Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00140

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00140

 

 

 

Ххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 дугаар шийдвэртэй, Ххххххх ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******-д  холбогдох гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******  нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 0 дугаар байрны зогсоолд байрлуулсан Ххххххх ХК-ийн даатгуулагч С.Э тоёота ланд крузер /Toyota Land Cruiser/ маркийн автомашиныг мөргөж, хохирол учруулсан. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу Ххххххх ХК нь ослын улмаас С.Э учирсан хохирлыг барагдуулж 6 504 360 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Тухайн үед хххх ХХК-аар автомашинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 28 773 637 төгрөг болсон. Даатгалын гэрээний 7.6-д даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж заасны дагуу даатгуулагчтай харилцан тохиролцон зарим хэсгийг тухайн автамашиныг худалдан авсан хххх ХХК-аар, зарим хэсгийг өөр газраар засуулсан. Энэ нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 677 760 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 1 983 600 төгрөгийг ххххх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 460 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 880.000 төгрөгийг автомашиныг засварласан хххх, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хххх дансанд 3 503 000 төгрөг, нийт 11 504 360 төгрөгийг төлсөн. Энэ гарсан зардлаас ****** ын жолоочийн хариуцагчийн даатгалын нөхөн төлбөрт ххххх ХХК-аас ххх өгсөн 5 000 000 төгрөг, мөн ****** ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 504 360 төгрөгийг тус тус хассан. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн хариуцагч ****** оос 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******  нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6 000 000 төгрөгийн нотлох баримтыг харахад ямар төрлийн сэлбэг хэрэгсэл авч, засвар хийсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул үнийн дүнгийн хувьд маргаантай байгаа. Хохирогч ххххх 3 677 760 төгрөг, хххх 1 460 000 төгрөг болон 880 000 төгрөгийг шилжүүлсэн задаргаа буюу төлбөрийн нэхэмжлэх байхгүй тул энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр хариуцагч өөрийн ахын хамт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ххххххх ХК-д очин баталгаа хийж өгсөн байдаг боловч одоо тэрээр Мандах их сургуульд суралцдаг бөгөөд төлбөрөө ч төлж чадахгүй байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч ****** оос 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ххххххх ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 8 069 төгрөгийг улсын төсөв /2601025961 тоот данс/-өөс, хариуцагчаас 110 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ххххххх ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Даатгагч, даатгуулагчийн байгуулсан гэрээний 7.6-д даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж тохирсон нөхөн төлбөрийн хэмжээ, олгох үндэслэлийн талаар хуулийн зохицуулалтаас харшлаагүй байна..., мөн хариуцагч тал Ххххххх ХК-аас даатгуулагч хххх нөхөн төлбөрийг хххххх болон автомашиныг засварласан гэх ххххх, ххххх нарт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин ххххх, ххххх нарт шилжүүлсэн мөнгөн дүн автомашины хохиролд зориулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ... гэжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг гаргаж өөрөө нотлох үүргийг хүлээдэг. Гэтэл бодит байдал дээр ххххх, хххх нарт сэлбэг засварын мөнгө шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэх, төлбөрийн баримтууд нь хавтас хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл, ххххх 1 400 000 төгрөг, 880 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэх нь байхгүй. ххххх өөрөө 500 000 төгрөг, 1 483 000 төгрөг өгсөн гэх боловч яг хаана, юунд зарцуулж төлсөн нь тодорхойгүй байхад шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 4 236 000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ххххххх ХК-ийн гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч ******  эс зөвшөөрч маргажээ.

 

2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчиж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 000  байрны урд замын зогсоолд байрлуулсан Ххххххх ХК-ийн даатгуулагч С.Э эзэмшлийн 0000 УНӨ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашиныг мөргөсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд автомашинд учруулсан хохирлын хэмжээ 28 773 637 төгрөг гэж Кости-Эстимэйт ХХК тогтоосон байна. /хх12,13, 22, 105/

 

Ххххххх ХК болон С.Э нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, гэрээний 7.6-д зааснаар талууд даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж харилцан тохиролцсон байна. /хх9/

 

Нэхэмжлэгч Ххххххх ХК дээрх тохиролцоог үндэслэж даатгуулагч С.Э  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 677 760 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 983 600 төгрөг, автомашиныг засварласан гэх Э.Г-т 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 460 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 880 000 төгрөг, түүнчлэн П.Р-д 2017 оны 11дүгээр сарын 01-ний өдөр 3 503 000 төгрөг, нийт 11 504 360 төгрөгийг шилжүүлэн өгснөөр, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С.Э шаардах эрхээ Ххххххх ХК-д гэрээгээр шилжүүлсэн байна. /хх32-36/

 

Хариуцагч ****** ын жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт хххх ХХК-аас С.Э 5 000 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч 504 360 өөрөө төгрөгийг тус тус төлсөн нь талуудын тайлбараар тогтоогддог. Хэдийгээр хариуцагч 6 504 360 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулна, хугацаа хэтэрсэн тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрүүлнэ гэж нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгсөн байх боловч С.хххх, нххххх нарт шилжүүлсэн мөнгөн дүн автомашины хохиролд зориулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй. /хх106/

 

Нэхэмжлэгч Ххххххх ХК үнэлгээний компанийн тогтоосон 28 773 637 төгрөгийн хохирлыг 11 504 360 төгрөгөөр гуравдагч этгээд буюу даатгуулагчтай тохиролцон барагдуулсан нь эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг эргэлзээгүйгээр нотлох баримт биш юм. Даатгагч хуулийн дагуу шаардах эрх шилжүүлэн авсан тохиолдолд нөгөө тал болох үүрэг гүйцэтгүүлэгч гэм хор учруулсан этгээд болон гэм хор өөрт нь учирсан хохирогч нарын хоорондын харилцан гаргах шаардлага, нотлох үүрэг нэхэмжлэгч талд шилжинэ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан ба гэм хорыг арилгах зохицуулалтуудын хүрээнд учирсан бодит хохирол, хохирогчид гарсан нэмэлт зардлыг хохиролд тооцно.

Хэргийн 27-28 дугаар талд авагдсан хохирлыг тооцох, автомашиний сэлбэг хэрэгсэл худалдан авсантай холбоотой баримтууд гаргацгүй, уншигдах боломжгүй, хэнээс хэдэн төгрөг юунд төлсөн нь тодорхойгүй байна. Тухайн хохирол учирсан гэх эд ангиудыг бодитойгоор ямар төлбөрөөр худалдаж авч, ямар зардал гаргасан талаарх хохирогч С.Энхмандахын нотлох ёстой баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэлбэрээр хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн автомашиныг засварласан гэх Э.Г2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 460 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 880 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн байх боловч уг мөнгийг юунд зарцуулсан талаарх төлбөрийн баримт хэрэгт байхгүй, Хас банкны картаар 500 000 төгрөг, 1 483 600 төгрөгөөр худалдан авалт хийсэн баримт байх боловч уг мөнгийг ямар зориулалтаар, юунд зарцуулсан нь тодорхой бус байна. Маргааны зүйлд чухал ач холбогдолтой баримтууд гаргацгүй, харагдахгүй, хуулиар тогтоосон шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй байхад шүүх үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. /хх26/

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 726 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.МӨНХЗУЛ