Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1528

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................. тоотод байрлах, “И Э А С” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,721,000 /хорин сая долоон зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд ...................... нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр С.Г “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 13.814 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Тэрээр 2013.11.25-нд ослын улмаас нас барсан. 2014 оны 8 сард “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, тус Компанийн эрх, хувьцааг худалдах асуудлыг хэлэлцэж, “И Э А С” ХХК-д “И” ХХК-ийн эрх, хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн. Энэ хуралд би өөрийн нөхөр, талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар оролцсон. Би нөхрийнхөө эзэмшиж байсан “И”ХХК-ийн 13.814 ш хувьцааг хуульд заасан үндэслэл, өвийн журмаар авсны үндсэн дээр 2014.08.22-ны өдөр “И Э А С” ХХК-тай Компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсантай холбоотой би гэрээнд заасны дагуу өөрт хзмаарах үүргээ бүрэн биелүүлсэн ч хариуцагч гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ 20.721.000 төгрөгийг төлөхгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Би анх 2015 онд гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 20.721.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувьцаа эзэмшигч Гантулга захргааны хэргийн шүүхэд хандаж, “И” ХХК-ийг “И Э А С” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжпэл гаргасантай холбоотой СБД-иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Захиргааны дээрхи хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа миний хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн ч хувьцаа эзэмшигч Гантулга иргэний хэргийн шүүхэд Компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ”И” ХХК-н дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасантай холбоотой СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр эсэх маргааныг шийдвэрлэсний дараа гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож иргэний уг хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн байсан тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгосон. Иймд 2014.08.22-ны өдрийн гэрээний 2 болон 3.1, Иргэний хуулийн 243.1, 260.1-д зааснаар гэрээний дагуу 20,721,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Д нь “И Э А С” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хувьцааг хуульд заасан үндэслэл, өвийн журмаар авсан, компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үнийг төлөөгүй гэж тайлбарлав.

 

С.Г нь “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 13.814 хувийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан, өвийг эхнэр Б.Д авсан, 2014 оны 8 сарын “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн эрх, хувьцааг “И Э А С” ХХК-д худалдах асуудлыг хэлэлцсэн үйл баримт тогтоогдож байна.

 

“И Э А С” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.Д-тай Компанийн эрх шилжүүлэх болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж тамга дарснаар хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаархи заалтууд нэгэн адир хамаарна гэжээ.

 

Дээрх гэрээнүүдээр “И Э А С” ХХК нь “И” ХХК-ийн 13.814 хувийн хувьцааг 20,721,000 төгрөгөөр худалдан авч, эрхийг шилжүүлэн авах, Б.Д нь эрх шилжүүлэхтэй холбоотой худалдан авагчийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргийг хүлээхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн өмчлөлд “И” ХХК-ийн 13.814 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь хэлэлцэн тохирсон “И” ХХК-ийн 13.814 хувийн хувьцааны үнэд 20,721,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Хувьцааг худалдан аваагүй гэж хариуцагч маргаагүй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор С.Г-ын эзэмшлийн “И” ХХК-ийн 13.814 хувийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай “И Э А С” ХХК болон Б.Д нарын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэжээ.

Хариуцагч “И Э А С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шүүгчийн туслах энэ өдрийн өглөө түүний шүүхэд мэдүүлсэн утсаар холбогдоход цагийг буруу мэдэгдсэн гэж тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийн баримтын хүрээнд шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 261,555 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 261,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И Э А С” ХХК-иас  худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,721,000 /хорин сая долоон зуун хорин нэгэн мянга/ төгрөг гаргуулан, Б.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 261,555 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 261,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