Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00190

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            09                                          001/ХТ2021/00190

 

 

...........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01475 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 1653 дугаар магадлалтай,

 

...........гийн нэхэмжлэлтэй

...........ХХК-д холбогдох

 

 ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн хүүний зөрүү баталгааны гэрээний үүрэгт 3 392 055.12 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Цолмон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалан авах гэрээг ...........ХХК-ийн захирал ...........тэй байгуулсан. Гэрээнд ...........ийн хүү О.Мөнгөнсүх гарын үсэг зурсан. ........... нь урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг орон сууц захиалгын гэрээний 2.1.2-т заасны дагуу банкны орон сууцны зээлийн санхүүжилтээр төлж барагдуулахаар тохиролцож 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хариуцагчтай байгуулсан. Уг гэрээний 1.1-д гэрээ нь ...........ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17/014 тоот бүхий зээлийн хүүгийн зөрүү, зээл хүсэгч иргэнд гаргах баталгааны тухай албан бичгийг үндэслэн байгуулагдсан. 1.2-т гэрээний нөхцөлүүдэд Төрийн банк болон баталгаа гаргуулагч талын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний зүйл заалтуудыг харгалзан үзнэ. Уг гэрээгээр баталгаа гаргуулагч ........... Төрийн банкнаас орон сууцны санхүүжилтийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй зээл авахад баталгаа гаргагч ...........ХХК нь тухайн зээлийн хүүгийн зөрүү болох жилийн 7,6 хувийн хүүг Төрийн банкинд зээл хүсэгчийн өмнөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл төлөх баталгаа гаргах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 1.3-т гэрээний үндсэн зорилго нь баталгаа гаргуулагч ........... Төрийн банкнаас орон сууцны санхүүжилтийн зээлийг жилийн 15.6 хувийн, сарын 1.9 хувийн хүүтэй зээл авахад баталгаа гаргагч ...........ХХК тухайн зээлийн хүүгийн зөрүү болох жилийн 7.6 хувийн хүүг Төрийн банканд зээл хүсэгчийн өмнөөс төлөх, уг зээл нь орон сууцны ипотекийн зээлд шилжих хүртэл төлөх баталгаа гаргах, ...........ХХК нь жилийн 15.6 хувийн хүүтэй зээлийг жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж зээлийн хүүг багасган өөрчлөх шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино гэж заасан. Тухайн зээлийн хүүгийн зөрүүг ........... биш ...........ХХК Төрийн банканд орон сууцны зээл ипотекийн зээл рүү шилжих хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй байсан. ...........ХХК нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлийн хүүг төлж байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зээлийн төлбөрийг төлөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ........... Төрийн банктай барьцааны болон орон сууцны зээлийн гэрээ тус тус байгуулсан. Төрийн банкнаас ирүүлсэн албан бичигт ........... нь орон сууц худалдан авах зориулалтаар ........... орон сууц худалдан авах зээлийг 240 сарын хугацаатай байгуулж 54 300 000 төгрөг зээлдэн авсан. Уг ........... орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүн нь барилга барьж, худалдан борлуулах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл аваад зээлээ хуваарийн дагуу хугацаандаа төлдөггүй компаниудын борлуулалтыг дэмжих зорилгоор орон сууц худалдагч, худалдан авагч талууд хооронд харилцан тохиролцсон тохиолдолд олгодог зээл. Хариуцагч болон Төрийн банкнаас ирүүлсэн материалаас харахад хариуцагч 400 000 000 төгрөгийн зээл Төрийн банкнаас авсан байдаг. Төрийн банк нь өөрийн үзэмжээр бүтээгдэхүүн гаргах бүрэн эрхтэй, энэ нь Монгол банкнаас хамааралтай зүйл биш. Зээлийн гэрээний дагуу 54 300 000 төгрөгийн зээлийг Төрийн банкнаас ...........д олгосон. Хариуцагчийн ямар нэгэн ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн зүйл байхгүй. Мөн ...........ХХК-ийн гүйцэтгэх захирал ........... Төрийн банкинд илгээсэн албан бичигт Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвөөс авсан 400 000 000 төгрөгийн зээлийн санхүүжилтээр барилгаа ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэж өгсөн. Уг орон сууцны худалдан авагч нарын 18 нь ипотекийн зээлийн шаардлага хангасан тул эдгээр худалдан авагч нарын зээлийг ипотекийн 5 хувийн зээлд хамруулж өгнө үү гэсэн байна. ........... орон сууц худалдан авах танилцуулгад орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд шилжүүлэх хүртэл хугацаанд барилгын компани нь зээл хүсэгчийн өмнөөс зээлийн хүүний зөрүү болох 7,6 хувийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч зээл хүсэгчид баталгаа гаргасан байна. ........... Төрийн банкнаас авсан зээл жилийн 15,6 хувийн хүүтэй боловч үүнээс 7,6 хувийн хүүг ...........