Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2020/01000

 

 

 

 

 

 

 

 

Э-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4 өдрийн 102/ШШ2020/00676 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б-, Б.Э-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 214 733 333 төгрөг гаргуулах тухай, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Э-, иргэн Л.Б- нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр Л.Б-т 200 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээ байгуулсан өдөр 200 000 000 төгрөгийг Л.Б-ын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 411014934 тоот данс руу шилжүүлсэн. Гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр дууссан ч Л.Б- зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Иймд зээл 200 000 000 төгрөг, хүү 14 733 333 төгрөг, нийт 214 733 333 гаргуулж өгнө үү. Б.Энхтуулаас татгалзаж байна. Хэлцэл хүчин төгөлдөр гэжээ.

Хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нь шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй байсан. Учир нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр МЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг Б.Энхтуулд нэхэмжлэлд дурдсан мөнгийг зээлэхээр түүний ажлын байр болох Хэрлэн плазагийн дөрвөн давхарт өөрийн биеэр очиж уулзан аман тохиролцоо хийж, Б.Энхтуулд зээлдэх мөнгөний хүү болон зээлийн хэмжээг тохирчихсон ярилцаж байсан. Энэ үед Б- санамсаргүй Б.Энхтуулын офиссоор очиж таарсан юм. Тэгэхэд Б.Эрдэнэчимэг захирал Л.Б- чи найдвартай, манай ажилтан тул зээлийн гэрээг чамтай байгуулмаар байна. Байгууллагын нэр хүндийг болон өөрийн нэр хүндийг бодоод гадны хүнд мөнгө зээлдүүлснээс чамд зээлмээр байна, чи байгууллагынхаа нэр хүндийг бод гэж хэлсэн. Миний бие гэрээнээс үүсэх үр дагаврыг хариуцахгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Эрдэнэчимэг захирал утасдаад миний данс руу Б.Энхтуулд зээлэх 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Зээлийн гэрээг бид 2 тэгж байгаад байгуулчихна, яараад байна гээд намайг нэг заваараа ирээд зээлийн гэрээнд гарын үсэг зурчихаарай гэсэн. Дансанд орсон 200 000 000 төгрөгийг тэр дор нь Б.Энхтуулын данс руу шилжүүлсэн бөгөөд баримтыг хариу тайлбарт хавсаргасан. Нэхэмжлэлд хавсаргасан зээл хүссэн өргөдөл гэдэг нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2019 оны 8 дугаар сарын дундуур намайг МЭС-д очсон өдөр нөхөж бичүүлж авсан зүйл юм. Мөн нэхэмжлэлд дурдсан надад зээл төлөхийг мэдэгдсэн 2 мэдэгдлийг мэдэхгүй бөгөөд Б.Эрдэнэчимэг нөхөж хийсэн зүйл юм. Б.Э-бид хоёрын дунд байгуулсан 2 тоот гэрээгээр шаардаад байгаа мөнгийг зээлсэн тухай гэрээ бий. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд 2 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл Б.Э-руу шилжих шаардлагатай юм. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны үед МЭС-ийн захирал Б.Эрдэнэчимэг нь Сүхбаатар дүүрэгт байрлах Хэрлэн плаза төвийн 4 дүгээр давхарт байрлах манай оффис дээр биечлэн ирж 200 000 000 төгрөг зээлдүүлэх асуудлаар тохиролцон тус мөнгийг зээлдүүлэхээр болсон. Энэ үед Л.Б- нь манай оффисоор орж ирж таарсан ба Б.Эрдэнэчимэг захирал хэлэхдээ манай байгууллага нь гадны хүнд мөнгө зээлдүүлдэггүй, ийм учир Л.Б- чи найдвартай юм чинь өмнөөс нь зээлийн гэрээ байгуулчих, гаднаас шалгалт ороход үзүүлэх төдий гэрээ байх болно гэж хэлсэн. Гэрээг Л.Б-той байгуулж байгаа тул мөнгийг Л.Б-ын данс руу шилжүүлнэ гэж тохирсон. Тус мөнгийг миний найз болох Нямдаваа овогтой Дэлгэрцэцэг нь надаас Э-гийн захиралтай уулзаж зээлдүүлэх боломжтой эсэхийг асуугаад ярилцаад өгөөч гэсэн юм. Тэр үед Н.Дэлгэрцэцэг нь 8 сартай жирэмсэн байсан ба тонус өгөөд бие өвдөөд байна, би уулзах боломжгүй болчихлоо, чи уулзаад асуугаад өг гэсний үндсэн дээр би Б.Эрдэнэчимэг захиралтай уулзсан болно. Б.Эрдэнэчимэг захирал энэ мөнгийг Н.Дэлгэрцэцэгт өгнө гэдгийг мэдэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200 000 000 төгрөг Л.Б-ын Худалдаа хөгжлийн банкны 411014934 тоот данснаас миний Худалдаа хөгжлийн банкны 411023235 тоот данс руу шилжиж орж ирсэн тэр даруйд би бүтэн дүнгээр нь Н.Дэлгэрцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 464007117 тоот данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Н.Дэлгэрцэцэг авч захиран зарцуулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б-оос 212 000 000 төгрөг гаргуулж Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 733 333 төгрөгт холбогдох нэхэмжлэл болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э- нь хариуцагч Б.Энхтуулд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 231 620 төгрөг, хариуцагч Л.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 087 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, 1 217 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Э- нь хариуцагч Л.Б-т 200 000 000 төгрөгийг зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй, эрх зүнй үр дагавар үүсэхгүй гэдгийг харилцан тохиролцсон үндэслэл, түүнчлэн хариуцагч нь 200 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул зээлийн гэрээний үр дагаврыг хүсээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Шүүх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2020/01675 дугаар тоот захирамжаар Б.Энхтуулыг хариуцагчаар оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн шүүхэд гаргасан Б.Энхтуулыг хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзаж хүсэлт гаргаснаас шалтгаалж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Б.Энхтуулыг гэрчээр асуулгах хүсэлтээ сэргээж хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2020/02945 тоот захирамжаар давах эрхгүйгээр хангаагүй. Мөн нэхэмжлэгч нь Б.Э-хариуцагчаас татгалзсаар байхад уг захирамжаар татгалзлыг батлалгүй шүүх хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Л.Б-, Б.Э-нарт холбогдуулан зээл 200 000 000 төгрөг, хүү 14 733 333 төгрөг буцаан гаргуулахаар шаардсан боловч Б.Энхтуулд холбогдох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна./хх1,53/

