Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2020/01067

 

 

 

 

 

 

 

 

 

ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00588 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ж- /Zhang Yong Rong/-ны нэхэмжлэлтэй хариуцагч И- Олон улсын дунд сургууль ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18 439 904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ж- нь И- Олон улсын дунд сургууль ХХК-ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 72 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, 44.3 дахь хэсэгт Багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно, 44.4 дэх хэсэгт Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана гэх заалтуудыг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Тус сургуулийн сурагчийн ээж багштай хувийн таарамжгүй харилцаатайн улмаас сургуулийн захиргаанд гомдол гаргасан. Гомдол үндэслэлгүй, худал байсан бөгөөд худал гомдол гаргасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар нэхэмжлэгч цагдаад хандсан. Дээрх хэргийг шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад сургуулийн захиргаанаас ноцтой зөрчил гаргасан гзх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Зөрчлийн хэргийг шалгах явцад Фан Сивей /Fan Siwei/ нь сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчээс уучлал гуйсан байдаг. Зөрчлийн хэргийг Цагдаагийн байгууллага хааж шийдвэрлэсэн. Зөрчил гаргасан гэх нөхцөл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр няцаагдсан байна. Байгууллагын нэр хүндэд харш сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, сурагчид дарамт үзүүлсэн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18 439 904 төгрөг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хятад хэлний багш ж- (Отгон) нь өнгөрсөн хичээлийн жилд Хятад Улсын иргэн Фан Сивейг тус сургуулийн Ай Би Олон Улсын ахлах ангийн хөтөлбөрт өөрийн нэр дээр батлан даан сургахаар гэрээ хийж, төлбөрийг төлж мөн сургуулиас Фан Сивейн визний хүсэлтэд зориулж албан бичиг зэргийг бүрдүүлэн авч байсан. Гэвч 2019 оны 2 дугаар сард сурагч Фан Сивей нь ахлах ангийн хичээлийн эрхлэгч Жак Меадовд хандан ж- багш өөрийнх нь паспортыг барьцаалан мөнгө нэхээд байгаа, гадны сургуулийн тэтгэлэг болон шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаагаа хэлсэн байна. Мөн сургуулийн хажууд байрлах ж-ы байранд түүний хүүгийн хамт нэг өрөөнд сарын 2000 юанаар буюу ойролцоогоор 750 000 төгрөгөөр түрээслэн амьдардаг байсан ч хэт их хүнтэй, тав тухгүй, чимээ их тул хичээлээ ч хийх боломжгүй болсон, саяхан 18 нас хүрээд тэднийхээс нүүсэн, 6 дугаар сард сургуулиа төгстлөө өөр газар байрлаж байгаа зэргээ хэлсэн байдаг. Энэ тухай хэлэхдээ түүний бичсэн гар утсан дээрх захианууд болон ярианы бичлэгийн хэсгийг сонсгож, бид Хятад хэл мэдэхгүй тул орчуулан бидэнд үзүүлсэн. Хичээлийн эрхлэгч, захирал нар ярилцаад нэг талыг барьж асуудалд хандахгүй байсан нь дээр мөн сурагчийн эцэг эхээс нь албан ёсны гомдол ирээгүй тул ж- багшийн олон жил ажилласан зэргийг харгалзан тухайн үед энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авалгүй орхисон. ж- нь сургуулийн захирлын нэр төрийг ашиглаж, сурагчийн эцэг эхээс их хэмжээний мөнгө хувьдаа авсан, сургуулийн нэр хүндийг хууль бусаар орлого олох эх үүсвэр болгож, байгууллагын нэр хүндэд харш, багшийн ёс зүйгүй үйлдэл гаргасан; сурагчтай удаа дараа бүдүүлэг үг хэллэг ашиглаж, зүй бусаар харьцаж, сурах эрхэд хүндрэл учруулах эрсдэл үүсгэн сэтгэл санааны дарамт үзүүлсэн, байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөөгүй, байгууллагын соёл, мэргэжлийн ёс зүйг үл хүндэтгэж, зан харьцаа, ёс суртахууны доголдол гаргасан. Одоо ж-тай байгууллагаас олгох ямар нэгэн санхүүгийн тооцоо байхгүй. Ажил олгогчийн зүгээс ж-ы асуудлаар удирдах ажилтнуудын хүрээнд удаа дараа уулзалт, хурал хийж хэлэлцсэн бөгөөд цаашид итгэл хүлээлгэж хамтран ажиллах, ажилд нь эргүүлэн томилж багшаар ажиллуулах нөхцөл боломжгүй. Холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сурагч Фан Сивейн ээж Хятад Улсын иргэн Сүн Юй Инг нь сургуулийн захиргаанд албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү гомдол нь Фан Сивейд хамааралгүй ба сургууль дээр болон сургуулийн цахим орчин, олон нийтэд ж-ыг гүтгэж, худал мэдээлэл тараасан зүйл байхгүй. Хэрэв ж- нь энэхүү гомдлын талаар хуулийн байгууллагад хандаж, сурагчийн эцэг эхээс удаа дараа мөнгө шилжүүлгээр авсан асуудлаа шалгуулах байсан бол Фан Сивейг бус, түүний ээж Хятад Улсын игэн Сүн Юй Ингийн талаар гомдол гаргах учиртай. Гэтэл, Сурагч Фан Сивейгийн хувийн бичиг баримт, гадаад паспортыг барьцаалсан. ж-ы