ХХК ...........гийн зээл ипотекийн зээл рүү шилжих хүртэл төлөх үүрэгтэй байсан боловч төлөлгүй гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Мөн энэ асуудалтай холбоотой зөвхөн ........... ганцаараа хохироогүй. Дахиад 8-9 оршин суугч ........... орон сууцны гэрээ байгуулж ...........ХХК тэдгээр оршин суугч нарын өмнөөс зээлийн хүүгийн зөрүүг төлөх ёстой байсан. ...........ХХК Төрийн банкнаас авсан 400 000 000 төгрөгийн зээлээ эдгээр оршин суугч нарын байрны төлбөрөөр төлж барагдуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч 400 000 000 төгрөгийн зээлээ төлж барагдуулсны дараа баталгааны гэрээг цуцлах тухай Төрийн банк Бөхийн өргөө тооцооны төвд гаргасан. Үүний дагуу баталгааны гэрээг цуцалсан гэдэг. Хариуцагч өөрийн 400 000 000 төгрөгийн зээлээ оршин суугч нарын байрны төлбөрөөр төлж барагдуулсны дараа Төрийн банктай байгуулсан баталгааны гэрээг цуцалснаар миний бие сэтгэл санаа болон эд хөрөнгөөр маш их хохирсон. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...........ХХК Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвд гаргасан хүсэлтээр ...........ХХК өөрийн авсан зээлээ оршин суугч нарын мөнгөөр төлсөн гэдэг нь нотлогдож байна. ...........ХХК өөрийн авсан зээлээ байр худалдаж авсан оршин суугч нарын мөнгөөр төлж, харин оршин суугч нарын өмнөөс Төрийн банктай байгуулсан баталгааны гэрээний үүргээ өөрийн зээлээ төлж дууссаны дараа цуцлуулсан нь 8-9 оршин суугч нарыг хохироосон үйлдэл. ........... Төрийн банкнаас 54 300 000 төгрөг, жилийн 15.6 хувийн хүүтэй авсан зээлийн 7,6 хувийн хүүг ...........ХХК төлөх ёстой байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ гэрээг Төрийн банкнаас санал болгосон. ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээ нь нэг талаас Төрийн банк, нөгөө талаас үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар оролцсон 3 талын гэрээ юм. Уг гэрээг байгуулсны дараа ...........д зээл олгох тухай шийдвэр гарч зөвхөн Төрийн банк, ........... нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Баталгааны гэрээ нь хуульд нийцээгүй, гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд нийцээгүй тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Орон сууц захиалгын болон орон сууцны зээлийн гэрээ хоорондоо уялдахгүй тусдаа гэрээнүүд. Орон сууцны зээлийн гэрээнд хамтран зээлдэгч, батлан даагч нь С.Энхтуяа байгаа. Зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээнд баталгаа гаргуулагч нь ........... байх ба хэн баталгаа гаргагч нь тодорхойгүй. Манай зүгээс энэ хэргийн бодит хариуцагч нь гуравдагч этгээд болох Төрийн банк гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 25-06 тоот зээлийн дэд хорооны хурлын шийдвэрийн дагуу ........... Төрийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. ...........ХХК Төрийн банкнаас 400 000 000 төгрөгийн зээл авсан асуудал энэ хэрэгт ач холбогдолгүй. ........... өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга бариулсан. Уг барилыг барихад Төрийн банкнаас зээл авч санхүүжилт хийсэн. Манай орон сууцыг худалдан авч, шилжүүлсэн иргэдийн байрны төлбөр нь ...........ийн данс руу орж уг данснаас Төрийн банк хүчээр мөнгө татаж авдаг байсан. Төрийн банк нь Иргэний хуулийн 458, 459, 460 дугаар зүйлүүдэд заасан батлан даалтын гэрээг ...........ХХК-тай байгуулаагүй. ........... нь өөрийн авсан зээлийн хүүг өөрөө хариуцан төлөх үүрэгтэй байхад манай компаниар 7,6 хувийг төлүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн дэд хорооны хурлын шийдвэрийн дагуу ...........д 54 300 000 төгрөг, 15.6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгохоор 2 хурлын шийдвэр гарсан. Төрийн банкнаас гаргасан ........... орон сууц худалдан авах зээлийг талуудад холбогдох баримтуудын хамт танилцуулсан. Нийт 9 зээлийн судалгаа хийгдэж дэд хорооны шийдвэр гарсан. Эдгээр 9 шийдвэр тус тусдаа гарсан. ........... орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүн нь барилга барьж, худалдан борлуулах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл аваад зээлээ хуваарийн дагуу хугацаандаа төлдөггүй компаниудын борлуулалтыг дэмжих зорилгоор орон сууц худалдагч, худалдан авагч талууд харилцан тохиролцсон тохиолдолд олдог зээл юм. ...........ХХК шиг Төрийн банкнаас гаргасан уг бүтээгдэхүүнийг олон барилгын компани авч, хэрэгжүүлж байгаа. ...........