Хариуцагч Л.Б- дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч Хэлцэл хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж маргажээ. /хх18-19/

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Л.Б-той 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээ байгуулсан өдрөө Л.Б-ын Худалдаа хөгжлийн банк дахь 411014934 тоот дансанд 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Л.Б- 200 000 000 төгрөгийг Б.Энхтуулд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх 7-9, 11, 21,22/

Мөн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 4-нд дууссан. Зээлийн эргэн төлөлт хийгдээгүйд талууд маргахгүй байна.

Талууд хэлцэл хуульд нийцсэн эсэх, зээлийн эргэн төлөлтийг хэн хэрхэн хариуцах тухайд маргажээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд гэрээний дагуу шаардлага гаргахын тулд гэрээ хуульд нийцсэн байхаас гадна шүүх хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх юм.

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэх бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулахаар байна.

Хэрэгт сангийн дүрэм, зээл олгох журам авагдаагүйгээс хэлцэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрлөөр хийх хэлцэл, эсхүл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй болжээ. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгод нийцсэн хэлцэл байгуулах ёстой бөгөөд сангийн гэрчилгээ дээр бичигдсэн бичвэрээр хэлцлийг дүгнэх нь хангалтгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч хариуцагчаар Б.Энхтуулыг татахгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа хэлбэр бөгөөд Б.Э-хариуцагч биш болсноор түүнийг гэрчээр оролцуулах боломжтой болно.

Хариуцагчийн Б.Энхтуулыг тухайн хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх заалтыг зөрчжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргавал энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасан. Талууд гэрээг бичгээр байгуулсан гэрчээр нотлох эрхээ алдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хүсэлтийг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

Хэргийн үйл баримт бүрэн тодроогүй, тухайн өдрөө мөнгөн хөрөнгийг Б.Энхтуулд шилжүүлсэн шалтгаан, зээлийг хариуцагч ашигласан эсэх, зээлдэгч хэн болох, хэлцэл хуульд нийцсэн эсэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 217 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД