Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01605

 

 

 

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01605

 

 

Ж.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01565 дугаар шийдвэртэй, Ж.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч ДБХС-ийн МДХГхолбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Анх олон нийтийн сүлжээгээр гарсан ажилд авах тухай зарын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн, болзол, шаардлагыг нь хангаж 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт төвтэй ДБХС /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагчийн ажилд орсон. Гурван сарын туршилтын хугацаанд ажлын гологдол дутагдал, зөрчил гаргаагүй идэвх, зүтгэл, санаачилгатай ажилласан тул тус хөтөлбөрийн газрын удирдлага үнэлж, намайг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дээрх төслийн орон нутгийн зохицуулагчийн ажилд жинхэнэ ажилтнаар томилж, ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Оны эцсээр буюу 2018 оны 12 дугаар сард хагас жилийн тайлан тавих, шинээр хийх ажлын талаар тус хөтөлбөрийн газрын удирдлагатай уулзаж ажлаа дүгнүүлэхэд ... ажил гүйцэтгэлийн гэрээг жил жилээр сунгах зарчмаар ажиллуулна гэсэн чиглэл өгсөн. Удирдлагаас гэрээний хугацааг тайлбарлахдаа шинэ санхүүгийн жилийн тухайн оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш орж ирсэн төслийн ажлын чиглэл, төлөвлөгөө төсвийн дагуу дахин хийх ажлын төлөвлөгөөг баталж, энэ талаар ажлын гүйцэтгэлийн гэрээнд тусгаж ажиллах зарчимтай байдаг. Энэ гэрээг Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн төслийн орон нутгийн зохицуулагч нар нэгэн адил мөрдөж байгаа. Энэхүү туршилтын хугацааг амжилттай дуусгаж жинхэлсэн ажилтнуудыг төслийн үйл ажиллагааны 5 жилийн хугацаанд үндсэн ажилтан мөн гэж тооцно. Харин ажил гүйцэтгэлийн гэрээнд тусгасан үүргийг шаардах болно гэсэн.

Tyc Баян-Өлгий аймаг дахь төслийн орон нутгийн зохицуулагч Ж.О би уг төслийн ажилд орсон үеэс хойш ДБХСгийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн ажилд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэр төртэй ямар ч зөрчил дутагдалгүй, үлгэр жишээч хийж гүйцэтгэж ирсэн. Төслийн ажлын явцад удирдлагаас ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хөдөлмөрийн сахилгын шийтгэл, хариуцлага хүлээлгэж байгаагүй.

Гэтэл миний и-мэйл [email protected] хаягт хөтөлбөрийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ДБХС /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Бгуайн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/51 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай и-мэйл ирсэн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.О намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс үүрэг ажлаас чөлөөлж, гэрээг цуцласан гэсэн байсан. Тушаалын эх хувийг өгөөгүй. Би ямар ноцтой зөрчил гаргасан, ноцтой гэж дурдсан уг зөрчлөөр тус хөтөлбөрийн газарт, өөрийн ажиллаж буй орон нутгийн нэгжийн ажилд болон эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч мөн ажилтан, төслийн үйл ажиллагаанд ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна.

Би малын эмч хүн учраас өргөсөн тангаргийнхаа дагуу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр таньдаг хүний гуйлтаар чанарын шаардлага хангахгүй малын маханд гарал үүслийн гэрчилгээ олгосон үйлдэл гаргасан. Үүндээ харамсаж байгаа бөгөөд энэ үйлдэлд одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь үнэн боловч миний эрхэлсэн ажил үүргийн зөрчилд тооцогдохгүй, байгууллагын нэр хүндийг унагаах эрсдэл учруулахгүй. Олон нийтийн мэдэж байгаагаар малын эмч Ж.О л гэж яригдаж байгаа болохоос төслийн зохицуулагч гэж нэг ч удаа дурдагдаагүй.

Би гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар зохих хариуцлагаа хүлээгээд явах бөгөөд энэ байдал нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгааг зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн гэрээнд ч энэ тухай заалт байхгүй бөгөөд би буруугаа ойлгож, ажлын байртай үлдээж өгөхийг хариуцагчаас хүсэж байсан боловч Хөтөлбөрийн газрын удирдлага хариу ирүүлээгүй тул аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Иймд ДБХС /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: ДБХС бол байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх санхүүжилтийг байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмждэг олон сая хүмүүсийн итгэж илгээсэн дэмжлэг хандивт тулгуурлан босгодог бөгөөд энэ утгаараа тэдгээр хүмүүсийн өмнө тухайн илгээсэн хандивыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар онцгой хариуцлагатай ёс зүйн үүрэг хүлээдэг. ДБХС (WWF) манай оронд 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд байгаль орчны талаарх хууль дүрэм, журам, бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, байгаль орчны талаар иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа, сургалтын ажлыг зохион байгуулах, мөн байгаль орчны судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж ирсэн. Манай анхаарлын төвд Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс, Монгол бөхөн, байгаль экологийн онц ач холбогдол бүхий үзэгдэл болох туруутан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, мөн Монгол орны цэнгэг ус ба ойн нөөцийн асуудал байдаг. ДБХС (WWF) болон түүний харьяа байгууллага, нэгж салбарууд дэлхийн 100 орчим улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 5.0 сая гаруй дэмжигч, 5 000 гаруй ажиллагсадтай, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн итгэлд суурилж ажилладаг учраас байгууллагын хувьд ёс зүйн бөгөөд ашиг сонирхол, залилангийн шинжтэй өчүүхэн төдий үйлдлийг ноцтой зөрчилд тооцдог.

ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн тодорхой нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулах зарын дагуу сонгон шалгаруулалт хийж иргэн Ж.Оыг төслийн Баян-Өлгий аймгийн орон нутгийн зохицуулагчаар ДБХС (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын захирлын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/39 тоот тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан. Тухайн үед орон нутгийн удирдлагын зүгээс тэтгэвэрт гарсан, хамтран ажиллах боломжгүй ноцтой үндэслэл шалтгаантай гэх зэргээр Ж.Оыг ажилд авахыг эсэргүүцэж, мэдэгдэл, албан бичиг ирүүлж байсан.

Туршилтын хугацаанд цаашид ажиллуулах боломжтой гэж үзсэн бөгөөд ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зүгээс орон нутгийн зохицуулагч Ж.Оын ажиллах бүхий л таатай нөхцөл боломжуудаар хангасны зэрэгцээ ажлын байранд баримтлах ёс зүйн дүрмийг танилцуулж, хоёр талаас гэрээг зурж баталгаажуулахад Ж.О өөрийн биеэр байлцаж ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал эрх ашгийн зөрчил байх ёсгүй гэдгийг дахин сануулсан.

Хэдийгээр иргэн Ж.О төслийн үйл ажиллагааг орон нутагт хэвийн зохион байгуулж ажилласан ч өөрийн амласан үүргээ умартаж байгууллагаас хүлээлгэсэн итгэлийг алдаж ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газарт орон нутгийн итгэл, хүндэтгэлийг алдагдуулж өөрийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны хажуугаар давхар ажил хийж байсан нь мал эмнэлгийн хуудсан дээр өөрийнх нь дарсан тэмдэг, зурсан гарын үсгээр тодорхой болсон нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд байршуулсан баримтууд болон Ж.Оын байцаагчийн хугацаа өнгөрсөн тамга нь минийх байсан, мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/51 тушаалаар хүчингүй болсон гэрчилгээ хэрэглэсэн, хуучин гэрчилгээг замын шалгах постод үзүүлэх төдий хэрэглэж байгаа баримт бичиг, тэртээ тэргүй хүчингүй бичиг гэх өөрийнх нь тайлбараас тодорхой байна.

Энэ нь хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж, үл тоосон залилан хийсэн байх нөхцөлийг үүсгэж, хариуцсан ажилдаа хайнга хандсан байдал нь байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэн Ж.О олон улсын нэр хүндтэй байгууллагад ажилладаг боловч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-ийн б-д заасан үүргээ биелүүлээгүй. Энэ нь олон улсын итгэлцэлд суурилсан, хандивлагчдын мөнгөөр байгаль хамгааллын үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа зорилтот нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллах үүргээ биелүүлж, улс орон, тухайн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг ДБХС (WWF/-ийн нэр хүндэд халдсан, уршиг дагуулсан нөхцөл байдал үүсгэж, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил гүйцэтгэлийн гэрээний 2.2-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 болон Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.3-ийг үндэслэн Ж.Оыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Ж.Оын бий болгосон энэ нөхцөл байдал нийгмийн сүлжээ болон телевизийн сувгуудаар цацагдаж нийтийн дургүйцэл, зэвүүцэл, ундуйцлийг хүргэсний зэрэгцээ иргэд хоорондын маргалдааны шалтгаан болсон нь эв нэгдэл, хамтын ажиллагаа, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг ДБХС (WWF)-ийн үйл ажиллагаа, нэр хүнд болон нутгийн ард иргэдэд ч хохирол учруулсан явдал болсон гэж үзсэн болно. Түүнээс гадна иргэн Ж.О нь дээрх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгааг үүгээр мэдэгдэх нь зүйтэй.

Алслагдсан орон нутагт ажиллаж буй нөхцлөөс шалтгаалан Ж.Отай холбоотой тушаалыг төслийн зохицуулагчаар дамжуулан, цахим хувийг 4 дүгээр сарын 24-ний өдөр илгээсэн бөгөөд тушаалын эх хувийг төслийн албан ёсны ажилтнаараа дамжуулан түргэн хугацаанд хүргэхээр төлөвлөсөн боловч байгалийн голомтот өвчин гарсан онцгой байдлаас шалтгаалж нислэг цуцлагдсан шалтгаанаар хойшилсноор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцэх явцад Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулалын газар дээр албан ёсоор гардуулан өгсөн болно. Цахимаар илгээсэн тушаалын хувилсан цахим хувь бол тэрхүү эх хувийг бүрэн төлөөлөхүйц баримт мөн гэж үзсэн.

Хандивлагчдын өгсөн хандив дэмжлэгээр үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгийн зохицуулагч Ж.О гэрээгээр 100 хувь үүрэг хүлээж, хариуцлагатай ажиллах ёстой, нэр хүндтэй ажлын хажуугаар хүнсэнд үл тохирох маханд баталгаа гаргах замаар давхар ажил эрхэлсэн байх нөхцөлийг үүсгэж, хүчин төгөлдөр бус тамга дарж, хууль бус үйлдэл гаргасан нь олон нийтийн дургүйцлийг илтэд хүргэсэн нь тодорхой. Энэ байдал бидэнд итгэсэн хандивлагчдын итгэлийг алдагдуулж иргэдийн төсөлд итгэх хандлагыг бууруулж үйл ажиллагааг доголдуулснаар малчин өрхүүдийн төслөөс хүртэх үр шим, байгалиа хамгаалах, устах аюултай амьтдыг авран хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, энэ талаар соён гэгээрүүлэх, сургах, нийгмийн хөгжил дэвшилд оруулах өргөн боломжуудыг үгүй болгож, бодит хохирол учруулах эрсдэлийг бий болгосноор хөтөлбөрийн газар, өөрийн ажиллаж буй орон нутгийн нэгж, эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч, мөн ажилтан, төслийн үйл ажиллагаанд ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна гэж тайлбарласан нь өөрийн үүргээ бүрэн ухамсарлаагүй, ойлгоогүй байгааг харуулж байна гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Ж.Оыг Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан боловч ноцтой зөрчил гаргасан гэдгийг хөдөлмөрийн гэрээнд дурдан заагаагүй гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэсэн. Гэтэл ажил олгогчтой хийсэн ажил гүйцэтгэх гэрээнд тэр болгон зөрчил дутагдлыг тоочин бичих боломжгүй бөгөөд манай байгууллагын олон улсад мөрдөх ёстой ёс зүйн дүрэм байдаг бөгөөд аливаа төрлийн гэрээг байгуулан тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, сайн дурынхан, дадлагажигч бүгд ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх ёстой. ДБХСгийн төв байгууллагаас 2015 онд баталсан ёс зүйн дүрэмд гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан болгон мөрдөх ёстой дүрмийг баталсан бөгөөд энэхүү дүрмийг дагаж мөрдөх нь ажил эрхлэх гол нөхцөл болно гэсэн байдаг. Тус дүрмийн 3 дахь зүйлд “би хуулийг сахидаг", 3.1-д залилан, авилга, хахууль, хуйвалдааныг үл тэвчинэ гэж заасан бөгөөд тус байгууллагын ажилтан Ж.О нь ДБХС-ийн МДХГажиллаж байх хугацаандаа найзын хүсэлтийн дагуу өөрийн тамга тэмдгийг ашиглан чанарын шаардлага хангаагүй махыг хууран мэхлэн шаардлага хангасан мэтээр тодорхойлолт хийсэн үйлдэл нь ДБХСгийн ёс зүйн дүрэмд заасан залилах, хууран мэхэлсэн ноцтой зөрчлийг гаргасан байна. Түүнчлэн манай байгууллагын ёс зүйн дүрмийн 5 дахь зүйл “би ДБХСд үнэнч бөгөөд түүний нэр хүндийг өсгөхөд дэмжлэг үзүүлнэ”, 5.1-д сонирхлын зөрчлөөс зайлсхийнэ гэж заасныг ноцтой зөрчсөн. Ажилтан Ж.О нь гаргасан дээрх үйлдлээрээ ДБХСгийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй юм. Манай байгууллага нь цэвэр нэр хүндийг эрхэмлэн олон нийтийн хандив, итгэлцэл дээр үндэслэн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг явуулж, хөрөнгө босгодог, ашгийн төлөө бус байгууллага. Дээрх ажил гүйцэтгэх гэрээнд заасан ноцтой зөрчлийг шүүхээс анхаарч үзээгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлд ажилтан нь ажил үүрэгтэй холбогдсон бүх шаардлагыг бүрэн хангаж, хариуцах, мөн ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж, энэхүү гэрээг сахин биелүүлэхээр заасан байна. Нэхэмжлэгч Ж.Отай байгуулсан гэрээний 2.2, 5.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зааж өгснийг авч хэлэлцэлгүй, ажил гүйцэтгэх гэрээнийн үндэслэл болох Иргэний хуулийн зохих зүйл заалтыг анхаарч үзээгүй нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

