Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01572

 

 

 

 

 

 

 

 

                                        Б.Дгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01528 дугаар шийдвэртэй, Б.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИЭАС ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 20 721 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний нөхөр С.Ганбаатар И ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 13 814 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Тэрээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ослын улмаас нас барсан. 2014 оны 8 дугаар сард И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, ИЭАС ХХК-д И ХХК-ийн эрх, хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн. Энэ хуралд би өөрийн нөхөр, талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар оролцсон. Би нөхрийнхөө эзэмшиж байсан И ХХК-ийн 13 814 ширхэг хувьцааг хуульд зааснаар өвийн журмаар авч 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр И эм ай си” ХХК-тай компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Миний бие гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн ч хариуцагч гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ 20 721 000 төгрөгийг төлөхгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 2, 3.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар 20 721 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ИЭАС ХХК-аас /РД: 5320089/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 721 000 /хорин сая долоон зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулан, Соёд овогтой Баатарын Дэлгэрмаад /РД:ХП530727/олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 261 555 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 261 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс зарласан бүх шүүх хуралдаанд оролцож байсан боловч тухай бүрт нь хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр талууд хурлыг хойшлуулж байсан. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн хуралдаан буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ 2019 оны 07 дугаар сарын 01-ний 13 цаг 30 минутанд гэж мэдэгдсэн боловч тухайн өдөр шүүгчийн туслах 11.00 цагт хуралтай ирж байна уу гэж 10 цаг 30 минутанд холбогдсон. Зарлагдсан шүүх хурлын товыг шүүгчийн туслах буруу мэдэгдсэнээс үүдэн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа миний бие тус шүүх хуралд оролцож чадалгүйгээр компанийн эрх ашгийг илтэд хохироосон. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний эрүүл мэндийн байдал муу, тухайн өдөр ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ өрхийн эмчийн магадлагааны хамт шүүхэд 2019 оны 7-р сарын 01-ний 13 цаг 30 минутанд өгөх гэж байсан. Гэвч шүүх хуралдааныг хурал зарласан цагаас өмнө хийсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан байх бөгөөд ИЭАС ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд хуулиар олгогдсон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд мэтгэлцэх эрхээр хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ИЭАС ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20 721 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар С.Ганбаатар нь И ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн 13 814 ширхэг хувьцааг эзэмшиж байсан, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч Б.Д нас барагчийн эхнэр болох нь тогтоогдсон. /хх11-12, 86/

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.Д И ХХКС.Ганбаатарын эзэмшлийн нэг бүр нь 6 588 төгрөгийн үнэтэй 13 814 ширхэг хувьцаа /13 814 хувь/-г өвлөн авчээ. /хх7/

Нэхэмжлэгч нь И ХХКхувь нийлүүлэгчдийн хуралд оролцож нас барагч С.Ганбаатарын эзэмшлийн 13 814 хувийн хувьцааг хариуцагч ИЭАС ХХК-д хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэхийг зөвшөөрч, 13 814 хувь буюу 13 814 ширхэг хувьцааг 20 721 000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг хэсэгчлэн авахаар харилцан тохиролцсон байна. /хх7, 13-16, 78/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 462 дугаар тогтоолоор компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээг хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзжээ. /хх46/

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. /хх78-81/

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ. Хариуцагч 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбараа ирүүлээгүй байх ба шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагт зарлагдсан хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн байх тул шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй, хурлын товыг буруу хүргэсэн гэх баримтгүй байна. /хх127/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 555 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

           

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                 А.МӨНХЗУЛ