Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01441

 

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01441

Улаанбаатар хот

       

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Н Ч  /РД:.../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: . тоотод байрлах, У ХХК /РД:2707152/-д холбогдох

 

2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн,

2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины амны 1га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ч , хариуцагчийн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Н.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 сарын 20-ны өдөр У ХХК-тай 02 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан богны аман дахь 30 га газрын 1 га газар дээр өөрийн хөрөнгөөр 20 амины орон сууц барьсан. Тухайн үед бидний хийсэн гэрээ хэлцэл нь У ХХК нь 17.5 хувь, үлдэгдэл хувийг би хөрөнгө оруулснаар харилцан тохиролцож, гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн. 2014 оны хавраас барилгаа эхэлж, 2016 оны 8 сар хүртэл 3 жил дамнаж барилга угсралтын ажлыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар явсан. 2016 оноос эхлэн хэвийн явагдаж байсан барилгын ажил дээр У ХХК-ны зүгээс асуудал гарч эхэлсэн. Ямар ч шалтгаан нөхцөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газар зогсоох, онцгой байдал дуудах, цагдаа ирж ажил үүргийг зогсоох, Байгаль орчны яам, богд уулын хамгаалалтын захиргаанаас ирж, Тухайн ажлыг яаралтай зогсоо, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил явуулж байна. Иймд холбогдох баримт бичиг, зөвшөөрлөө авч байж ажлаа явуул гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд 2013 онд хийгдсэн гэрээ хэлцэл байхад 3 жилийн дараа гэнэт зөвшөөрлийн асуудал яригдсан учраас би 2016 оны 8 сараас хойш судлаад үзсэн. У ХХК нь 2008 оны 7 сарын 22-ны өдрөөс хойш газар ашиглах гэрээний хугацаа дууссан, газрын төлбөр төлөгдөөгүй зөрчлүүд байсан. Энэ асуудлаар захирал Р.Б  ярьж Энэ асуудлаа шийдвэрлэ, ажилд битгий саад болоод бай гэж хэлсэн бөгөөд олон хүнтэй шүүхээр асуудалтай байгаа, шүүхийн шийдвэр гартал тухайн аманд ажил гйцэтгэхийг хориглосон байсан. Р.Б  нь Ямар нэг асуудал байхгүй, чи ажил үүргээ явуул гэж хэлсэн. Миний хувьд санаа зовж байсан учраас газрын гэрчилгээг гаргуулж авъя, хөрөнгийн хувийг баталгаатай болгоё гэсэн боловч хариуцагч нь зөвшөөрөөгүй. Барилгын ажлын гүйцэтгэлийг 100 хувь болгосны дараа юм аа ав гэсэн. Бидний хувьд ихэнх байшин баригдаад дуусчихсан байсан учраас нэгэнт газрын хугацаа дууссан юм бол бид өөрсдөө газрыг ашиглах, зохих эрхийг авъя гэсэн болвч Р.Б  нь зөвшөөрөөгүй учир бид хариуцдаг Богд уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчны яаманд газар ашиглах гэрээ хүсэлт тавьсан. Байгаль орчны яамнаас У ХХК-тай танайх гэрээ байгуулсан учраас газар ашиглах боломжгүй гэж хэлсэн. 2016 оны 7 сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дээр хаяг авах гээд очсон боловч У ХХК-тай гэрээ хийгдсэн байна. Наад компанийн асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй. Учир нь 2013 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектурын гарын үсэг тамга, тэмдэгтийн хуурамчаар үйлдэж, энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэлтсийн н.У гэж дарга Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2013 онд гомдол гаргаад, таньд байгаа ерөнхий төлөвлөгөө, ашиглаад байгаа барилгын зураг төслийг шалгуулж, У ХХК-ийн захирал Р.Б  болон түүний дор ажиллаж байсан н.Батдэлгэр хоёрыг шалгаж, хуурамж болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болсон. Иймд тан дээр болон У ХХК-д ямар ч бичиг баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн. Энэ талаар судлахад тийм зүйл болсон эсэх нь мэдэгдэхгүй байсан учир би Авлигатай тэмцэх газар хүсэлт өгөхөд тус газраас Өмнө нь хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэг байна гэж хэлээд миний барьж байсан барилгын ажилтай холбоотой бүх баримтуудыг хуурамч байна гэж тогтоож өгсөн. Үүний дараа би Р.Б  уулзахад Би чамтай ярих юм байхгүй. Канад технолгоор байшин барь гэж байхад тэгээгүй гэж хэлээд гэрээгээ цуцаллаа гэсэн. 2016 оны 8 сард Нийслэлийн захирагч Н.Бат-үүл даргын хажууд гэрээг цуцалсан. Миний хувьд боломжтой нөхцлөөр бүх саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Ганц би биш тухайн аманд байдаг 20 гаруй хүнтэй хэлцэл хийгээд бүгдийг нь хохироосон байдаг. Хүний зураг төслийг бид гүйцэтгэхийн тулд хугацаагүй ажиллаж байсан. Миний хувьд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Р.Б  нь хөрөнгө оруулалт олж авахын тулд хэлцэл хийх зорилгоор өөрийн хэлцэлд саад болохоор хууль бус зүйлүүдийг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдэж, ашигласнаар миний хувьд хувийн байдал асар их дордсон. Санхүүгийн болон эдийн засаг, нэр төрөөр хохирсон. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гол зорилго нь тухайн үед гэрээг ижилхэн тамга, тэмдэгтэй хийсэн учраас бидний хувьд энгийн нүдээр хараад жинхэнэ маргаан байхгүй, хуулийн дагуу байна гэж итгээд гэрээ хийсэн. Гэтэл нөхцөл байдал дээр бүх зүйл нь хуурамч байсан. Бүх зүйл ил болохоор миний хувьд Р.Б ын хувьд өмчлөлөөр тогтоох зэрэг бүх зүйлд хориг тогтоосон. Р.Б ын хувьд бүх зүйлийг нуун дарагдуулсан учир гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар миний хөрөнгийг ашиглах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ байгуулсан, мөн газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй хууран мэхэлж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоноор миний хөрөнгө оруулалт хийж зардал гаргаж, барилга барьсан олон жилийн хөдөлмөр баталгаажих юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгож байгаа. Тухайн үед гэрээ байгуулахдаа газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан гэж ярьж байгаа боловч дуусаагүй байсан. Гэрээ байгуулахад Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож байгуулсан. Ашиглах эрхтэй газар дээр барилга барьж, барьсан барилгаа хувааж эзэмшхээр тохиролцсон. Бүх зүйл хуурамч байсан гэж тайлбарлаж байгаа ч тийм зүйл байгаагүй. Газар ашиглах эрхгүй байсан учраас би өөрөө газар ашиглах эрхтэй эсэхийг хөөцөлдсөн гэж ярьдаг. Гэтэл тухайн үед У ХХК болон Н.Ч  хоёрын хооронд үл ойлголцол бий болж, гэрээгээр тохирсон хөнгөн хийцийн барилгыг бариагүй байна гэдэг асуудал үүсч, гэрээ цуцлагдсанаас хойш иргэн Н.Ч ын хувьд газар ашиглах хүсэлт гаргасан гэж хэлдэг. Хүсэлтийн хувьд У ХХК-ийн татгалзах болсон шалтгаан үндэслэл нь барих ёстой барилгаа бариагүй, байгалийн жалга гууг шороогоор дүүргэж илүү барилга барьж байгаа учраас гэрээнээсээ татгазлсан. Н.Ч ын хувьд хиймэлээр бий болгосон газар дээр газар эзэмших, ашиглах эрх авах хүсэлт гаргасан. Гэрээний дагуу барьсан барилга дээр тийм зүйл болооогүй. Төрийн байгууллагуудаас барилга барих ажил дээр У ХХК-ийн гомдлын дагуу шалтгалт хийснээс ажил явагдаж байхад шууд зогсоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд хамтарч ажиллахаа больсноос хойш газар чөлөөлж өгөхгүй, барилга барьж байгаа учраас У ХХК-ын зүгээс барилгын ажлыг зогсоож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гэрээнээс татгалзснаас хойш бий болсон асуудлыг төрийн байгууллага зосгосоосон мэт ярьж байна. Гэрээ хэрэгжиж байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт Аялал жуучлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц барихаар эскиз зурагаа 2011 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар батлагдсан зураг төслийн дагуу амрагчдын сууц бариулахаар 2013 оны 12 сарын 20-ны өдөр иргэн Н.Ч тай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт амрагчдын 20 орон сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих бөгөөд гүйцэтгэгч нь 16 сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах бөгөөд манай компани 3 орон сууцыг захиран зарцуулах бөгөөд мөн нэг орон сууцыг худалдан борлуулсан төлбөрийг тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон болно. Гэтэл Н.Ч  гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ зөрчиж 2011 онд ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зураг төслийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж барилга нэмж барьж байгалийн үерийн жалга шуудуйг өөрчилж, жалгыг барилгын шороогоор дүүргэх хэлбэрээр 9000 метр квадрат газрын зөвшөөрөл авалгүйгээр нэмж 10 гаруй барилга барихаар зарим барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү газар нь байгалийн өөрийн тогтоцоор бүрдсэн 3 үерийн жалга, шуудуйг ямар ч тооцоо зөвшөөрөлгүйгээр өөрчилж өрөмдлөг хийлгэн геологийн дүгнэлт гаргалгүй мөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу буюу хөнгөн хийцийн канад технологоор 20 орон сууц баригдах байсныг өөрчлөн бүрэн цутгамал 4 давхар карказ цутгалтын ажлыг хийсэн бөгөөд эдгээр барилгууд нь цаашид үер усны үеэр хөрсний нуралтаас үүдэн нурах эрсдэлтэй бөгөөд цаашлаад хүний амь нас, эд хөрөнгө аюултай байдал үүснэ гэдгийг Н.Ч ад удаа дараа шаардлага тавьж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ийнхүү 2016 оны 5 сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Н.Ч ын хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор Мэргэжлийн хяналтын ерөнхийг газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс зэрэг газруудад шалгуулахаар гомдол гаргасан. Иймд 2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины амны 1га газрыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2008 оны 7 сарын 25-ны өдрөөс 2004 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл гэрчилгээ сунгасан баримт байхгүй. 2018 онд 9.3 га газрыг цуцалж, үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас тухайн миний барилга барьсан газар хариуцагчийн газар биш учраас газар чөлөөлөх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээн дээр хөнгөн хийц, Канад технологиор байшинг барина гэсэн заалт байхгүй. Байшинг барих зураг хуурамч болох нь тогтоогдсон. Эх үүсвэр хуурамч зүйл дээр ямар нөхцөл шаардлагаар байшин барих талаар ярих үндэслэл байхгүй. Хариуцагч нь гэрээний 2.1-т заасан өөрсдөө бүх зураг төслийг хуулийн дагуу боловсруулж, түүний дагуу би барилга барих ёстой байсан боловч боловсруулсан баримт бүгд хуурамч учраас надад ярих зүйл байхгүй. Нөгөө талаас гэрээний 3.2-д манайхаас оруулсан хөрөнгө нь хууль ёсны байхыг шаардлсан шаардлага байгаа. Хэрвээ тэгсэ тохиолдолд хариуцагч талаас тухайн газар ашиглагч нь өөрөөр хууль ёсны байх ёстой. Гэтэл энэ шаардлага байхгүй. Надад хууль ёсны шаардлага тавьсан мөртлөө өөрсдөө хууль ёсны шаадлага хангаагүй. Бүх баримт нь албан ёсны биш болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдана. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар ярилцаж байхад гэрээ цуцлах эсэх талаар асуудал хамааралгүй. Нөгөө талаас гэрээний шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй. Газар шороо түрсэн эсэх нь хариуцагч талд хамааралгүй. Тэр газар нь тусдаа бөгөөд гуу жалгыг цэвэрлээд бид мод тарьсан зүйл байгаа болохоос барилга барьсан зүйл байхгүй. Гол асуудал нь газрын гэрээний хугацаа дууссан учраас газрыг нь авах гэж байна гэсэн хардлага явсан байх. Ус дулаан бүх зүйлийг хангана, төвийн бохирт холбох технологи нөхцөл, өндөр хүчдэлийн транс барих ажлын зөвшөөрлийг бүгдийг нь авсан. Дэд бүтэц талаас бүх зүйл боломжийн гэж ярьсан боловч тухайн газар дэээр төвийн бохирт холбох боломжгүй, хар зам хийх боломжгүй зэрэг эрсдэлтэй нөхцөл байсан. Дэд бүтэц огт шийдэгдээгүй байсан учраас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ч  нь хариуцагч У ХХК-д холбогдуулан 2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсныг хариуцагч тал Хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины амны 1га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч нь 2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хөрөнгө оруулалт олж авахын тулд хэлцэл хийх зорилгоор өөрийн хэлцэлд саад болохоор хууль бус зүйлүүдийг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдэж, ашигласнаар миний хөрөнгийг ашиглах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ байгуулсан, мөн газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй хууран мэхэлж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. гэх тайлбарыг гаргажээ.