 

ДБХСгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Ж.Отай 2018 оны 9 дүгээр сарын 16-нд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.5 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон. Байгууллагын санхүүгийн жил дууссан (манай байгууллага 7 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүтэн санхүүгийн жил гэж тооцдог). Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сараас эхлэн цаашид сунгах эсэх асуудал нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан үздэг. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

            Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч ДБХС-ийн МДХГхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ж.О тус байгууллагын захирлын 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/39 дүгээр тушаалаар ДБХСгийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Баян-Өлгий аймаг дахь төслийн орон нутгийн зохицуулагчаар ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/51 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх4-8/

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тэмдэглэгдэж, сахилгын ямар зөрчил гаргасан нь тодорхой тусгагдаагүй боловч ажил олгогч тушаалын үндэслэлээ “Ж.О малын эмчийн тамга, тэмдгээ ашиглан хүнсэнд үл тохирох 20 тонн малын маханд баталгаа гаргах замаар давхар ажил эрхэлсэн, хүчин төгөлдөр бус тамга дарж, хууль бус үйлдэл гаргасан нь ноцтой зөрчил, уг үйлдэл манай байгууллагын үндсэн зорилгод харш, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарлалаа.

Нэхэмжлэгч нь малын эмчийн тамга тэмдгээ ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 20 тонн үхрийн махыг хүнсэнд тэнцэнэ гэсэн гэрчилгээ олгосон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, энэ талаарх баримтууд хуулбараар хэргийн 5-8 дугаар талд авагдсанд нэхэмжлэгч маргаагүй тул хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон зөрчил тогтоогдсон гэж үзэв. 

        Талуудын 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээ нь ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэнэ. Шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гэрээнд нэрлэн заагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Зохигчид хэдийгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилийг гэрээнд нэрлэн заагаагүй ч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “.., ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ ба хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3 дахь хэсэгт зааснаар иргэн хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болох, хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэхээр заасан.  Нэхэмжлэгч буюу ажилтан гэрээний нэг тал гэдэг утгаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

         Хүнсэнд үл тохирох 20 тонн үхрийн махыг хүнсэнд тэнцэнэ гэж гэрчилгээ олгосон Ж.Оын үйлдэл нь байгууллагын үндсэн зорилгод харш, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

           ДБХСгийн дүрмийн 2.6-д тус сан нь дэлхийн байгаль орчин, экологийг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад хөрөнгө олох, цуглуулах, түүнийг зохицуулж тараах, дэлхий даяар удаан хугацаараар байгаль хамгаалах шаардлагыг хянаж үзэх, судлах, эдгээр шаардлагыг хангах арга боловсруулах, .., дэлхий даяар байгалийг хамгаалах үзэл бодлыг дэлгэрүүлэх, байгаль хамгаалахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх .., зорилго, чиг үүрэг бүхий байгууллага гэж тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл ажил олгогчийн үндсэн зорилготой нийцэхгүй байхын зэрэгцээ ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон нь буруу биш. Нэхэмжлэгчийн уг үйлдэл нь иргэд хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо баримтлах Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үндсэн зарчмыг зөрчсөн байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оын ажилд эгүүлэн тогтоох тухай ДБХС-ийн МДХГхолбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                            Н.БАТЗОРИГ

 

                 А.МӨНХЗУЛ