Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00159

 

  Б.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01528 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1572 дугаар магадлалтай,

 Б.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,

И Эм Ай Си ХХК-д холбогдох,

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Инкомнет ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20 721 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр С.Ганбаатар Инкомнет ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 13 814 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Тэрээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ослын улмаас нас барсан. 2014 оны 8 дугаар сард Инкомнет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, И Эм Ай Си ХХК-д Инкомнет ХХК-ийн эрх, хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн. Энэ хуралд би өөрийн нөхөр, талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар оролцсон. Би нөхрийнхөө эзэмшиж байсан Инкомнет ХХК-ийн 13 814 ширхэг хувьцааг хуульд зааснаар өвийн журмаар авч 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр И Эм Ай Си ХХК-тай компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Миний бие гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн ч хариуцагч гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ 20 721 000 төгрөгийг төлөхгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 2, 3.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар 20 721 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01528 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан И Эм Ай Си ХХК-аас /РД: 5320089/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 721 000 төгрөг гаргуулан, Соёд овогтой Баатарын Дэлгэрмаад /РД:ХП530727/ олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 261 555 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 261 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1572 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 555 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй И Эм Ай Си ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 721 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг 2019 оны 7-р сарын 01-ний өдөр хянан хэлэлцэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 1528 тоот шийдвэрийн гаргасан.

Дээрх хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч 2019 оны 08-р сарын 26-ны өдөр 1572 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

И Эм Ай Си ХХК нь Б.Дэлгэрмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөлгүйгээр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зарласан бүх шүүх хуралдаанд оролцож байсан боловч тухай бүрт нь хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр талууд хурлыг хойшлуулж байсан.

Гэвч хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн хуралдаан буюу 2019 оны 7-р сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны хурлын товыг мэдэгдэхдээ 2019 оны 7-р сарын 01-ний 13 цаг 30 минутад гэж мэдэгдсэн боловч тухайн өдөр 11 цагт хуралтай ирж байна уу гэж 10 цаг 30 минутад шүүгчийн туслах холбогдсон. Өөрөөр хэлбэл зарлагдсан шүүх хурлын товыг шүүгчийн туслах буруу мэдэгдсэнээс үүдэн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа миний бие тус шүүх хуралд оролцож чадалгүйгээр компанийн эрх ашгийг илтэд хохироосон явдал гарсан.

2019 оны 7-р сарын 01-ний өдөр И Эм Ай Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа миний эрүүл мэндийн байдал муу, тухайн өдрийн ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн магадлагаагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Ингээд өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2019 оны 7-р сарын 01-ний 13 цаг 30 минутад шүүхэд өгөх гэж байсан. Гэвч хэргийн шүүх хуралдааныг хурал зарласан цагаас өмнө шийдсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасан байх бөгөөд И Эм Ай Си ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд хуулиар олгогдсон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд И Эм Ай Си ХХК-ийг төлөөлөн оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа миний бие уг маргаан дээр байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд мэтгэлцэх эрхээр хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1528 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1572 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь И Эм Ай Си ХХК-д холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Инкомнет ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20 721 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, тайлбараа хуульд заасан хугацаанд гаргаагүй, шүүхэд хариу тайлбар өгөөгүй байна.

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Инкомнет ХХК-ийн С.Ганбаатарын эзэмшлийн нэг бүр нь 6 588 төгрөгийн үнэтэй 13 814 ширхэг, компанийн 13.814 хувийн хувьцааг өвлөн авч, Инкомнет ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, өвлөн авсан нас барагч С.Ганбаатарын эзэмшлийн компанийн эрхийг И Эм Ай Си ХХК-д шилжүүлэх, хувьцааг 20 721 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч, талууд гэрээ байгуулсан, гэрээний дагуу худалдагч эрхээ шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, тус гэрээ хүчин төгөлдөр болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 260 дугаар зүйлийн 260.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. дэх заалтад нийцсэн байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үндэслэлээр худалдан авагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, ... бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан.

 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, улмаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хуралдааны товыг буруу мэдэгдсэнээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй, улмаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас төлөөлж буй компанийн эрх, ашиг илтэд хохирсон, шүүх хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд мэтгэлцэх эрхээр хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг 2015 онд шүүхэд гаргаж байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээтэй холбоотой маргааныг өөр шүүхэд шийдвэрлэж байгаа үндэслэлээр 2017 оны 05 дугаар сард шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 Дээрх хэргийг Улсын Дээд шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 22-нд эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид эрх, үүргийг танилцуулан, нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, хариу тайлбарыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлэхийг үүрэг болгожээ. /хх-59/

 Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 11.00 цагаас товлогдсон бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь хариу тайлбар, татгалзал, холбогдох баримтаа бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, шүүхээс энэ эрхийг нь хязгаарлаагүй гэж үзнэ.

 Шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн 99107193 дугаартай утсанд залгаж, шүүх хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагаас товлогдсоныг мэдэгдэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч за, ойлголоо гэж хүлээж авсан нь хэргийн 126 дугаар талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

 Хариуцагч нь ...шүүх хуралдааны цагийг 13.00 цаг гэж зарласан атлаа мөн өдрийн 10.30-д утасдаж, хурал 11.00 цагаас болсон гэж мэдэгдсэн... тул хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй... гэх гомдлоо баримтаар нотлоогүй тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01528 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1572 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧИД                П.ЗОЛЗАЯА

                                                        Г.ЦАГААНЦООЖ

                                                Д.ЦОЛМОН

                                                        Х.ЭРДЭНЭСУВД