Хариуцагч тал Н.Ч  нь 2011 онд ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зураг төслийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж барилга нэмж барьж байгалийн үерийн жалга шуудууг өөрчилж, жалгыг барилгын шороогоор дүүргэх хэлбэрээр 9000 метр квадрат газрын зөвшөөрөл авалгүйгээр нэмж 10 гаруй барилга барихаар зарим барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. Мөн гэрээнд зааснаар хөнгөн хийцийн канад технологоор 20 орон сууц баригдах байсныг өөрчлөн бүрэн цутгамал 4 давхар карказ цутгалтын ажлыг хийсэн ... гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс цуцлах мэдэгдлийг хүргүүлж гэрээнээсээ татгалзсан. гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2013 оны 12 сарын 20-ны өдөр №2 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богинын аманд байрлалтай 30 га газрын ашиглагч У ХХК-ийн хавсралтад заасан солбицол, байршил бүхий 1 га газарт амрагчийн 20/хорь/-н ширхэг сууц бүхий хотхоныг Н.Ч  нь өөрийн хөрөнгөөр Анар сан ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөлт болон компаниас боловсруулсан амрагчдын хотхоны 4 дүгээр хэсгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгэн ижил засал бүхий амрагчидын хотхон байгуулахаар тохиролцжээ.

