэгдэл 80 хувь буюу 62 111 760 төгрөгийн 10 хувийг улсын комиссын дүгнэлт гарах болон түлхүүр гардуулан өгөх үед төлөх, үлдсэн төлбөрийг банкны орон сууцны зээлийн санхүүжилтээр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх7-8/

            Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 15 527 940 төгрөгийг хариуцагч “А” ХХК-ийн захирал О.ОГоломт банкны дансанд, 7 811 760 төгрөгийг Төрийн банкны дансанд тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх6/ Тэрээр  Төрийн банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар 54 300 000 төгрөг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр жилийн 15.60 хувийн хүүтэй зээлдэн авч орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулжээ. 

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч компанитай гүүрэн орон сууц худалдах авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүний баталгааны БГ-03 тоот гэрээг байгуулж Э.Б Төрийн банкнаас орон сууцны санхүүжилтийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй авахад “А” ХХК тухайн зээлийн хүүгийн зөрүү болох жилийн 7.6 хувийн хүүг Төрийн банкинд зээл хүсэгчийн өмнөөс төлөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний 2.1, 3.2, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхтэй.

          Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

           Хариуцагч нь нэхэмжлэгчийн банкинд төлөх зээлийн хүүгийн 7,6 хувийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төлж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг төлөөгүй байна.

            Хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй бөгөөд гэрээнд талуудын хүсэл зориг бүрэн тусгагдсан байхын зэрэгцээ хариуцагч “А” ХХК нь Төрийн банкны бөхийн өргөө тооцооны төвд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ .., Төрийн банкны санал болгож буй сарын 1,3 хувь буюу жилийн 15,6 хувийн хүүтэй нөхцлийн дагуу орон сууцны зээлэнд хамрагдах захиалагч иргэдийн зөрүү жилийн 7,6 хувийг манай компани Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 тоот тушаалаар батлагдсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын дагуу жилийн хүү 8 хувь нөхцөлтэйгээр тусгай зориулалтын компанид зээлийн багц шилжих хүртэл батлан даалт гаргаж байна” гэсэн албан бичиг хүргүүлж байсан нь хэргийн 80 дугаар талд авагдсан байна.

            Шүүх хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хоорондох зээлийн хүүгийн төлбөрт 3 392 055.12 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Хариуцагч “А” ХХК Э.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн БГ-03 дугаар гүүрэн орон сууц худалдах авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.  Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжийн талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1 дэх хэсгийг нэмж, тогтоох хэсгийн 3 дахь заалт буюу улсын тэмдэгтийн хураамжтай холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг” нэмж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчийн дутуу төлсөн 294 089 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 222 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                 А.МӨНХЗУЛ