ХХК болон ........... нар нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн БГ-03 тоот ........... орон сууц худалдан авах зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг байгуулан ирүүлсэн тул ........... орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн зээлийг олгосон гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ...........ХХК, ........... нар баталгааны гэрээ байгуулж, ...........гийн Төрийн банкнаас зээлсэн 54 300 000 төгрөг ...........ХХК-ийн дансанд ороод удалгүй Төрийн банк манай 400 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд татаж авсан. Төрийн банк манай данснаас мөнгө татаж авахдаа ямар ч баримт дээр гарын үсэг зуруулаагүй, зөвшөөрөл аваагүй. Манай дансанд мөнгө орох болгонд Төрийн банк мөнгө татаж авдаг байсан. Бид энэ талаар лавлаж асуухад баталгааны гэрээний дагуу зээлдэгч нарын хүүгийн зөрүүг татаж авдаг байсан. Төрийн банк ямар ч зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй хүчээр манай данснаас мөнгө татаж, хүчээр баталгааны гэрээний биелүүлэлтийг хангуулж байсан. Төрийн банкны энэ үйлдэл нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.5-д заасныг зөрчиж байна. ...........ХХК-аас ........... орон сууц худалдаж аваагүй, ...........ээс ........... орон сууц худалдаж авсан. ...........ХХК өөрөө барилга бариагүй гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баталгааны гэрээ хууль зөрчөөгүй. ...........ХХК сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Мөн ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээ нь батлан даалтын гэрээ биш. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. Төрийн банк өөрийн гаргасан бүтээгдэхүүнээ өөрөө танилцуулах эрхтэй. ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээнд ........... ямар шалтгааны улмаас оролцох болсон асуудал нь Төрийн банк, ...........ХХК-ийн хоорондын асуудлаас болсон. ........... өөрийн үүргийнхээ дагуу орон сууцны зээлийн хүүгийн 15,6 хувиас 8 хувийг нь төлж үлдэгдэл хүүг ...........ХХК Төрийн банкинд гэрээнд заасны дагуу төлөх ёстой. Гэрээний утга агуулгыг үзэхэд хуульд нийцсэн гэрээ юм. ...........ХХК гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг чөлөөт зарчмын дагуу байгуулсан. Мөн Монгол банкнаас ирсэн албан бичгийн дагуу арилжааны банк нь Монгол банк, Банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд өөрийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан холбогдох зээлийн хүү болон бусад нөхцөл шаардлагын хүрээнд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээл олгох эрхтэй. ...........ХХК нь зээлийн эргэн төлөлтийг дэмжих зорилгоор ...........д зээл олгосон асуудал нь банкны зээл олгох нөхцөлд хамаарч байгаа тул Монгол банкны журмаар зохицуулагдахгүй. Хариуцагч ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол үүнийг бодитоор нотлох ёстой. Энэхүү гэрээ нь илт хууль бус гэдгийг нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. ...........ХХК ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хүлээн зөвшөөрч 1,6 жилийн турш ...........гийн зээлийн зөрүүг төлж байсан тул сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно. Хүүгийн зөрүүг төлөх баталгааны тухай ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Төрийн банкны зүгээс ...........ХХК-д дарамт үзүүлээгүй. Хэрвээ Төрийн банк, ...........ХХК-д дарамт шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа бол үүнийг нотлох үүрэгтэй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01475 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...........ХХК-аас ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээний үүрэгт 3 392 055.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар ...........д холбогдох ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүгийн баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоохыг хүссэн ...........ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 69 222 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...........д олгож, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг хэвээр үлдээж, дутуу төлсөн 294 089 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 1653 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/01475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг нэмж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагчийн дутуу төлсөн 294 089 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 222 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч байгаа тул гомдол гаргаж байна. Дараах үндэслэл бүхий гомдлыг хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна. Үүнд: 1. магадлалын хянах хэсэгтээ “Нэхэмжлэгч ........... нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч “...........” ХХК-ний захирал ...........тэй орон сууц захиалгын гэрээ байгуулж гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг баримтлалгүй иргэнтэй байгуулсан гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг ялгаж салгалгүй хуулийг буруу хэрэглэсэн. 2. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд гэрээний нөгөө тал нь иргэн гэж тодорхойлсныг “...........” ХХК болон түүний захирал албан тушаалтантай байгуулсан гэрээ гэж буруу дүгнэж магадлал гаргасан нь хууль хэрэглээнд нийцэхгүй байна. 3.Талууд ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны БГ-03 тоот гэрээг Төрийн банкны 2017 оны 03 сарын 15-ны өдрийн дугаар 122 тоот албан бичгийн дагуу шаардсанаар байгуулсан юм. Иймд талууд гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй болно. НИХДЗШШ нь Төрийн банкны 122 тоот албан бичиг, 122 тоот албан бичигт хариу хүргүүлсэн ...........ХХК-ийн 2017 оны 03 сарын 15-ны 17/014 албан бичгийн нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргахдаа буруу шийдвэрлэсэн. 4. Шийдвэр, магадлал нь бүхэлдээ хууль хэрэглээг анхаарахгүй талууд хоорондоо сайн дураар хийгдсэн гэрээ гэж үзэх нь огт үндэслэлгүй байна. Учир нь Төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг нь хэлцэл хийхийг мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг мэдэгдэлд “...........” ХХК нь хариу албан бичиг хүргүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн юм. Нарийвчилбал Төрийн банк 2017 оны 03 сарын 15-ны өдөр 122 тоот албан бичгээр хэлцэл хийх тухай санал гаргасан бөгөөд “...........” ХХК нь 2017 оны 03 сарын 15- ны 17/014 тоот албан бичгээр Төрийн банкны 122 тоотод хариу болгож саналыг зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг нөгөө талд буюу Төрийн банканд хүргүүлж Төрийн банк хүлээн авсан. Ингэж талууд харилцан албан бичиг солилцон хэлцэл хийгдсэн юм. Харин хэлцлийн агуулга нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан Баталгаа юм. Хэлцэл нь Төрийн банк зээл олгогч буюу олгосон зээлийг хүүгийн хамт төлүүлэх үүрэг гүйцэтгүүлэгч, ........... нь зээл хүсэгч буюу зээлийг хүүгийн хамт төлөх үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд зээлийн гэрээ болон дээрх хэлцлийн хувьд “...........” ХХК нь гуравдагч этгээд юм. Үүрэг гүйцэтгүүлэгч Төрийн банк нь үүрэг гүйцэтгэгч ...........гийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гуравдагч этгээд “...........” ХХК-иар баталгаа гаргуулах ёстой байсан. ........... орон сууц худалдан авах зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээ гэх боловч энэ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан агуулгатай бүрэн нийцэж байхад давж заалдах шатны шүүх хууль хэрэглээнд буруу хууль хэрэглэж хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Төрийн банк болон “...........” ХХК нар нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийсэн байх боловч энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;” заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь хэлцлийн агуулга нь Иргэний хуулийн 234 дүгээр заалтыг тодорхойлсон боловч үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, гуравдагч этгээд нарын харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан баталгааны гэрээ байгуулаагүй юм. ...........гийн Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээнд батлан даагчаар С.Энхтуяа гэх этгээд оролцож гарын үсэг зурсан нь ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцөлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээ гэх гэрээ нь зээлийн хүүг төлөх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Иргэний хуулийн 58.3.1, Иргэний хуулийн 234 дүгээр зүйл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл зэргийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож ........... орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн зээлийн зөрүү хүүний баталгааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ...........ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3 392 055 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч “........... орон сууц худалдан авах зээлийн гэрээ”-ний нөхцөлийн зээлийн хүүгийн зөрүү төлөх баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн алдааг магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан агуулгатай байхад шүүх гэрээнээс татгалзах, хохирол шаардах тухай хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