Талууд гэрээний 4 дүгээр зүйлд гэрээний зүйлийг хэрхэн хуваахаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 3-6/

 

Дээрх гэрээний дагуу У ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөлтэй 1 га газарт 2014 оноос 2016 оны 8 сарын хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Н.Ч  нь өөрийн хөрөнгөөр тус бүр нь 3 давхар 24 ширхэг орон сууцыг барьж цутгалын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба улмаар талуудын хооронд үүссэн маргаанаас барилгын ажлыг зогсоосон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан газар дээр очиж үзлэг хийсэн тэмдэглэл, баримтжуулсан фото зураг зэргээр тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

Харин хариуцагч У ХХК-ийн захирал Р.Б  нь 2016.05.23-ны өдрийн 1/134 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Н.Ч ад гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг, түүнчлэн холбогдох эрх бүхий байгууллагуудад Н.Ч ын хууль бус үйлдлийг зогсоолгох талаар хандаж байсан албан бичгүүдийг хэрэгт нотлох баримтаар ирүүлж, гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан, иймд газраа чөлөөлүүлнэ гэж тайлбар гаргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл дараах үндэслэлгүй байна.

Хариуцагч У ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 8 сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуучлалын зориулалтаар 30 га газрын эрхийг авсан ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 7 сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын 1-р хавсралтаар 20.7 га газрын эрхээ цуцлуулж, өөрийн хамаарал бүхий компаниудад шилжүүлж, 9.3 га газар ашиглах эрх У ХХК-ийн ашиглалтад үлджээ. Улмаар Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалаар У ХХК-ийн 9.3 га газрын эрхийг төлбөр төлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.

Дээрх А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд У ХХК нь нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолооор ...У ХХК-ийн Байгаль орчин аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан ...А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөдөлдөр болжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон үндэслэлдээ У ХХК нь дээрх газар ашиглах гэрээнүүдэд зааснаар газрын төлбөрийг төлөөгүй, тухайлбал 2008 онд ..., 2016 онд ..., нийт 1 226 158 500 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн болох нь ...тогтоогдсон. ...газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон, иймд хариуцагчаас хуульд зааснаар газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан 9.3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн ...заалттай нийцсэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй... гэж дүгнэжээ.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Н.Ч  нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богинын аманд байрлалтай 30 га газрын ашиглагч У ХХК-ийн ашиглах эрхтэй 1 га газарт амрагчийн 20/ хорь/-н ширхэг сууц бүхий хотхоныг У ХХК-иас 2011 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Хүрэлбаатараар батлуулсан барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба энэ талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан тоотуудад дурдсан, түүнчлэн зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

Харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2013 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2011 онд батлуулсан төлөвлөгөө, эскиз зургийг хуурамчаар үйлдсэн болох талаар гомдол гаргаж, 2013 оны 5 сарын 31-ний өдрийн шинжээчийн 1660 тоот дүгнэлтээр тогтоож, 2013 оны 07 сарын 10-ны өдриййн 734 дугаар Прокурорын тогтоолоор ...хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн үндэслэлээр... хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн 142-145 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд гэрчилгээ гаргуулахаар 2016 оны 5 сард холбогдох эрх бүхий газруудад хандахад 2011 онд батлуулсан барилгын төлөвлөгөө, эскиз зургийг хуурамч тул гэрчилгээ олгохоос татгалзаж, нэхэмжлэгч нь энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан ба 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 163 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 156-159/

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч У ХХК нь газар ашиглах эрхийн зөрчилтэй газарт, түүнчлэн хуурамч төлөвлөгөө, эскик зургийг үндэслэн 2013 оны 12 сарын 20-ны өдөр №2 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг Н.Ч тай байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

 

Тодруулбал, гэрээ байгуулагдах үед хариуцагч У ХХК нь эдгээр нөхцөл байдлуудыг нуун дарагдуулж, улмаар нэхэмжлэгч Н.Ч аас хөрөнгө оруулалт авч, зардал гаргуулан дээрх гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгүүлсэн нь талуудын байгуулсан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн №2 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул хариуцагч У ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ч  нь холбогдох байгууллагаас Дүнжингарав аялал жуучлалын цогцолборын амрагчдын сууцны 1-р хэсэг Ти энд Жи ХХК-ийн зурсан шифр TG-135/2007 дугаартай барилгын зургийг НМХГ-ын улсын байцаагчийн 06-132/800 тоот дүгнэлтийн хамт гаргуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Н.Ч ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заасныг баримтлан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн №2 дугаар У ХХК болон иргэн Н.Ч  нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч У ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ч ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