хамаарал бүхий этгээд нь цагдаагийн ажилтантай хамт сурагч Фан Сивейгийн гэрийг сахиж, дагаж мөрдөн, сургуулийн орчноос баривчилж, сурагчийн нэр төрд халдсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хувийн зорилгодоо ашиглаж, сурагчийг айлган сүрдүүлэх, дарамтлах арга хэрэгсэл болгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн. Улмаар ж-ы хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллага дээр аваачиж, Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэнийг албан ёсны өмгөөлөгч, орчуулагчгүйгээр шалгуулах ажиллагаа явагдсан. Цагдаагийн байгууллага дээр сурагч Фан Сивейгийн биед халдах, дарамтлах үйлдлүүд гаргасан байх бөгөөд энэ талаар Фан Сивей нь сургуулийн захиргаанд цахим шуудан ирүүлж, өөрийн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс яаралтай нутаг буцах гэж байгаа талаар мэдэгдсэн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ж- /Zhang Yong Rong/-ыг хариуцагч И- олон улсын дунд сургууль ХХК-ийн хятад хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 028 075 төгрөгийг хариуцагч И- олон улсын дунд сургууль ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ж- /Zhang Yong Rong/-д олгож, БНХАУ-ын иргэн ж- /Zhang Yong Rong/-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч И- олон улсын дунд сургууль ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 411 829 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И- олон улсын дунд сургууль ХХК-иас 233 090 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2.Й-д зааснаар ёс зүйгүй авирласан, энэ нь Фан Си Вэйтэй ярилцсан дуу авианы бичлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдно, нэхэмжлэгч нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д "багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих үүргийг зөрчсөн гэж үзэхээр ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт "Багш нь сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглох хориглолтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа тухай дүгнэсэн. Гэвч Хөдөлмөрийн дотоод журамд энэ зөрчлийг "2 ба туүнээс дээш удаа" гаргаснаар ажлаас чөлөөлөх үндэслэл болно, гэтэл нэхэмжлэгч 1 удаа уг зөрчлийг гаргасан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч Ван ли Тон /Wan Litong/-ийн мэдүүлгээр ж- нь сурагч Фан Сивэйг удаа дараа дарамталдаг, байнга утсаар дарамталдаг, айлган сүрдүүлдэг байсан, мөн удаа дараа гэдэг нь хэр олон давтамжтай вэ гэсэн асуултад 7 хоног бүр байнга залгаж сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан, үүнээс болж Фан Сивэй хичээлдээ муудсан тухай хэлсэн. Гэрчийн эл мэдүүлгээр нэхэмжлэгч 2 ба түүнээс дээш удаа сурагчид сэтгэл санааны дарамт учруулсан нь тогтоогдож байна. Хэргийн баримтаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар ж-ы хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тогтоосон ба харин шийтгэл ногдуулаагүй. Энэ зөрчлийн тухайд нэхэмжлэгч маргаагүй учир сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Улмаар 2019 оны 6 дугаар сард ж- сурагчтай удаа дараа багшийн ёс зүйгүй авирлаж, сэтгэл санааны дарамт учруулсан үйлдлийг тогтоосон нь сахилгын зөрлийг давтан гаргасан тохиолдол болжээ. Анхан шатны шүүх хариуцагчийн зарим хүсэлтүүдийг хангаагүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх гол үндэслэл нь Фан Сивэй сурагчийн гомдол, түүний мөрөөр шалгасан явдал бөгөөд сурагчид сэтгэл санааны дарамт хэрхэн учруулсан, юу гэж дарамталж, айлган сүрдүүлдэг байсан тухай мэдүүлгийг тухайн сурагчаас авах нь тус хэрэгт ач холбогдолтой юм. Хууль зүйн хувьд БНХАУ-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шүүхийн даалгавар бичих замаар нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх бүрэн боломжтой. Гэтэл шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзахдаа хугацаа их орох шалтгааныг дурдсан нь огт үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч ж- нь 2019 оны 12 дугаар сараас өөр байгууллагад ажилласан тухай мэдээллийг бид танилаас нь мэдсэн. Тиймээс хэрэв шүүх ажилд эгүүлэн тогтоох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг, эсвэл өөр ажилд орсон өдрийг хүртэл буюу бага цалин авсны зөрүүг тооцож олгох ёстой. Тиймээс хариуцагчийн зүгээс гаргасан ж-ы нийгмийн даатгалын лавлагааг гаргуулах хүсэлтийг хангаагүй нь ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцоход хүргэж хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ж- /Zhang Yong Rong/ нь хариуцагч И- Олон улсын дунд сургууль ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 439 904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргасан гэж маргажээ. /хх 1-2, хх19-29/