 

........... нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр ...........ХХК-ийн захирал ...........тэй гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцыг 77 639 700 төгрөгөөр захиалж, урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх 54 300 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр Төрийн банкнаас жилийн 15.60 хувийн хүүтэй, 240 сарын хугацаагаар зээлж орон сууцны үнэд шилжүүлсэн, үүний зэрэгцээ 15,60 хувийн хүүгийн 8 хувийг ..........., 7,6 хувийг ...........ХХК хариуцан зээлийн хүүг 8 хувь болгох хүртэл хугацаанд түүний өмнөөс, банкинд төлөхөөр үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон.

..........., ...........ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцааг шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

...........ХХК нь ...........д орон сууцны зээл олгосон тохиолдолд зээлийн хүүгийн 7,6 хувийг хариуцан төлөх хүсэл зоригоо Төрийн банкинд удаа дараа илэрхийлсэн, уг саналыг Төрийн банк хүлээн авч ...........д зээл олгосноос үзэхэд ...........ХХК  гэрээгээр үүрэг хүлээсэн, гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн хэлцэл талуудын хооронд байгуулагдсан байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр байх ба ноцтой төөрөгдсөн, дарамтад орсны улмаас гэрээг байгуулсан, гэрээ хууль зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хариуцагч ...........ХХК нь 2017 оны 6 сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 сарын 06 хүртэл хугацаанд сарын 7,6 хувийн хүүг төлж, үүргээ биелүүлсэн, харин 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 сарын 06 хүртэлх хугацааны зээлийн хүүг төлөөгүй тул шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1653 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг...гэсний өмнө ...227 дугаар зүйлийн 227.1, 227.5 ...гэснийг хасч гэж оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 69 222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД

 

                       ШҮҮГЧИД                                               Х.СОНИНБАЯР

     

                                                                                       Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                       Д.ЦОЛМОН

 

                                                                                       П.ЗОЛЗАЯА