Нэхэмжлэгч нь И- Олон улсын дунд сургуульд хятад хэлний багшаар ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 72 тоот тушаалаар Байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргаж, сурагчид сэтгэл санааны дарамт үзүүлж, хариуцсан чиглэлээр дагаж мөрдөх хууль тогтоомж, багшийн ёс зүйг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх 35/

Хэрэгт багш ж- нь Хятад улсын иргэн Фан Сивэйг И- Олон улсын дунд сургуулийн ахлах ангийн хөтөлбөрт өөрийн нэр дээр батлан дааж сургахаар гэрээ хийж, төлбөрийг төлж байсан, 2019 оны 2 дугаар сард сурагч Фан Сивэй тус сургуулийн ахлах ангийн хичээлийн эрхлэгч Жак Меадовд хандан ...Багш ж- паспортыг нь барьцаалж мөнгө нэхэж байгаа, гадны сургуулийн тэтгэлэг болон шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаа талаар гомдол мэдүүлсэн үйл баримт тогтоогджээ. Мөн ж- нь Хятад улсын иргэн Фан Сивэйг цагдаагийн байгууллагад дуудуулж шалгуулсан, сурагч нэн яаралтай буцах хүсэлтийг илэрхийлсний дагуу сургуулийн захиргаа тусалж сурагчийн бичиг баримтыг нь бүрдүүлж эх оронд нь буцаасан үйл баримт тогтоогдсон. /хх146-151/

Хариуцагч талаас багшийн зөрчлийг нотлох зорилгоор хэргийн 142-143 дугаар талд ярианы бичлэгт үзлэг хийжээ. Уг яриа гадаад хэл дээрх яриа байх бөгөөд үзлэг хийх ажиллагаанд шүүхээс томилогдоогүй орчуулагч Цуй Хай Пин оролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлага тавигддаг. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно гэж заасан. Тухайн үзлэг хийх ажиллагаанд Ж.Хулан, У.Одбаяр гэх хөндлөнгийн 2 гэрч оролцсон боловч хөндлөнгийн гэрчид хууль сануулсан талаарх баримтгүй, орчуулагч гэх Цуй Хай Пинг шүүгч захирамж гарган томилсон баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3 дахь хэсэгт тус тус зааснаар үзлэг хийхэд тэмдэглэл үйлдэнэ, тэмдэглэлийг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ гэж заасан. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт зааснаар ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ гэсэн журам зөрчигджээ. Тэмдэглэлд Хараалын үг хэлсэн байна гэсэн болохоос ямар үгийг хэнээс хэнд хандан хэлсэн нь тодорхой бус байна. Дээрх утсаар ярьсан ярианы бичлэг гэх баримтыг нотлох баримтаар шийдвэр гаргахад үнэлсэн. /1хх168-171/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Мөн хэргийн 149-150 дугаар талд гэрч Ван Литонгийг гэрчээр асуухдаа албан ёсоор шүүхээс томилогдсон орчуулагчтай асуусан эсэх нь тодорхойгүй байна. Хэргийн баримтаас үзэхэд орчуулагчаар хэн орсон, орчуулагчид хууль сануулсан баримтгүй байна. Дээрх гэрчийн мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэлд хамааруулж нотлох баримт гэж үнэлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:з

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа харуицагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 090 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД